Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ү.Отгонбаяр: Бүхнийг мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг энэ байдлаараа бид дэлхийтэй өрсөлдөж чадахгүй

НИЙТЛЭСЭН: 2018-04-15 14:28:08
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцснаа, дэлхийн топ толгой компаниудад ажиллаж олж авсан туршлагаа Монголдоо зориулах, эх орондоо нутагшуулах чин хүсэлтэй монгол залуус олон болжээ. Тэдний нэг бол Токиогийн их сургуульд математикийн ухаанаар бакалавр, магистр, АНУ-ын Пенсилванийн мужийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан Ү.Отгонбаяр юм. Тэрээр мөн Дани улсын Копенгагенийн их сургууль, Английн Кардиффын их сургуульд судлаач багшаар ажиллан, томоохон төсөл хэрэгжүүлж байжээ. Энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН булангийн ээлжит зочноор МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал,

-Яриагаа таны хэрэгжүүлсэн 800 саяын төслөөр эхлүүлье. Английн Кардиффын их сургуульд судлаач багшаар ажиллаж байхдаа энэ төслийг бичсэн гэж сонссон?

-Монгол Улсад Шинжлэх ухаан технологийн сан гэж байдаг шиг Англид салбар бүрийн шинжлэх ухааны зөвлөлүүд байдаг. Тэр зөвлөлүүдээс жил бүр төслүүдийг аваад санхүүжүүлдэг. Миний хувьд Английн Инженерчлэл, физикийн шинжлэх ухааны зөвлөлөөс нь гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх 800 саяын төсөл авч байсан.

“Noncommutative Algebraic Topology” буюу Монголоор Сэлгэдэггүй Алгебрлаг Топологи” сэдэвтэй Кардиффын их сургууль дээр хийсэн судалгааны төсөл юм.

Миний хувьд математикийн сэлгэдэггүй геометр гэдэг салбарт голчлон судалгаа хийдэг. Алгебрь, геометр, анализ гээд математикийн чухал салбаруудын уулзвар дээр байдаг салбар. Төсөл маань сэлгэдэггүй геометрт алгебрлаг топологийн аргачлалыг гүнзгий ашиглах тухай байсан.

Английн судалгааны зөвлөлүүдийн хувьд санхүүжилт нэлээд сайн байдаг. Япон, АНУ, Англи гээд бүгд шинжлэх ухаандаа ДНБ-ийн хамгийн багадаа 2-3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Тэр нь дан ганц төсвөөс биш, тал хувийг нь хувийн хэвшил бүрдүүлдэг. Гэтэл Монголд 0.3-хан хувьтай байгаа нь дэндүү бага. Уг нь бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа 2-2.5 хувь хүргэнэ гээд заачихсан байгаа.

-Хөрөнгө оруулалт, санхүүжилт нь шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Үүнээс гадна өөр чухал зүйл юу байдаг вэ. Монголд шинжлэх ухаан, боловсролын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Ерөнхийдөө хамгийн чухал зүйл бол судалгааны орчин байгаа юм. Миний хувьд одоогоор Математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Хүрээлэн 20 орчим хүнтэй. Санхүүжилт бага болохоор 20 хүн маань ихэнх нь давхар ажилладаг тул байнга нэг дороо цуглахгүй. Нэг дороо цугласан ч гэсэн 20 хүн биесээ харж суугаад шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хэцүү байгаа юм. Шинжлэх ухааныг хөгжүүлэх гол зарчим бол бусад орны хөндлөнгийн хүмүүстэй хамтарсан судалгаа хийх, ярилцах. АНУ-ын Калифорниад байдаг Математикийн судалгааны хүрээлэн, Киотогийн их сургуулийн математикийн судалгааны хүрээлэн гээд дэлхийд үнэлэгддэг томоохон судалгааны хүрээлэнгүүдийн жилийн төсөв гэхэд 25 тэрбум байдаг. Манай Шинжлэх ухаан технологийн сангийн төсөвтэй ойролцоо. Тэгэхээр тийм хэмжээний зардал гаргачихвал хамгийн наад зах нь бид гаднаас судлаачдыг авчирч хурал зөвлөгөөнд урьж, туршлага солилцох, судалгаа хийлгэх боломжтой болж байгаа юм. Эндээс л шинэ санаа, шинэ нээлт гараад хүмүүс нь ч гэсэн шинжлэх ухааны хөгжүүлэх сэдэлтэй болж хөгжүүлэх нөхцөл байдал руу орно. Гэтэл манайд тийм орчин нөхцөл, боломж тааруухан байгаа юм.

Бид 1000 долларын өртгөөр 40000 долларын боловсрол олгох гээд зүтгээд байна


Нөгөөтэйгээр боловсролын бүхий л шатны байгууллагын багш нарын цалин, хангамж сул. Жишээ хэлэхэд, гадаадын их сургуульд багшилж байсан чадвартай багш их сургуульд багшилснаас хувийн компанид ажиллаад хоёр, гурав дахин их цалин авч болохоор байна. Үүнээс болоод байгалийн ухааныг сонгохгүй оюутнууд байна.

АНУ, Англи зэрэг орнууд гэхэд их сургуульд багшилж байгаа хүмүүстээ санхүүгийн асуудал болон өөр бусад зүйлд санаа зоволгүйгээр судалгаагаа хийх боломж, орчныг бүрдүүлж чадаж байна. Ингэснээр тухайн хүн цэвэр судалгаандаа бүх анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа юм.

Бидний хувьд бодлогын төвшинд хаашаа явахаа тодорхой болгоод түүнийхээ төлөө явах хэрэгтэй байна. МУИС-ийг аваад үзэхэд сургалтын төлбөр миний бодлоор хэтэрхий бага. Мэдээж оюутнуудад өндөр санагдаж байгаа байх. Гэхдээ нэг хүний боловсролд зарж байгаа мөнгө гэдэг утгаараа хэтэрхий бага юм.

Нэг ёсондоо 1000 долларын өртөгөөр 40000 долларын боловсрол өгөх гэж оролдоод байгаа дүр зураг харагддаг. Үүнийг оюутнууд нь ч багш нар нь ч боломжтой гэж бодоод зүтгээд байгаа юм. Гэтэл энэ нь бодит байдал дээр ямар ч боломжгүй зүйл. Тэгэхээр хамгийн зөв хувилбар нь хүүхдийнхээ тоог цөөлөөд илүү чанартай оюутнуудыг сургаад явах юм бол чанартай боловсон хүчин бэлтгэх боломж байгаа юм. Дөрвөн жилийг бид илүү үр бүтээлтэй ашиглахын тулд нэг хүүхэд, нэг оюутан дээр илүү хөрөнгө зарах шаардлагатай. Түүнийг нь тухайн хүүхэд өөрөө гаргах уу, улсаас төлөх үү гэдэг бол тусдаа асуудал. Санхүүгийн боломжгүй хүүхдүүдийн хувьд тэтгэлгийн системээр бүрэн зохицуулах боломжтой.

Хүүхдүүд амьдрах боловсрол олох гэж биш шалгалтын системд зориулан суралцаж байна

-Улсын томоохон их сургуулиудын босгыг өндөрсгөж, шалгарсан, потенициалтай цөөн тооны оюутныг сургавал чанартай боловсон хүчин төрж, үүнийг дагаад ажлын байр ч хүртээмжтэй болно. Гадаадын томоохон их сургуулиуд ийм системээр явдаг шүү дээ?

-Тийм. Токиогийн их сургууль гэхэд Нийгмийн ухааны чиглэлээр суралцах гэж байгаа оюутнуудаас авч байгаа математикийн шалгалт нь асар хүнд, одоогийн манай олимпиадын хүүхдүүд бол бодож чадахааргүй хэмжээний бодлого байдаг. Чанартай хүүхэд элсүүлэх, шигших арга байгаа юм л даа. Заавал математик мэдэх шаардлагатай гэсэн үг биш. Манайх ЭЕШ-ын систем рүү шилжээд үүгээрээ бүх зүйлээ шийдээд явчихаар хамгийн наад заах нь хүүхдүүд логиктой бичихээс эхлээд энгийн зүйлээ хийж чадахгүй болчихож байгаа юм. Токиогийн их сургуулийн ЭЕШ нь үндсэндээ энэ сургуульд хэн шалгалт өгч болох вэ гэдгийг шийдэж байгаа эхний шалгуур байдаг. ЭЕШ-д тэнцсэнээр тухайн сургуульд шалгуулах эрхээ авч байна гэсэн үг. Үүний дараа үндсэн шалгалтаа авдаг. ЭЕШ-ийн дүн нийт шалгалтын 20 хувийг л эзэлж байгаа юм. 80 хувийг тухайн сургууль өөрсдийн шалгуураар авч байгаа юм. Үүнийг МУИС-д ч хэрэгжүүлэх боломжтой юм.

Тэгэхгүй болохоор хүүхдүүд шалгалтын системд л зориулж өөрсдийгөө бэлдээд байгаа юм. Тэгэхээр чинь их сургуульд элсэж орж ирж байгаа хүүхдүүдийн төвшин сул байх нь ойлгомжтой шүү дээ.

Их сургуульд зарсан хөрөнгөө тухайн хүүхдийн гурав хүртэлх насны боловсрол, төлөвшилд зарах нь илүү үр дүнтэй

Нөгөө нэг зүйл нь судалгаанаас харахад гурав хүртэлх насны хүүхдийн боловсрол хамгийн чухал байгаа юм. Дани улс гурав хүртэлх хүүхдийн боловсролд маш их хөрөнгө хаядаг. Хүүхдийг нь цэцэрлэгт хамруулна, цэцэрлэгт орж чадахгүй бол хувийн асрагчаар асруулж, тэр зардлыг улсаас гаргаж өгч байгаа юм. Тэгэхээр нэг хүүхдэд зарж байгаа хөрөнгөнийхээ үр дүнг аваад үзэхэд их сургуульд зарснаас гурав хүртэл насны сургуулийн өмнөх боловсролд зарах нь зөв байгаа юм. Гурав хүртэлх насанд нь хүүхдийг цэцэрлэгт сайн явуулж, хүүхдийнхээ тархийг хэрхэн хөгжүүлэх талаар аав, ээжид нь зааж зөвлөмөөр санагддаг. Гурав хүртэлх насандаа хөгжсөн тархи том болсон хойноо нөхөж чадахгүй суурь чадвараа авч байдаг. Дээрээс нь бага насандаа цэцэрлэгт явснаар хүнтэй яаж, хэрхэн харилцах зэрэг нийгэмд өөрийгөө авч явахад суралцаж байдаг. Энэ талаар хийсэн маш олон судалгаа бий. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтад анхаарал тавин сайн олгоод илүү сайн халамж тавьбал эдийн засаг талаасаа ч улсад хэрэгтэй байгаа юм. Мэдээж бид бүх шатандаа хүүхдийнхээ боловсролд анхаарах ёстой. Гэхдээ яг одоо тулгамдаад байгаа асуудал бол сууриа сайн тавихгүй болохоор дээд шатны боловсролын байгууллагууд юу ч хийгээд үр дүнгүй болоод байгаа юм.

Хөгжингүй орны хүүхдүүд өдөрт 7 цаг, манайх 4 цаг хичээл хийгээд тэдэнтэй өрсөлдөх гээд байх юм ​​​​​​​

Бас арван жилийн боловсролыг нэг ээлжээр олгодог болгох ёстой. АНУ-д хэрэгжиж байсан нэг программ бий. Англи хэл, математикийг нэг ангийн хүүхдүүдэд олон цаг заадаг. Ингэхдээ хүүхдүүдээ сонгон шалгаруулж, шалгаж аваагүй. Хэсэг бүлэг хүүхэд дундаас сугалаагаар нэг ангид түүвэрлэн оруулаад дээрх хоёр хичээлийг олон цаг заадаг. Олон цаг зааснаар математикийг чадахгүй байсан хүн чаддаг болчихдог. Хөтөлбөр дээр хоёр цаг заах ёстой зүйлийг дөрвөн цаг заахад ойлгоогүй нь ойлгодог. Хангалттай цаг зарах юм бол арван жилийн математикийг хэн ч сурдаг, ойлгодог.

Ганц ч хүүхдийг үлдээлгүй сайн сургахын тулд ЕБС-иудыг нэг ээлжийн болгох нь чухал. Хөгжингүй орны хүүхдүүд өглөөнөөс орой хүртэл өдөрт 6-7 цаг сурч байна. Гэтэл бид өдөрт 4 цаг хичээл хийчихээд тэд нартай өрсөлдөнө гэж яриад байгаа юм. Хамгийн наад зах нь арван жилийн сургуулиудыг нэг ээлжтэй болгох хэрэгтэй.


-Их сургуульд элсэж орж ирж байгаа залуус зорилгоо бүрэн тодорхойлоогүй, сурах хүсэл эрмэлзэлгүй байна гэдэг шүүмжлэлийг дагуулдаг. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Хойд Европ, Скандиновын орнууд Дани, Швед зэрэг орнуудад их сургуульд сурахгүй байсан ч хангалттай сайн амьдарч, ажиллах боломжийг гаргаад өгчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний хөдөлмөрийн бүтээмжийг өндрөөр үнэлж байна. Дархан, мужаан хийгээд явахад хангалттай амьдрах боломжтой байгаа юм. Заавал их сургууль руу орох шаардлагагүй болно, нөгөө талаас их сургуульд орж ирсэн хүмүүсийн зорилго тодорхой, заавал сурна гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа юм.

Харин манайд их сургуульд л сурахгүй бол ирээдүйгүй гээд ороод ирдэг. Өөрийнхөө сонирхож байгаа мэргэжлийг ч сайн ойлгоогүй, ирээдүйд хэн болохоо ч тодорхойлоогүй, хичээлдээ сонирхолгүй хүүхдүүд олон байдаг.

Их сургуулийн дөрвөн жил бол нарийн мэргэжил эзэмшиж, гүнзгийрч судлах чухал цаг үе. Гэтэл тэр цагийг дэмий үрэхээр маш хайран байгаа юм.

Нөгөө талаас арван жилийн сургалт дэндүү сул байгаа болохоор их сургууль төгсөхгүй бол юу ч хийж чадахгүй хүмүүс их байна. Тухайлбал, ресторанд үйлчлэгч хийлгэх гээд их сургууль төгсөөгүй хүн авахаар дотоод журмаа уншсан ч биелүүлэхгүй, хариуцлагагүй байна гэдэг. Уг нь энэ чадварыг дунд сургуульдаа эзэмших ёстой. Энэ нь ЕБС-ийн сургалтын чанар ямар төвшинд байгааг илтгэж байгаа юм. Дунд сургуульдаа суурь чадавхийн зүйлүүд болох логиктой сэтгэх чадвар, аливаад хариуцлагатай хандах, цагаа барих гэхчлэн наад захын зүйлүүдээ сурахгүй байгаа юм. Монгол хэлний хичээлээр гэхэд хүүхэд, асуудалд хандах, өөрийн үзэл бодлоо зөв, эмх цэгцтэйгээр илэрхийлэхийг сурах ёстой.

-Таны хувьд хичээлээ ямар арга барилаар явуулдаг вэ. Залуу багш нарт тэр дундаа математикийн багш нарт ямар зөвлөгөө өгөх вэ?

-Багш хүн бусдад заахын тулд эхлээд өөрөө маш сайн ойлгосон байх ёстой. Дээрээс нь хамгийн чухал зүйл бол тэр хичээлдээ өөрөө сонирхолтой байх ёстой. Багш тухайн хичээлдээ хэр дуртай, сонирхолтой байна хүүхдүүдэд тэр хэмжээгээр нөлөөлдөг. Бидний зорилго бол хүүхдэд ойлгуулах юм. Хүн тухайн зүйлийг ойлгохгүй болохоор л түүндээ дургүй болчихдог. Эхлээд хүүхдийн сонирхлыг татаад тухайн зүйлийг маш сайн ойлгуулчих юм бол аяндаа дуртай болдог.

-Таны хувьд Японд, эсвэл АНУ, Дани, Англид ажиллаж, амьдрах сонголт байсан байна шүү дээ. Амжилттай өрнөж байсан карьераа орхиод Монголыг сонгох болсон шалтгаан тань юу байв?

-Миний хувьд гэнэт шийдээд Монголдоо ирээгүй. Анхнаасаа Монгол руугаа буцаж ирнэ гэсэн бодолтой байсан. Монголд хийх ёстой зүйл маш их байна. Боловсролын салбар, шинжлэх ухааны салбар гэхэд л хөгжихийг нь хүлээгээд хараад сууж болохгүй байгаа юм. Юу нь болохгүй, юуг анхаарах ёстой талаар тодорхой хэмжээгээр харж, мэдэж байгаа хүний хувьд гар бие оролцоод явах нь зүйтэй гэж бодсон. Тэр утгаараа Монголдоо ирнэ гэдэг тодорхой байсан. Харин хэзээ гэдэг тодорхойгүй байсан. Монголдоо ирээд аль хэдийнэ гурван жил болжээ.

-Гурван жил гэдэг улс орны хувьд их цаг хугацаа. Таныг ирснээс хойшхи гурван жилийн хугацаанд боловсролын салбарт хэр өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байна вэ. Салбарын хүний нүдээр үнэлэлт, дүгнэлт өгвөл?

-Энэ хугацаанд боловсролын системд ахиц дэвшил өгөхүйц том өөрчлөлт гарсан гэж харахгүй байна. Их сургуулийн хувьд харах юм бол төрөөс хараат болсон. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулаад УЗ-ийн нэлээн олон хүнийг яамнаас томилдог болчихож байна. Их сургууль бие даасан удирдах зөвлөлтэй байж зөв чиглэлд явна. Их сургуулийн захирлыг улс төрийн томилгоогоор томилж байгаа тохиолдолд бол сургууль зөв чиглэлд явна гэдэг маш хэцүү. Зөв тогтолцоо байх ёстой. Их сургууль яаж зөв явах вэ гэдэг нь нэг сайн захирлын хийх ажил биш. Оксфордын их сургуулийн Математикийн тэнхим гэхэд жилд нэг удаа гаднаас судлаачдыг авч ирээд өөрсдөдөө дүгнэлт гаргуулдаг. Манай тэнхимд юу нь болохгүй, эсрэгээрээ юу нь болж байна, судалгааны чанарыг зөв тодорхойлж, сургалтын бодлогоо зөв явж байна уу, гадаад оюутныг татахын тулд юу хийх ёстой гэхчлэн хазайх юм бол зөв залдаг чиглүүлэгч хэрэгтэй байгаа юм. Ийм зүйлийг хэрэгжүүлэхийн тулд наад зах нь Удирдах зөвлөл бодлогоо гартаа бариад явдаг шаардлагатай.


-Юуны учир сурах гэж байгаагаасаа илүүтэй их сургуульд орохгүй бол ирээдүйгүй гэдэг нь хандлага давамгайлж байна

-Та Анд Глобал компанийн үүсгэн байгуулагчдын нэг. Техник технологи дээр суурилсан шийдэлтэй Ленд.мн олон улсын зах зээл дээр нэлээд амжилттай гарч ирж байгаа. Компаниа байгуулах болсон шалтгаан, цаашдын алсын харааны талаар хуваалцахгүй юу?

-Анд глобал компани санхүүгийн болон технологийн чиглэлийн хоёр охин компани. Санхүүгийнх нь Ленд.мн.

Бидний хувьд бүтээгдэхүүнээ хөгжүүлээд олон улсын зах зээл, тэр дундаа Зүүн өмнөд Ази, Филиппин, Инонезийн зах зээл рүү гаргахаар зорьж, ажиллаж байна. Технологи дээр суурилсан шийдлийн гол давуу тал нь хэрэглэгчийн тоо өсөхөд өндөр ашигтай байдаг. Харин уламжлалт санхүүгийн байгууллага бол хэрэглэгч нэмэгдэхээр зардал дагаад өсдөг. Харин технологиор шийдэхээр анхны зардал их боловч дараа нь гарах зардал бага байдаг. Тиймд бидний гол стратеги том зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах юм.

Миний хувьд “Анд глобал” толгой компанийн хиймэл оюун ухааны хэсэг дээр нь зөвлөөд, удирдаад явж байна. Энэ компанийг байгуулсан шалтгаан нь математикийн чиглэлээр суралцаж, төгсч байгаа залууст илүү өргөн боломж, зах зээл байгааг харуулахын тулд юм.

Математикийн тэнхим дээр нэг сайн хүүхэд ирээд би математикаар сурмаар байна. Гэхдээ төгсөөд юу болох вэ гэхээр өмнөөс хариулах зүйл бага байгаа юм. Яг төгсөөд маргааш юу хийх вэ. Банкинд теллер, шинжээч, даатгалын ажилтан, эсвэл арван жилийн математикийн багш болж байна.

АНУ, Англи зэрэг оронд их сургууль төгсөж байгаа математикчид 100 мянган хүнд ногдох тоогоор хамаагүй их буюу манайхаас гурав дахин их байгаа юм. Эдгээр орнуудад яагаад математикч олноор төгсөж байна гэхээр тэр хүмүүсийг ашиглаж чадаж байгаа юм. Кардифийн их сургууль гэхэд хажуудаа том эмнэлэгтэй. Тэр эмнэлэг нь их сургууль төгссөн математикчидтай нийлж судалгаа хийдэг. Тухайлбал, тухайн эмнэлэгт түргэнээр ирсэн хүмүүсийг ямар дарааллаар үзвэл хамгийн ашигтай, бага эрсдэлтэй, хүлээх хугацаа бага, хүртээмжтэй болгох вэ талаар судалгаа хийн хамтарч ажилладаг байх жишээтэй. Ер нь зөвхөн эмнэлэгт ч бус математикийн чиглэлээр төгсөж байгаа залуусаа салбар бүрт дэмжээд, хамтран судалгаа хийгээд явдаг.

Цахилгаан түгээх компани гэхэд хаана ямар станц тавих уу, тог тасрахад бусад газартаа хэрхэн нөлөөлөхгүй байх вэ гээд математикчидтай нийлээд судалгаа хийж байна.

Төмөр замынхан гэхэд математикчидтай ямар хуваариар галт тэргээ явуулбал хамгийн үр дүнтэй байх вэ гээд судалгаа хийж байна. Яг ийм байдлаар математикчидаа инженер, ложистик, статистикийн гээд хэрэглээнд байгаа бусад салбартаа ашиглаж чадаж байгаа юм. Алсдаа Монголд ч гэсэн салбарууд нь хөгжөөд өрсөлдөөн бий болоод ирэхээр математикчидын эрэлт өсөх юм. Хамгийн сүүлийн үед яригдаж байгаа жишээ бол хиймэл оюун ухааны салбар байгаа юм. Хиймэл оюун ухаанд математикийн мэдлэгийг, дээрээс нь статистик, мэдээлэл зүйг ашигладаг. Тэгэхээр бид математикаар төгсөөд хиймэл оюун ухааны салбарт ийм зам байгааг үзүүлээд, хэрэглэж болдогийг бодит жишээн дээр харуулж байгаа юм.

-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр дууриал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриал авдаг вэ?

-Мэдээж хэрэг маш олон хүний дэмжлэг туслалцаагаар өдий хүртэл явж ирсэн. Академик салбарын хүн гэдэг утгаараа хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бол багш нар маань гэж бодож байна. 11-дүгээр сургуулийн Ганбат багш намайг математикт дуртай болгосон. Мөн докторын судалгаа удирдаж байсан хоёр хүнээс математикт хандах хандлага бүр цаашлаад судалгаа, боловсролд хандах хандлагыг сурч авсан гэж боддог. Япон багш семинар дээр биднийг огт харахгүйгээр илтгэл тавихыг шаарддаг байсан. Хүнд ойлгуулж, тайлбарлаж чадахгүй байгаа хүн өөрөө бүрэн гүйцэд ойлгоогүй байна гэсэн үг гэж хэлдэг байсан. Түүнээс хойш хичээлээ харахгүй заадаг дадалтай болсон. Өөрөө маш сайн гүн гүнзгий ойлгосон хүн тухайн зүйлийг ойлгоход юу хамгийн чухал, гол хэсэг нь юу вэ гэдгийг мэддэг, тиймдээ ч түүнийгээ бусдад сайн ойлгуулж чаддаг.

-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ.Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?

-Ер нь бид юу хийж чадах вэ, манай давуу тал юу вэ гээд бодоод үзэхээр бид хадаасыг Хятадаас хямд үйлдвэрлэж чадахгүй. Харин бидний өрсөлдөх хамгийн гол зүйл бол оюун ухаан. Үүний тулд нэн түрүүнд суурь чадвараа сайжруулах хэрэгтэй. Тодорхой зүйлийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Бүх зүйлийг мэддэг ч юм шиг мэдэхгүй ч юм шиг яваад байж болохгүй. Нэг зүйлийг хэнээс ч илүү мэддэг, чаддаг болно гэдэг хамгийн том давуу тал юм. Тэр нь юу ч байж болно.

Мөн гадныхантай өрсөлдөхөд зайлшгүй шаардлагатай нэг зүйл бий. Монгол хүний хувьд багаар ажиллах чадвар дутмаг юм шиг санагддаг. Энэ нь боловсролын системтэй ч холбоотой. Биеийн тамирын хичээл дээр гэхэд уг нь хүүхэд багаар ажиллах чадварыг сурах ёстой. Сагс тоглоно гэдэг багийн тоглолт болохоос хувийн тоглолт биш юм. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэх тусгай хичээлийн программууд явах ёстой. Багаар ажиллах чадварыг хөгжүүлэхгүй энэ чигээр нь орхиж болохгүй. Хөгжүүлэхгүйгээр бид өрсөлдөж чадахгүй. Ганц, ганцаараа яваад нэг компанийн гайгүй ажилтан болно, харин хамтдаа хийвэл нэг компанийг ч байгуулж болно.

-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?

-Бид даяарчлалын талаар их ярьж байна. Зөвхөн өөр хоорондоо өрсөлдөхөд хангалтгүй цаг. 1980-аад оны үед Харвардын MBA-д ороход цөөн хэдэн орны залуустай өрсөлддөг байсан бол орчин үед маш олон орны залуус өрсөлдөж байна.

Иймд залуус маань өөрийгөө хөгжүүлэхийн тулд бүтээлчээр зорилго тавиад хөгжүүлээд явах нь чухал юм уу гэж хардаг. Өөрийгөө хөгжүүлэх боломж нь ч нээлттэй болсон. MIT, Стэнфорд гээд томоохон их сургуулиудын хичээл дийлэнх нь онлайнаар тавигдсан байна. Үүнийг сайн ашиглаасай гэж хүсч байна. Биднийг оюутан байхад гэртээ сууж байгаад гаднын их сургуулийг хичээлийг үнэгүй судлах боломж хязгаарлагдмал байсан. Миний хувьд ч ялгаагүй өөрийгөө хөгжүүлэхийн тулд байнга ном уншиж, мэдэхгүй сэдвээрээ онлайнаар хичээл аваад, даалгавраа хийгээд явдаг. Аливааг логиктой сэтгэж, түүнийгээ үндэслэлтэй тайлбарлана гэдэг сайн сэтгүүл, сонины хувьд угаасаа стандарт болчихсон зүйл. Байнга уншина гэдэг өөрөө тэгж сэтгэхэд нөлөөтэй.

-Ярилцсанд баярлалаа.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.