Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 27
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Эхийнхээ ачийг хариулах ганц л арга бий

НИЙТЛЭСЭН: 2017-11-15 14:52:19
Нийгэм > Шашин | Сэтгэгдэл: 0

Чамайг ээждээ хэлнэ дээ… Энэ үгийг та хэзээ нэгэн цагт хэлж л байсан биз дээ. Хэрэв санахгүй бол чангаар эсвэл зүрхэндээ “Чамайг ээждээ хэлнэ дээ” гээд хэлээд үз. Таныг гомдоосон, уурлуулсан, ер таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгнийг ээждээ ховлочихвол юу болох бол…

Өчигдөр намрын адаг сарын шинийн 22 байлаа. Энэ бол бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр. Энэ өдөр эхийн ачийн тухай, эмэгтэй хүний бүтээдэг тэр л гайхамшгийн тухай Х.Баасансүрэн лам лекц уншихаар зар тараасан байсан тул түүнд суухаар зорин очлоо.
Үнэнийг хэлэхэд, лекцийн утга агуулгыг төдий л сонирхсонгүй. Харин сошиал ертөнцөөр
“…Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Чи бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай…” гэж дуулах бичлэг нь олны танил болоод байгаа тэр л ламыг харахаар очсон юм. Лекц яг цагтаа, эмэгтэйчүүд голдуу сонсогчидтойгоор эхлэв. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Ухаарахуй” нэртэй цуврал лекцийг монголчууддаа хүргэж байгаа аж. Харин энэ удаагийнх нь их дүйчин өдрийг тохиолдуулсан эхийн ачлал, хайрлахуйн тухай байв.

Хүн болох мөн чанар бурхны сургаалд оршвой

Тэрээр лекцийнхээ эхэнд өөрийн унших дуртай хэдэн сургаал үгээ сонирхуулъя гэсээр чанга дуугаар “Хүмүүс тарни уншихдаа тоонд чухалчилдаг. Чанарыг чухалчлах нь зүйтэй. Хэрэв муухай үг хэлсэн бол шүдээ, бохир зүйлд хүрсэн бол гараа угаачихаад, усанд орчихоод, бузар зүйлтэй учирсан бол өөрийгөө ариулчихаад уншсан тарни хэд дахин өсч үржих учиртай. Ингэхдээ маш аз жаргалтайгаар унших ёстой байдаг шүү” хэмээн анхааруулав.
“Амьтад амарживаас бурхад амаржих
Амьтад шаналваас бурхад шаналах
Тэднийг баясгаж гэмээнэ бурхад баярлана
Тэднийг хорлож гэмээнэ бурхдыг хорлоно”

Энэ бол түүний унших дуртай сургаал. “Хэн нэгнийг баясгаж байвал Бурхан багш дуулж, Далай лам инээмсэглэж, хэн нэгнийг хорлож, тарчлаавал Манзушир уйлж, Майдар нойргүй хонож байдаг юм. Тийм учраас бурхдыг битгий зовоо” хэмээн чин сэтгэлээсээ уриалснаар лекцэнд суусан сонсогчид анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн юм.
“Хурааж цуглуулахын нэг зовлон
Хумхиж хамгаалахын нөгөө зовлон
Алдаж харуусахын адаг зовлон
Ахуйд хүлэгдэхийн мянган зовлон”
Цалин буух өдөр ажилдаа ямар сэтгэлээр явдаг талаараа төсөөл дөө. Үнэхээр эртлэн босч, цалингаа юунд үрэх талаараа төсөөлж, зарим найзтайгаа уулзалт товлоод л. Бүтэн сар эсвэл 15 хоног зовж зүдрэн олсон мөнгө чинь нэг л мэдэхэд дуусчихаад, хаа хаанаа ч хүрэхгүй үе гардаг биз дээ. Тэгвэл энэ явдал зөвхөн ганцхан хүнд ч тохиолдоод байдаг зүйл биш аж. Баасансүрэн ламд хандсан сүсэгтэн олон ихэнхдээ л олзын үүдээ нээлгэж, гарзын үүдээ хаалгаж аваад хэдэн давхар төмрөөр “гагнуулахаар” ханддаг гэнэ. Гэтэл хурааж хуримтлуулахаас илүү хурааснаа алдах хамгийн том зовлон гэдгийг хэн ч ухаардаггүй аж. Тийм учраас өөрийгөө зовоож хураагаад түүнийгээ алдана гэдгээ мартахгүй байхыг бурхан багшийн сургаалд аль хэдийнэ сургачихаж.

Буянд шунавал бурхан болж болно

“Хурмастын энтэй баялаг байвч
Хумсын чинээг ч аваад явахгүй
Үлгэрийн дайтай алдар байвч
Үхсэн хойноо сонсоод хэвтэхгүй”
Хүн цагаа тулахаар хүнд тус хүргэхдээ гамнасан өөрийн биеэ хүртэл хаяад оддог нь энэ хорвоогийн хатуу үнэн аж. Эрт дээр нэгэн баян хүн байж. Бүхий л насаараа биеэ зовоож, хамаг амьдралынхаа турш хөрөнгө цуглуулахдаа зөвхөн насны эцэст жаргана гэж бодож. Гэсэн ч түүний санаснаар болсонгүй. Нэг л өдөр бие нь муудаж, ухаан алдаж унаад эмнэлэгт хэвтэж. Эмч түүнд гурван сарын л нас үлдсэнийг нь дуулгахад “Би ийм зүйл сонсох гэж насаараа хөрөнгө мөнгөний төлөө хөдөлмөрлөсөн гэж үү” хэмээн харамсаад хэдэн өдөр тарчлаад хамгийн мэргэн ухаантай хүнээс хэрхэхээ асууж. Гэтэл мэргэн ухаантан нэгэн айлын хаягийг нарийн хэлээд, та тэр ядарсан эмэгтэйд хүү болж төрөх нь гэж. Баян эр ч бүх хөрөнгөө нөгөө эмэгтэйд шилжүүлээд нөгөө ертөнц рүү одож. Харин ядарсан эмэгтэй мэргэн ухаантны дотно хамаатан байж. Харамсалтайгаар чадуулсан баян эрийн түүх хэзээ ч хүн цуглуулснаа үхэхийн цагт авч явж болдгүйн жишээг илтгэх аж.

Бас нэгэн түүх. Нэгэн аав хүүхдүүддээ намайг үхэхээр хоёр оймстой минь оршуулаарай гэж. Түүний эцсийн захиасыг хүүхдүүд биелүүлэхээр ламаас гуйтал бурхны номд харшилна гэсээр хоёр оймсыг нь тайлуулчихаж. Ингээд арга буюу аавыгаа нүцгэн оршуулж. Оршуулгын маргааш нь хөрш айлын хүн “Аав чинь намайг оршуулсны маргааш үүнийг өгөөрэй гэсэн юм” хэмээн нэгэн захиа хүүхдүүдэд өгч. Тэр захианд “За тэр харж байна уу, үхсэн хойноо хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд л битгий шунаарай” хэмээн бичжээ.
Ямар ч хүнд их бага хэмжээгээр шуналын сэтгэл байдаг. Нэгэнт бий болсон тэр шуналыг эд хөрөнгөд зориулахгүй бол юунд гэсэн асуулт гарах биз. Тэгвэл Баасансүрэн лам “Буянд шунаж болно” хэмээн хариулав. Нэг хүн бурхан багшаас асууж гэнэ. Надад буян болгоод бусдад өгөх юу ч байхгүй яах вэ гэж. Оронд нь бурхан багш “Чамд нүд, ам, чих, гар хөл гээд хүнд байх ёстой бүх эд эрхтэн бүрэн бүтнээрээ байна. Чи түүнийгээ ашигла. Хэн нэгэн рүү сайхан хар. Инээмсэглэ. Тэр бол өглөг” гэжээ. Тийм учраас хүмүүс хэн нь хамгийн их буян хураах вэ гэсэн лотторейд орсон мэт амьдарч чадвал түүнийхээ буяныг ч хүртэх учиртай аж.

Амьдрал бол урсгал

Бүх юм жам ёсоороо болоод өнгөрөх урсгалд заавал ямар нэг зүйлээс атгаж үлдэх гэсэн оролдлого хийх нь өөрөө зовлон аж.
“Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсгоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай”

Бурхан багш дээр нэг хүн очоод хөрштэйгөө муудалцсан тухайгаа ярьж. Бурхан багш сонсож суугаад инээмсэглэн, “Хэрэв та хөршдөө бэлэг өгтөл тэр авахгүй бол яах вэ” гэж. Хүн бэлэг надад л үлдэнэ гэхэд, бурхан багш “Та түүнийг дайрч доромжлоод байхад хөрш чинь тоохгүй бол тэр хараал, зүхэл хэнд үлдэх вэ” хэмээн асуужээ. Мэдээж тэр хараал зүхэл ч надтай л хамт үлдэх бус уу.
“Бусдын үгийг хүлээцтэй сонсч
Буруу байсан ч бүү басамжил
Зүйтэй үгийг бишрэлтэй сонсч
Зүрхнийхээ гүнд уусган шингээ”
Ярихаасаа хоёр дахин сонсч бай гэж хүнд хоёр чих, нэг ам заяажээ. Гэтэл ээж, аавууд хүүхэддээ хараал, зүхлийг шууд заагаад өгчихдөг. Хүүхдийнхээ хажууд юу ч бодохгүй хэрэлдэж байгаа нь “давтаад хэлээрэй” гээд сайн дураараа муу муухай үгсийг хүүхэддээ зааж өгснөөс ялгаагүй гэдгийг Баасансүрэн лам харамсангуй хэллээ. Тэгсэн мөртлөө хүүхдийнхээ дэргэд нэг нэгнээ хайрлахаас ичдэгийн учрыг ч гайхдаг гэнэ. Хүн амьдралынхаа бүх мэдлэгийн 50 хувийг долоон нас хүртлээ авчихдаг бол 11 нас хүртлээ ямар зан ааштай хүн болох нь төлөвшиж, тогтдог аж. Тийм учраас хүүхдийнхээ дэргэд хараал зүхлийг биш хайр энэрлийг үлгэрлэх нь зүйтэй аж.

Эргэн тойрон дахь бурхан

Тэр олны өмнө лекц уншиж сууснаа гэнэт “Тэрийг хар даа” хэмээн хий зааснаа “Тэнд Майдар, Жанрайсаг, Очирваань байна. Цаана нь юу вэ дээ…” хэмээн нухацтай харах нь  нэгэн бодлын сайхан ч нөгөө талаар жийрхмээр санагдлаа. Гэтэл Баасансүрэн лам “Хүмүүс гэрийнх нь гэрэл гэнэт асаад, хий юм дуугараад, хөлийн чимээ гарахаар манай гэрт буг чөтгөр байна гэж хүлээж авахаас бурхан гэрлийг маань асаагаад, хөлийн чимээгээр дохио өгч байна гэж яагаад боддоггүй юм бэ” хэмээн асуув.

Солонгосоос хоёр хувраг Түвдэд очиж гэгээрсэн хуврагуудаар ном заалгана хэмээн ярилцаад гарч. Ийн замдаа Хятадын нутгаар дайрч явахад нь цасан шуурга шуурч шөнө дөл болсон хойно ууланд нэгэн хийд олоод тэндээ хоноглохоор болжээ. Бурханд талархаад тэндээ хонотол шөнөжин Бурхан Бодьсадваг зүүдэлж хонож. Өглөө бостол оршуулгын бурхан байв. Хэдийгээр хоёр хувраг цээрлэсэн ч цасан шуурга үргэлжилсэн тул аргагүйдэж тэндээ дахин нэг хонож. Хоёр дахь шөнөө хоёул чөтгөр шулам, буг там зүүдлэн хоножээ. Ингээд маргааш нь сэрээд хоёр хувраг “Харж байна уу, чи бид хоёр анх энэ газрыг хийд байна гэж бодоод унттал бурхны орныг зүүдэлсэн. Гэтэл урьд шөнө бунхан гэдгийг нь мэдээд унттал там, буг, чөтгөр зүүдэллээ. Бүх зүйл сэтгэлээс үүддэг юм байна. Тийм учраас өөрийнхөө эргэн тойрны багш нарыг гэгээрсэн хувраг гэж бодвол заавал Энэтхэг явах хэрэггүй юм байна” хэмээн тохироод буцсан аж.

Мөн нэг гэгээнтэн Майдар бурхантай уулзахаар 12 жилийн турш хичээсэн ч олж чадсангүй. Аргаа бараад явж байтал нэгэн өтсөн нохойтой таарчээ. Гэгээнтэн өтийг нь аваад хаячих гэхээр өт нь үхчихнэ. Авахгүй гэхээр нохой нь зовно. Яадаг билээ хэмээн бодоод өөрийнхөө гуяны махнаас авч өтийг нь хооллохоор хутга гаргаж иртэл нохой даруй Майдар болон хувирчээ. Гэтэл гэгээнтэн гайхаж, би тантай уулзах гэж 12 жилийн турш хайж явлаа гэхэд, Майдар “Би чиний хажууд байхад чи намайг харахгүй над руу нус нөжөө хаясаар байсан” хэмээн элдэв муухай бохироор дүүрсэн хормогчоо үзүүлжээ. Эргэн тойрон бурхад байдаг ч хүн харж чаддаггүй аж.
Бурхны шашинд бүх юм ганцхан чанарт шилждэг аж. Бүх юм нэгдээд субьект болж хувирдаг аж. Тийм учраас тэрээр найман их бурхдыг дуудаж, магтсан маанийг аялгуулан хөгжөөлөө. Хурсан олон ч түүнийг даган хөгжөөх аж.

Чамайг ээждээ хэлнэ дээ… 

Ижийдээ хариулж өгөх ёстой ач тусаа хэмжих гэж оролдож үзсэн хүн байгаа болов уу.  Бурхан багш тэнгэрийн оронд  эхийнхээ ачийг хариулахаар 90 хоногийн турш буян хийжээ. Зөвхөн ээждээ зориулж. Намрын адаг сарын шинийн 22-нд тэнгэрээс бууж ирэхэд нь тэнгэр лус баярлаж, дуу чимээ гаргаж гэнэ. Тэр үед хүн бүр баярлаж, эхийнхээ ачийг хариуллаа гэсэн дуу чимээ дэлхий даяар гарч байсан гэдэг. Орчин цагт эхийнхээ төлөө буян үйлдэхээр тэнгэрт гарч чадахгүй ч ачийг нь хариулах ганцхан л арга бий. Тэр бол хүн шиг байж, ямар хүн төрүүлснийг нь мэдрүүлэх.
Баасансүрэн лам гүнзгий амьсгаа аваад “Энэ үгийг ямар ч удаан хэлээгүй юм бэ дээ” хэмээгээд “Ээждээ хайртай хүн бүхэн дагаад чангаар хэлээрэй” хэмээн сонсогчдоо уриалав. Тэрээр “Чамайг ээждээ хэлнэ дээ…” хэмээн чангаар гурван удаа хэлэхэд дэргэд сууж байсан бүсгүй өөрийн мэдэлгүй ихэр татан уйлах нь тэр. Гэхдээ танхимд тэр ганцаараа нулимс дуслуулсан нь биш байлаа. Үнэхээр ээжтэй хүн сэтгэлээрээ ямар баян байдгийг энэ үгнээс мэдэрч болохоор. Баасансүрэн лам 16-хан насандаа аав, ээжийгээ алдсан талаараа дурсаад тэр үед жаахан байж дээ, хэмээн харамсангуй өгүүллээ.
“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь яаж хариулна даа…” дуу ийн нулимстай уянгална.
Баасансүрэн ламынд хөдөөнөөс нэг хүү сууж, сургуульдаа явдаг байж. Нэг удаа гэр рүүгээ явж ирчихээд утсаа хүнээс нуугаад л, тэрийгээ харахаараа ичингүйрээд байж. Хөөцөлдсөөр утсыг нь авч харвал ээжийнхээ хөхний зургийг аваад ирчихэж. Хүү ээжийнхээ мөөмийг хамгийн ихээр санадгаас тэр.
“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн…”
“Эхийн бүүвэйнд хорвоо дэлхий багтдаг гээд төсөөл дөө. Тэр хорвоо дэлхий чиний хайртай бүх юмаас гадна, чиний дургүй бүх юм. Бас мэддэг, мэдэхгүй зүйлүүд чинь бүгд багтсан гээд төсөөл дөө” хэмээн хөөрч догдлон ярих нь хорвоо дэлхийг бүүвэйлэх эхийн сэтгэлийг харуулах шиг.
Ийн бүтэн хоёр цаг дуу дуулж, ухаарч, уйлж сонссон лекцийн дараа гараад л шууд ээж рүүгээ явмаар санагдав. Ээждээ хайртай шүү гэж хэлмээр, орчлонгийн бүх ээжүүдэд халуун дулаан үг хэлж буян хураамаар..
“Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ ай хөөрхий
Насан өндөр аав, ээжээ хайрлаарай
Нартын жам булаачихна ай хөөрхий…” халуун сэтгэл дунд намар оройн жавартай хамт энэ дуу эгшиглэсээр… би ээждээ очиж явна.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.