Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2020 оны 07-р сарын 12
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...

НИЙТЛЭСЭН: 2020-05-31 14:21:54
Бусад > Урлаг | Сэтгэгдэл: 0

Нийгмийн хөгжил төдийгүй хүмүүний сэрэл сэрэхүйд гарч буй асар хурдтай өөрчлөлтийг дагуулсаар шинэ цаг үе юу юугүй түрхрэн орж ирлээ. XXI зууны эхний хагаст дэлхий дээр оюун ухааны шинэ хэлбэр үүсч хүний оюун ухаанаас давамгайлах юм уу, түүнтэй тэнцэх магадлалтай болж байна. Бүх нийтийн мэдээлэл солилцооны интерактив хэрэгсэл болох ‘мэдээллийн хурдтай засмал зам’ хэмээн нэрлэгдээд байгаа интернет нь хүний оюун ухааныг сүлжээнд шууд холбож, үүний үр дүнд дэлхий дээр цоо шинэ эдийн засаг, цоо шинэ сэтгэлгээ, цоо шинэ хандлага, цоо шинэ чадавх шинээр төрөн мэндэлж байна. Шинэ эрин үе бидэнд хиймэл оюун ухаан, тархит компьютерийн хувьслыг авчирлаа. Ярайсан олон товчлуур бүхий ‘тархин’ дотор олон жижигхэн хүмүүс суучихаад тэрхүү машиныг удирдаж байдаг гэсэн домог өнөөдөр биеллээ олж хүний уураг тархины зарим үүргийг гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаан гэгдэх компьютер, хүний тархитай адил тэмдгийг ялган таньж, оюун санааны дүрийг бий болгон, тэр ч бүү хэл мөрөөдөж, сэтгэл хөдлөлийг хүлээж авдаг тархит компьютер бүтээгдэж байна. Оюун ухааны хөгжлийн энэхүү хачин жигтэй хувьсал өөрчлөлт уран зохиолд ч тусгалаа олж байх шиг...!

Дижитал соёлын эрин үед уулгалан орж ирж буй уран зохиолын нэг төрөл жанр бол бодит бус ертөнцийн хийсвэр пикшёнүүд буюу ихэнхдээ фантаз гэж нэрлэгддэг үлгэрийн өнгө аястай бичвэрүүд. Тухайлбал, бодит явдалд үндэслэгддэг ч бэрхшээлийг даван туулж буй арга хэлбэр нь хийсвэр төсөөлөл, хийсвэр дүрслэл бүхий ‘Харри Поттер’ цувралууд... Уран зохиолд нэвтрэн орж ирж буй ‘Graphic Novel’, ‘Graphic Narrative’ зэрэг зурагт өгүүллэг, өгүүлэмжүүд нь эсрэг тэсрэг шинжтэй төрөл жанруудыг шинээр бий болгож байна. Сүүлийн үед гаднаа комик, дотроо өгүүлэл хэлбэртэй ‘Light Novel’ хэмээх уран зохиолын төрөл ихээхэн сонирхол татах боллоо... Дэлхий ертөнц ингэтлээ өөрчлөгдөж байхад яруу найрагчид энэхүү хувьслын алихан талд нь явна вэ? Дижитал эрин үеийн яруу найрагчид гэж хэн бэ? Тэдний сэтгэлгээ, бүтээл туурвил хуучин ертөнцийн шүлэгчдээс юугаараа ялгаатай вэ? Яруу найргийн язгуур мөн чанар хувьсан өөрчлөгддөг үү, аль эсвэл үгүй юү? Эдгээр асуултуудын хариултыг олох гэж дижилог соёлын орчинд шинээр төрөн мэндэлж байгаа залуу шүлэгчдийн бүтээлийг нэлээдгүй онгичлоо. Тэгээд олсон олз гэвэл Костягийн Ану-Үжинийн ‘Ерэн есөн ертөнц’ /2020/, Дашдондовын Баярцэцэгийн ‘Сарны бурхан’ /2017/, Мөнхдоржийн Ундралын ‘Есөн бүхэл дөрөвний гурав’ /2020/ номууд. Мөн “Ницше, Бодлер нараас өмнө ‘бичих’ бол бурхны хишиг байсан. Гэтэл Бодлер “үгүй, яруу найрагч хэлийг бүтээдэг” гэж нэг л зандартал ‘бичих нь уран зохиолын эрх мэдэл’ болж орхив” хэмээн нэгэн судлаачийн хэлсэнчлэн Монголын шинэ үеийн яруу найргийн ертөнцөд өөрийн хэлийг бүтээхээр, өөрийгөө тунхаглахаар зоримог алхан орж ирж буй гурван шүлэгч бүсгүйн номын нэр ихээхэн анхаарал татаж, ‘Миний эрээд байгаа яруу найрагчид эд нар биш байгаа даа?’ гэсэн асуулт тулгасных! Одоо мэдрэмжээ түншин тэдний дотоод ертөнцийн гүнийг тэмтрэх л үлдлээ... !

 

1. СҮНСЛЭГ МЭДРЭМЖ БА ЯРУУ НАЙРАГ:

Бидний амьдарч буй хуучин ертөнцөд үг яриа, хэм хэмжээ, зүй тогтол ноёрхож зөн билэг, мэдрэмж хоёрдугаарт тавигдаж ирсэн бол шинэ эрин үед оюун ухаан төдийгүй нэгдмэл цаг хугацаанд баригддаггүй тод томруун ‘мэдрэмж’, ‘зөн билэг’, ‘төсөөлөл’, ‘дүрслэхүй’ чухалд тооцогдох боллоо. Дэлхий ертөнцөд гарч буй асар олон гайхамшигтай өөрчлөлтүүдийг ‘сүнслэг мэдрэмж’-тэй хүмүүс л хүн төрөлхтөнд дамжуулж, энэ цаг үеийн чиглүүлэгч болно гэж ирээдүй судлаачид үзэж байна. Энэхүү дохио тэмдгийг дамжуулах тэр сүнслэг мэдрэмжтэй хүмүүс бол ‘зөн билэг’, ‘мэдрэмж’, ‘төсөөлөл’, ‘дүрслэхүйн’ ертөнцөд амьдардаг яруу найрагчид гэдэгт би хувьдаа итгэлтэй байна! Тэд л...

Тийм!

Яг тийм!

гэхдээ би

гэхдээ би

чиний мэдэхгүй

бичил

бичил

тэр л

ерэн есөн

ертөнцөөр аялах

амилах бүрдээ

яагаад үргэлж

яруу найрагч болж

эсвэл тэр нөгөө,

нөгөө ертөнцөөсөө

хэд дахин

том, том, том

зүрхтэй уран бүтээлч болж

төрдгийг

....

ЧИ ОЙЛГО

-хгүйг би

МэЭДНЭэ ... хэмээн бичиж чадах биз ээ. Энэ бол ‘юм бүхнийг хязгааргүй ихээр дахин

дахин мэдрэх, мэрэх шалтгаан’  болсон яруу найргийн төлөө төрсөн залуухан шүлэгч бүсгүйн ‘Ерэн есөн ертөнц’ номонд орсон шүлэг. Эгэл жирийн хүмүүс өнгөрснөөс-одоо, одоогоос-ирээдүй гэсэн нэг л тогтмол хэмжигдэхүүнт ертөнцөд амьдарч байдаг бол яруу найрагчид өөр өөрийн өнгө төрхтэй ерэн есөн ертөнцөд амьдарч, түүгээр ч зогсохгүй хоёроос хязгааргүй хүртэл, нэмэх хасах хэд ч байж болох олон хэмжээст ертөнцөд оршиж, тэдний оюун санаа зэргэлдээ ертөнцүүдээр хэрэн хэсч байдаг...!

 Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч М.Уянсүхийн “Унших тусам тэндээс хүссэнээ үхүүлж, хүссэнээ амьдруулж чадах хэт нам долгионы далд үелзлийг мэдэрлээ. Тиймээс би одоо түүнд итгэж байна. Цаашдаа сэхүүн туучих тэр замыг нь харж байна. Хүрэх алстай нь хамт тод харж байна” гэсэн угтал үгийг дайсан К.Ану-Үжингийн ‘Ерэн есөн ертөнц’ /2020/ номын шүлгүүд хийсвэр сэтгэлгээ болон бодит байдал сүлэлдсэн, барьцгүй хэрнээ барьцтай, хаа нэгтээ нь зөн билэг мэдрэмж огтолцож, төсөөлөл дүрслэхүйн зохист хэлэмжээр хүүрнэх нь сонирхол татна...

Ногоон, бас шар

эсвэл

Шороон, бас бор

Өнгөний өөр хувиралгүй

Нулимсан хэлбэрт улиасны навчнууд...

 

Хатаж шарлаад газарт унасан

Энэ навч гэхдээ бусдаас өөр!

Хэний ч юм, хөлд гишгэгдчихээд

Хэнд ч хэлээгүй хүслээ тэр

гүйцээсэн!

 

Лаан дотор минь ороод үхчихсэн байсан

Нэрийг нь ч мэдэхгүй өчүүхэн шавьжны

Гэгээрэлд хүрсэн мэт амгалан царай

Энэ навчныхтай тун төстэй юм...

 

Одоо тэр хэдийнээ улиасны навч байхаа больсон

Ондоо ертөнцөд ургадаг агч модны навч болсон, тэр! 

 

/‘Унасан навчны зүүд’/

 

Шүлэгт урган төлжиж буй улиасны навчны анхны төрх нь ногоон, цагийн эрхээр хатан гандаж буй дүр нь шар, хагдран унаж буй хэлбэр нь шороон бор өнгөөр дүрслэгдэх аж. Энд гоц гойд юмгүй, байгалийн жам ёсоор өнгө будгаа өөрчилж, урган төлжиж, унаж хагдарч, үхэж үрэгдэж байдаг амьдралын жирийн л нэг үйл явц, гэвч нэгдүгээр бадгийн төгсгөлд дараагийн үйл явцыг өдөөх шинэ өдөөлт гарч ирж байгаа нь тэр навчнуудыг ‘нулимсан’ хэлбэртэй гэсэн тодотгол. Хоёр дахь бадгаас шүлэг хэмнэлд орж, хатаж гандсан навчис дундаас “хэн нэгний хөлд гишгэгдээд амиа егүүтгэх хүсэлтэй” бусдаас өөр нэг навч тодорч байна. Гурав дахь бадагт “Лаан дотор минь ороод үхчихсэн байсан Нэрийг нь ч мэдэхгүй өчүүхэн шавьжны Гэгээрэлд хүрсэн мэт амгалан царай Энэ навчныхтай тун төстэй юм...”  гэсэн мөрүүд шүлгийг бүхэлд нь амь оруулж, юу ч устаж үгүй болдоггүй, аливаа юмс хэлбэр дүрсээ өөрчилсөн ч хязгааргүй үргэлжилдэг, нэр ч үгүй өчүүхэн жижиг шавьжны үхэл өнө мөнхөд хүргэх тэр замын эхлэл ч байж болно гэсэн тэмдэг дохиог илгээж байна... Шүлгийн төгсгөлд жир бус тэр навч жирийн л нэг улиасны навч байхаа болиод ондоо ертөнцөд (тэр нь оюун санааны ертөнц ч байж болох, яруу найргийн тэнгэр ч байж мэдэх, зэргэлдээ ертөнц ч байж болох) ургадаг агч модны навч болон хувирах ажээ. Энэ бол шүлгийн гайхалтай хувирал, өнгө зүс муутай өчүүхэн жижиг авгалдай харц булаам гоёмсог эрвээхэй болон хувирдаг шиг тийм хувирал, магадгүй түүнээс ч илүү гүн гүнзгий утга агуулгатай хувирал...! Ийнхүү яруу найрагч бүсгүй хаа нэгтээгээс нулимсан дүртэй навчны нүдээр хүмүүний оршихуйн мөн чанарыг тогтоон харж, унасан навчны зүүдийг ТЭМТРЭХ АЖЭЭ...  

 

Наран тойрогт

Нэгэн хэрээ ганцаардана

Хүслээ тэр хажуудаа барьж

Хүлээс мэт амьдралаа бясалгана

Хүсвэл даруй хийсчих мэт

Хүсэхээс хэтрэхгүй мөрөөдөл нь

бодит ба хоосны

шулуун зааг дээр

түүнийг гацаажээ...

 

***

Тэр яг одоо төрөөд уйлж байна!

Шив шинэхэн тэр

өмнө нь байсан хэн нэгний сүнс,

Хув хуучин тэр

тэрний, тэрний, тэрний... дуусахгүй нь...

Тэрний бас сүнс...

 

Тэр ер нь шинэ хүн мөн үү?

Төрөөд бас л өөр нэг тэрний

амьдралаар амьдрах

Тэр!

Тэр ер нь л...

 

***

Надаас ч урьд,

Чамаас ч урьд,

Магадгүй энэ ертөнцөөс ч урьд

Сансрын тооцонцорт үүсчихсэн

байж болох бидний дурлал!

Чамаас хойш,

Надаас хойш,

Магадгүй энэ ертөнцөөс ч хойш,

Сансрын тоосонцор болоод хөвж л явах энэ сэтгэл!

Урьдаас, угаас бичигдсэн бүхэн...

 

***

Үнсэн дундаасаа ахин төрдөг галт шувууны дэгдээхэй шиг

Сүнсэн бие минь шүлэг болж, махан биеэ шатаах гээд байна

Хагарсан өндөг хальсаа цуглуулаад шинэ биеийг бүтээж

Шалгарсан нэгэн сайхан шүлэг торнин бойжихоор хүлээж байна...

   

***

Нүдээ аних ч шаардлагагүй,

огт оргүй мэт харанхуйд

Нүднээс минь урсах нулимс

тэнгэрийн мандал дахь

Сүүн зам мэт!

 

Доош унах... огцом дээш хөөрөх!

эсвэл зүгээр л, огторгуйн мандлаар хөвөх...

Долоохон ноотны шидэнд эзэмдүүлэх би!

       

***

Хөлөө унжуулаад суумаар

Таван давхрын цонхноос

Уруулыг чинь хуруугаараа

дарахад

цаг хугацаа зогсоно: -Чи юу ч бүү дуугар,

Хажууд минь суусаар л

энэ агшныг мэдэр!

 

***

               Би аль хэдийнэ эндээс алсарч

цаг хугацаагаар аялна...

Паганини хийлээ үүрээд

би гараас нь хөтлөөд...

Зун!

 

К.Ану-Үжингийн шүлгүүд далд мэдрэмж, зөн билгийн илэрхийлэл ихтэй юм. Бодит байдал болоод хоосны заагт гацсан тэр хэрээ бол яруу найрагч бөгөөд нүдээ аниад бясалгахад нь нүгэлтэй хүслүүд нь биежинэ. Түүний сүнсэн бие нь шүлэг болж махан биеэ шатаана, хэдэн арван жилийн дараа номыг нь унших хэн нэгэнд “Хөөе, тэнэг ээ! Наадах чинь ердөө л миний тэнэглэл” гэж хэлэх тийм шүлгүүдийг төрүүлнэ. Долоохон ноотны шидэнд эзэмдүүлэн гүн доош унаж, тэгснээ огцом дээш хөөрөн, огторгуйн мандлаар хөвнө. Нүднээс нь урсах нулимс тэнгэрийн мандал дахь СҮҮН ЗАМ. Хэдэн арван, хэдэн зуун, хэдэн мянган триллион оддыг багтаасан ЭНЭ ЗАМ тоолж баршгүй олон шинэ оддыг өөрөөсөө төрүүлнэ. Түүнийг хэдэн сая жилийн гэрлийн хурдтай алсаас одод анивчин дуудна...!

‘Ерэн есөн ертөнц’ номын шүлгүүд “энэ ертөнцөөс өмнө сансрын тоосонцорт үүсчихсэн байсан дурлал”, “энэ ертөнцөөс хойш сансрын тоосонцор болчихоод хөвж л явах сэтгэл”, “дөнгөж шинээр төрөөд уйлж байгаа тэр хэн нэгний сүнс, тэрний тэрний тэрний... сүнс, тэгэхлээр шинэ хүн мөн үү”, “хагарсан өндөг хальсаа цуглуулаад шинэ биеийг бүтээж”... гэхчилэн цаг хугацаа, орон зай, материаллаг ахуйн алинд ч үл баригдах, бидний төсөөлж чадах аль эсвэл үгүй, хамгийн бүрэн төгс оргүй хоосон оршихуйн тухай өгүүлнэ. Түүний шүлгүүд юуг сэтгэлээрээ мэдэрч болох, юуг оюунаараа мэдэрч болохгүйг хэлж үл чадах тийм нууцлаг! Тэрээр зүүднээс өөр хаана ч оршдоггүй хэн нэгнийг хайн аль хэдийнэ эндээс алсран одсон цаг хугацаагаар аялна, тэгснээ гүн их мэдрэмжээ түншин ердийн амьдралдаа дахин газардана, Таван давхрын цонхон дээр хөлөө унжуулан сууж хайртынхаа уруулыг хуруугаараа даран цаг хугацааг зогсооно. Тэнд үхэл амьдрал сүлэлдсэн хачин жигтэй нам гүм ноёлно...! Шүлэгч бүсгүй ийнхүү мянган жил тэвчин хүлээж, энэ л амьдралыг сонгон дуулсан үргэлж зунаараа байх бодит мөртлөө хийсвэр, өөрийн бүтээсэн ертөнцдөө өнө мөнхөд амьдрахыг хүснэ. Түүний мэдрэмж “Бүрийд ганцаар дотогш ургаж, бүх шим шүүсээ намар мэт шингээж, зөвхөн өөртөө, зөвхөн өөртөө... Ганцаар урга”  хэмээн тушаана. Тэрээр ноосон малгайгаа тайлан авч номхон зогсоод, шүлгээр шаагих нойтон зүрхээ мушгичихаад, хувилан бүтээсэн олон Би-гийнхээ өмнө мэхийн ёслоно...!

К.Ану-Үжин үнэхээр л сүнслэг мэдрэмжтэй шүлэгч бололтой. Түүний оюун санаа зэргэлдээ ертөнцөөр хэрэн хэсэж, өнгөрснийг тэмтэрч, ирээдүйн цагалбарт гацна. Тэрээр “Оршихуй биеийг минь дурлалын чөтгөр залж, оюун ухааныг минь авралын бурхан ариулж, сормуусаараа дэвэн нисч, сарвуугаараа хэрэн хэсч, үс минь хоолойг багалзуурдаж, үг минь салхийг залуурдаж байна!” хэмээн далд ухамсрынхаа харь хязгаарт орь дуу тавина. Хоёр зууны тэртээ германы нэгэн эмч “Сүнсний ухамсарт амьдралын мөн чанарыг ойлгох түлхүүр нь далд ухамсрын хүрээнд оршино... Хүний оюун санааны амьдралыг хэсэгхэн газарт нь нарны гэрэл туссан аугаа том, байнгад эргэлдэгч гол мөрөнтэй зүйрлэж болох юм”  хэмээсэн нь бий. Сүнсэнд ухамсарт амьдрал байдаг байх нь... түүнийг нь хэн нэгний далд ухамсар тэмтэрдэг байх нь! Утга зохиолын нэрт судлаач Ч.Билигсайхан багшийн “Далд ухамсар нь зургаа дахь мэдрэхүйн өөрт илэрч буй хэлбэр ч байж болох. Ийм учраас хүн далд ухамсартаа найдах нь шинэ зууны хандлага болж байгаа ч юм бил үү? Далд ухамсраа мэдрэх, түүнд хөтлөгдөх явдал авьяас билигтэнд илүү тустай нь магад”  хэмээсэнчлэн яруу найрагч бүсгүйн зургаа дахь мэдрэхүй өнгөрсөн-одоо-ирээдүйн гурван цагийн хэмжээсийг даван гарч, бидний дадаж хэвшсэн тогтмол ус шиг сэтгэхүйг агаарт үгс бичих шиг тийм этгээд сэрэхүйгээр өдөөн дуудна. Бүсгүй ийнхүү буй бүхнийг далд ухамсраараа түншин дотоод ертөнцөө анирдана...

Тэрээр... Оскар Уайлдын бунханг улаан уруулаараа үнсэж, Енисей мөрний тухай өөрийн зохиосон шүлгээ Есенинд уншиж өгнө. Тэр... Эдипийн пянзыг эргэлдүүлэн Парисын гудмаар хөөрөн гүйнэ, тэгснээ жазз, блюз, рок н ролл-той өмнөх зууны үдэшлэгүүдээр хэснэ. Тэрээр... зул сард зориулан урласан, бариул нь гацууртай гоёмсог улаан аягандаа какаотой сүү аяглан, хөөсөн чихэр хөвүүлээд шугамын радиогоор эгшиглэх ‘Свечи’,  ‘Это не сон’,  ‘Арленкино’-гийн аялгуунд автан, гадаа хүйтэн ч дотор дулаан өвлийн энэ үдэш өөр юу ч хэрэггүйг ухаарна. Тэр... арван жилийн дараа ч ав адилхан догдлуулах улаан цомог, залуухан Ленинтэй ахиад хэдэн аравныг хамтдаа өнгөрүүлэхсэн гэж мөрөөднө, тэгснээ харанхуй гудамнаа ёлтойх шаргал гэрлийн доор Модильянитай болзож, хаягдсан хүүхнүүдийнх нь нэг болохоо мэдсээр байж хамтдаа ганцхан шөнийг өнгөрөөнө. Тэрээр... Паганинигийн гараас хөтлөн Генуягийн гудамжаар сэтгэл дэнслэн алхаж, тэгснээ романтик адал явдлын дунд хөвж Мадэфистофэлийн гол дүрд тоглоно... Тэр үнэхээр барьцгүй, түүний шүлгүүд тийм увидаслаг тэгээд бас нууцлаг...!

Тэрээр:

Богино бошинз, нимгэн цамц,

халуун гар, задгай үс, зайрмагны улирал!

Анх болзож эхлэх шиг л

Зун цаг... ирж буй цаг... хэмээн дуу алдаж, ирэх цагийн төгсгөлд үргэлж хүүхдээрээ хүлээх ЗУН ЦАГ руу яарна...

 

Тэрээр:

Хэрэв чи хувьтай хүн бол...

Хэнд ч өөр байхгүй

миний дотоод эрчим хүчийг

яг сая, сая гэрлэн жил шиг

яг сая, сая эд эс шиг

Бүхний үүсэл, үр хөврөл шиг,

сэргээгдэх ч шаардлагагүй эрчим хүчийг

Тийм анхдагч эрчим хүчийг...

...

Тийм л эрчим хүчийг чи надаас

Зөвхөн надаас мэдэрч чадах болно

Хэрэв чи хувьтай л хүн бол...  хэмээн хамгийн аялгуут хөгжмийн зэмсэг болох үгсээр үүрдийн орон зайгаа цогцлоон, угтан ирэх он жилүүдийг омог бардам, сэхүүн туучихаар урагшилна... Тэр нил ягаан ертөнцийн гэрэлт нэгэн өглөө толгойд нь биш сэтгэлд нь эхэлж буйг мэдрэн ирж яваа зун цагийг угтан угтан урагшилна... Тэрээр өөртэй нь огт адилгүй хүмүүсийн өөрт нь байдаг зарим шинжний хэлтэрхийд зохицох гэж бүдэрч босон, тэмцэж сөрөн урагшилна...

 

Тэр:

Залуухан, үзэсгэлэнтэй, бас эрх чөлөөтэй байгаа дээрээ

Залгих мэт цаг хугацаанаас өөрийгөө чөлөөлөн урагшилна...!

 

2020.05.15


 

2. БУРХАНЛАГ ОРШИХУЙ БА ЯРУУ НАЙРАГ:

 

Английн аналитик философийн гол төлөөлөгч Витгенштейн хүний амьдралын утга учир бол ‘бишрэл, итгэл’ гэж сургаж байв. Тэрээр “Хоёр төрлийн бурханлаг хүчин зүйл бий: нэг нь хорвоо ертөнц, нөгөө нь хэнээс ч хамаарахгүй Би” гээд “Бурханд итгэнэ гэдэг нь амьдралын утга учрын асуудлыг ойлгоно гэсэн үг. Бурханд итгэнэ гэдэг нь нүдэнд үзэгдэж байгаа тэр зүйлсээр л хорвоо ертөнц хязгаарлагдахгүй гэдгийг харна гэсэн үг. Бурханд итгэнэ гэдэг нь амьдралд утга учир байгааг олж харна гэсэн үг”  хэмээжээ. Би яруу найрагчдыг ‘бурханлаг’ хүмүүс гэж боддог, тэд л хэнээс ч хамаардаггүй Би-гийн ертөнцөд амьдарч, тэр Би-гийнхээ оршихуйн мөн чанарыг эрж хайж байдаг. Тэдний сэтгэл оюун, мэдрэмж төсөөлөл, зөн билэг нь хорвоо ертөнц бол нүдэнд үзэгдэж байгаа юмсаар хязгаарлагдахгүй аугаа гэдэгт итгэж, түүний чинадад нэвтрэхийг зорьж байдаг. Тэд л хүн төрөлхтний амьдралын утга учрыг эрж хайж, эргэцүүлж, энэ тухай бичиж байдаг. Тэд л, зөвхөн Тэд л...

 

тас хар үүлтэй

бүрхэг тэнгэрийн дор

хязгааргүй ганцаардсан

жижигхэн цагаан од

цоргин гялалзаж байхыг

гэнэт олж хараад

-энэ хэн юм бол?

гайхаш тасраад

удтал ширтэн суув

 

тагтан дээр зуны өдөр

жижигхэн цагаан одыг

гиюүрэхдээ өдөржин ширтэв

өдөржин ширтэлцэв ээ бид

 

тэсэлгүй дөхөж тонгойгоод

өөдөөс нь ширтэж байгаад

цоргигч одонд дөнгөж хүр-тэл

гэнэт алга болчихов.

 

ингэж үл үзэгдэгч болсон юм

үл үзэгдэгч болчихоод би... /’Бурхан ба гайхамшиг’/ хэмээн бичиж чадна. Энэ бол бичээгүй

шүлэг, зураагүй зураг, аялаагүй дуу, дусаагүй нулимснаасаа БУРХАН-ыг цөхрөлтгүй эрэн хайгч залуухан шүлэгч бүсгүй Дашдондовын Баярцэцэгийн ‘Сарны бурхан’ номонд орсон шүлэг. Тас хар үүлтэй тэнгэрт өдрөөр цоргин гялалзах жижигхэн цагаан од... энэ бол эгэл хүмүүсийн нүдэнд үл үзэгдэгч БУРХАН, энэ бол ‘үл үзэгдэгч БУРХАН’ болчихоод шүлэг тэрлэн суугаа ЯРУУ НАЙРАГЧ!... Бүсгүй эцэс төгсгөлгүй цагийн шатаар уруудан урсаж, тэнгисийн эрэг дээрх ‘ганцаардлаа’ ширтэхэд үл мэдэг гэрэлтэх бурханлиг аялгуу сонорыг нь дэлдэнэ. Сонор дэлдэх энэ л аялгуу яруу найрагчийн хэлээр:

намайг

яруу найрагтай

хардаж буй бол

яг одоо үзгээ аваад

               БУРХАН

               хэмээн бич

               дахин бич... хэмээн тунхаглана. Түүний шүлгүүд БУРХАНЫ ТУХАЙ, БУРХАНЛАГ ОРШИХУЙН ТУХАЙ, ТҮҮНИЙ ГҮН ДАЛД БУЙ НУУЦЫН ТУХАЙ өгүүлнэ. Бидний олонхын оюун санаа мэдрэхүйн эрхтний тусламжтай гадаад ертөнцөд хүрч, түүнийг танин мэдэж байдаг бол ‘тэлсэн оюун ухаан’ л илүү дээд тэнгэрлэг оршихуйд хүрэхээр далай мэт гүнд сэлж, огторгуй мэт уудамд хөвж, түүнээс ч хол, түүнээс ч гүн алс руу тэмүүлж байдаг. Тэлсэн оюун ухаан гэж..!.

Яруу найрагч Б.Галсансүхийн “Зөвхөн ‘би’ гэсэн өөрийнхөө дотоод ‘хөндүүр’ ертөнцдөө амьдарч бичсэн ийм ‘бичвэр’-үүдийг уншихад жир бус тайвшралыг олдог учраас сэтгэл үймээнт ертөнцийн ‘утгагүй’ амьдралаас түр ч атугай салж амардаг нь сайхан”  гэсэнчлэн Д.Баярцэцэгийн шүлгүүдээс хэнээс ч юунаас ч үл хамаарах түүний Би-г тодоос тод мэдэрнэ. Түүгээр ч зогсохгүй бясалгах тусам бүхнээс зөрүүдэлмээр, хэнтэй ч хэзээ ч уулзмааргүй зугтмаар, төрсөн гэрээсээ оргож үүрд нисмээр тийм сэдлийг, үхлээс ч адгуу хүслээр жавар шиг үгсээр бурханг бүтээх тийм зоригжлыг олно. Түүний шүлгүүд шувууд, уул, үүлс, бороо, одод, салхи, цэцэгс, модод, навчсын тухай өгүүлэх авч цаад мөн чанарт нь бурханлаг дээд өнгө оршино. Түүний шүлгүүд хайр, энэрэл, сэтгэл, зүрх, амьдралын тухай хүүрнэх авч далд мөн чанарт нь мөнхийн оршихуйн эхлэл болсон үхлийн тухай бясалгал оршино...     

 

               АМЬДРАЛ

              

               ҮХЭЛ

                   НАР

                   ҮҮЛС

                   БОРОО

                   ЗҮРХ

                   МӨН ЧАНАР

                   НАМ ГҮМ

                   ХООСОН

                   БУРХАН

                   ТЭГЭЭД

                                       амьдарч жүжиглэв

                                       жүжиглэж амьдрав

                                       үхэж жүжиглээд

                                       жүжигт үхэв

                                       алинд ч тохирохгүй

               үүлс хувилав

               үүл хувирав

               бодлууд нэвчив

               бодол нөмрөв

               аль нь ч биш

                                       бороонд норов

                                       бороо зогсов

                                       зүрхэнд шингэв

                                       зүрх ууршив

                                       энэ ч биш ээ

               мөн чанар үүтэв

               мөн чанар үлдэв

               амьдрал бүрэлдэв

               амьдрал үргэлжлэв

               аль нь ч биш ээ бид

 

                                       бурхан сэрэв

                                       бурхан хэлэв:

                                       - энэ юу вэ?

 

Дээрх шүлгийн хэлбэр хийц, үг үсэг, тэмдэг дохио бүгд үг авианы урт богино, өндөр нам, хүчтэй сул байдлын зохист илэрхийлэл болсон өөрийн хэлэмж, өөрийн тохируулгатай... ҮХЭЛ, НАР, ҮҮЛС, БОРОО, ЗҮРХ, МӨН ЧАНАР, НАМ ГҮМ, ХООСОН, БУРХАН – энэ бол Үхлээр эхэлж Бурханд хүрэх зам мөрийн тухай, амьдралын тухай, амьд организмын үйл явцын тухай эргэцүүлэл. Хүмүүс амьдрах гэж жүжиглээд, жүжиглэж амьдраад, үхэж жүжиглээд эцэст нь түүнийхээ золиос болно. Үхээд үүлст хувилаад, хувираад тэр нь бодол санаанд нэвчээд, дахин үүл болон зангираад, бороо болж асгараад, зүрхэнд шингээд, тэр нь ууршиж мөн чанарыг үүтгээд, тэндээс амьдрал дахин бүрэлдэж үргэлжлэнэ. Шүлэгт АМЬДРАЛЫН МӨН ЧАНАР-ыг бүрэн тодорхойлох боломжгүй гэдгийг бадаг бүрийн төгсгөлийг хааж буй алинд нь ч тохирохгүй, аль нь ч биш, энэ ч биш ээ, аль нь ч биш ээ бид гэсэн үгс тодотгоно. Шүлгийн төгсгөлд БУРХАН Энэ амьдрал биш юм бол Энэ юу вэ? гэсэн тэмдэг дохиог илгээж байна... Яруу найрагч ийнхүү амьдралын утга учир, хүмүүний мөн чанар, хоосон чанар, бурханд хүрэх зам мөрийн тухай эрж хайж, үхлийн тухай эргэцүүлэлд автана. Тэрээр үхлийн тухай бясалгахдаа: хэлбэр дүрсээ өөрчилж түмэн янзын хувирлыг туулан бүрэлддэг амьдралын тухай, ХООСОН ЧАНАР-ын тухай, юу ч устаж үгүй болдоггүй, мөнхийн оюун санаа оршсоор байдаг тухай хэн нэгний дуу хоолойг хүргэхийг хүснэ! Бүсгүй яруу найргаар дамжуулан авралын замыг эрж хайж байна. Чингэхдээ ‘Үл таних бурхан’-ыг эрж байсан Ницще өөрийн бурхан ‘Заратустра’-г бүтээсэн шиг тийм оршихуйг бэдэрнэ. Тэрээр мөнхийн оюун санаа, мөнхийн оршихуйг цөхрөлтгүй ЭРЖ ХАЙСААР...

 

               шарласан адрын булан

               үсэг бичээгүй цаас

               ЭНЭ МИНИЙ СУДАР

               бичсэн номоо бясалгахын тулд

               ертөнцтэй салах ёс гүйцэтгэлээ

                           хаашаа ч харсан бурхад

                           ямар гайхамшигтай юм бэ

                           эрхи, завь, манан

                           гурван чулуу

нулимсаа арчина

                        ЯАСАН Ч ХОЛ ИРЧИХЭВ ДЭЭ БИД

                                ИНГЭЭД ДУУСЛАА, ГҮЙЦЭЭ 

           

                        ***

                        инээд бүхэн

                        шувууны далавч болж

                        аварга шувууны ниссэн тэнгэрт

                        хүмүүсийн шаналал

                        шаналсан бүхэн бурхан

 

                        цагаан хаалга ширтээд

                        бясалгахдаа хэлсэн үгс:

                                                хэн нэгэн нойрсож буй бол

                                                сэрээх гэж бүү яар

                                                удаанаас удаан ширт

                                                УРТ ЦАГ ХУГАЦАА ТАСАЛДААД

                                                                ОНХИ ДҮРЭЭ ГЭТЭЛГЭЖ БУЙ ЮМ

                                                сэрээх гэж бүү яар

                                                удаан ширт

 

                        ***

                        мөргөлийн сүмд бясалган суугаа

                        улирал бүхэн хүү, охин минь юм

                        биднийг ажин бичсэн БУРХАН

                        нартад үлдсэн найрагч

 

                        ***

                        аварга том хясаанууд

                        хуримын даашинз шиг давалгаа

                        тэнгэрт далайн зааг дээрээс нисэхэд

 

                        бурхан гуниглаж ээ дээ

                        нулимс адил хүжийн үнс дусав

                        үүр цайхад гурван цаг дутуу

                       

***

                        өөрийг тань анх хараад

                        тэнэмэл гэж бодсон

                        өршөөгөөрэй

- харин та?

- би чамайг танихгүй

бурханыг анзаараагүй бид

бурханд итгээгүй

өршөөгөөрэй

 

***

агаар сорох ганцаардсан тэнгэр

шувуудын далавчны давалгаа

дүлий цонхигор цаг хугацаа

бичих гайхамшиг

бурханыг мэдрэхээс ч илүү...   

 

   Түүний шүлгүүд бурхнаар дамжуулан амьдралын мөн чанарыг танин мэдэх, амьдралаар дамжуулан бурхны оршихуйд нэвтрэх солбилцол гэлтэй. Энэхүү солбилцол үхэл-амьдрал-бурхан гэсэн тойргоор эргэлдэж, тэгснээ яруу найраг-гэгээрэл-бурхан гэсэн шилжилт хийнэ, энэ бол тойргоос тойрогт шилжих шилжилт. Д.Баярцэцэгийн шүлгүүд их олон талтай, олон өнцөгтэй юм. Хэдийгээр тэр бурхны тухай ярьж байвч эцсийн мөн чанартаа яруу найргийн тухай, яруу найрагчийн оршихуйн тухай, уран бүтээлч хүний гэгээрэлд хүрэх зам мөрийн тухай шашинлаг, философилог эрэл хайгуул хийх ажээ. Мөн залуу бүсгүйн шүлэгт галзуурал, солиорол, үхэл, өөрийгөө егүүтгэх хүслийг шашинлаг талаас нь бичдэг америкийн яруу найрагч бүсгүй Плат Силвиагийн нөлөө ямар нэг хэмжээгээр туссан харагдана. Тэрээр түүний адил үхлийн тухай, үхлийн дараах амьдралын тухай, мөнхөд орших оюун санааны тухай, субъектив ертөнцийн тухай миний мэдэх, бас мэдэхгүй хэлээр хүүрнэнэ. Түүний шүлгүүдийн хаа нэгтэйгээс ‘Яасан хол ирчихэв дээ бид, ингээд дууслаа, гүйцээ’  хэмээн урин дуудах Платын шивнээ бүгтхэн сонсогдоно...!

Түүний мэдрэмж төсөөлж тааварлахын аргагүй өвөрмөц юм. Тэрээр шороон шуурган дунд эрвээхэй нисэхийг харна, ганцаардлын тэнэглэл эрх чөлөөний мэдэхгүй дуу гэдэгт итгэнэ, эмтэрхий буланд нар шуурч лаа бөхөхийг анирдана, гунигтай зүрхээ тэмтрэн олсон цаасыг энэ ямар нэртэй МОД байсан юм бол хэмээн санааширна, зүрхний үгсийн шид бүрэнхийд уусч үхэлд төөрсөн сүнс шиг алхахыг сонсоно... ийм мэдрэмжээс тийм содон шүлгүүд төрөх нь аргагүй! Анхааралгүй орхиж болохгүй нэг зүйл бол түүний шүлэгт шувууд олонтаа гарна. Түүний инээд бүхэн нь шувууны далавч болж, аварга шувууны ниссэн тэнгэр БУРХАН-д хүргэх зам болно, Шувууны өдийг цуулж гаталсан сүнс алсыг ширтэнэ, Нар цөхөрхөд галт шувуу нисэж одно, Юу ч үгүй хоосон тэнгэрийг ширтэн санаашрах түүнд аварга том шувуу зүрх зурж даллаад нисэж одно... Түүний шүлгийн шувууд энэтээх цаг хугацааг гэтлэн тэртээх ертөнцийн эхлэл рүү ниснэ. Түүний шүлгүүдэд шувууны далавч далд ертөнцийн хөдөлгөгч хүчний эх үүсвэр болох ажээ. Бүсгүй аварга том далавчаа дэвэн хязгааргүйн уудамд нисэхийг хүснэ, Тэнд хүргэх тэнгэрийн замыг ШҮЛЭГ гэдэгт итгэнэ, Тэгээд ӨӨРИЙГӨӨ шүлэг гэж нотлохыг хүснэ! Тэр бол САРНЫ БУРХАН… шүлэгч БУРХАН... тэр бол...

 

                        нарны сарны одны огторгуйн

                      уулын модны шувууны чулууны

                            амьдралд үлдсэн бүгд

                            цөлөгдсөн цөллөгдөгч

                            шоронгийн хоригдол

                                 эрхий мэргэн

                               эрхэмсэг БАБУР

                                бодлогошрол

                                 санаашрал

                                  агуу үхэл

                                   нам гүм

                                      шиг

                              би ийм бичвэр

 

    ‘Сарны бурхан’

 

Хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд юмсын мөн чанар, анхдагч дүр, мөнхийн санааны тухай ойлголтуудыг анхлан оруулж ирсэн, олон зууны туршид хүмүүний оюун сэтгэлгээнд асар хүчтэй нөлөө үзүүлсээр буй эртний герегийн их сэтгэгч Платон “Яруу найрагч бол ямар нэгэн тэнгэрлэг хүчний эрхээр далдыг мэдэгч зөнч пророк маягийн шүлгийг бүтээдэг. Бусад урлаг болохоор мэдлэг, заавар, дүрмийн хүчээр бүтдэг. Яруу найраг бол мэдлэг, чадвараар бус онгодоор бүтдэг хэмээн хэлсэн нь бий. Хүн төрөлхтний сэтгэлгээний түүхийн урт хугацааны цагалбарт энэ ойлголт тэгтлээ өөрчлөгдсөн нь үгүй. Түүний нэг жишээ, дижилог соёлын орчинд өсөж торнисон шүлэгч бүсгүйн далд ухамсар, далд мэдрэхүйн илрэл болсон зөнч маягийн шүлгүүд. Тэрээр Платон, Аристотель, Умберто Эко, Ф.М.Достоевский нараас оюун санааныхаа эх ундаргыг авдаг бололтой, тийм болоод л түүний шүлгүүдэд Платоны ‘мөнхийн санаа’, Аристотелийн ‘оюун ухаант сүнс’ хэрэн хэсч, Умберто Экогийн айсан хүүхэд өрөөнд гэрэл асааж тайтгардагтай адил ‘мэдрэмж’ тэнүүчилж, хаа нэгтээ нь Ф.М.Достоевскийн давчдуулах мэт ‘түгшүүр’ нуугдана... Цаг үе үнэхээр өөр болж, Гэхдээ оюун ухааны бясалгал хаана явагдаж байна тэнд өмнөх үеийн сэтгэгчдийн, уран бүтээлчдийн, яруу найрагчдын сүүдэр сүүтгэнэсээр л байх болно, Тэгэхлээр юу ч өөрчлөгдөөгүй байх нь...! Шүлэгч бүсгүй утгын ертөнцөөс үгийн сувд түүж, дүүжинт цагийн савлагаанаас өөрийгөө эрж хайн, аль нэгэн цагалбараас хийсч ирсэн хэлэгдээгүй үгс тархийг нь нэвтлэн гарахад ‘БИ ХААНА СЭРЧИХЭВ ЭЭ?’ хэмээн дуу алдана...

 

                        ЭКО абугай гар хийцийн

                        цаас нь шарласан эртний

бичвэр уншиж БАЙНА

тэрээхэн ард урт хар гэзэгтэй охин

өвдгөө тэврээд уйлж суугаа үзэгдэв

 

ЭНЭ ТАНЫ СЭТГЭГДЭЛ ҮҮ?

 

гүн харанхуй нөмөрч гэнэт

тэмдэглэл дэвтрийн тэмдэгтүүд

бичээс зураасууд гэрэлтэн

тийн харсандаа тэвдсэндээ

төвөг удсандаа өршөөл эрэхэд

ээрч хэл гацаад надаас авиа алга

тэндээс хариу алга

ЭКО абугай уншсаар л

ЯМАР ҮГЭН ДЭЭР ГАЦЧИХАА ВЭ?

учир нь олдохгүй уйлж суух

төрх нь харагддаггүй

ТЭР ОХИН ХЭН ЮМ БОЛ

 

БИ ХААНА СЭРЧИХЭВ ЭЭ? 

 

2020.05.19        

          


3. УВИДАСТ СЭТГЭЛ БА ЯРУУ НАЙРАГ:

 

Психоанализмаас салбарлан гарсан неофройдизмыг үндэслэгчдийн нэг герман-америкийн нэрт сэтгэл зүйч Эрик Фромм орчин үед хүний сэтгэл хөдлөлөө барих чадвар оюун ухааны хөгжлөөс хоцорч байгаатай холбоотой олон тулгамдсан асуудал үүсэж байгааг тэмдэглээд “Хүний оюун ухаан хорьдугаар зуунд, харин дийлэнх олонхын зүрх сэтгэл чулуун зэвсгийн үедээ оршсоор байна. Өнөөдөр бид өөрийгөө ойлгодоггүй эсвэл мэддэггүй, утгагүй яриа нь харилцааны утга учрыг алдагдуулсан, хуурамч инээмсэглэл нь чин сэтгэлийн инээдийг дарсан, сэтгэл зүрхнийх нь өвдөлтийг хуурамч цөхрөл орлосон автомат хиймэл хүн шиг болжээ. Ийм хүмүүс дэлхий дээр сая саяараа амьдарч байгаа нь орчин үеийн эмгэнэл” гэжээ. Үнэндээ хүн төрөлхтний зүрх сэтгэл, оюун ухааны тэнцвэр XX зуунд алдагдаж, байгалийн шинжлэх ухаан, техник хоёрыг хамгийн төгс хүчтэн мэт санацгаах болж, хүний зүрх сэтгэлийн асуудлыг орхигдуулж ирсэн. Шинжлэх ухаан, техникийн хувьсгал, мэдээллийн технологийн хөгжил нь хүний урьдчилан тааварлаагүй, огт хүсээгүй олон тооны сөрөг үзэгдэл, үйл явцуудыг бий болгож, хүн юм юмны эзэн болсон мөртлөө өөртөө өмөг түшиг байхаа больж, өөрийнхөө бүтээсэн эд зүйл, орчин нөхцлөөс үй олон үзэгдэл, хэлхээ хүлээсээр хараат хамгийн хэврэг амьтан болон хувирч байна. Энэхүү алдааг засах хандлага XXI зуунаас хүчтэй тавигдаж, хүний зүрх сэтгэлийн асуудлыг илүүтэй ярих боллоо...!

Хүн гэдэг амьтан бодож сэтгэдэг сүлд тэнгэр, сэрж мэдэрдэг сэтгэл зүрхтэй амьтан. Сэтгэл гарт баригдаж, нүдэнд үзэгдэж, мэдрэхүйд өртдөггүй хэрнээ сэтгэлээс гарахгүй, сэтгэлд баригдахгүй, сэтгэлд багтахгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Аль ч цаг үед огт өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй нэг зүйл бол хүний СЭТГЭЛ юм. Уйтгар гуниг, баяр баясал, амьдралаас эдлэх таашаал, аз жаргал, сэтгэл ханамж, хайр энэрэл, ганцаардал ганихрал, цөхрөл шаналан, уур хилэн, атаа жөтөө, айдас эмгэнэл... хэдэн мянган жилийн өмнө ч ийм л байсан, хэдэн сая жилийн дараа ч хүн оршин буй цагт байсаар л байх болно! Хүний сэтгэлийн энэхүү түмэн янзын өнгийг онон барьж хөг аялгууг нь тохируулагч шидтэн бол яруу найрагчид. Тэд хүмүүний зүрх сэтгэлийн дуучид, хэзээ ямагт ийм байсан, хойшид ч тийм байсаар л байх болно! Тэд л хүний сэтгэлийг эзэмдэгч хамгийн нарийн мэдрэмжүүдийг тэмтэрч, түүнийгээ илэрхийлэх хэлийг бүтээж байдаг. Шүлгийн хэлнээс өөр ямар ч хэлээр ярих боломжгүй үед шүлэг нь яруу найрагчид хязгааргүй эрх чөлөөг өгдөг. Тэр хэл бол төсөөллийн хэл, зөн билгийн хэл, мэдрэмжийн хэл, сэтгэлгээний хэл, дүрслэхүйн хэл. Тэд, тэд, зөвхөн Тэд л...  

 

               Төсөөллийн ертөнцийг

               Бүгдийн чинь өмнөөс туулчихаад

               Төсөөллөөс эхтэй зохиомол түүхээр

               Намтраа бүтээв

 

               Намтарт минь

               зол гуниг

               зовлонт жаргал

               зэрэглээт өнгөрсөн...

               Надад хүртээлгүй бүхэн бичигдэв

 

               Нээх хуудсанд чинь

               Чиний тухай

               хэлж гаргаагүй өвдөлтийн чинь тухай

                        хүчилж хориогүй хүслийн чинь тухай

                        уучилж чадсан нэгний тухай

                        умартаж чадаагүй өдрүүдийн тухай

                        ер бүхний тухай

                        энгэрийг чинь норгож өөрийгөө үйх

дусал нулимс, дусал тайтгарлын тухай ч бий...

 

Энд одоо

миний л гуниг байхгүй!

Үүнд одоо

миний л тухай бичээгүй... хэмээн хэлж чадах биз ээ. Энэ бол их ухаарлын дараа, их

хоосролын дараа, их ганихралын дараа, их ганцаардлын дараа, их уучлалын дараа СЭТГЭЛ-ийг эрэн хайгч залуухан шүлэгч бүсгүйн ‘Есөн бүхэл дөрөвний гурав’ номонд орсон шүлэг. Тэрээр бусдын төсөөллийн ертөнцөөр туучин, тэндээс эхтэй зохиомол түүхийг өөрийн Би-гээр дамжуулан шүлэг болгон буулгана. Тэнд нь хэлж гаргаагүй өвдөлт, хүчилж хориогүй хүсэл, умартаж чадаагүй өдрүүд, уучилж чадсан хэн нэгэн бий... энд бас энгэрийг нь норгож өөрийгөө үйх дусал нулимс, дусал гуниг, дусал тайтгарал бий. Тэр хэн нэгэнд хандаж энд одоо миний л гуниг байхгүй чиний л гуниг бий, үүнд одоо миний л тухай бичээгүй чиний л тухай бичсэн гэж хэлэхийг хүснэ, маш их хүснэ...

            Яруу найрагч М.Уянсүхийн “Залуу насны хийсвэрлэл бус, хийрхэл бус, хэлбэрдэлт бус, түүнээс хол ангид шүлгүүд! Өнөөгийн залуусаас миний олж уншихыг хүсдэг, битүүхэн хайж явдаг тийм шүлгүүд. Тийм болоод ч тэр үү, шүлгүүдийг уншиж эхлэх үед дотор минь байгаа үл үзэгдэгч нэг хүн өндийж суучихаад нойрмог нүдээ нухлангаа надад ийн шивнэв: ИЙМ СЭТГЭЛ Л ҮНЭН БАЙДАГ, БУСАД НЬ БҮГД ХУДЛАА хэмээн хэлсэнчлэн Мөнхдоржийн Ундралын ‘Есөн бүхэл дөрөвний гурав’ номын шүлгүүдээс хаана ч, хэзээ ч, хэнд ч танигдах тийм нэгэн ‘сэтгэл’ үнэртэнэ, шүлэг бүрээс нь тэр сэтгэл амилан өндийнө. Бүсгүй цаг хугацааг гэтэлж бараад СЭТГЭЛ гэдгийг таниад эгэхдээ цаг хугацааны үүрэг элж мартагдахад оршдог гэдгийг ухаарна. Тэрээр сэтгэлийнхээ дотоод гэрэлд гялбалзах дурсамжийнхаа бяцхан хэлтэрхийнүүдийг түүн цуглуулж, дотоод мэдрэмжээ түншин байж амьдралын цөм рүү нэвтрэхийг хүснэ! Тэр өөрөө туулсан гэхэд үнэмшимгүй худал, өөр хэн нэгнийх юм шиг санагдах харь амьдралын тухай хүүрнэхийг хүснэ, маш их хүснэ...

 

               Улаанбаатарын дотноглогч гудмаар хэрэхүй

               Зөрж өнгөрөх хүмүүн нэгээхэн ч үгүй

               Араас гүйцээд ирэх нь ч үгүй

               Салхи бүгдийг нь хийсгэж надаас холтгоод

               Сааралтсан тэнгэрээс нь ч юу ч унахгүй!...

 

               Өнөөдөр бол

               Их хоосролын өдөр!

 

               Их дэлгүүрийн таван давхрын

               Элгэмсэх танхимнаа ч ажин түжин

               Дэлгэц дуугүйхэн ширтсээр

               Дэмий бодолд ээрэгдэн толгой дүүрнэ

               Энд ирэгсэд ч ганцаардлаа хүлцсээр   

 

               Өнөөдөр бол

               Их хоосролын өдөр!

 

               Үзвэрийн турш зэрэгцэж суусан эрэгтэй

               Гэнэтхэн босоод явчих нь ч хөндүүр

               Биес хүрэлцсээр сэтгэл болдгийг

               Хэлэхээр завдан араас нь өндийхөд

               Хэдийнэ, шатаар уруудаад

                                       нуруу бие нь далд орно...

 

               Өнөөдөр бол

               Их хоосролын өдөр!

 

               Явуугийн дэргэд ч ганцаараа

               Ядахнаа намайг дагаж бөхөлзөх өвс ч алга

               Өвс нэгийг оллоо ч өнөө салхи нь намжчихна

               Ингээд л би ахин ганцаар уйман үймсээр сууна

               Эцэстээ надтай хамсаатах хэн ч, юу ч алга!

 

               Өнөөдөр бол

               Их хоосролын өдөр!...

 

Сэтгэл хоосрол, ганцаардал, ганихрал, шаналан, цөхрөл... энэ бол цээж давчдуулам хүнд мэдрэмж. Хэн нэгний дааж давамгүй тийм хүндийг хөнгөхөн туучин, эгэл энгийн үгсийг яруу найраг болгон хувиргаж чадсанд шүлгийн амь, амьсгал оршино. Бүсгүйн гомдол, гуниг, цөхрөл ‘шүүрс алдалт’ болон гарахдаа ийм амархан, тийм хөнгөн байгаа нь, басхүү сэтгэл хөдлөлийн дээд өнгөө тогтоон барьж доод өнгөөр тоглож буй нь түүнийг бусдаас өөр гэдгийг харуулж, гайхшируулна. Их хотын гудамж эл хуль, их дэлгүүрийн таван давхрын танхим ч ажин түжин, сааралтах тэнгэрээс өөр хань болох юм үгүй... яая даа гэмээр цөхрөл дүүрэн мэдрэмж! Ганцаардал ганихралын төгс мэдрэмжийг бүсгүй ийн зураглана. Сэтгэл хоосруулах ГАНЦААРДАЛ гэгч зэрэгцэж суугаад үзвэр үзэх огт танихгүй нэгнээс өмөг түшиг эрнэ, гэнэтхэн босоод явахад нь сэтгэл хөндүүрлэнэ, араас нь өндийхөд хэдийнэ шатаар уруудаад нуруу бие нь далд орно, түүнд биес хүрэлцсээр сэтгэл нэг болдог гэдгийг хэлэхийг хүснэ... Ийнхүү ганцаардлын ганихрал дунд тэнүүчлэх бүсгүй ядахнаа намайг дагаж бөхөлзөх өвс ч алга гэж шүүрс алдана, өвс нэгийг оллоо ч өнөө салхи нь намжчихна хэмээн гунихрана, эцэст нь надтай хамсаатах хэн ч алга хэмээн уйман үймнэ. Их хотын гудамжинд хөлхөх хүн зоноор, их дэлгүүрийн таван давхарт ханьсах нэгнээр, кино театрт зэрэгцэн суух хэн нэгнээр, өөрийг нь дагаж дохилзох ганц ширхэг өвсөөр хань татах тийм ИХ ХООСРОЛЫН ӨДӨР… Чухам яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй тийм харуусал цээж даран давчдуулна...

 

               Сүүмгэр нүдээр чамайг онож ширтээд,

Сүүлчийнх нь ч байж мэдэх энэ шөнийг,

...энэ шилтэйд даатгаад,

Чамтай л сонсох энэ дууг мартагнаж өнгөрөөгөөд,

‘Дараа...’ гэж инээвхийлж өөрийгөө хуураад,

Бодлогоширч шөнийг бараад

Бороо шиврээгүй, цас будраагүй жир өглөөг

Ганцаар туучих нь л надад жаргал юм шив дээ...

 

***

Охиныхоо

таталсан зурааснуудаас олж хардаг!

олон олон дүрс!

Одоо хаана байгааг нь мэдэхгүй

Огт танихгүй танил мэт чи минь

Бяцхан гарын зурсан энэ олон эрчлээнээс

Юуг олж харах байсан бол?

 

***

               Хачин хүйтэн зэврүүн бороонд

               Хамгийн дэврүүн явсан нь би!

Зовохдоо дуртай байдаг шигээ

Жаргалтайгаар бас өвддөг шигээ ...

 

***

Тэнүүлч салхийг урин дуудаж

Чихээ цоолов.

 

Чих нэвт

Бие нэвт

Амь нэвт...

 

Хүүгэх салхи бүгдийг авч ир

Түүгээр зүтгэн шургалах

зовлонг ч бас багтаа!

Хүн чинь дандаа жаргах учиргүй

Хүчир дарамт л биднийг амьдруулна...

 

***

Намрын намарт л

Нүцгэл модод оо!

Над дээр гунигаа асга!

...

Нүцгэрэх тусмаа гоо болдог

Нүцгэлж орхиод эгцлэн ширтэгч чиний

Нүүр болоод нүднээс

Нэрмэсэн их гунигийг чинь аваад би

Царцайх саарал тэнгэрт саргар мөчрөөр чинь

Сайхныг дандаа зурдаг юм аа

Цаснаас ч илүү өвөл өө

Борооноос ч илүү намар аа!...

 

***

Цээжээ ураад

нэг, нэгээр нь үйх сэн!

Чиний өгсөн зовлонт өдрүүдийн

гүн, гүн шаналлыг

Чимээгүй мэгшсэн

урт шөнүүдийн

хүнд, хүндхэн зовиуруудыг...

...

Уйлж сураад

Гуньж сураад

Угтаа амьдарч сураад

Чамаас би явж байна!

 

Дээрх ишлэл болгож авсан шүлгийн мөр, бадгуудыг би шилж сонгосонгүй, хуудас нээхэд л тааралдсан шүлгүүдээс авлаа. Ер нь түүний шүлгүүд бүгд амьтай, нэгэн жигд юм, тийм нэгэн бүлээн зөөлөн мэдрэмж төрүүлсэн АМЬ... хайр хагацал, гуниг зовлонг ийм үнэн, ингэж ‘дулаан’ болгож чадна гэдэг яалтчиг үгүй авьяас юм даа. Бүсгүйн совин өөрийн болоод хэн нэгний зөрчил дүүрэн дотоод ертөнцөд орогнож, түүнийгээ шүлэг болгон тэмдэглэнэ! Монголын утга зохиолын нэрт судлаач Ч.Билигсайхан багш маань “Яруу найраг бол чухамдаа зөн совингийн аялгуу дуу юм. Энэ дууг сонсох чихтэй төрөх нь ховор явдал. Бас хувь заяа хэмээсэнчлэн яахын аргагүй энэ аялгуут дуунг олж сонсох хувь түүнд тохиож. Тэрээр сүүлчийнх ч байж мэдэх шөнийг бодлогоширч өнгөрөөгөөд бороо ч шиврээгүй, цас ч будраагүй жирийн нэгэн өглөөг ганцаараа жаргалтай туучина... Зовохдоо дуртай шигээ жаргалтайгаар өвддөг Тэр хачин зэврүүн хүйтэн бороог хамгаас дэврүүн сэтгэлтэй угтана... Тэрээр намрын нүцгэн моддын гунигийг өөр дээрээ асгаад түүгээрээ царцайх саарал тэнгэрт хачин сайхныг зурна... Тэр сэтгэлийнх нь энэ өвдөлтийг сэдрээж орхисон ч, сэрээж өгсөн хэн нэгнийг хүсэмжлэн шүүрс алдана... Охиных нь гараар таталсан олон олон дүрс огт танихгүй хүн шиг болсон нэгнийг өр зүрхнийх нь гаслан гэдгийг сануулна... Тэрээр энгэрийг нь үнэрлээд, цээжийг нь дэрлэхдээ зүрхийг нь чагнасан ч сэтгэлийг нь сонссонгүй хэмээн хэн нэгэнд гоморхоно...! Түүний шүлгүүдээс хайр-хагацал, учрал-салалт, үзэн ядалт-уучлал, баяр-шаналан, хүйтрэл-нигүүслийг олж харна. Түүний шүлгүүдээс баярлах, урамших, мөрөөдөх, тэмүүлэх, хайрлах, дурлах, өрөвдөх, эмгэнэх, гашуудах, гансрах, гуних, гутрах, хорсох, занах, тачаадах зэрэг сэтгэлийн түмэн янзын хөг аялгуун дотор хүний амьдралын жаргал зовлонгийн дуу хоолой оршин буйг мэдэрнэ!...

 

Түүний шүлгүүдийг би ‘уйтгар гунигийн гоо зүй’ гэж нэрлэмээр санагдав. Хүний зүрхэнд л оршдог тэр гоо үзэсгэлэн ямраар ч зурагдаж болно, баяр баяслын таталгаар, уйтгар гунигийн дүрслэлээр, аль нь ч байлаа гэсэн сэтгэлд тодоос тод ЗУРАГ болон үлдэж, гэрэлтэхдээ гэрэлтэж, сүүмэлзэхдээ сүүмэлзэнэ. Бүсгүй тийм нэгэн зурагнаас инээдний цаана инээд буй эсэхийг, ирээдүйн тухай итгэл байгаа эсэхийг эрж хайна... хамт байхдаа нулимсаа дуусгаж хамаг биеэ юүлчихсэн хачин дэврүүн охины гэрэлт нүдийг хайна... эргэж хэзээ ч эдгэхгүй дурсамжийн хэлтэрхий дүүрэн шивчихсэн зүрхнээсээ хожим бадамлах үгсийг эрнэ, тэгснээ тэр үеийн зургийг дахин нэг хармаар байна, тэгвэл би одоо бүхнийг ойлгох гээд байна гэж гүнзгий шүүрс алдана... М.Ундралын шүлгүүдийг уншиж суухад ‘Атлантын нуруу тэнийв’-ийн Шеррилигийн ‘Сэтгэлийг нь зовоож байгаа тарчлааныг илэрхийлээд хэлчих үг олдохгүй байхад яаж хүмүүсийг сэрээх юм бэ? Харин үг олоод хэлчихэж чаддаг хүмүүс нь хаана байна вэ? гэсэн гаслант дуун энэ цаг үед, энд ирж сонорыг минь дэлдэнэ! Тэр үгсийг онож барьж чадах, тийм гоо зүйг бүтээж чадах увидаст нэгэн энд байна, Байх байхдаа ийм аядуухан, эгэл энгийн үгээр тэр их уйтгар гунигийг, энэ их хагацал харууслыг, тэр л цээжээ урж нэг нэгээр нь үймээр гүн гүн шаналлыг, энэ л чимээгүй мэгшсэн урт шөнүүдийн хүнд, хүндхэн зовиурыг ийм гоо зүйтэй хэлж чадах тийм нэгэн энд байна хэмээн цуурай татуулан хашхирмаар санагдана. Энэ бол чих нэвт, бие нэвт, амь нэвт хүүгэх салхийг сөрөн ‘хүн чинь дандаа жаргах учиргүй хүчир дарамт л биднийг амьдруулна’ хэмээн хаашаа ч юм, юунд ч юм бэ яаран,  хэнийг ч юм, юуг ч юм бэ зорин зүтгэх орь залуухан шүлэгч бүсгүй. Түүний зохиосон үгс бол, түүний зохиосон хэл бол энгийн атлаа үнэн сэтгэлийн, элдэв гоёл чимэггүй атлаа сэтгэл соронздон татах УВИДАСТ ШҮЛГҮҮД! Үг хэлээр бүрэн тайлбарлахын аргагүй тийм мэдрэмжүүд бүсгүйн сэтгэлээр туучин гарахдаа ийм ГОЁ ШҮЛГҮҮД БОЛОН ТӨРНӨ!

Шүлэгч бүсгүй ‘уйлж сураад, гуньж сураад, угтаа амьдарч сураад Чамаас би явж байна!’  хэмээн учирсан даруй хагацаж эхэлдэг зүрхнээсээ уучлалт гуйн... хагацлын дараа дурсамж ирэх адил хань мэт бараан бодлуудаа тээгээд ямагт үнэнийг мэдэх ял мэт энэ замаар ягуухан урагшилсаар ЯГУУХАН ТУУЧИНА...

 

Ээ, энэ хэрмэл шонгуудыг дагаад алхвал

Итгэж найдсан бүхэндээ хүрч чадах болов уу?

Энэтээх уулыг тойроод чи байгаа гэж итгэвэл

Эргээд салхи дэгдэж, бүгдийг авч одох уу?

 

               2020.05.27

 

Эдүгээ дэлхий дээр хүн төрөлхтний өсөлт хөгжлийг хурдасгахаар өөрийн гэсэн өвөрмөц хэл яриатай, амгалан ууч зантай, байгаль ургамал амьтан руу тэмүүлэмтгий, зөн билэгтэй, үнэт чулуу болорынх мэт талстад дуртай, оюун санааны багш, сахиусан тэнгэрүүдийн тухай ярих дуртай кристалл хүүхдүүд олноор төрөн мэндэлж байна. Шинэ эрин үеийн эзэд ийм болж буй энэ үед тэдний хөтөч болох ёстой, тийм ч даалгавартай илгээгдсэн гэж би хувьдаа боддог яруу найрагчид урьд өмнөхөөс илүүтэй оршихуйгаа мэдрэх, зөн билгээ хурцлах, мэдрэмжээ хөглөх, төсөөллөө биежүүлэх, сэтгэх хүрээгээ тэлэх, дүрслэхүйн хэлэмжээ тод бүтээх шаардлагатай болж байна...! Хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэлгээнд асар хүчтэй нөлөө үзүүлсэн, яруу найргийг урлан бүтээх үйлийн дээд хэлбэр гэж үздэг германы сонгодог философич Иммануил Кантын ‘яруу найраг нь хүний дүрслэхүй болоод төсөөлөхүйд хязгааргүй эрх чөлөө олгохын хамт үгээр илэрхийлэх аргагүй тийм баялаг утга санаагаар ойлголтоо дүрслэн бидний сэтгэл санааг тэлж байдаг хэмээсэн ЗӨНЧ ҮГС биеллээ олох цаг ойртож байна...

Яруу найраг гэдэг ‘уншигчдын сэтгэл зүйн тухайн нөхцөл байдлаас шалтгаалан утга агуулгаар биш мэдрэмжээр уншигддаг’ гэсэн үгийг хаанаас ч билээ дээ уншиж байсан санагдана. Мэдрэмж нь яруу найргийг үнэлэх чухал хэмжүүр байж болох ч туйлын хэмжүүр биш нь тодорхой, тийм төгс хэмжүүр хаана ч, хэзээ ч үгүй биз ээ... Ямартаа ч миний хувьд гурван шүлэгч бүсгүйн номыг тийм мэдрэмжээр, ийм сэдлээр уншлаа. Үнэхээр л дижитал эрин үеийн яруу найрагчдад нэгдмэл цаг хугацаанд баригддаггүй ‘сүнслэг мэдрэмж’, ‘хийсвэр төсөөлөл’, ‘увидаст зөн билэг’ илүүтэй өгөгдсөн бололтой. Өнгө төрх, өвөр ертөнц, татсан зураас, таталсан зураг шигээ утга төгс Костягийн Ану-Үжинийн ‘Ерэн есөн ертөнц’, унших тусам утга алдуурч гүн ангал руу өнгийх, бодох тусам эмзэг нууцлаг түнэр хязгааргүйд одох, төсөөлөх тусам цэлсхийх хөх гэрлээр зүрх гийгүүлэх Дашдондовын Баярцэцэгийн ‘Сарны бурхан’, нулимстай шүлгийг уншаад уйлахгүй хүмүүст нулимсгүй гунигийн тухай яриад ч нэмэргүйг ухааруулах Мөнхдоржийн Ундралын ‘Есөн бүхэл дөрөвний гурав’ номууд надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, МЭДРЭМЖИНД МИНЬ, ТӨСӨӨЛӨЛД МИНЬ, СЭТГЭЛД МИНЬ ИХ ТОД ЗУРАГ болон үлдлээ. Яруу найрагч хүн өөрөө мөнх амьдрахгүй ч К.Ану-Үжингийн хэлсэнчлэн сүнсэн бие нь махан биеэ шатаан байж төрүүлсэн ШҮЛЭГ болон үлдэнэ. Энэ бол М.Ундралын цаг хугацааг гэтэлж бараад СЭТГЭЛ гэдгийг таниад эргэсэн Д.Баярцэцэгийн МӨНХ АМЬТАЙ оршихуй! Ямартаа ч Монголын шинэ үеийн яруу найргийн ертөнцөд өөрсдийн хэлийг тунхаглахаар зоримог алхан орж ирж буй гурван бүсгүй яруу найргийн алдрыг өргөх гэрэлт сүмийнхээ суурийг бат тавьжээ... ОДОО ТООСГО ӨРӨХ Л ҮЛДЭЖ! 

 

Яруу найрагч, судлаач зохиолч, Доктор (Ph.D) Гомбожавын БЯМБАЖАВ

2020.05.29

 

эх сурвалж: zindaa.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
1 өдөр    

#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
1 өдөр    

БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
1 өдөр    

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
1 өдөр    

НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
1 өдөр    

Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
1 өдөр    

Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
1 өдөр    

Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
1 өдөр    

Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
1 өдөр    

БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
1 өдөр    

Б.Янжмаа: Хонг Конгт бүх сургуулийн үйл ажиллагааг Даваа гарагаас эхлэн зогсоохоор болжээ
1 өдөр    

ХУРДАН МОРЬ: Их насанд 210 гаруй хурдан хүлэг шандас сорино
1 өдөр    

"Коронавирусийн халдвартай тохиолдол илрээгүй. Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа"
1 өдөр    

Х.Баттулга: Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ
1 өдөр    

"Өчигдөр дэлхий дахинд нэг өдрийн дотор хамгийн олон хүн коронавирусийн халдвар авсан өдөр боллоо"
1 өдөр    

АЗАРГА: Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ
1 өдөр    

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
1 өдөр    

Коронавирусийн цар тахал хүлэмжийн хийг түүхэн дээд хэмжээгээр бууруулжээ
1 өдөр    

"Нийслэлийн айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсын хийморь жавхаа мөнхөд бадраг"
1 өдөр    

Умард Солонгосоос оргосон Масажи Ишикавагийн түүх
1 өдөр    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
1 өдөр    

Туркийн ерөнхийлөгч Гэгээн Софийн сүмийг Исламын шашны сүм болгох зарлиг гаргалаа
1 өдөр    

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно
1 өдөр    

ВИДЕО: 07:30 цагийн байдлаар нийслэлээс Эмээлтийн товчоогоор гарч буй замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна
1 өдөр    

Буриад сурын харваанд Х.Баасандорж, Б.Пунсалдулам нар түрүүллээ
1 өдөр    

МУАЖ Д.Самбуу: Хүчтэний Өлгий ...
1 өдөр    

2020.07.11: Баяр наадмын хөтөлбөр
1 өдөр    

104 хурдан азарга гарааны зурхай руу хөдөллөө
1 өдөр    

Эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн хэмээжээ
1 өдөр    

Бороотой, 21-23 хэм дулаан байна
1 өдөр    

"Ээжийнхээ хайраар ..." дуу шинэ клиптэй боллоо
2 өдөр    

Их зохиолч, нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдорж, Пагмадулам "амилан" цогцоллоо
2 өдөр    

Хүүхдийн зуслангийн 2020 оны ээлжийн хуваарь болон үнэ
2 өдөр    

Наадмын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана 
2 өдөр    

Өндөр орлоготой 10 албан тушаалтны ХОМ-ийг хянажээ
2 өдөр    

Шатахуун, автомашин, эрчим хүчний импорт буурчээ
2 өдөр    

Гадаад худалдаа эхний хагас жилд 368 сая ам.долларын ашигтай гарлаа
2 өдөр    

Үерийн түвшинг давж буй голууд
2 өдөр    

"Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд цагийн хуваарийн дагуу хэвийн явж байна"
2 өдөр    

Төв аймгийн Эрдэнэ сум орох замд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл
2 өдөр    

Нийслэлийн төсөв иргэдэд нээлттэй боллоо
2 өдөр    

Нийслэлд зарлан мэдээллийн 56 дуут цамхгаар гурван цаг тутамд цаг агаарын мэдээ,сэрэмжлүүлгийг хүргэнэ
2 өдөр    

Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
2 өдөр    

ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталлаа
2 өдөр    

Хүнсний ногооны үнэ тогтворжиж байна
2 өдөр    

Аяллын 10 АЛТАН ДҮРЭМ
2 өдөр    

Нэг өдөрт орон нутагт ЗАМ ТЭЭВРИЙН ослоор 11 хүн АМИА АЛДЛАА
2 өдөр    

“Уралдааны замыг шалгахад морь уралдах боломж хязгаарлагдмал байна”
2 өдөр    

Алтны агууламжтай 20 шуудай чулуу олборлосныг илрүүлэв
2 өдөр    

Баяр наадмыг угтсан хяналт шалгалт үргэлжилж байна
2 өдөр    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.