Х.Цэвлээ: Би удмаасаа дөрөвдүгээр анги төгссөн, сумаасаа ардын төрийн сайд болсон анхны хүн

Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээтэй ярилцлаа.
-“Ээж, бидэн хоёр” баримтат нийтлэлийг тань хэдэн жилийн өмнө уншсанаасаа хойш тантай уулзах сан гэж бодоод явсан юм. Уулзсан чинь буурал сэтгүүлчтэй нийтлэлийнх нь тухай ярьж ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа?
-Сэтгүүлч хүн өөрийнхөө ээжийн тухай нийтийн хэвлэлд бичиж болдог юм болов уу, үгүй юм болов уу гэж бодсоор яваад 1994 онд “Ээж, бидэн хоёр”-оо гаргасан. 1994 оноос хойш олон сэтгүүлч ээжийнхээ тухай бичсэн л дээ. Харин өмнө нь бол өөрийнхөө ээжийн тухай нийтийн хэвлэлд бичсэн хүн байхгүй болов уу. Тэгэхэд би яагаад бичихээр зориглосон бэ гэвэл, нэгдэл тарсан. Хувийн аж ахуйтан гэдэг бүх жаргал, зовлонгоо ганц биеэрээ үүрдэг, зовлоо гэхэд хүмүүс тохуурхана уу гэхээс тусалдаггүй юм шүү гэдэг санааг давхар гаргая гэж бодсон. Ингээд ээжийгээ нас барснаас 40 гаруй жилийн хойно энэ нийтлэлийг бичиж, өөрөө ч сэтгэлээ онгойлгож, ээжийгээ ч мөнхжүүлсэн гэж бодож суудаг. Энэ ном хэвлэлүүд 100 жилийн дараа эрх биш байх байлгүй. Тэр үед бичиг үсэг өөрчлөгдсөн байж магадгүй гээд “Ээж, бидэн хоёр”-оо англиар орчуулуулчихсан, хятадаар орчуулуулах гэж оролдож байгаа. Монгол, орос, англи, хятад хэлээр жижигхэн ном болгоод хэвлүүлчихвэл болно доо. Ээжийн тухай баримтат нийтлэлийн эхлэлийг “Ээж, бидэн хоёр” гэж үздэг юм уу, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын унших номын жагсаалтад оруулъя гэсэн санал явдаг л юм билээ.
-Ээж тань таныг хүүхдээрээ шахам байхад, өөрөө ч залуугаараа бурхан болсон юм билээ. Та яах аргагүй энэ нийтлэлээр ээжийгээ монголчуудад танилцуулж, мөнхжүүлсэн.
-(Хэсэг дуугаа хураан бодолхийлэв) 45-хан настай байсан шүү дээ. Ээжид минь нэг тусгүй мэдрэмж, муу совин эртнээс төрсөн шиг байдаг. Манайх 1951 онд өвлийн идэш гэж айлаас нэг байдсан гүү авсан юм. Би сумын төвд ажилтай, манайх сумын төвд байсан. Ээж хөдөө очиж байдсаа гаргуулаад, айлын бараан дээр махыг нь дэлгэж тавиад хоносон чинь нэг хөлийг нь нохой аваад идчихэж. Үүнээс сэжиглэсэн бололтой уйлаад байсан гэдэг юм. Дүү, бид хоёрыг л хооллох гэж яваа хэрэг шүү дээ. Нохойд махаа алдчихаад уйлж байсан гэдгийг нь бодохоор одоо ч муу ээжийгээ өрөвддөг юм. Дараа хавар нь бас нэг таагүй явдал болсон. Манайд хөдөөнөөс хоёр хүн очиж хонолоо. Гэтэл нэгнийх нь унаж ирсэн тарган ат манай гэрийг түшээд үхсэн байв. Түүнээс ээж минь туйлгүй сэжиглэсэн. “Өндөр ямаа ингэж үхдэг, юу л болж байна даа” гэж дахин дахин яриад л. Тэгээд 1952 оны наймдугаар сард нас эцэслэсэн дээ. Ээж минь өрөөсөн нүдэнд нь цагаа хаяад сохорчихсон, түүнээсээ болоод хүн амьтантай суугаагүй болохоос биш ер өвчин хууч хэлдэггүй, эрүүл, их ч чадмаг сайхан хүн байлаа. Зүүж байсан бөгж нь миний эрхий хуруунд таарсан гэхээр их том хүн байсан байгаа биз. Зүв зүгээр байсан хүн наймдугаар сарын мал тооллогоос өмнө шинэ шөл уухаар хонь муулуулж, гэдсийг нь чанаж хэд огтлоод, удалгүй эвхрээд унасан гэдэг юм. Одоо бодоход гэдэсний түгжрэл юм уу, мухар олгой л болов уу. Тэр үед юуг нь ч мэдээгүй өнгөрсөн. Тун болохоо байгаад сумын бага эмчийг сураглатал Галуутын Хөх хаяагийн сүүн тасагт архидаж яваа сураг гарлаа. Тэр байгаад ч нэмэргүй л дээ. Ингээд хоёр хонож, ээж улам муудаад байсан тул эмээ минь “Миний хүү унаагаа юүлж ир. Юу ч болоо билээ” гэв. Ганц морио адуунд нь тавьсан айлд хүрэхэд нэлээд орой болж, морио барьж эмээллэчихээд, айлд аяга цай уугаад мордох санаатай сууж байтал сумын төвөөс тэднийд ирсэн хүн “Танай ээжийг тун муудаж байна гэж ярьж байх чинь юу вэ” гэдэг юм байна. Мордоод давхилаа. Дөнгөж барьсан морьтой хүн юу байх вэ, дорхноо давхиад ирлээ. Манайх сумын төвийн хойхно байсан юм. Харанхуйд гэрийнхээ гадаа иртэл эмээ “Миний хүү юү” гэж байна. “Тийм байна” гэтэл “Муу ижий чинь…” гээд дуугүй болчихов. Өнгөрчихөж ээ, өнгөрчихөж. (хоолой зангируулан дуугүй болов)
-Дөнгөж 20 хүрч байгаа, хүүхдээрээ шахам амьтан ээжийгээ яаж хөдөөлүүлсэн тухай уншаад таныг их өрөвдөж билээ?
-Гэртээ иртэл эмээ минь доороо дэвсэж суудаг муу адсагаа гэрийн үүдэнд хаячихсан, гадаа хэвтэж байна. Би гэрээсээ хэдэн унь сугалж толгойг нь холбож боогоод, нэг цаваг авч нөмөргөн шовоохой бариад, ханынхаа амыг салгаж, онгорхой гарган ээжийнхээ шарилыг нөгөө шовоохой руугаа гулсуулж орууллаа. Гаднаа шовоохой барих нь тэр үеийн хөдөөгийнхний “Манайд хүн нас барсан шүү” гэсэн тэмдэг шахуу юм даа. Муу хөгшин ээжтэйгээ ингэж ноцолдож хоноод маргааш нь ээжийгээ нутаглуулах тэмээ олохоор явлаа. Тэмээ ч гайгүй хурдан олдсон. Хамт явах хань олддоггүй. Тус болох болов уу гэсэн нэг манаач өвгөнд хэлтэл “Би айдаг” гэлээ. Айлынхаа хүнд хэлтэл “Харш жилтэй” гээд хөдөлсөнгүй. Ингээд яалт ч үгүй боллоо доо. “Яах вэ дээ, би байгаа юм чинь ямар ч гэсэн үхсэн, амьд хоёрыгоо салгаж л таарна” гэж бодогдож байна аа. Манай дүү тэгэхэд 14-тэй, дунд сургуулиа төгсөөд тээр хол Ямбатын ар нуруунд мал дээр байсан. Наагуур нь Өлзийт гол үерлэчихсэн тул хэл ч хүргэсэнгүй.
Хүнээс асууж тавих газар заалгаж аваад өөрөө бүхнийг гүйцэлдүүлэхээр зориглолоо. Өглөө эрт, улс амьтан сэрж, босохоос өмнө хөдлөх учиртайг мэдэх болохоор үүрийн харанхуйгаар тэмээгээ хомнож, хоёр араг уруу нь харуулж тэгнэж байгаад түүн дээрээ ээжийнхээ шарилыг эмээтэйгээ дамжлаад тавилаа даа. Цээжин тал нь хүнд юм, би өргөлөө, хөлийг нь эмээ өргөлөө. Номхон тэмээ байж билээ, хөөрхий, хөдлөхгүй хэвтэж байгаад ачуулсан. Ингээд тэмээгээ хөтлөөд заасан газар руу нь явлаа. Гэгээ ч орлоо. Түмэн хоньт гэдэг газар тавиарай гэсэн юм. Тэр нь хаана байдгийг мэдэхгүй, нэлээд явж, нэг хамар давж, жалга гаталтал олон цагаан чулуутай налгар сайхан хонд руу яваад орчихов. Өмнөөс дулаан оргих шиг, их сайхан газар санагдахаар нь “Нөгөө түмэн хоньт нь биш ч байсан дүүрч” гэж бодоод тэнд тавихаар шийдсэн. Ганцаараа хүн яах вэ дээ, тэмээгээ хэвтүүлээд, ижийгээ чирэх шахам буулгалаа. Эвтэйхэн цагаан чулуу харагдахаар нь тийшээ чирэх, өргөхийн завсар аваачин өнөө чулууг дэрлүүлж тавиад, бүтээж, дэргэд нь жаал суулаа. Тэгж байтал тушаатай морь дэгээд, тэмээ ч босоод явчихав. Ээжийгээ орхихгүй байж болох биш, орхиод явсан. Тэмээгээ барьж авч, мориндоо мордоод явахад ээж минь амьд юм шиг, босоод суучихсан юм шиг санагдаад, ингээд орхиод явчихаж болох бил үү гэж бодогдоод, эргэж хармаар болоод болдоггүй юм билээ. Эргэж харж болдоггүй юм гэнэ билээ гэсэн эмээгийнхээ захиасыг бодсоор ээжийгээ орхисон доо.
Тэр хагацал надад их юм ойлгуулсан. Ядуу хүн, ганц эр хүн гэдэг ямар хэцүү байдгийг тэгэхэд ойлгосон. Тэр үеийн хөдөөгийн улсын сэжиг гэж ер яав аа. Үхсэн хүнээс сэжиглэх гэж жигтэйхэн. Өглөө нь ээжийгээ аваачиж тавьчихаад үдээс хойш тэмээгээ хүргэж өгөхөөр явж байтал дөрөлжин дээгүүр манай сумын мал тооллогын комиссынхон гэж арваад морьтой хүн гараад ирэв. Намайг өөдөөс нь явж байгааг харчихаад нөгөө олон хүн чинь хоёр тийшээ хага ярагдаж, зам буруулаад явцгаасан. Тэр бас айхтар юм билээ.
Түүнээс хойш би “Хагацал үзсэн хүнээс сэжиглэж огт болохгүй юм байна. Ганцаараа ч бай, олуулаа ч бай, хүнээ үхүүлсэн хүнд л тус болох хэрэгтэй. Үгүйдээ л тийм айлаар орж, гарч баймаар юм” гэж боддог болсон.
-Та ээж, эмээтэйгээ л амьдардаг байсан юм уу. Ер нь бага, залуу насныхаа талаар яриач та?
-Би их ядуу, бараг гуйлгачингийн хүүхэд. Хүн ам, малын 1933 оны тоо бүртгэлд манайхыг найман ишигтэй ямаа, зургаан борлонтой, ам бүл гурав гэж тэмдэглэсэн байдаг юм. Ээж, эмээ, бид гурав шүү дээ. Ээж бутач, би бутач. Ээжийн эцэг бүлтгэр Баатар гэж жасын лам байсан. Модоор араг, шээзгий хийдэг ядуу хүн байсныг нь би муухан мэддэг юм. Тэр хүн эмээтэй минь ханилж суугаагүй. Эмээ минь ээжийг төрүүлсний дараа сайн ханьтай болсон ч тэр нь намайг мэдээ орох үед бурхан болчихсон байсан. Ингээд ээж, эмээ, бид гурав муу жижиг бор гэртэй, айл айлын хаяа бараадаад л явдаг байлаа. Хэдий ядуу тарчиг боловч өлсөж цангахын зовлон үзээгүй ээ, хөөрхий. Манайх жасын 40-50 богийг малладаг байсан юм. Намайг 6-7-тойд жасын малыг хариулж байсан айлд нь бүр өгсөн. 60-70 малтай гурван ам бүл болоод л байна шүү дээ. Тэгж байтал ээж минь дүүг төрүүлж, бид дөрвүүл болсон.
-Таныг Дамдинсүрэн гэдэг байсан гэл үү?
-Тийм. Би гуравтайдаа сүрхий өвдөж, ижийгээ айлгасан юм гэнэ билээ. Нүрзэд лам, Дамба гэлэн, Төмөр гэлэн гуай гурав манайд жасаа уншиж, мэргэ төлөг тавиад “Энэ хүүхэд угаасаа бүсгүй төрлийн хүн байгаад хүйс нь солигдож. Нэр нь хүндэдсэн байна” гээд Цэвэл гэдэг нэр өгсөн юм билээ. Цэвэл нэртэй явж байгаад сургуульд ороход сургуулийн захирал Чойжамц гуай бүртгэж авахдаа Цэвлээ гээд биччихсэн. Уг нь нэр асуухаар нь би “Цэвэл” гэсэн юм. Бодвол амандаа бувтнаад сонсогдоогүй юм байлгүй захирал “Цэвэл ээ?” гэж асуухаар нь “Тийм” гэсэн чинь Цэвлээ гэж бичээд, тэр нь ангийн журнал, цаашлаад сургууль төгссөн гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр тэр чигээрээ бичигдээд явчихсан. Ингэж Цэвлээ нэртэй болсон юм.
-Дамдинсүрэн хүү Бөмбөгөр сумын бага сургуулийн сурагч Цэвлээ болоод ном эрдмийг гялалзтал сурав уу?
-Сургуульд орохоосоо өмнө би монгол бичгээр уншдаг, шинэ үсгийг А-М хүртэл мэддэг, тоогоо нэмж, хасаад боддог болчихсон байсан. Ээж минь хүүгээ бичиг үсэгтэй хүн болгох гэж хэрэндээ хичээдэг хүн байлаа. Зайлуул, хаанаас олсон юм бол доо, монгол үсгийн бага Цагаан толгой авчирч өгсөн. Тэгээд бүсийг минь уутлан оёж, нөгөө номоо түүндээ хийн бүсэлж өгөөд, “Багийн даргынд оч. Ном зааж өгөөч гээд наад номоо гаргаж үзүүлээрэй” гэж намайг хөөх шахам явуулж байлаа. Багийн дарга Ухна гуайнх манайхтай саахалт байсан юм. Ашгүй Ухна гуай гэртээ байхаар нь номоо гаргаад ээжийн хэлснийг хэлтэл овоо хэдэн үсэг хэлж өглөө. Жаахан хүүхдэд тогтоож чадахгүйн зовлон байх биш, дор нь тогтоогоод үсгээ нүдэлчихсэн. 2-3 хоногийн дараа дахин очиж, өөр үсэгнүүд заалгана гэж бодож байтал тэднийх нүүгээд явчихав. Тэднийхээс нэлээд цаана манай хамаатны ахынх байсан юм. Ах маань цэргийн алба хаагаад ирсэн, бичиг үсэгтэй хүн байлаа. Тэгээд тэднийх рүү явдаг болов. Ингэж байтал манай нутгийн Шарав гуай манайхаар ирж намайг “Ном сурах гэж байгаа сайн хүү” хэмээн магтаад, дэвтэр, улаан харандаа хоёр өгч, дэвтэр дээрээ тоо бичиж зааж өгдөг юм байна. Үүнд нь урамшиж оролдсоор ойр зуурын сонин уншиж, тоо боддог болчихсон байсан.
Тэгж байтал 1940 он болж, шинэ үсэг нэвтрэн, манайхтай айл саахалт нутагладаг Долгорсүрэн анхны бүлгэмд нь сууж ирээд, надад үсэг зааж өгсөн. Арав гаруй үсэг сураад, Н үсэг үзэх гэж байтал тэднийх нүүгээд явчихсан. Долгорсүрэн надаас тав эгч, бид хоёрыг нэг эцэгтэй гэдэг, бид ч цаагуураа элэг татуу байдаг байсан юм. Нууц эцэгтэй хэдий ч нэг эцгийн хүүхэд гэдгийг нь мэдүүлж өсгөдөг байлаа шүү дээ. Эгч минь 86 хүрээд дөрвөн жилийн өмнө өнгөрчихлөө хөөрхий. (Хоолой нь зангиран нулимсаа арчив)
Дээр үеийн хүмүүсийн амьдралын ухаан гэж. Нэг өдөр ээж минь “Миний хүү голын тэртээ гараад Хавчиг гэлэнгийнд хоёр хоноод ир” гэлээ. Тэгэх нь ээ, Долгорсүрэн сумын төвд бүлгэмд суухдаа улаан бурхан халдаад ирснийг дуулсан ээж минь надад халдаах гэж явуулсан байгаа юм. Хоёр хоноод гэртээ харьсан чинь толгой өвдөж, халуурч, биеэр юм туураад, өвдлөө дөө. Эмч гэж байсангүй, ээж усаараа л эмчилсэн. Эмч, эмнэлэг муутай болохоор хүүгээ нас бага дээр нь хөнгөн тусгаад өнгөрөөх гэж зориуд халдааж авсан байгаа юм. Би ч хөнгөн туссан. Дүү минь бас тусаж, жаахан хүндэрсэн, толгой нь гэлжгий болж эдгэрсэн. Долгорсүрэн эгчийн тухай ярьсан чинь энэ явдал санаанд орлоо.
Сургуулийн тухай яриа руугаа буцъя. Анх намайг төрийн дарга сургуульд урьж аваачиж байлаа шүү дээ. Багийн дарга Жавчиг гуай өөрөө ирж намайг сургуульд ор гэж хөөсөн юм. Сургуульд суръя гэхээр байх айлгүй тул тэднийд өөрийнд нь суухаар болж, сургуульд орж байлаа. Үгүй ер дөө, тэр ядуу айлын өөдсөн чинээ хүү намайг хүн гэж тоогоод багийн дарга нь өөрөө очиж сургуульд аваачих гэж дээ. Би одоо болтол ингэж бодож баярладаг юм.
Тэгэхэд би хойт эцэгтэй болчихсон байсан юм. Хойт эцгийн надаас нэг ах хүү бид хоёр Жавчиг гуайнд суусан. Хойтон жил нь хойт эцэг, ээж хоёр ярьж байгаад илүү гэр төхөөрч сумын төвд барин, ээж бидний галч хийж өвөлжсөн. Нэгдүгээр ангид суусан айл сайн айл л даа. Гэхдээ л нялх хүүхэд айлд байх хэцүү шүү дээ. Баруун талд нь дөрвөн мөчөө хумиад, түрүүлгээ хараад хэвтчихнэ. Өөрийгөө туулайны бүжин болоод хярчихсан гэж төсөөлөөд л хэвтээд байна. Айлын хөгшин хоолоо ид гэж дуудахаар л босож хоолоо иднэ. Хоёрдугаар ангид ээжтэйгээ жаргалтай өвөлжиж билээ. Түүний хойтон жил ойр хавийн хүүхдүүдтэй нэг гэрт өвөлжиж, манай хамаатны нэг хүүхэн бидний галч хийсэн. Тэр их ширүүн хүн. Намайг түлшинд хөөж явуулна. Нэг өдөр цээжээр хатгуулж өвдөөд, бие тун хариугүй байхад аргалд яв гэлээ. Араг үүрээд сумын төвийн хойд руу явж, арай хийн жаахан аргал түүгээд иртэл нагац ах ирчихсэн байв. Ах миний толгойг дарж үзээд нөгөө хүүхнийг “Яасан хүнлэг биш хүн бэ. Энэ хүүхэд халуураад үхэх гэж байна шүү дээ” гэж загнан намайг эмнэлэг рүү авч явсан. Тэгэх нь ээ, хатгалгаа аваад хүндэрчихсэн байж билээ. Нагац ах ирээгүй бол би хатгалгаагаар үхэх байсан байх. Ус уух хувьтай бол хүний авралууд цаанаас захиалсан мэт ирээд байдаг шиг санагддаг. Хувь тавилан байдагт би итгэдэг шүү.
Дөрөвдүгээр ангидаа дотуур байранд орсон. 12 хүрч, биеэ даан том эр болсон гэж үзсэн хэрэг. Өөр арга ч байгаагүй дээ. Нөгөө айхтар зудтай мичин жил шүү дээ. Хүйтэн, цас ихтэй гэж ярих юм биш. Айлууд ер нь малаа үхүүлж дууссан. Сургууль хоол хүнсгүй болсон уу, ямартай ч ажиллаж чадахаа байж, хавар эрт, гуравдугаар сард сургууль тарсан. Хүүхдүүдийг гэрийнхэн нь авсаар би ганцаараа үлдлээ. Манайх унаагүй. Ээж минь сургууль тарсан сураг дуулаад намайг авахаар хаа байсан Ямбатаас явган гараад туучихсан байгаа юм. Их хол газар шүү дээ, сумын төвөөс лавтай 50 км зай бий. Замдаа нэг хоноод маргааш нь үд хэвийж байхад нэлээд эцэж ядарчихсан ирсэн, эвий, муу ээж минь. Бид хоёр талаас уйлаад л уулзсан. Сургуулийн захирал биднийг өрөвдсөн байх, биднийг гэртээ оруулж, цай унд өгч билээ. Ингээд бид хоёр гэр рүүгээ алхсан. Ээжтэйгээ явахад хүн хол газар явган явж байна гэж боддоггүй юм шүү дээ. Хоёулаа инээж хөхөрч, айл амьтнаар орж явсаар хоёр хоноод харьсан. Тэгэхдээ цасан шуурганд үхсэн малын тарган зовлого замд таарахаар нь “Хариад иднэ” гээд шулж аваад байгаа юм аа. Ингэж ах дүүс дундаасаа ардын боловсролын дөрөвдүгээр анги төгссөн анхны хүн болж байлаа.
-Хорлоогийн хүү эрдэмтэй хүн болсон гэнэ гэж гол усаар яригдав уу?
-Би өөрөө их додигор байсан. Хүмүүс ч нэг их тоогоогүй байх. Харин Цэвлээ овоо том болж, хонь хариулах насанд хүрлээ гэж харсан нь олон байх. Тэр хавар Ухна гуайнх манай доохно ирж буулаа. Хойшоо нүүж яваа гэнэ. Ээж, бид хоёрыг цай уу гэхээр нь очтол Ухна гуай намайг “Ганц сар хонь хариулаад аль” гэж байна. Ингээд тэднийхийг дагаад хойшоо туучихсан. Бараг Загийн нутаг руу орж буусан даг уу. Юм ховор хэцүү ч үе байлаа, өдөрт нэг удаа гурилтай, хийцтэй цай хийж, түүгээр л гол зогооно. Шар тостой, хийцтэй цай ч голох хоол биш л дээ, сайхан. Нэг сар хонь хариулаад буцах болоход нэг дээлийн даалимба өгсөн. Гэртээ ирээд 5-6 хонож байтал Гомпил ахынх “Хонь хариулаад өгөөч” гээд ирлээ. Тэднийх рүү явсан. Сар болоод бас нэг дээлийн даалимбатай буцлаа. Гэртээ харихад манайх Өлзийт гол руу зусландаа буусан байсан. Ирээд удаагүй байтал Баасангийнх бас хонь хариулуулахаар авч явсан. Ингээд дахин нэг даалимбатай боллоо. Намаршиж, голын эхээд нүүж буугаад байтал манай ах дүүгийн айл бас хонио хариулуулна гэлээ. Ямар сураагүй юм биш, хонь хариулж л чадах юм чинь гээд л явсан. Дандаа явган явна.
-Дээлийн даалимбанд амтшаад нутагтаа үлдсэн бол сайн хоньчин болох байжээ. Аймгийн дунд сургуулиас оргож босож явсан тухайгаа хуучлаач?
-Айлын хонь хариулж явтал аймгийн Гэгээрлийн хэлтсийн байцаагч Тампуулин гэж нэг их догшин төрхтэй сайхан бор залуу ирж аймгийн дунд сургуульд суу гэж хөөдөг юм байна. Ээж минь хүний үгнээс зөрөх биш, явууллаа даа. Дайнтай, хоол хүнс ховор хүнд үе. Сургуулийн дотуур байранд их өлсөнө. Түүнээс гадна сурагчдын дунд улаан бурхан, дизентери хоёр зэрэгцээд гарчихсан, хүүхдүүд үхээд, тогтож суухын аргагүй байлаа. Ер нь улаан бурхан, дизентери хоёр давхарлахаараа хүүхдийн амийг авч л салдаг байсан. Олон ч хүүхэд үхсэн. Ээж минь багад улаан бурхан тусгасны ачаар би гайгүй өнгөрсөн. Дизентери туссан ч хэд хоног эмнэлэгт хэвтээд эдгэрсэн. Тэгж байтал нэг өдөр багш “Чи хүүхдийн дэвтэр авсан байна” гэж заамдаж аваад, дээлийн минь заамын урчихдаг юм байна. Надад олон дээл байх биш. Ингэж байхаар харья гэж бодлоо. Нутгийнхаа Авирмэдэд “Гэр рүүгээ явах уу” гэтэл нөгөөх маань уухайн тас “Тэгье” гэлээ. Өмнө нь Авирмэд явъя гэдэг, би явдаггүй байсан юм. Орой бүрий болж хүүхдүүд унтангуут гарсан бид хоёр шөнө нэг их хол явж чадалгүй Холбоо толгойн шилээр даваад хадан дунд унтчихсан. Хээр хоносон улс эрт сэрэлгүй яах вэ, сэрэнгүүтээ гутлаа сугавчлаад гүйчихсэн. Зунжин хөл нүцгэн яваад улласан хөл гэдэг чинь ямар ч өргөс, хад чулууг ажрахгүй шир шиг болчихдог юм. Тийм хөлтэй хүн гуталтай явснаас гуталгүй явсан нь амар. Хоёр өртөө шахам газар жирийлгэсээр оройхон нутгийнхаа барааг харж, Алтан хөндийн аманд морь харахад шээс яг цус шиг улаан өнгөтөй гарч байж билээ.
Өлзийт голын Их дугуй орчимд явж байтал тэнд нутаглаж байсан айлаас нэг морьтой хүн биднийг чиглэж ирсэн нь гонзгой Дамдин байв. Биднээс 4-5 насаар ах нутгийн залуу л даа. “Та хоёр харих гэж яваа юм уу. Ингэж голоо уруудвал доод гармаар гарч чадахгүй, үйж үхнэ. Хусны хоёр гэж аюултай хоёр гарам доор бий” гээд зам зааж, бид хоёрын огт мэдэхгүй, алсуур тойрдог замаар явж хүрдэг Дөрөө хавчдагийн давлахга гэдгээр гаргаж өглөө. Бас л аз, аврал таарч байгаа нь тэр. Гол гараад авбал бид хоёр газраа мэдэх юм чинь. Гэртээ очиж нэг сайн цадаж авч билээ. Одоо бодоход гол зорилго нь гэртээ харьж нэг сайн цадаж авъя л гэж бодсон шиг санагддаг. Өлсөх хэцүү шүү дээ. Өлсөж үзээгүй хүмүүс өлсөхийн зовлонг мэдэхгүй.
-Хоёр хүүхэд алга болсныг мэдээд сургуулиар нэг шуугшиан болсон болов уу. Оргож боссон хоёр сургуульдаа яаж буцаж очив?
-Цэрэгжилтийн багш Шагдар бидний араас давхиад ирсэн. Ээж минь “Хүүхэд хажиглаж хавчсан байна. Явуулахгүй” гэж ширүүхэн хэлтэл Шагдар багш “Хүүхэдгүй бол явахгүй” гээд гэрийн баруун талд хажуулдаад хэвтээд өглөө. Тэгж байтал Авирмэдийн маань аав “Хүүхдүүдээ явуулахгүй бол болохгүй” гэсээр ирэв. Ээж минь ч “Манайх ямар их мал хөрөнгөтэй айл биш. Чи энэ сургууль номоор л амьдралаа залгуулах байх. Рэндоо гэцэл чиний зураг төөргийг үзээд гайгүй номтой лам болно гэсэн юм. Тэр нь одоо энэ ном чинь байлгүй. Миний хүү яв даа” гэсэн. Ингээд явах боллоо. Шагдар багш түрүүлээд давхичихсан. Авирмэдийн аав маргааш өглөө нь бид хоёрыг дагуулаад гарсан. Морьтой хүмүүст юу байх вэ дээ, үдээс хойхно давхиад очлоо. Сургуулийн оройн тооллого болж байсан. Авирмэдийн аав гэзэгтэй хар хүн захирлын бараанаас мориноосоо бууж, сөхөрч суугаад алгаа хавсран залбирч байгаа юм. Ингээд сөхөрч, босож залбирч явсаар захирлын өмнө хүрч, “Хүүхдүүдийг аварч, өршөөж үзээрэй” гэж залбирсан чигээрээ захирлаас гуйж билээ, эвий минь. Урдын улс ямар хүмүүжилтэй байсан юм бэ. (Хоолой нь зангирч, нулимс унагав)
Бид хоёр гэж тархигүй золигнууд хүн тэгж байхад “Дахиад багш нар загнавал оргоно шүү. Одоо зам мэддэг болсон” гэж ярьцгааж байгаа юм. Багш нар ч дахиж загнаагүй. Би нэгдүгээр улирлаар сайн гарч, түүнээс хойш дандаа онц сурсан. Би зураг оролддог учраас багш нарт их дайчлагдана. Ханын сонин, үзүүлэн таниулах материал гээд юмны түрүүнд явсаар долдугаар ангиа дүүргэсэн. Манай ангийн 27 сурагчаас 3-4 нь дунд, арваад нь сайн, бусад нь онц төгссөн гэхээр сүрхий сурлагатай хүүхдүүд байжээ. Одоо тэднээс минь амьд сэрүүн хүн надаас гадна ганцхан хүн бэяна. Хамт оргож явсан Авирмэд минь өнгөрөөд 5-6 жил болчихлоо.
-МУИС-д хуваарилагдаад яваагүй гэж дурсамждаа бичсэн байсан санагдана. Яагаад яваагүй юм бэ?
-Тэгэхэд долдугаар анги төгсөөд их, дээд сургуулийн бэлтгэлд орж, хоёр жил болоод их сургуульд ордог байсан юм. Долдугаар анги төгсөхөд манай ангийнхнаас Улсын их сургуульд таван хүүхэд, Багшийн сургуульд мөн 4-5 хүүхэд хуваарилжээ. Улсын их сургуульд хуваарилсан хүүхдүүдийн дунд миний нэр байв. Намар нь сургуульд явах болоход “Олигтой хувцас байхгүй. Тэр их хот руу яаж ийм муу монгол гуталтай явах вэ” гэж бодогдлоо. Хүүхэд л юм даа. Ингээд сумын бага сургуулийн Мишиг багшаараа их сургуулиас чөлөөлүүлэх өргөдөл бичүүлж явуулчихаад би хөдөөний хархүү боллоо. Тарвага агнаж, 70 гаруй тарваганы арьс тушаагаад бүр анчин болох маягтай байж байтал өртөөний улаачаар “Сумын сургуульд багшил гэж дуудаж байна” гэсэн хэл ирдэг юм байна. Айлын тором гуйж унаад туучихсан. Ингэж 1948 оны арваннэгдүгээр сард сумын сургуулийн багш болж, хоёрдугаар анги дааж аваад, анхны хичээлээ 18-ний пүрэв гарагт зааж байсан минь санаанд тов тод байна. Тэр ангийн хүүхдүүд одоо 81-тэй. Бараг нь үгүй болж, 4-5 хүн л үлдсэн байх. Сумд байтугай аймагт дээд сургууль төгссөн хүн байгаагүй тэр үед долдугаар анги төгссөн хүн өндөр боловсролтой, том хүн байлгүй яах вэ. Сумын дарга 180 төгрөгийн цалинтай байхад би 225 төгрөг авдаг байлаа шүү дээ. Сургуулийнхан сумын захиргааны дарга, намын үүрийн даргаасаа хамаагүй өндөр цалинтай. Сумд 300 төгрөгийн цалин авдаг ганцхан хүн байсан нь сургуулийн захирал. Ингэж байж боловсролыг өөд нь авч гарсан юм шүү дээ. Төрийн бодлого цалин, татвар хоёроор хэрэгждэг гэдэг нь энэ. Ингээд нэгдүгээр анги нэг авч үзээд, дөрөвдүгээр ангид ч томилогдоод, багшлах гэж үзэж тарж байтал аймгийн Гэгээрлийн хэлтэс дуудуулжээ. “Аймаг уран зураачгүй болсон тул аймгийн Дүрслэх урлагийн салбарын зураач болгоно, Улаанбаатар руу уран зургийн курст яв” гэдэг юм байна.
-Ямар ч хамаагүй хүнийг тэгж дуудаад ажил, мэргэжлийг нь сольчихно гэж байхгүй биз дээ. Таны зурдгийг мэддэг байсан юм уу?
-Ойр зуур жаахан зурдгийг минь мэдээд тэгж байгаа юм байх. Ингээд шуудангийн машинаар тав хоног явж Улаанбаатарт ирж байлаа. Дүрслэх урлагийн газар гэдэгт очих ёстой гэтэл Төв шуудангийн урд буулгаад хаячихсан. Модон хайрцаг чирчихсэн, газар мэдэхгүй, хүн танихгүй амьтан хаачихаа мэдэхгүй зогсож байгаад хүнээс Дүрслэх урлагийн газраа сураглатал ашгүй ойрхон гэнэ. Одоогийн Үндэсний номын сангийн тэр хавьд аж ахуйн хашаанд нь очиж, манаачийнд нь хонолоо. Маргааш нь аймгаас хийж өгсөн бичгийг үзүүлж, хүрэх ёстой газраа хүргүүлэв. Намайг О.Цэвэгжав багшийн дагалдангаар өгч, зураг зуруулж сургах юм боллоо. Суух айлгүй гэсэн чинь Урлагийн дунд сургуулийн дотуур байранд оруулчихсан. Тэгж байж байтал нөгөө сургууль амарч хүүхдүүд нь гараад, намайг ч гаргав. Очих газаргүй яадаг билээ гэтэл надад байшингийн саравчин дор ор тавьж өгөөд орхичихсон. Хажуудаа нэг поошигтой. Түүндээ ус тосож аваад уучихна. Талх аваад саравчныхаа нуруунд хавчуулж байгаад идчихнэ. Дарга даамалдаа ч хэлдэггүй өвчтэй хог шүү, би. Гэхдээ тэнд нэг их удаагүй ээ. 2-3 хонож байтал Цэрэндорж ирж, намайг гэртээ аваачсан. Сэлэм Тогмидод тоглодог Цэрэндорж шүү дээ. Миний үеийн юм даа, зайлуул. Тэдний сургуулийн дотуур байранд сар болсон болохоор бид танилцсан юм. Ингэж хөглөж байж уран зургийн сургуулиа дуусаж, бушуухан буцахын түүс болсон. Намар орой ч болчихсон байсан, арай хийж нутаг руугаа явах унаа олж аймагтаа очоод Дүрслэх урлагийн салбараар ч оролгүй тэр чигээрээ гэртээ харьсан.
-Зураач болгохоор сургасан хүн маань салбараараа орохгүй харьчихдаг нь яаж байгаа юм бэ?
-Би зурж чадахгүй байсан, чадахгүй болохоор сонирхол ч төрөөгүй. Харин гайгүй биччихдэг болсон. Ардын хувьсгалын 29 жилийн ойн баяраар Үйлдвэрчний төв зөвлөлийн павилоныг засах гэх мэтийн хэд хэдэн юм хийсэн. Зурж чадахгүйгээ мэдээд зураач болохгүйгээр шийдсэн учраас шууд харьсан юм.
-Томилж явуулж, сургасан хүн нь тэр ажлыг нь хийхгүй хаячихаар арга хэмжээ авах уу?
-Гэртээ очоод байж байтал сургуульд багшийн орон тоо гарч, захирал намайг авахаар Гэгээрлийн хэлтэст санал тавьтал “Манай өгсөн ажлыг хаячихаад явсан хүнийг авахгүй” гээд халгаагаагүй гэнэ билээ. Түүнээс өөрөөр арга хэмжээ авсан юм байхгүй ээ, хөөрхий.
-Таныг өмнөх нийгмийн үед намын том дарга байсан гэж л мэднэ. Хэдийд намын ажилд шилжсэн юм бэ?
-Гэгээрлийн хэлтэс ажилд авахгүй гээд удаагүй байтал сумын захиргаанаас дуудаж, бичиг үсгийн бүлгэмийн багш бол гэсэн. Томчуудад бичиг үсэг заах ажил л даа. Бүлгэмд багшлаад ганц сар болж байтал сумын Эвлэлийн үүрийн тайлан сонгуулийн хурал болж, үүрийн дарга нь курст яваад чөлөөлөгдчихсөн учраас намайг даргаар сонгосон. Ингэж би 1951 онд 19-тэйдөө Бөмбөгөр сумынхаа Эвлэлийн үүрийн дарга болж, 1955 он хүртэл дөрвөн жил ажилласан.
Гайгүй ч сайн ажилласан юм байх, овоо нэр хүндтэй, магтагдаад явдаг байсан. 1955 оны дөрөвдүгээр сард санагдана, нэг хавар гэнэт Галуутын Эвлэлийн үүрт дарга хэрэгтэй гэнэ гээд шилжүүлсэн. Тэнд хагас жил болохдоо дандаа хөдөөгүүр тэнэсэн. Угаас Эвлэлийн үүрийн даргын хийдэг ажил хөдөө тэнэх шүү дээ. Намайг Галуутад очсоноос хойхно аймгийн Эвлэлийн хорооны бага хурал болов. Тэр жил Галуут сумаас хожим дипломатч болсон Балжинням, бид хоёр аймгийн Эвлэлийн хорооны бага хурлын бага хурлын гишүүн, МХЗЭ-ийн XII их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. МХЗЭ-ийн их хуралд оролцоно гэдэг их том шагнал байлаа.
Ингээд тэр оныхоо намар аймгийн намын хорооны зааварлагч болж дэвшээд явчихсан. Аравдугаар сарын 5-нд аймгийн Намын хорооноос дуудлаа гэхээр нь очтол Намын хорооны нэгдүгээр даргын өрөөнд Бууцагаан, Богд, Жинст, Баянбулаг гэх мэт арваад сумын эвлэлийн үүрийн даргыг цуглуулчихаж. Юу болох гэж байгаа юм бол доо гээд учрыг нь олохгүй сууж байтал аймгийн намын хорооны хуучин ажилтан 4-5 хүнийг “Ажилдаа тэнцэхгүй байгаа тул халсугай” л гэлээ. Тэгээд биднийг аймгийн Намын хорооны мэдэлд авна гээд, намайг Үзэл суртлын хэлтсийн зааварлагчаар, Г.Жанцанг Тоо бүртгэлийн зааварлагчаар, Б.Данааг Худалдаа, үйлдвэрлэл эрхэлсэн зааварлагчаар, Б. Ламсүрэнг Бууцагаан сумын намын үүрийн даргаар, Сосорбарамыг Богп сумын даргаар баталчихдаг юм байна. Тэр үед ийм том хөдөлгөөнийг тэгж амархан ч хийчихдэггүй байлаа.
-Аймгийн Намын хорооны зааварлагч гэдэг айхтар том албан тушаал байсан биз?
-Өө, монцойгоод явчихалгүй яах вэ. Би 23-тай байсан. Аймгийн намын хорооноос сумын ажлыг шалгана гээд хөдөө сум руу явна. Тэр үеийн төрийн албан хаагчдын шулуун шударга, цагаан цайлган, нам, төрөө хүндэтгэх гэдэг жигтэйхэн байлаа. Дөнгөж 20 гарч яваа хүүхдийг “Цэвэлээ гуай, Та ” л гэнэ. Ахмадууд, нас тогтсон дарга нар “Та, та” гэх нь эвгүй ч юм шиг санагддаг сан. Анхны томилолт маань Бууцагаан сум руу таарсан. Сумын намын хорооны дарга нь Гочоогийн Дагва, сумын захиргааны дарга нь Сүрэнхорлоо гэдэг хүн байлаа. Сумд зочид буудал байхгүй, айлд л буухаас аргагүй. Гэтэл таньдаг хүн байхгүй. Айлд очих нь тодорхой, яаж хоосон очих вэ гээд хэдэн боорцог хийж аваад явсан. Сумын дарга Сүрэнхорлоо гуай “Таньдаг айл бий юү” гэж байна. “Байхгүй” гэтэл “Манайд оч доо, өөр хаачих вэ” гээд гэртээ буулгасан. Ингэж Сүрэнхорлоо гуайн тогоог хадаж, аймгийн төлөөлөгчийн ажлаа эхлүүлж байв. Үүнийгээ одоо болтол бодоод л явдаг юм. Нам, улс төрийн ажилтай холбогдсон түүх минь тэр.
-Сонин хэвлэлтэй хэрхэн холбогдож байв?
-Нэг хөдөө яваад иртэл аймгийн Намын хорооноос дуудаж, “Чи бичгийн ажилд зүгээр шүү дээ. Аймгийн сонины хянагч редактор бол” гэсэн. Өнөөгийнхөөр бол хариуцлагатай нарийн бичгийн дарга л даа. Аймгийн сонин ерөнхий эрхлэгчээс гадна нэг сурвалжлагч, нэг хянагч редактортой ажилладаг байв.
Эвлэлийн үүрийн дарга гэдэг сумынхаа залууст илтгэл тавьдаг ажил шүү дээ. Тэр үед хийж байсан илтгэлүүдийг маань үзсэн байх. Түүнээс гадна МХЗЭ-ийн XII их хуралд аймгийнхаа залуусыг төлөөлж үг хэлэх үүргийг надад өгсөн. Үгээ өөрөө бэлтгээд хэлсэн. Тэр бүхнээс үүдээд үг холбож эвлүүлж найруулахдаа зүгээр хүн юм гэж бодсон юм болов уу даа. Долдугаар анги төгссөн хүн ямар дүрмийн алдаатай бичнэ гэж байх биш. Аймгийн сонинд л лав долдугаар анги төгссөн хүн байгаагүй. Тэгэхээр аль ч талаараа боломжийн санагдаа биз. Би аймгийн “Лениний зам” сонинд бүгдийг хийдэг байлаа. Мэдээ материалаа өөрөө бичнэ, бусдынхаа алдааг засна, сүүлдээ сониноо хэвлэлд бэлтгэж, үсгээ өөрөө өрдөг болсон. Сониноо хэвлэж байгаад гараа хэвлэлийн машинд хавчуулж, хуруунууд дээрээ олон жил сонины үсэгтэй явсан. Хүүхдээрээ шахуу байсан болохоор хуруу гар ч туранхай, нарийхан байгаа биз, арай ч няцарчихаагүй үлдсэн. Хэвлэл мэдээлэлтэй холбогдож, сэтгүүлчийн хөдөлмөрийн гараагаа эхэлсэн алтан зурхай бол энэ. 1956 оны дөрөвдүгээр сард хянагч редактораар томилогдоод, 1959 он хүртэл “Лениний зам”-д ажилласан.
-Бас аймгийн клубт хөгжим тоглож, жүжигт тоглож явсан гэж сонссон. Хэдийд нь амжуулаа вэ?
-Би багаасаа урлаг, уран сайханд сонирхолтой. Сэтгүүлч болоогүй бол гарцаагүй урлагийн хүн болох байсан. Сонинд ажиллаж байхдаа аймгийн клубийн дэргэдэх сайн дурын уран сайханчдын дугуйланд явж, ноот сураад, мандолин, хуучир тоглодог болсон. Ингээд нэг хэсэг аймгийн клубт хөгжим тоглосон. Бүр 1959 оны Залуучууд, оюутны урлаг, спортын анхдугаар наадамд аймгаа төлөөлөн оролцож байлаа шүү дээ. Тэнд манай аймгаас 20-иод хүн оролцож явсан юм. Галуутын Г.Балжинням “Хуримтын голынхон” гэдэг жүжиг бичиж, аймгийн клубт тавьсан. Тэр жүжгийн өвгөний дүрд би, миний охинд туульч Өлзий тоглоно. Залуучууд, оюутны урлаг, спортын анхдугаар наадмаар хотод ирээд Драмын театр, Монголын пионерын ордонд тоглосон. Нэг инээдэмтэй явдал санаанд орлоо.Фестиваль хэмээах сонины сурвалжлагч ирж бидний бэлтгэл тоглолтыг үзээд дуучин Гармаа, бид хоёрын зургийг “Фестиваль” гэдэг сонинд гаргана гээд аваад явсан юм. Гармаа маань их царайлаг, хөөрхөн хүүхэн л дээ. Гэтэл сонинд Гармаагийн зурган дор Цэвлээ гэж бичээд, миний зурган дор Гармаа гээд биччихэж. Тэгээд нэг их олон захиа миний нэр дээр ирж билээ. Голдуу цэргийн залуус захидал бичнэ. Шуудан ирэхээр би бараг хормой дүүрэн захиа Гармаад аваачиж өгдөг сөн.
Фестивалиас иртэл аймгийн Соёлын хэлтсийн даргыг солих болж, энэ урлаг уран сайхнаар явдаг хүн гээд намайг аваачиж тавьсан. Ингэж нэг хэсэг сонины ажлаасаа хөндийрч, урлаг, уран сайхан гэж явсан. Томорч л байгаа нь тэр юм байх аа даа. Тэр албыг хоёр жил хашсан. Их л юм хийсэн санагддаг. Аймгийн клуб Соёлын ордон болчихоод байсан үе. Соёлын хэлтсийн дарга аймгийн бүх урлаг, уран сайхан, кино, номын сан, аймгийн музей, сумдын клубийн үзвэр, үйлчилгээг хариуцна.
Нэг өдөр ажил дээрээ байж байтал Соёлын ордны дарга Магванжав утасдаж “Аймгийн нэгдүгээр даргын жолооч ногоон Дондог ирээд кино аппарат авч явах гээд байна” гэлээ. Аймгийн Соёлын ордон хагас нүүрсний (суурин) аппаратай байсан юм. “Суурин аппарат өгч явуулж болохгүй, эвдчихнэ” гэтэл жолооч нь аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийын даргадаа очоод хэлчихэж. С.Удвал агсан түүний талаар “Хорин жилийн таван өдөр” гэдэг нийтлэл бичсэн, Тээврийн сайд байсан, их нэртэй хүн л дээ. Ядамсүрэн дарга “Яасан гэнэ ээ хө” гээд ороод ирлээ. “Энэ чинь суурин аппарат, ийш тийш нь зөөж явдаг нүүдлийн аппарат биш” гэтэл “Чи ер нь ямар санаатай хүн бэ. Яагаад ийм том зан гаргаад байгаа юм. Ер нь ажлаа хийж чадах хүн үү, чадахгүй хүн үү” л гэж байна. “Чадахгүй юм шиг байна аа, дарга аа” л гэлээ. Аппаратаа ч өгсөнгүй. Эрдэнэцогт руу л авч явах гэж байсан юм билээ. Нэг сумд кино гаргах гэж аппаратаа эвдэж, аймгаа аппаратгүй болгож байснаас даргатай үзэлцэж байгаад аппараттайгаа үлдье гэж бодсон.
Намар нь аймгийн Намын хорооны боловсон хүчний дарга П.Чүлтэмсүрэн найз минь дуудлаа. Хүрээд очтол “Чи нэгдүгээр даргатай хэрэлдчихсэн юм уу. Чамайг чуулганаар Соёлын хэлтсийн даргаар хэвээр нь батлуулах гээд оруултал “Тэр нөхрийн үгийг сонсож байж батална. Ажлаа хийж чадахгүй гэж хэлсэн. Чадах, чадахгүйг нь асууна” гэсэн. Чамайг аймгийн Намын хорооны Товчооны хуралд дуудсан шүү” гэлээ. Хурал нь ч боллоо, орлоо. Тэгэхэд Баянхонгор аймаг Иүйэ голын тэнд дөнгөж нүүж очоод байсан тул байшин барилга байсангүй, бөөрийг нь улайстал галлачихсан том гэрт дарга нар нэлээд халууцсан маягтай сууцгааж байсан. Нэгдүгээр дарга “Чи Соёлын хэлтсийн даргын ажил хийж чадах хүн үү, үгүй хүн үү” л гэж байна. “Чадахгүй юм билээ. Сургуульд явна” л гээд тавьчихлаа. Тэгтэл дүнгэр, дүнгэр гээд явчихлаа, намайг гарч бай гэв. Ингээд ажлаасаа чөлөөлөгдөж, аймгийн сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар хэдэн сар ажиллаад, Намын дээд сургуульд явсан.
-Та угаасаа сургуульд явъя гэж бодож байсан юм уу?
-Тэгсэн юм. Ажлаасаа чөлөөлөгдөөд сургуульд явах болтол арван жилийн боловсрол хэрэгтэй гэв ээ. Би долдугаар анги төгссөн, арвын гэрчилгээгүй. Оройн аравдугаар ангид дур иэдэн ороод хичээлд нь суучихлаа. Гэтэл сургуулийн захирал Гэндэнсүрэн орж “Чи найм, есдүгээр ангид суугаагүй байж энд сууж болохгүй” гэж байна. “За” гэчихээд үргэлжлүүлээд хичээлдээ суугаад байлаа. Дахин дахин шаардаад байхаар нь “Найм, есдүгээр ангийн хичээлээ үзээд, хагас жилээр шалгалтаа өгье” л гэлээ. Ингээд нойр хоолгүй суусан. Хэдэн сар бараг унтаагүй. Өдөр нь ажлаа, шөнө нь хичээлээ хийнэ. Тэгсээр хагас жилээр шалгалт өгч онц аваад, аравдугаар ангидаа үргэлжлүүлэн сууж гэрчилгээгээ аваад, дээд сургуульд орох эрхтэй болсон доо.
-Бараг 30 хүрч байж аравдугаар ангийн гэрчилгээтэй болсон юм уу?
-Тийм. 27-той Соёлын хэлтсийн дарга болоод, 30-тай Намын дээд сургуульд элсэн.
-Эвлэл, намын ажил олон жил хийсэн, цөөнгүй жил дарга даамал явсан хүнд аравдугаар ангийн гэрчилгээ дуугүйхэн өгөөд, Намын дээд сургуульд явуулчихъя гэх нь бүү хэл, найм, есдүгээр ангийн шалгалтаа заавал өг гэж байдаг. Мөн ч зарчимч байжээ.
-Өө тэр ярилтгүй. Тийм л цаг байсан.
-Таныг Намын дээд сургуулийн шилдэг оюутны нэг байсан. Тэнд багшаар авч үлдэх гэж их хөөцөлдсөн гэж сонссон?
-Намын дээд сургуульд дөрвөн жил сурахдаа сайн дүн аваагүй. Төгсөхөд дипломон дээр минь онцсайн гэсэн улаан тамга дарж өгсөн. Улаан дипломтой төгсөж байгаа нь тэр. Сургуулийн захирал маань “Чи сургуульдаа үлд. Чамайг философийн багшаар авна” гэсэн. Тэгэхэд нь би “Философи заахгүй, политэконом заана” гэтэл “Аль нь ч яах вэ, чи ямар ч байсан багшаар үлд” гэсэн. Гэтэл Төв хороо “Дээд сургууль төгссөн хүнийг ажиллуулахгүйгээр шууд багшлуулахгүй” гэлээ. Баянхонгорын намын хорооны нэгдүгээр дарга Ламзав гуай ч “Намын сургууль онц төгссөн хүн яагаад хөдөө аймагт очиж болдоггүй юм бэ. Та нар аймгийг хөгжүүлнэ гээд байдаг биш бил үү” гэж захирлын амыг таглаад, намайг аваад явсан. Тэнд намын хороонд лектор хийлээ. Хоёр жил ажиллаж байтал аймгийн намын бага хурал болов. Аймгийн нэгдүгээр дарга дуудахаар нь очтол Д.Моломжамц даргатай хамт сууж байна. Өнөө Төв хорооны том Д.Моломжамц дарга шүү дээ, манай аймгийн намын бага хурлыг удирдахаар очсон юм байж. Тэд “Чамайг аймгийн Намын хорооны Суртлын хэлтсийн даргаар авна” гэлээ. Түүний өмнө, аймагт очсоны дараахан Намын дээд сургууль намайг авна гэхэд нь аймаг бас өгөөгүй юм. Би ч уг нь Намын дээд сургуульд багшлах санаатай байсан юм. “Дарга нар минь, үнэнийг хэлэхэд би Намын дээд сургуульд багшлах хүсэлтэй. Та нар намайг тийш нь өгөөгүй, тэр ч өнгөрлөө. Одоо би ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд явмаар байна. Тийшээ явуулна гэвэл хэлтсийн даргыг ажлыг хийе. Үгүй бол аймгийн сонины эрхлэгч болъё” гэтэл “Ямар ч байсан Суртлын хэлтсийн дарга болоодох” гэв. Ингээд сургуульд явуулна гэсэн битүү ам аваад хоёр жил шахам болж байтал нэгдүгээр дарга дуудаж, “Сургуульд явах өргөдлөө бичээд ир. Би Төв хороо руу явах гэж байна. Чиний асуудлыг хөөцөлдөнө. Чамайг дуудаж магадгүй шүү” гээд явсан. 2-3 хоногийн дараа хотоос дуудаж, шууд шалгалтад орууллаа. Бэлдсэн юмгүй хүн чинь орос хэлний шалгалтандаа унаад өглөө дөө, хөөрхий. Улс төрийн шалгалтад ч түүртэх юм алга. Миний хамгийн сайн мэддэг юмыг л асууж байна. Ингээд улс төрийн шалгалтаа онц, орос хэлний шалгалтаа -3 өгсөн тул явуулах уу, болих уу гэдэг яриа гарсан юм билээ. Санал тэнцээд байтал нь Төв хорооны суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны орлогч гишүүн Б.Лхамсүрэн гуай “Ажил нь сайн юм гэнэ билээ. Явуулчихвал яасан юм бэ” гэснээр явуулах шийд гарсан юм билээ.
Ингээд Москвад хоёр жил сурсан. Төгсөх жил Намын дээд сургуулийн захирал Б.Хурметбек багш Москвад очсон юм. Тэгэхдээ “Одоо чамайг ёстой авна аа” л гэсэн. Төгсөөд ирлээ. Улс төрийн товчооны хурал болтол багш байдаггүй, Францын Коммунист намын их хуралд оролцох төлөөлөгчдийг ахлаад явчихаж. Яг тэр хойгуур нь Улс төрийн товчоо хуралдаад, намайг Төв хорооны үзэл суртлын хэлтэст лектор, суртал нэвтрүүлэгчээр баталчихсан. Ингээд Төв хороонд очсон доо. Намын дээд сургуульд багшлах гэж би, намайг багшлуулах гэж захирал их зүтгэсэн, ерөөсөө болоогүй. Хувьгүй юм гэдэг тэгээд болдоггүй л юм билээ.
-Таныг хар залуугаараа нутгаасаа гарч, Төв хороонд олон жил ажилласан хүн байх гэж боддог байсан. Та бараг 40 хүртлээ нутагтаа ажилласан юм байна шүү дээ?
-38 хүртлээ нутагтаа ажилласан. Төв хороонд 1972 онд томилогдоод, 1980 он хүртэл найман жил ажилласан. Тэнд олон улсын коммунист хөдөлгөөн, коммунист намын түүх хариуцсан. Сүүлдээ монгол ардын намын түүх хариуцсан суртал нэвтрүүлэгчээр ажилласан. Ном орчуулж, хэвлүүлэх, улс төрийн сургуулиудыг удирдах ажилтай хэдэн жил болсон.
-“Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч гэдэг албанд хэрийн хүнийг тавьдаггүй үед та энэ албыг хашсан. Хэрхэн томилогдож байсан тухайгаа яриач, та?
-1979 оны эцсээр утас дуугарч манай хэлтсийн эрхлэгч Түмэндэлгэр “Та нэг ороод ирээч” гэв. Очтол “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Намсрай гуай сууж “Чамайг “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр авна. Сая Ю.Цэдэнбал даргатай ярьчихаад ирлээ” гэж байна. Пал хийгээд л явчихлаа. Тэр том сонины нэгдүгээр орлогч эрхлэгч гэдэг чинь юу билээ, би яаж чадах билээ л гэж бодогдсон. “Үнэн” сонин бүгдийг командалж байлаа шүү дээ. Сүрдсэндээ “Би чадахгүй байх аа” л гээд тавьчихлаа. “Яагаад” гэхээр нь “Би орос хэлэнд муу” л гэлээ. “Манай сонин орос хэлээр гардаггүй шүү дээ. Чи аймгийн сонинд ажиллаж байсан юм байна. Асуудал байхгүй. Улс төрийн товчоо дуудна шүү” гэчихээд явсан. Нэлээд хэд хоног чимээгүй байснаа дуудлаа даа. Яваад очлоо. Улс төрийн товчоо гэдэг чинь, ээ базарваань, Ю.Цэдэнбал дарга, хажууд нь Д.Моломжамц дарга, миний урд Рагчаа гуай, тэнд Гомбожав гуай, Майдар гуай сууж байгаа харагдана. Халуу оргиод л явчихсан. Боловсон хүчний Ламзав гуай “Үнэн” сонинд авах гээд байгаа Цэвлээ гэдэг хүн” гэж Ю.Цэдэнбал даргад хэлж өглөө. Дарга “Намтраа яриадах. Чангахан яриарай” л гэж байна. Тэгэхэд дарга сонсгол нь муудсан байсан байх, ядруухан л харагдсан. Чихээ тавиад суухаар нь би дэргэд нь очоод яримаар боллоо. Сүрдэж, чичрээд олигтой ч дуу гараагүй байх. Миний ярихыг сонсоод дарга “За баталъя” гэсэн. Тэгээд “Сайн ажиллаарай” гэсэн. Ю.Цэдэнбал даргын надад өгсөн даалгавар тэр. Тэгээд л “За, Намсрай хүнээ аваад яв” гэсэн. Энэ бол миний түүхэн уулзалт юм. Би өөрийгөө азтай хүн гэж боддог.
-Та Ю.Цэдэнбал даргатай уулзаж өмнө, хожид уулзаж байгаагүй юм уу. Ю.Цэдэнбал даргын ойрын хүн л “Үнэн” сонины удирдах албанд томилогддог байсан гэсэн ойлголт байдаг?
-Өмнө нь Намын дээд сургуульд сурч байхдаа нэг уулзсан. Намын түүхийн улсын шалгалт өгөх гээд миний орох ээлж болчихоод байхад үүдэнд суусан багш “Чи түр хүлээж бай” гээд оруулдаггүй. Хэд хэдэн хүүхэд урдуур оруулснаа “Одоо ор” гэв. Ороод билетээ аваад дөнгөж суугаад байтал Ю.Цэдэнбал дарга Улс төрийн товчооны хоёр гишүүнтэй хамт ороод ирлээ. Хатиг гараад толгойгоо марлиар ороочихсон байснаа аваад халаасандаа хийчихэв. Миний гарах цаг болж, билетээ ярилаа. Яриад дуусахад “Чи нэгдэлжих хөдөлгөөн ялах үед хаана байсан хүн бэ” гэхээр нь “Аймгийн сонинд ажиллаж байсан” гэтэл “Өө за за, сурталчилж явсан хүн байна” гэсэн. Тэгж нэг даргыг ойроос хараад, хоёр дахь удаагаа нүүр тулж байгаа нь тэр. “Үнэн” сонинд очсон хойноо даргын 65 насны ойд албан газрууд баяр хүргэхэд би очиж, баяр хүргэж, гар барьсан. Ингэж л гурван удаа уулзсан. Ц.Намсрай эрхлэгчийг эзгүйд сонинд нийтлэх зүйлийн талаар утсаар нэг удаа ярьсан. Тэгэхэд “Үүнээс хойш асуудал гарвал шууд надтай ярьж байгаарай” гэсэн. Би тэр хүнтэй ярих гэж явна ч гэж юу байх вэ дээ.
Нутгаасаа, Бөмбөгөр сумаасаа Ю.Цэдэнбал даргатай гар барьсан ганц хүн нь би байх шүү. Баянхонгороос бол зөндөө байлгүй яах вэ, харин Бөмбөгөр сумаас Ю.Цэдэнбал даргын халуун гарыг атгасан азтай хүн гэж боддог. Ямар ч байсан гурван удаа нүүр тулж, өөрийнхөө барааг харуулаад, нэг удаа гар барьж, баяр хүргэсэн, бас утсаар ч ярьсан. Төв хороонд найман жил ажиллана гэдэг чинь нэг аппаратад найман жил ажилласан гэсэн үг. Үүнийгээ би Ю.Цэдэнбал даргатай бараг л ойр дотно ажиллаж байсан мэт санадаг. Бас даргын нэрээр надад нэг даалгавар ирснийг мартах шахаж. Оросын хүүхдийн сэтгүүлд даргын нэрээр ярилцлага гарах болж, түүнийх нь асуултын хариултыг би монголоор бичиж, Гончиг гуай орос руу орчуулж хэвлүүлсэн юм.
-“Үнэн” сонинд Ц.Намсрай агсан таныг өөрөө захиалж, хөөцөлдөж авсан ч удалгүй Элчин сайдаар явчихсан. Харин та Л.Түдэв агсантай олон жил хамт ажилласан юм билээ?
-Тэгсэн. “Үнэн” сонинд очоод дөрвөн жил ажиллаж байтал Ц.Намсрай гуайг Германд Элчин сайдаар томилоод явуулчихсан. Надад тамга тэмдгээ хүлээлгэж өгчихөөд явсан. Сонин жил хагас хэртэй миний нэрээр гарсан. Хүмүүс “Чи сонины эрхлэгч болно. Үгүй, Эрдэмбилэг гэдэг хүн ирэх гэнэ гэцгээгээд байсан. Тэгж байтал Л.Түдэв томилогдож ирсэн. “Л.Түдэв хэцүү шүү, хална даа, чамайг” гэцгээсэн. Халаагүй ээ, зайлуул. Бид долоон жил шахам хамт ажилласан. Тэгэхдээ гар нийлж ажилласан. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхний шуугиантай ажлыг бид хоёр мандуулж байлаа шүү дээ. Тэгээд сүүлдээ хамт ажилгүй болсон доо.
-Ардчиллыг үнэн хэрэгтээ Л.Түдэв эрхлэгчтэй “Үнэн” сонин эхлүүлсэн гэж үздэг хүн цөөнгүй. Тэр цаг үед сониныг удирдалцаж явсан, бас дуулиантай нийтлэлүүд бичиж явсан хүний хувьд тэр цаг үеийн талаар яриулмаар санагдлаа?
-1987 оны Төв хорооны бүгд хурлын өмнөхөн “Хорин захидал” гэдэг материал “Үнэн” сонинд гарсан. Дандаа захидлаар сонины хоёр бүтэн нүүр гаргасан. Түүн дотор Улс төрийн товчооны гишүүн гурван хүн, Улс төрийн товчооны гишүүн биш, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга гэх мэтийн дөрвөн хүн, нийт долоон даргыг шүүмжилсэн. Монголын хэвлэлийн түүхэнд анх удаа удирдлагаа шүүмжилсэн нь тэр. Монголд ардчилал энэ тэрийн сураг ч байхгүй, Орост өөрчлөн байгуулалт гэж яригдаад эхэлсэн, Ю.Цэдэнбал даргыг халж, Ж.Батмөнх дарга болоод удаагүй байсан үе. Тэр материал Монгол Улс зогсонг байдалд орчихлоо гэж ярьж, дарга нараа шүүмжлэх эхлэлийг тавьсан гэж би боддог. Нөгөөдөр нь Бүгд хурал болно гэж байхад 7-8 том даргыг шүүмжилсэн нь тухайн үед ёстой урьд үзэгдээгүй юм болж байлаа.
-Тэгж гаргая гэдэг шийдвэрийг яаж гаргасан юм бэ?
-Л.Түдэв шийдээд, сэтгүүлч Дамба боловсруулсан юм билээ. Сонинд гарахынх нь өмнө би мэдсэн ч ерөнхий эрхлэгч нэгэнт шийдсэн зүйлийг би юу гэх вэ дээ.
-Тийм сонин гарсны маргааш нам, засгийн төв хэвлэл хатуухан донгодуулсан уу?
-Коллегийн гишүүдээ цуглуулж бай гэсэн зар Төв хорооноос ирсэн. Цуглуулчихаад байж байтал Төв хорооны хэлтсийн эрхлэгч, орлогч эрхлэгч ирлээ. Донгодож өглөө дөө. “Нам, ард түмний хооронд яс хаясан” гээд л гөвж байна аа. Тэгж тэгж гарахынх нь даваан дээр Л.Түдэв “Та нар хэний даалгавраар ирсэн бэ. Батмөнхийн даалгавраар ирсэн үү, Моломжамцын даалгавраар ирсэн үү, би маргааш Бүгд хурал дээр ярина” гэтэл нөгөөдүүлийн хулхи бууж “Дарга нар явуулаагүй, бид өөрсдөө санаачилгаараа ирсэн. Бүгд хурал дээр битгий яриарай” гэдэг юм байна. Ингээд Бүгд хурал дээр яригдаагүй тэгсхийгээд өнгөрсөн.
-“Галбын говийн дөрвөн тэмээчин” гэдэг нийтлэл тань бас тухайн цаг үеийнхээ алдаа дутагдлыг оновчтой гаргаж, шүүмжилсэн, уншигчдад сайн хүрсэн бүтээл болсон гэдэг. “Үнэн” сонин ардчилалд түүчээлсэн гэвэл энэ нийтлэл зүй ёсоор нэрлэгдэх болов уу?
-“Хорин захидал”-ын дараахан говь руу сурвалжилгаар явж энэ нийтлэлээ бичсэн юм. Энэ их шуугиан болсон. Засгийн газрын хурлаар орж байна гэж дуулдсан. Төр, засгийн эсрэг юм хийлээ л гэсэн шиг билээ. Д.Содном Ерөнхий сайд байсан. Тэгээд “Энэ шүүмжлэл үнэн байна уу, худлаа байна уу. Шалгаж тогтооё” гээд ЗГХЭГ-аас гурван хүн Ханбогд руу явуулсан байгаа юм. Бүгдийг нь нэртэй, устай, баримттай нь бичсэн юм чинь тодроод гараад ирэлгүй яах вэ. Ардын хянан шалгах хорооны дарга Ч.Молом “Засгийн газрын хурлаар нэлээд сүрхий яриад, шалгалтаар батлагдсан учраас чимээгүй өнгөрөх шиг боллоо” гэж байсан.
-Чимээтэй өнгөрнө гэвэл таныг яах байсан бол?
-Халах л байсан биз.
-Сэтгүүлчийн хувиар өөрт бодогдоод байдаг бүтээл байдаг даа. Танд тийм бүтээл байдаг уу?
-Би замын тухай их бичсэн. 1990 онд хүртэл Улаанбаатараас гадагшаа гарсан замгүй байлаа шүү дээ. Ганцхан Сэлэнгэ рүү л замтай, бусад аймаг руу огт засмал замгүй байсан. 1986-1987 оноос эхлээд баруун замын анги гэж цэргийн анги байгуулагдсан. Тэр ангийн ахлахаар Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч генерал Ч.Пүрэвжав гуай томилогдож, баруун тийшээ зам тавьж эхэлсэн. Лүнгийн гүүрнээс эхлээд Эрдэнэсант руу зам тавьсан нь Монгол Улс нийслэлээ аймгуудтай засмалаар холбох анхны шан байсан юм. Уг замыг зам, барилгын цэргийн анги барьсан юм.
Уг замын ажлыг хоёр ч удаа сурвалжилж, чанар муутай зам тавьж байна гэж нэлээд шүүмжилсэн. Хавантай, хар тосыг нь нэг дор асгачихсан, зарим газар нь тосгүй гээд энгийн нүдээр харахад шүүмжилмээр юмнууд байсан. Цэргүүд хийсэн болохоор бас ч аргагүй байсан байх.
Дээр үед зам тавих гэхээр Төв хорооны эдийн засагч нар тооцоо хийгээд, энэ ачаалалгүй, ийш нь зам тавьж зардал гаргахгүй гэдэг байсан. Баруун аймгуудаас наашаа явах ачаа тээвэр бага болохоор ашиггүй зам гээд саатуулчихна. Үүнийг би их шүүмжилсэн. Арвайн талаар хориод салаа зам гарсныг хүртэл тоолж бичиж байлаа. Зам барихгүй бол Монгол Улс ерөөсөө хөгжихгүй нь гээд “Замгүйн хохирол зам тавих зардлаасаа илүү байна” гэсэн цуврал нийтлэл бичсэн. Үүнээс хойш замын ажил ч овоо явсан. Баруун тийшээ явсан зам Өвөрхангай орж, цаашаа Баянхонгор руу тавих гэж байтал Элсэн тасархайгаас хойш нь Хархорин руу эргүүлчихсэн. Ингээд Баянхонгор хэдэн жил замгүй хэвтэж, тээр хойно зам тавигдлаа шүү дээ.
Бас “Тэжээгчээ алдвал тэтгэврийг нь хэн хариуцах вэ” нийтлэл маань уншигчдын талархал хүлээсэн. Малчид, сайн дурын нэгдлийн гишүүдийг улсын нэрийн өмнөөс ноолуурын өрөнд оруулдаг талаар Баянхонгорын Бөмбөгөр хүртэл явж байж бичсэн. Тэр нийтлэл одоо болтол хөдөөгийнхний дунд яригддаг.
-Хувьсгалд уриалах маягтай нэг нийтлэл байдаг шүү дээ?
-1988 бил үү, 1989 онд юм аа, “Хувьсгалын тохироо бүрдлээ” гэсэн гарчиг тавьж байгаад энэ засгийг унагаж, дараагийн засаг гаргаж ирэхгүй бол улс явахаа болилоо гэсэн агуулгатай юм бичсэн. Л.Түдэв эрхлэгч уншчихаад “Энэ гарчиг ч арай болохгүй байх аа” гээд “Ухрах зай, хугацаа алга” гэж өөрчилсөн. Арай зөөлрүүлж байгаа нь тэр. Төв хороон дээгүүр “Энэ юу болж байна. Төр, засгийг унагах гэж байна” гэсэн яриа гарсан л гэсэн. 1989 оны Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөн болохоос нэлээд өмнийн явдал л даа. “Галбын говийн дөрвөн тэмээчин”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг нь хэн хариуцах вэ”, “Ухрах зай, хугацаа алга” нийтлэлүүд сэтгүүлчдэд сүрхий сэдэл санаа өгсөн гэж би боддог. Радиогийн Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Мятавын Цагаан их сүрхий хүн байсан юм. “Галбын говийн дөрвөн тэмээчин”, “Тэжээгчээ алдвал тэтгэврийг нь хэн хариуцах вэ” гэдэг нийтлэлээр малчдыг мөлжиж, өрөнд оруулж, хэрэгт оруулаад болохоо байсныг хөндөхөд араас нь Монголын радиогийн “Нэгдэл гэдэг айл нэг л биш”,“Дөрөө даах гутал” нэвтрүүлгүүд гарч, нийгэмд хэлэлцүүлэг өрнөсөн.
Үндсэн асуудлыг гаргаж ирсэн улс нь сэтгүүлчид. Түүнийг улстөрчид овжиноор ашиглаж, завшсан. 1986-1987 онд ардчиллынхан гэгдэж байгаа хэд өөрсдөө ч юугаа ч мэдэхгүй гэлдэрч явсан үе байлгүй. Сонин хэвлэлд иймэрхүү зүйл гараад эхлэхээр түүнийг шүүрч аваад бужигнаад эхэлсэн. Тэднийг гарч ирэхээс хоёр жилийн өмнөх явдлыг би ярьж байна.
-Та ер нь тэр цаг үедээ шүүмжлэлтэй ханддаг байсан юм уу?
-Тэгэлгүй яах вэ. Монголын нийгэм нэг л биш болчихлоо гэдгийг мэдээд байсан. Дарга нараа их голдог болчихсон. Зарим дарга нь сайн, зарим нь муу, худлаа.
-Одоо иргэд дарга нараа их голж байна шүү дээ. Иймэрхүү уур амьсгал нийгэмд бүрдчихсэн байсан уу?
-Иймэрхүү уур амьсгал бүрдэх гээд эхэлж л байсан үе. Гэхдээ одоогийнх шиг хурц гарч ирээгүй. 1989 оноос хойш хурц гарч ирсэн юм шүү дээ.
-Та Засгийн газрын бүрэлдэхүүнд ордог, сайдын эрхтэй алба хашиж явсан хүн шүү дээ. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны албыг амаргүй үед хашсан байх?
-Намын дарга Г.Очирбат байсан. Г.Очирбат дарга нэг өдөр дуудаад “Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дарга бол” гэлээ. “Болмооргүй байна” гэтэл “Намын даалгавар” гэсэн. Хүмүүсээс асуулаа, “Оч, тэр чинь Засгийн газрын бүрэлдэхүүнд ордог, төрийн сайд шүү дээ” гэж байна.
-Та яагаад очихгүй гэсэн юм бэ?
-Цалин хөлс буучихна. Би чинь сонинд бараг 2000 төгрөгийн цалинтай, сайд 1500 төгрөгийн цалинтай шүү дээ.
-Сайдын суудалд очоод амьдралаа өөд татна гэдэг ойлголт тэр үед байгаагүйн тод жишээ юм даа. Тэгээд яагаад очсон юм бэ?
-Манай Баянхонгороос төрийн сайд гарч ирээгүй их удсан. Тэр тусмаа миний төрсөн нутаг Бөмбөгөрөөс ардын Засгийн түүхэнд л лав сайдын хэмжээний суудалд хүрсэн хүн байхгүй. Ийм боломж гарч байхад, нэг хүн хэд хоног ч гэсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд байг дээ гэж бодоод очсон.
Ид бужигнаантай, зурагтын дэнж тэр чигтээ хөдөлж байлаа. Бүх юм радио, телевиз дээр төвлөрч байсан. Тун амаргүй байсан шүү. Заримдаа ажилдаа очиход радио, телевизийн байрны хонгилд дүүрэн хүн суулт хийчихсэн байна. Ажилчид шаардлага тавьж байгаа нь тэр. Би ч их тэвчээртэй хүн. Тэвчиж л тэр өдрүүдийг өнгөрөөсөн дөө.
-Анхны олон мандаттай сонгуулийг зохион байгуулах хороонд та орж явсан юм билээ. Тэр сонгууль өнөөгийнх шиг бохир өрсөлдөөн, хэл ам хэрүүл тэмцэлгүй амар байсан уу?
-Ардчилсан Үндсэн хуулийг баталсан АИХ-ын 431 депутатуудыг сонгох олон мандаттай анхны түүхэн сонгууль 1990 оны долдугаар сарын 29-нд болсон юм шүү дээ. Сонгуулийн төв комиссын дарга нь Ж.Гүррагчаа, би гишүүн нь. Зарга их гарсан шүү. Сонгуулийн комиссынхон ийшээ тийшээ явж зарга тасалсаар байгаад таарсан юм даг. Хуулиар хориглосон юм байгаагүй. Нэр дэвшигчид сонгогчдодоо юм хум тараах чинь тэр үеэс л эхэлсэн юм шүү дээ.
-Юм тараах аа. Тэр үед үү?
-Шүдэнз, аяга, ном, хэвлэл элдвийн л юм тараасан. Шүдэнзний хайрцган дээр нэрээ бичээд тараана шүү дээ.
-Та түрүүнд Гавьяат цолны тухай дурдаад өнгөрсөн. Гавьяат цол хүртсэн тухайгаа дурсаач?
- Сонгуулиа хийчихээд амралтаа авч, идэш хоолоо бэлтгэхээр хөдөө явсан юм. Хөдөөнөөс иртэл манай ангийн Ч.Дашдэмбэрэл “Чамд нэг аз таараад байх шиг байна” гэлээ. “Юу юм бэ” гэтэл “Чи аяндаа мэднэ” гээд хэлсэнгүй. Маргааш өглөө нь Ерөнхийлөгч дуудлаа гэв. Хүрээд очтол манай “Тоншуул” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Гүрсэд тэнд байна. Тэгэх нь ээ, бид хоёрт Гавьяат өгөх гэж байгаа юм байж. Ийм юм болно гэж урьдчилж ч хэлээгүй, тэр өдрөө ч сүйд болсонгүй, Гавьяат боллоо гэж ямар нэг хүлээн авалт, найр наадам хийгээгүй, мэдээгээр ч гараагүй. Ингэж л Гавьяат болсон. Тэр намар “Үнэн” сонины 70 жилийн ой болсон юм. Гавьяат болоход МСНЭ-ийн ерөнхийлөгч Мөнхжаргал, “Үнэн” сонины Л.Түдэв, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат, АИХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Дашдэмбэрэл нар голлож нөлөөлсөн болов уу гэж би боддог. Эд надад тэгсэн гэж хэлээгүй л дээ. Чухам хэн нь тодорхойлолт гаргасан юм, мэдэхгүй. Гэв гэнэтийн юм болсон. Миний гайхсан гэж жигтэйхэн. Сүүлд бодох нь ээ, олны хөдөлгөөн ардчилал руу хандаж байхад түүнд хүч өгсөн хэдэн нийтлэл бичиж, МСНЭ-ийн онц 6-р их хурлыг зохион байгуулсан маань нөлөөлсөн болов уу. Түүнээс хойш 30 жил болжээ. Одоо миний үеийн Гавьяат бараг дуусаж байх шиг байна.
-Радио, телевизэд та нэг их удаагүй юм билээ?
-Удаагүй дээ. 1991 оны наймдугаар сард Ерөнхий сайд Д.Бямбасүрэн дуудлаа. Төвийн сонины 4-5 ерөнхий эрхлэгч, бид очлоо. Д.Бямбасүрэн “Би сая Тэрэлжид 2-3 хоног амарлаа. Гэтэл Монголын радио, телевиз өөрийнхөө Засгийн газрыг ингэж ингэж шүүмжиллээ. Радио, телевиз Засгийн газрыг унагах гэж шүүмжилдэг боллоо” гэдэг юм байна.
-Юу гээд шүүмжилчихсэн юм бэ?
-М.Зэнээгийн яриаг радиогийнхон цацсан юм. Түүнийг нь сонсчихсон хэрэг. Ингээд уулзалт дуусаад гарах гэтэл Д.Бямбасүрэн “Таныг төр засгийн нэгдсэн хэвлэлийн албаны даргаар тавих саналтай байна. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч дундаа нэг хэвлэлийн албатай болж, газрын даргаар таныг тавих гэж байгаа” гэв. Намайг өөрчлөх гэж байгаа нь тодорхой боллоо. “Би тийшээ очихгүй, тийм ажил хийж чадахгүй” гэтэл “Засгийн газар дэргэдээ сонин байгуулах гэж байгаа. Түүний эрхлэгчээр очих уу” гэв. “Тийшээ чинь очъё. Би сонин байгуулчихаж чадна” гэсэн. Ингээд маргааш нь намайг “Засгийн газрын мэдээ” сонин руу явуулж, миний оронд З.Алтайг томилсон.
Тэр үед Д.Бямбасүрэн МАХН-ын гишүүн байсан юм. Намар нь Ерөнхий сайдаасаа бууж, хойтон нь намаасаа гараад АН-д орчихсон.
-Бас МАХН-ын Засгийн газрын хоёр шадар сайдаар АН-ын Дорлигжав, Да.Ганболд гэсэн хоёр залууг авчирч тавьсан гэдэг байх аа?
-Тэгсэн. Түүнийг нь парламент, товчоо нь батлаад л байсан. Дээрээс чиг ирээд цаагуураа хуйвалдчихсан байхгүй юу. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер манайд ирээд явсан үе.. Сүүлд Мэдээлэл радио, телевизийн улсын хороо татан буугдаж, би Засгийн газрын гишүүн биш болсон ч Засгийн газрын төв хэвлэлийн эрхлэгчийн хувьд бүх хуралд суудаг, Засгийн газрын хуралд зөвлөх эрхтэй оролцдог байлаа шүү дээ.
-“Засгийн газрын мэдээ” гэдэг сониныг та хөл дээр нь босгосон. Харин таныг тун таагүй явуулсан гэдэг. Тэгэхэд юу болсон юм бэ?
-“Засгийн газрын мэдээ” сонины туршилтын дугаарыг 1991 оны есдүгээр сарын 2-нд гаргаж, 1996 он хүртэл ажилласан. Таван жилийн ой хариугүй болох гэж байхад хөгшний бие муудаж, би ч өөрөө эмчлүүлэх шаардлагатай болоод бид хоёр Бээжин явсан юм. Тэр хойгуур сонгуулийн дүн гарч, АН олонх болон, М.Энхсайханы Засгийн газар байгуулагдсан. М.Энхсайхан томилогдож очсон өдрөө намайг халах тушаал гаргасан байгаа юм. Намайг халсан тушаалдаа шадар сайд Л.Энэбишээр гарын үсэг зуруулах гэхэд нь “Наад хүн чинь өвчтэй, гадаадад эмчлүүлж байгаа. Өөрөө ирэг. Засгийн газрын гишүүд бүрдээгүй байхад ганцхан Ерөнхий сайд нь шийдэж болохгүй. Засгийн газрын хурлаар хэлэлцэх ёстой” гээд гарын үсэг зураагүй байсан. Тэгээд би ч удалгүй ирж М.Энхсайхантай уулзаад, нөгөөдөр нь ажлаа өгөөд явсан.
Би тэгэхэд 64-тэй байжээ. Би 60 хүрээд чөлөөндөө сууя гэхэд П.Жасрай “Байж бай” гэсэн юм. Ингээд П.Жасрай явж, би ч явсан даа. Есдүгээр сард “Засгийн газрын мэдээ” сонины таван жилийн ой тэмдэглэх ёстой байтал намайг наймдугаар сарын 3-нд халсан. Ингээд л дуусаагүй, намайг шүүхэд өгсөн. Хоёр сар шахам шалгасан. Юу гарах вэ дээ. Энэ муу гурван өрөө байрнаас өөр юм надад байх биш. Гэсэн ч яаж зүгээр байна гэх вэ, томилолтын зардал хэтрүүлсэн гэх мэтийн юм ярьж, гурван сая төгрөгийн акт тавьсан. Сониноос эх орны сэдэвт дууны уралдаан зохиож, түрүүлсэн хүнд нь сая төгрөгийн төгөлдөр хуур өгснийг оруулсан байсан. Бусдыг нь хаанаас, юу гаргасныг бүү мэд.
-Ингээд багшлах ажилд шилжсэн үү. Танаас номын дуу сонссон шавь нар тань сэтгүүл зүйн салбарт сайн ажиллаж яваагаас харвал та муугүй багш бололтой?
-Шууд багшлаагүй ээ. Хэсэг нөхөд сонин гаргая гэж хатгаад Д.Цэмбэл, Б.Өвгөнхүү, С.Догмид, Б.Оюунчимэг, Сандагсүрэн бид нийлж, “Монголын үндэсний мэдээ” гэдэг сонин гаргалаа. Би эрхлэгч нь ухаантай. Жил гаруй гарч, 30 гаруй дугаар уншигчдад хүргэсэн. Сонины хувьд сайн л гарч байсан. Захиалга санхүүжилт нь болоогүй учраас сонины ажлаа орхиж, мужаан хийж эхэлсэн. Тэгэхэд 70 ч хүрээгүй, залуу байжээ. Одоо гэрт байгаа жааз, жижиг сажиг модон эдлэлүүдээ ихэнхийг нь өөрөө хийсэн. Дамбадаржаад хашаа авч байшин барьсан. Хашаандаа жижигхэн хүлэмж барьж, өөрсдийнхөө идэх өргөст хэмх, улаан лооль тарилаа. Цайны сүүний ганц үнээ авч, нохой тэжээгээд хувийн аж ахуйтан болох гэж хэсэг үзлээ. Тэгж байтал нохой ч машинд дайруулаад үхлээ, үнээ ч үгүй боллоо. Бид өөрсдөө ч хашаанд байхаар ядрах маягтай болж, энэ муу байрандаа буцаж ирсэн.
Тэгтэл МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим уриад, тэнд цагаар багшилж байтал “Их Монгол” дээд сургууль урьж, тийшээ очсон. Арваад жил сэтгүүл зүйн багшаар ажиллалаа. Тэр хугацаандаа хэдэн ном гаргасан. Одоо бол гэртээ нам суугаад, бичье гэсэн юмнуудаа бичиж байна даа.
-Хүү Мөнхжин тань таны мэргэжлийг өвлөж сэтгүүлч болсон. Шинээр гарсан “Засгийн газрын мэдээ” сонины орлогч эрхлэгчийн албыг ч хашиж байсан. Үүнд та их баярласан байх даа?
-Би 50 гарсан хойноо ганц хүүтэй болсон юм. Хүү минь Австралид магистр хамгаалахаар сурч байгаа. Мэргэжлийг минь өвлөсөн гэхээсээ удмыг минь үргэлжлүүлж байгаад их баярладаг. Одоо ач охин минь энд байна. Миний үр удам ингээд үргэлжлээд явна. Хүний амьдралын хамгийн чухал зүйл хүүхэд шүү дээ. Муу хөгшинөө их ачтай, буянтай хүн гэж баярлаж суудаг юм.
Эх сурвалж: npost.mn

![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ


© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.