Хар тамхи тээвэрлэсэн хэргээр ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Монгол Улсаас Туркийн Истанбул хотод суугаа дэд консул Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал тус улсын Дрезден хотноо үргэлжилж байна.
Б.Баттүшиг нь өөрийгөө Монголын тагнуулын ажилтан, гадаадад байгаа Монголын дипломатууд тамхины хэрэгт холбогдох болсон тул өөрийн биеэр нууц ажиллагаа явуулж байгаад баригдсан хэмээн мэдүүлсэн билээ. Тэрбээр шүүх хуралдааныг хаалттай явуулж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм.
Албаны машинаар 70 кг хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт шалгагдаж буй тэдэнд холбогдох хэрэгт шинэ гэрч гарч ирсэн. Шинэ гэрч нь ХБНГУ-аас Чех улсад суух Элчин сайдын яамны холбооны ахлах ажилтан Уве Ж гэх хүн бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн байна.
Б.Баттүшиг түүнтэй нууц ажилтан гэх асуудлаар холбогдож байсан, өмнө нь Монгол Улсаас Чех улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамтай холбогдсон талаар гэрчилж, мэдүүлэг өгчээ. Яллагдагч Б.Баттүшиг өмнө нь Чех улсын нутгаар дамжин, ХБНГУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.
Уве Ж гэрчийн мэдүүлэгтээ “Намайг Чех улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байхад Монгол Улсын цэргийн өндөр тушаалын нэгэн хүн холбоо тогтоож, холбогдох мэдээлэл өгсөн юм. Улмаар дээрх ажилтай холбоотойгоор Германы эрх баригчидтай холбоо тогтоохыг хүссэн. Монголын цэргийн өндөр албан тушаалтны хэлж буйгаар Монголын Элчин сайдын яамны ажилтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ил болгох нууц ажиллагааг Б.Баттүшиг гүйцэтгэх болсон тул хар тамхи зөөвөрлөсөн байж болно” гэжээ.
Дрезден хотын Тойргийн шүүх Уве Ж гэгчийн мэдүүлгийг ор үндэстэй гэж үзэхгүй байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг (2020.01.13)-т болсон шүүх хурлын үеэр Б.Баттүшигийн хэрэглэж байсан “iPhone XS” загварын гар утсан дээрх мэдээллийг шалгах болсныг мэдэгдсэн бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна.
Эх сурвалж: TAG24
Б.ЖАРГАЛ