Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.МӨНХЖАРГАЛ: ШУДАРГА ИРГЭД НЭГДЭЖ БАЙЖ Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨРЧИЛНӨ

НИЙТЛЭСЭН: 2019-10-21 10:44:07
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Манай улс олон намын тогтолцоотой, ШИНЭ намын үзэл баримтлал, намын зарчим, үнэт зүйлийн тухай сэдвээр яриагаа эхлэе?

-ШИНЭ намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар анхны ярилцлагаа танай сонинд өгч байгаадаа талархаж байна. ШИНЭ нам үүсгэн байгуулах тухай шийдвэр гарснаас хойш харьцангуй орой буюу дөнгөж есдүгээр сард л албан ёсоор бүртгэгдлээ. Үзэл баримтлалын хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг судалж ирсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний дагаж мөрдөж ирсэн баримтлалуудын үр шим сайнаасаа саар нь олон болж.  Монгол Улсын үндэсний эрх ашиг, монгол хүн, өрх айлуудад эдгээр бодлогууд, глобалчлал сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ байдлаараа дараагийн 20, 30 жилийг төсөөлөхөд ч бэрх  болсон. Өнгөрсөн 30 жилд иргэн болгон ямар ч замаар хамаагүй баяж гэдэг дүрмээр зэрлэг капитализмаар нийгэмшүүлээд, монгол хүний үнэт зүйл алдагдсан, шударга бус замаар төрөө, нийгмийн тогтолцоогоо идээд эхэлсэн. Ганц манайд ч биш дэлхийн олон орон ийм замаар яваад нөхцөл байдлаа анзаарч, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эх оронч үзэл дээр суурилсан шинэ хандлага бий болгож эхэлсэн байна.

Тиймээс л бүхнийг засах хэрэгтэй боллоо. Эхний ээлжинд олон түмний дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Эндээс бид үндэсний эрх ашгийг нэгт тавьсан, өрхийн үзэл санаан дээр суурилсан эдийн засгаа хөгжүүлэх бодлогуудыг баримталвал ирээдүйдээ итгэлтэй хөгжих юм байна гэдэг саналд нэгдсэн. Өрх баян бол улс  баян, өрх улсын үндэс гэдэг санаа. Энэ санаан дээр эрдэмтэн, судлаачид суугаад ШИНЭ намын барих зарчим, үйл ажиллагаа бол баруун төвийн онол, үзэл баримтлал юм гэж тодорхойлсон. Илүү консерватив, уламжлалт, эх оронч, үндэсний эрх ашиг, өрх гэрийг тэргүүнд нь тавьсан. Өрх болгон өмчтэй, үйлдвэрлэлтэй, ажилтай, орлоготой хүчирхэг байж Монгол Улс хөгжлийн зөв замд орно гэдэг зарчимтай.

-Улс төрийн намууд мөнгө амласан мөрийн хөтөлбөртэй, үнэгүй өгнө гэсэн логик дээр дөрөөлж олон түмнийг өөртөө татахыг оролдож байна. Танай намын хувьд?

-Улс төрийн намуудын үнэгүй тараана, үнэгүй өгнө гэдэг философи Монгол Улсад нийцэхгүй, асар их хортой. Үнэт зүйл дээрээ тулгуурлаж оюун ухаан, сэтгэл зүтгэлээрээ өсч өндийсөн, өмчтэй, үйлдвэрлэлтэй, ажилтай, орлоготой, нийгмийн бусармаг байдлаас дархлаажсан хүчирхэг гэр бүлүүдийг энэ үнэгүй өгдөг, мөнгө тараадаг логик шууд эвдэн бусниулна.

-ШИНЭ намыг иргэдийн тэмцэл, эсэргүүцлийн дундаас мэндэлсэн гэж та бүхэн ярих юм?

-Хууль тогтолцоо нь зөв ажилладаг, төр нь хүчирхэг, үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг, нөгөө талдаа улс төрийн намууд нь тогтвортой, зөв хандлагатай улс оронд тэмцэл хөдөлгөөний орон зай байдаггүй. Харин төр нь ажлаа хийж чадахаа болиод, улс төрийн намууд нь системийн ялзралд орчихсон тохиолдолд ард түмэнд тэмцлээс өөр сонголт байхгүй. Шударга бус бүхний цаана нам дамжсан бүлэглэлүүд байна гэдэг олон түмний өмнө илт ойлгомжтой, тодорхой болсон. Өнөөг хүртэл тэр бүлэглэлүүд янз бүрийн хэлбэрээр нүүрээ нуугаад, зүсээ хувиргаад хуулийн байгууллагуудыг сүлжээндээ оруулчихсан.УИХ-д ч төлөөллөө суулгаад, хана хэрмээ босгочихсон. УИХ-ын үйл ажиллагааг гацааж, Засгийн газрыг барьцаалж байна.

Энэ тохиолдолд яах вэ? Үндсэн хуульд олгогдсон нэг л гарц байсан. Жагсаал, тэмцэл.

Өвлийн тэмцлийг таван гишүүн, 100 гаруй төрийн бус байгууллага, ард иргэд дэмжсэнийг та мэдэх байх. Бүх зүйл сайн сайхан байсан бол парламентын гишүүд гудамжинд гарч тэмцэх үү? Олон төрийн бус байгууллагууд, журмын нөхдийн хамт энэ тэмцлийг зохион байгуулж, миний бие зохицуулагчаар ажилласан. Энэ тэмцлийн эхний үр дүн гараад жаахан ч гэсэн өөрчлөлт бий болж байна. Улс төрийн тавцанд энэ бол газар хөдлөлт. Энэ газар хөдлөлтийн үр дүнд МАНАН-г хамгаалдаг, ард түмний өмчийг хулгайлдаг системд өөрчлөлт орж, хууль, шүүхийн байгууллагууд солигдож эхэлсэн. Ямар ч байсан толгой нь солигдож, хамгаалж байсан, шударга бусын хонгилын хаалга үүдийг дарж байсан хүмүүс өөрчлөгдсөн. Гэхдээ тэмцэл яван явсаар шүүхийн шатанд тодорхойгүй байдалтай тулж, гацаж байна. Нийгэмд шударга ёс тогтоох ёстой шүүхийн байгууллагад авлига гаарсан, тэмцэх ёстой гэмт бүлэглэлүүдтэйгээ аалзны тор шиг сүлжээнд орчихсон. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд бүх булхай, луйврыг баримттай нь илчлээд ил тод болгоод байхад хөдөлж өгөхгүй, барьцаанд байсаар байна.

Одоо цаашдаа яах вэ? Нөгөө таван гишүүн маань  “За ямар ч байсан Энхболдыг унагачихлаа” гээд өөр өөрийнхөө замаар явах ёстой юм уу? Энэ асуултыг хоёр гишүүн маань 21 аймаг, есөн дүүргээр явж иргэдээсээ асуусан. Иргэд ч зөв хариуг нь хэлж өгсөн. Хөдөлгөөн, ТББ, эсхүл бие даагчийн статусаар тэмцлээ үргэлжлүүлж болно, гэхдээ хоёрхон хүн хангалтгүй байна. Шударга ёсыг дэмжсэн нам харгалзахгүй нэгдсэн, жинхэнэ улс төрийн хүчирхэг намыг бий болгоод иргэдээ нэгтгээд тэмцээч гэж иргэд хүссэн, дуу хоолойгоо илэрхийлсэн. Үүнийг өвлийн тэмцэлд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд ч дуу нэгтэй дэмжсэн. Энэ ярианаас та асуултынхаа хариуг олж авсан байх гэж бодож байна.

-Өвлийн тэмцлийн Ерөнхий зохицуулагчаар ажилласан гэж та хэллээ. Энэ талаар тодруулъя?

-Бүх зүйл амаргүй байсан. Тэр  үед энэ олон иргэний нийгмийн байгууллага эвлэлдэн нэгдэж чадсан нь  гайхалтай. Яагаад гэвэл иргэний нийгмийн байгууллагуудын дунд хар технологи оруулаад, хагалан бутаргадаг уламжлалт арга барилыг бид давж чадсан. Турхирч байгаад, дотор нь хагалж байгаад хууль зөрчүүлдэг, урхинд оруулдаг. Тиймээс бид бүх зүйлийг хуулийн дагуу хийх гэж оролдсон, тэгж хийж ч чадсан. Ямар зорилгын төлөө явж байгаагаа зөв ойлгуулсан.

Энд хоёр дахь жагсаалыг онцолмоор байна. Эхний жагсаалыг МАНАН-гийнхан тоож авч үзээгүй, юу л шалив, зузаан хувцастай 3000 хүн гэх мэтээр доромжлоод өнгөрсөн. Гэхдээ зүгээр орхиогүй, бидний эсрэг жагсаал, цуглааныг үймүүлэх зорилготой маш том зохион байгуулалттай бүлэг ажиллуулсан. Нэгдүгээр сарын 10-ны жагсаал бол үнэхээр цохилт болсон. Хаа очиж иргэд маань их сонор сэргэмжтэй байсан. Дээр нь цагдаагийн байгууллага жагсаал цуглааныг үймүүлэх, турхирах замаар эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн үйлдэл болгонд бид маш сайн арга хэмжээ авч ажиллаж чадсан гэж боддог.

-Одоо нэн түрүүнд хийх ажил, зорилго юу байна вэ?

-Эхний зорилго бол сонгуулийн хувьсгал хийх замаар МАНАН дэглэмийг нураах. Үндсэн хуулинд олгогдсон боломж энэ. Намын нэрнээс харсан ч нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн шударга иргэдийн маань анхдагч зорилго нь улс эх орондоо шударга ёсыг авчрах. Үүний төлөө бид үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна.

-Ирэх 30 жилийг хэрхэн харж байгаа вэ. Хөгжил дэвшилд монголчуудыг хөтлөх, эрүүл саруул улс төрийн хүчин нь танай нам байж чадах уу?

-Дараагийн 30 жилд Монголын хөгжлийг томоор харах зорилго, үйл ажиллагаа, үзэл баримтлал, төлөвлөгөө байгаа. Нэгэнт ардчилсан улс учраас ард түмнийхээ сонголтоор бүхнийг шийднэ. Ард түмэнд л хүч нь байгаа. Энэ шинэ хүчин зөв юм, бодлого нь зүйтэй юм гэж хараад биднийг сонгох байх гэж итгэж байгаа. Сонгууль дөхөх тусам бүтэшгүй амлалтаар ховсдох, гэв гэнэт амьдрал сайхан болсон юм шиг, болох гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх зүйлд ард түмэн маань 30 жил хууртагдсан. Энэ удаа битгий хууртагдаасай гэж бодож байна. Танаас нэг зүйл асууя, Монгол Улсыг хэн өөрчлөх вэ?

-Ээлжилж төр барьж байгаа улс төрийн хүчнүүд лав биш.

-Яг зөв. Монгол Улсыг шударга иргэд нь нэгдэж байж л өөрчилнө. Үгүй бол ард түмний улс төр дэх оролцоог үгүй болгосон, бүх зүйлийг бүлэглэл шийддэг олигархижсан 30 жил үргэлжилнэ. Үүнийг задлах нь тийм амар ажил биш. Маш хүнд ажил. Гэхдээ ард түмэн нэгдвэл бүтэхгүй зүйл гэж үгүй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эцсийн шатандаа тулаад замхрах шинж рүүгээ орчихлоо. ШИНЭ нам дэмжинэ ээ гэж байгаад сүүлд нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэдгээ мэдэгдлээ. Ийм зөрүүтэй байр суурь илэрхийлэх шалтгаан юу байв?

-Үндсэн хуулийг өөрчлөх эрх одоогийн УИХ-д байгаа. Ерөнхийлөгч санал өргөн барьж болно. Эсвэл УИХ өргөн барьж болно. Аль ч тохиолдолд өөрөө өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэхгүй байхаар өргөн барих ёстой. ШИНЭ намын хувьд Ашигт малтмалын тухай, Баялгийн тухай заалтуудыг тусгах, хууль шүүхийн байгууллагын хараат бус хүчтэй ажиллах эрхзүйн үндсийг бүрдүүлэх заалтууд, орон нутгийн засаг захиргаа, нэгж, хэт төвлөрлийг сааруулахад холбогдсон тодорхой заалтуудыг санал болгосон, дэмжсэн.

Ямар ч байсан ШИНЭ намаас оруулсан заалтууд  100 хувь биш юм аа гэхэд 50-60 хувьтай ҮХНӨ-ийн төсөлд багтсан учраас дэмжсэн.  Гэхдээ би дээр хэллээ, ҮХНӨ-ийн төслийг өөрчлөх процессийг яг хуульд нийцүүлж өөрчлөхгүй бол эргээд гацаанд орох аюултай. Ерөнхийлөгчийн тавьсан хориг бол өөрчлөлтөө хуульд нь нийцүүлж хий гэсэн зарчим л харагдаж байна. Тиймээс долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг өөрчлөх нь зөв, гэхдээ өөрчлөх процессийг нь хуулийн хүрээнд явуулъя гэж л ШИНЭ нам үзэж байна.

-2020 оны сонгуульд танай нам яаж оролцох вэ. МАН, АН-тай өрсөлдөхүйц кандидатууд  бий юу?

-ШИНЭ нам иргэд эвсэн нэгдэж, улс төрд оролцох платформыг бий болгож байгаа. Нийт иргэддээ хандсан урилгаа ч олон нийтийн сүлжээгээр явуулчихсан. Шударга ёсны төлөө тууштай байж чадна, улстөрд өөрийгөө сойход бүрэн боловсрогдсон, бэлтгэгдсэн гэж үзсэн хүн бүрт ШИНЭ намын үүд хаалга нээлттэй. Гэхдээ мэдээж оффшорт мөнгөө хийчихсэн, авлига, албан тушаалын асуудалд орсон хүмүүсийн өмнө хаалттай гэдгийг хэлье. Намууд нэр дэвшүүлэхдээ өч төчнөөн зуун саяар нь гишүүдээсээ нэхдэг, босго тогтоож өгдөг. Ийм мөнгө төлөөд улс төрд орж байгаа хүнтэй хэзээ ч шударга ёс ярих аргагүй. Ийм учраас зааг ялгааг нь та олж харах байх.

ШИНЭ намд олонд танигдаагүй  ч маш олон лидер байгаа, өнөөг хүртэл улс төрийн салхинд зарчимдаа хатуу, тууштай явж ирсэн олон хүн энэ намын тулгуур багана болж байгаа. ШИНЭ намын гишүүд, дэмжигчдийн эгнээ хурдацтай тэлж байна. Нам бусчуудаас гадна МАН, АН, МАХН-аас ч орж ирж байна. Аймаг, дүүрэг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид одоо гишүүнээр нь байгаа намынхаа шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй олноороо ШИНЭ намыг сонгож байна. Бүх л аймагт ийм үзэгдэл өрнөж байна.

-МАН улаан, АН цэнхэр өнгийг голчилдог. Танай нам улбар шар өнгийг сонгожээ?

-Намын нэр, өнгө, бэлгэдлийн талаар олон хэлэлцүүлэг хийсэн. Дүрэм боловсруулах чиглэлээр олон загвар гаргасан. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж, орчин үеийн шинэлэг нам гэдэг утгаараа нэрийг нь шууд ойлгомжтой байх, энгийн байх ёстой гэж үзсэн. Улбар шар өнгө бол содон, хүчтэй өнгө. Энэ ертөнцөд хүмүүсийг ямар ч ялгаваргүйгээр ижил тэгш ивээдэг, бүх хүнд хүрдэг нэг л зүйл байдаг нь нар юм. Аливаа зүйлийн эхлэл, шударга ёсны бэлгэдэл, хэнийг ч ялгахгүй ивээдэг гэдэг утгаар нь ургах нарны өнгийг улс орноо шинэчлэн хөгжүүлэхийн төлөө, шударга ёсны төлөө нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн улстөрийн үзэл, соёлтой, орчин үеийн ШИНЭ намд тохирно гэж үзсэн юм.

-Парламентад суудалтай намын хувьд ШИНЭ-ийн Зөвлөл ямарр шийдэл гаргаж байна?

-Зөвлөл маань намынхаа үйл ажиллагаа, бодлогыг нэгтгээд даваа гариг болгон тухайн долоо хоногт хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэн чухал гэсэн хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа нэтгэж, саналаа хэлж байгаа. Хоёрдугаарт, нийгэмд тулгамдаж буй, авч үзэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцдэг.

Өнгөрсөн хугацаанд ажил албан тушаалаасаа намын үзэл бодлоос болоод халагдсан, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан ч ажилдаа томилогдож чадаагүй, хохирлоо төлүүлж чадаагүй хүмүүсийг хүлээж авсан. Мөн ББСБ-ууд, төрийн үйл ажиллагаа, хянах шалгах байгууллагууд нь ажлаа хийхгүй байгаагаас иргэд маш ихээр хохирсон тохиолдлуудыг судалж, олон хохирогчтой кэйсүүд дээр иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс төрийн байгууллагуудыг урьж оролцуулан тайлбар авах, хоёр талыг уулзуулах, намын зүгээс байр сууриа илэрхийлэх арга хэмжээнүүдийг тогтмол хийж байна.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг танай намд орно гэсэн мессэж сошиалд явдаг боллоо, энэ үнэн юм уу?

– Н.Алтанхуягийг асуувал УИХ-ын гишүүн С.Жавхлангийн талаар ч давхар ярьж таарах байх. Би өмнө нь хэлсэн, өөрийгөө шударга гэж бодож байгаа бүх хүнд ШИНЭ нам нээлттэй гэж. Хэн ч ялгаагүй МАНАН-гийн системийг нураахын төлөө сонгуулийн хувьсгал хийе, хамтаръя, зүтгэе, энэ зарчмынхаа төлөө тууштай байя, улс орны үндэсний эрх ашгийн төлөө өөрчлөлт хийе гэж байвал бид зарчмын хувьд хэнийг ч эгнээндээ нэгтгэж болно.

-Монгол саарал жагсаалтад орчихлоо гэж байна. Энэ асуудалд ямар байр суурьтай хандаж байна?

-Мэдээж шалтгаан нь мөнгө угаалт, бохир мөнгө, оффшор. Санхүүгийн эх үүсвэрээ тодорхойлохгүй бол тодорхойгүй замаар орж ирсэн шигээ эргээд эх үүсвэртээ үйлчилж, тэр дундаа терроризмийг санхүүжүүлэх эрсдэлтэй гэж үздэг. Саарал жагсаалтад яагаад орсон бэ, Монгол Улс юунаас болоод энэ олон Санхүүгийн хууль, Өршөөлийн хууль батлуулаад, тодорхой ганц хоёр банк нь дүрмийн сангаа хаанаас бүрдүүлснээ тайлбарлаж чадахгүй байна вэ? Энэ олон асуултын хариуг төр өгч, хууль шүүхийн байгууллагууд ажлаа хийхийг ШИНЭ нам шаардаж байгаа. Монголбанкнаас ялангуяа маш өндөр хариуцлагатай байхыг шаардах ёстой. Монголбанк, Сангийн яам, СЗХ, бусад төрийн агентлагууд хүчгүй, ажлаа хийхгүй нөгөө л системдээ базуулчихаад энэ асуудлынхаа учрыг олж чадахгүй байгаад хамаг учир байгаа юм. Яах аргагүй төрийн чадавхигүй байдал, нөгөө л  барьцаанд орсон хууль шүүх нь хөдөлдөггүй, нэг хэрэг шалгахаараа 2, 3 жил ямар ч ахиц гарахгүй дараад байдаг. Үүнийг олон улсын байгууллагууд шүүмжлээд сануулаад байгаа хэрэг. Төр нь ажлаа хий л гэж сануулж байна. Түүнээс саарал жагсаалтад орсон нь ард түмэнтэй ямар ч хамааралгүй.

-Л.Болд, Ж.Батзандан нарыг сүүлийн үед сошиал, хэвлэл мэдээллээр их дайрдаг боллоо?

– Ард түмэн өөрчлөгдсөн, сэрсэн шүү. Хэн тарааж байна, гүтгэлэг, харлуулах технологи нь юуны төлөө ажиллаж байна гэдгийг мэддэг болж байна. Хэн ард түмэн, улсын эрх ашгийн төлөө тэмцэж явааг, хэн өөрийнхөө, бүлэглэлийн төлөө үйлчилж байгааг  хараад л мэдчихэж байна.

МАНАН-ийн тогтолцоог унагах гээд ШИНЭ намын хоёр лидер, УИХ дахь нөгөө гурван гишүүнтэйгээ хамт тэмцэж байгаа. Сонгууль дөхөхийн хэрээр нөгөө л нэг бэлэн сайхан амлалтаар ховсдох, төөрөгдүүлэх, эргэлзээ төрүүлэх, хагаралдуулах технологийг хэрэглэж байна. ШИНЭ нам үүнийг харж байгаа, хаанаас хэн явуулж байгааг ч мэдэж байгаа. Таван гишүүнийг, иргэний нийгмийн байгууллагуудтай нь гүтгэлгээр харлуулах, мохоох үйл ажиллагаа хүчтэй явж байна. Ингэх тусам нь иргэд зохион байгуулалтад орох, эвлэлдэн нэгдэх ёстой. Бидэнд зогсох эрх алга. “Сэрсэн Монгол” аянаа тасралтгүй үргэлжлүүлж байна, эгнээгээ тэлсээр байна. Одоо “буцаад унтаж болохгүй, унтах юм бол нэг мөсөн унтана” гэдгийг бид ухамсарлаж байгаа.

-Мэргэжлийн холбоодтой хамтарч ажилладаг гэж та ярилаа?

– ШИНЭ нам орон нутгийн нэгж, бүтэцтэй. Намын нөгөө тулгуур багана нь иргэний нийгмийн ТББ-ууд, мэргэжлийн холбоод. Өнгөрсөн хугацаанд багш, эмч, тээвэрчид, мэдээллийн технологийнхон гээд мэргэжлийн холбоодтой уулзалт хийлээ. Энэ уулзалтаар салбарын удирдлагыг мэргэжлийн хүмүүст өгөх нь зүйтэй гэсэн байр суурь дээр манай нам тогтож байна. Ямар ч салбарын мэдлэггүй хүнийг улс төрийн бялуу хуваах зарчмаар томилсноос л салбарууд дампуурч дууслаа. Олон удаагийн томилгоонууд мэргэжилтнүүдийг шахан зайлуулж, зөвхөн томилгооны хүмүүсээр дүүргэж, сүүлдээ “60 тэрбум”-ын гэмт хэрэгт хүртэл өртөж эхэллээ.

-Салбарууд гэснээс ялангуяа боловсролын салбар хэцүүдсэн байна?

– Бүх л салбарын бодлого олон жилийн турш унаж,уруудаж ирсний гор өнөөдөр гарч байна. Ялангуяа боловсролын салбарт эмгэнэлтэй байдал үүсчээ. Үр дүн нь тэр дороо гардаггүй ч алс хэтдээ нийгэмд асар том нөлөөтэй үр дүн гаргадаг салбар.

Боловсролд хөрөнгө оруулаагүй улс үр дүнг нь ямар байдлаар амсдаг болохыг одоо бид туулж байна. Тиймээс энэ салбарыг ШИНЭ нам онцгойлон авч үзэж бодлого боловсруулна. Боловсролын тогтолцоонд шинэчлэл хийж, хүүхэд бүрийг ижил нөхцөлд суралцах, өсөж хөгжих тэгш боломжоор хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн төлөө ажиллана.

Эцэг эхчүүд яагаад банкинд зээл тавьж хүүхдүүдээ хувийн сургуульд өгч байна. Хувийн хэвшлийн сургуулийн статусыг бид зөв тодорхойлох ёстой. Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн боловсрол аль аль түвшиндээ гажуудчихсан. Систем нь гажуудчихсан байхад яаж энэ олон 500-600 мянган төгрөгийн цалинтай багш нарын асуудлыг шийдэх вэ, яаж түмний хүүхдийг сайн сургаад өг гэж шаардах вэ?
 

Эх  сурвалж: Зууны мэдээ сонин 
О.Наранхүү
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.