Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Б.ДАШЦЭРЭН: ИРЭЭДҮЙД ЗҮҮН ӨМНӨД АЗИД ДАМНАСАН СҮЛЖЭЭ КОМПАНИТАЙ БОЛОХЫГ БИ МӨРӨӨДДӨГ

НИЙТЛЭСЭН: 2018-10-05 14:33:13
Эдийн засаг > Баялаг бүтээгч | Сэтгэгдэл: 0

Даадаа групп ХХК-ийн Ерөнхий  Захирал Б.Дашцэрэнтэй бага, залуу нас, мөн компанийн үйл ажиллагаа болон улс орны өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

 -Даадаа групп ХХК тодорхой хугацаанд Монголын бизнесийн салбарт амжилттай, дэвшилттэй ажиллаж яваа юм байна. Энэ амжилтанд хүрэхийн өмнө олон давааг давсан байх. Юуны өмнө бага, залуу насны сайхан дурсамжаас тань яриагаа эхэлье?

-Намайг тоож  ярилцлага авъя гэж санал тавьсан танд болон танай сайтын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе.

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үед төрсөн хүүхэд залуучуудын амьдрал ямар байсан тэр хэлбэрээр миний бага, хүүхэд нас өнгөрсөн. Би Завхан аймгийн Улиастай сумын харъяат. 1988 онд Завхан аймагт төрсөн. Бага насаа аав, ээжийнхээ хайранд, мөн ясли, цэцэрлэгээр хүмүүжиж, 1997 онд Завхан аймгийн дөрөвдүгээр сургуульд элсч, 2007 онд Завхан Аймгийн Улиастай сумын математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн  сургалттай “Дэвшил” сургуулийг төгссөн.

Хүүхэд байхдаа олон нийтийн байгууллага, нэн ялангуяа Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Хүүхдийн байгууллагын идэвхтэй гишүүн байсан. Завхан аймагт Хүүхдийн Оролцооны Байгуулагуудын удирдах зөвлөл / ХОБУЗ/-ийг  сурагч байх үедээ нөхдийн хамт байгуулж, ажиллаж байлаа.

Завхан аймгийн тухайн үеийн  Хүүхдийн төлөө төвийн дарга, социалист нийгмийн үеийн Пионерын байгууллагын ахлах удирдагч Б.Төмөрбаасан гуай миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн амьдралын багш минь байдаг. Энэ хүн наймдугаар ангийн өөдөсхөн чинээ таван хүүхдийг дэмжиж, энэ том зөвлөлийг надаар удирдуулсан. Тухайн үед бид Завхан аймгийн ЕБС-ийн 33 сургууль, 24 сумыг хамарсан томоохон үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сайн дурын хүсэл, цагаан цайлган сэтгэл, эрч хүчээр ажиллаж, ирээдүйн амьдралдаа бэлтгэгдсэн. Ингэж бид 11-р ангиа төгстлөө өмнөх нийгмийн үеийн болон манай улсын хамгийн том хүүхдийн оролцооны байгууллага болох Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Хүүхдийн Байгууллагын Завхан дахь  салбар зөвлөлийг байгуулан ажилласан сайхан дурсамжтай. Хожим би оюутан болсон жилээ энэ том байгууллагын Тэргүүн бөгөөд Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллах завшаан бас тохиосон юм.

-Өмнөх нийгмийн үеийн  пионерын байгууллага шиг ажиллаж чаддаг Хүүхэд, залуучуудын ямар байгууллага орчин үеийн Монголд байна вэ. Миний мэдэж байгаагаар сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын чиглэлээр тусгаар тогтносон юм шиг үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд олон болсон. Үүнийг ямар өнцгөөс хардаг вэ. Та үзэл бодлоо хуваалцаач?

-Тухайн үед МХЗЭ, Монголын Пионерийн Байгууллага гэж байсан тухай Монголын Хүүхэд, Залуучуудын Байгууллагын түүхээс би мэднэ. Тэр үеийн Монголын Пионерийн Байгууллагын залгамж халаа болсон Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Хүүхдийн Байгууллага татан буугдсан,  харин МХЗЭ-ийн залгамж халааг авч, бааз суурин дээр нь үүссэн ардчилсан Монгол Улсын анхны ТББ-уудын нэг Монголын Залуучуудын Холбоо ажиллаж байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад энэ байгууллагуудын үйл ажиллагааг залгамжлан явуулж байгаа ганц том байгууллага бол Монголын Залуучуудын холбоо. Харамсалтай нь Монголын нийт залуучуудын  эрх ашгийг хамгаалж,  тэднийхээ дуу хоолойг төр засагт хүргэж, гүүр болон ажиллаж байх ёстой байгууллагын цөөн тооны удирдлагууд улс төрийн зорилгоор ашиглагдаад байна. Монголын Залуучуудын холбоо ажлаа зөв голдрилоор, үндсэн дүрмийнхээ дагуу явуулах ёстой.

Манай улсыг НҮБ-аас залуучуудын орон гэж тунхагласан байдаг. Монгол улсын иргэдийнх нь дийлэнх  хэсэг залуучууд учраас ингэж дэлхий нийтэд зарласан байж таарна. Ийм учраас уламжлалаа бодсон ч  залуучууд олонтой Монгол улсад МЗХ хамгийн хэрэгтэй байгууллага юм.  Харамсалтай нь энэ байгууллагын удирдлагууд чиг үүргээ бүрэн гүйцэд ухамсарлаж чадахгүй байгаа учраас удирдлаганд нь байгаа нөхрийн эрх ашгаас хамаарч юм уу, эсвэл өөр ашиг сонирхолтой хүмүүсийн зорилгыг биелүүлэхийн тулд тухайн байгууллагын үйл ажиллагаа үндсэн зорилгоосоо хазайгаад байгаа юм болов уу гэж харагддаг.

Мөн сүүлийн жилүүдэд төр засгаас хүүхэд, залуучууд, гэр бүлийн талаарх тодорхой асуудлуудад онцгойлон анхаарч холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн сайжруулж, залуучуудын тухай шинэ хуультай болсон. Үүний зэрэгцээ салбар яам, харъяа агентлагын төсөв хөрөнгө, ажиллах хүч нэмэгдэхийн сацуу төрийн зарим чиг үүргийг хуулийн дагуу мэргэжлийн болон чиглэлийн ТББ-уудад шилжүүлж, тэдэнтэй олон талаар хамтран ажиллаж байгаа зэргээс хамаарч зарим иргэд хүүхэд, залуучуудын байгууллагад олон жил идэвхтэй ажилласан хүмүүс  өөрийн сонирхол, эрхийн дагуу ТББ байгуулж ажиллаж байгаа боловуу.

-Дашцэрэн ээ, өөрөө хаана ямар сургуульд мэргэжил эзэмшиж, өнөөг хүртэл ямар байгууллагуудад ажиллав?

-Би MУИС-д экологич мэргэжлээр суралцсан. 2009 онд гуравдугаар ангийн оюутан байхдаа хилийн цэргийн 0108 дугаар ангид хугацаат цэргийн  албанд сайн дураараа явж, цэргийн албаа хаасан. Цэргийн албаа дуусаад, дараа нь их сургуульдаа суралцсан. Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газарт жил гаруй хугацаанд ажилласан.

Харин компани бий болсон тухайд ээж маань БНСУ-д амьдралынхаа тодорхой хугацаанд ажиллаж, намайг их сургууль төгсөх үеэр Монголдоо ирсэн. Ингээд ээжийнхээ Солонгост ажиллаж хуримтлуулсан мөнгөөр би анх 2013 онд компаниа байгуулсан түүхтэй. Байгуулагдсаны дараа хүмүүсийн хэлдэгээр цүнхний компани байлаа. Нэгэнт өөртөө заавал биелүүлэх ёстой зорилго тавин ААН бий болгосон учраас зорилгодоо хүрэх, байгууллага шиг байгууллага болгохын тулд ажиллаж эхэлсэн. Анх цэргийн он жавтайгаа нийлэн цагаан будааны жижиглэнгийн худалдаагаар бүтэл муутайхан л эхэлж байлаа.

Гэхдээ хөдөлмөрлөж, бүтээх асар их хүсэл мөрөөдөлтэй байсан, одоо ч мөрөөдөж, зорьж байна. Мөрөөдөл, зорилго, боломж байгаа учраас би өдөр болгон аз жаргалаар дүүрэн ажилладаг.

-Таны зоримог, өөдрөг мөрөөдлийг сонсоход таатай байна. Ингэхэд танай удам ямар гаралтай юм бэ?

-Миний буурай нар Монгол Улсад нэр хүндтэй, том угсаа гарвалтай, түүхэнд үлдсэн сайн мөртэй хүмүүс. Тэд маань хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд юм. Намайг  хүн шиг хүн бай, хүн чанартай бай, ажлыг чин сэтгэлээсээ сайн хий, ажил хийх болгондоо бусдаас суралц, хүнийг хүндэтгэж бай  гэж  өсгөсөн. Хамгийн сайхан нь ухаан орсон цагаасаа эхлэн буурлуудадаа эрхэлж, тэднээсээ суралцаж өнөөдрийг хүрч байна. Тэд минь мэнд сэрүүн байна гэдэг миний хувьд сэтгэл дүүрэн байх хамгийн том шалтгаан.

Мөн намайг хүүхэд, залуучуудын байгууллагад ажиллаж байх үеийн багш нар минь хүн байхын утга учрыг заасан. Хэдий ийм ч энэ эрхэм хүмүүнүүдээс миний сурсан, өөртөө нааж үлдсэн нь тун бага байгаа нь харамсалтай. /инээв/

-Компаниа анх байгуулж байх үе, одоогийн нөхцөл байдлын талаар товчхон ярина уу?

-Даадаа Групп ХХК байгуулагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Байгуулагдсан цагаасаа хойш улсад төлсөн татвар тодорхой жилүүдэд дараалан нэмэгдсэн, компанийн ажлын байр өссөн, үйл ажиллгааны чиглэл өргөжсөн, хамгийн гол нь бизнесийн салбарт суралцаж, төлөвшсөн жилүүд байлаа. Харамсалтай нь 2015-2016 оны хооронд үйл ажиллагаагаа тогтмол явуулаагүй. Энэ хугацаанд ажлын байраа хадгалахыг хичээж байсан. Томоохон аж ахуйн нэгжүүдийн түвшинд бид хүрэхгүй ч гэсэн  тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангаж, тэдний ард байгаа  гэр бүлүүдийн сарын  орлогод бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө би хичээж явдаг. Энэ бол миний хийх ёстой ажил, үүрэг, үүрэх ёстой хариуцлага юм.

-Үүрэг, хариуцлагаа ухамсарлаж ажиллана гэдэг оюуны их сайхан соёл шүү дээ. Ер нь танай компани нэлээд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь, уул уурхай, аялал жуулчлал, газар тариалан гэх мэт. Одоо энэ чиглэлээр ямар явцтай ажиллаж, гадаад, дотоод харилцагчтай болсон бэ?

-Манай компани аялал жуулчлалын зөвшөөрөл аваад удаагүй байна. Нэлээд хэдэн жил төлөвлөж байж, аялал жуулчлалын салбар руу идэвхтэй орж, ажиллаж эхэллээ. Одоогийн байдлаар бид аялал жуучлалын ТББ-уудыг дэмжих, гадаадын зочид, гийчдийг угтаж авах зэрэг арга хэмжээг дагнан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Саяхан манай компани Дэлхийн Эмэгтэй скаут, Эмэгтэй гайдын холбооны Монгол дахь олон улсын уулзалтыг удирдаж явуулсан. Гадаадын төлөөлөгч, зочдыг анх удаа хүлээн авсан ч чадварлаг хамт олныхоо хүчээр амжилттай зохион байгуулсан.

Харин уул уурхайн чиглэлээр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд хэд хэдэн компаниудтай хамтарч ажиллаж байна. Одоохондоо үр дүнгийн талаар ярих арай эрт байна. Гэхдээ бид уламжлалт мал аж ахуйдаа түшиглэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх, байгаль орон нутагтаа ээлтэй, ямар нэгэн асуудалгүй уул уурхай эрхлэхийг, нөхөн сэргээлт хийхийг хичээн ажилладаг.

Ухамсартай хүн ямар ч цаг үе, нөхцөлд өөрөө өөрийгөө ялна гэдэг дээ

-Уул уурхайдаа ямар олборлолт хийж байгаа вэ?

-Жижгэвтэр уурхайд судалгааны ажил хийгдэж байна. Одоохондоо олборлож эхлээгүй байгаа. Харин нөхөн сэргээлтийн ажлууд урагштай, сайн үр дүнтэй байгаа.

-Газар тариалангийн хувьд юу эрхэлж байна вэ?

-Манай компанийн гол үндсэн чиглэл газар тариалангийн ажил юм. Компаниа анх байгуулаад, газар тариалангийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Завхан аймагт өрхийн хүрээнд хүнсний ногоо тарьж байгаад 2013 оноос Сэлэнгэ аймагт улаан буудай тариалж байна. Дотоодын хүнс, гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд улаан буудай нийлүүлдэг. Монголд Засгийн газраас хамгийн сайн дэмжиж байгаа салбар бол газар тариалан гэж би боддог. Газар тариалангаас бий болсон үр өгөөжөөр манай компанийн бусад салбарууд өндийж, үйл ажиллагаагаа явуулж байна.

-Газар тариалан эрхлэхэд ямар бэрхшээл, хүндрэл учирдаг вэ?

-Шийдэх ёстой, зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай зохицуулалтууд, ажлууд бий. Зарим нь биднээс шалтгаалсан, зарим нь засаг, төрөөс, нэг хэсэг нь байгаль цаг уураас хамаарсан асуудлууд байдаг. Төр, засгаас шийдэх ёстой асуудлуудыг газар тариалангийн чиглэлийн холбогдох эрх ашиг хамгаалдаг холбоод, ТББ-уудын шугамаар хандаж тавьдаг юм. Манай улсын хувьд зөвхөн газар тариалан гэхгүй бизнес, аж ахуйн нэгж, мэргэжлийн салбаруудад маш их дарамт байдаг. Хүнд сурталтай, цаг үрсэн, үр дүн гардаггүй, юунд хэрэгтэй нь тодорхойгүй төрийн давхцсан үйлчилгээнүүдийг энгийн болгож, хялбарчлах шаардлагатай гэж би үргэлж бодож байна.

-Та их чухал асуудал хөндөж байна. Төрийн механизм, бүтцийг тан шиг ийм сайхан санааны үүднээс өөдрөг, шинэлэг сэтгэлгээгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс өөрчлөх ёстой. Тэгэхээр таны бодлоор төрийн үйлчилгээг иргэдийн төлөө, мөн бизнес эрхлэгчдийн төлөө дарамтгүй, хөнгөн шуурхай болгох ямар арга байна вэ?

-Ерөөсөө энэ бол манай улсын эдийн засгийн болон боловсролын тогтолцоотой холбоотой гэж боддог. Нэгд, эдийн засаг чадамж муутай. Дээрээс нь төрийн албан хаагчид цалиндаа сэтгэл дундуур, амьдралдаа сэтгэл ханамж муу байгаа учраас ажлын найман цагийг оромдоод өнгөрүүлдгээс хамаарч байна. Хоёрт, манай боловсролын систем алдаатай болсон мэт санагддаг. Хүн байх учир утга, хүн хоорондын эелдэг харилцаа, соёл, ухамсар, сэтгэл зүйгээр дэмжих, сэтгэлийн хат суулгах, амьдрах чадварын боловсрол ердөө олгогдохгүй байна. Үүнээс болж зэрэмдэг харилцаатай, муу сэтгэлтэй, ухамсар дорой, соёлгүй, хэнээтэй сэхээтнүүд нийгмийг эзэлж байх шиг санагддаг. Энэ бол миний хувийн харах өнцөг. Би ч гэсэн ажилчиддаа одоохондоо амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний цалин өгч чадахгүй л байгаа.  

Дээр нь манай байгууллагын хөдөө аж ахуй, махны салбарын үйл ажиллагаа бүгд тээврээс хамааралтай. Бензины үнэ, валютын ханш бага зэргээр савлахад бидэнд маш их хэмжээний алдагдал, санхүүгийн дарамт үүсч байдаг. Аж ахуй нэгжүүдийн хил хоорондын ачаа, бараа бүтээгдэхүүн тэвээрлэх гэрээ, гааль, аж ахуйн нэгж хоорондын гэрээ хэлцлүүд зэрэг гадаад худалдааны гэрээнүүд бүгд нэрлэсэн валютаар хийгддэг. Эдгээр валютууд савлаад эхлэхэд нөгөө талаас орж ирэх ашиг буурдаг юм. Энэ бол Монгол Банк, Засгийн газраас байнга анхаарч, зохицуулж байх ёстой хамгийн эхэнд байх асуудал.

-Жишээлбэл?

-Засгийн газар иргэдийн амьжиргааг дэмжих, валютын ханшийг тогтмол байлгах ёстой. Эдийн засгийн оновчтой голдиролд нийцүүлсэн арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн манай улсын залуучууд их залхуу байна.

Монголчууд маань ажил хийж, болгож, бүтээх гэж байгаа, амьдралынхаа хоолыг олох гэж зүтгэж байгаа нэгнийхээ хөлнөөс байнга татдаг, араар нь доош хийж ажлыг нь гацаадаг, эрх ашигт нь нийцэхгүй бол ажлыг нь унагадаг, аливаа юманд нээнтэг тавьж ханддаг. Тэгсэн хэрнээ дарга, захирлын хээнээтэй. Хүн шиг ажлаа хийж чаддаггүй хэсэг бүлэг хүмүүс энэ нийгэмд байсаар байна. Тиймээс энэ асуудлыг нийтээрээ анхаарч, тэмцэж, өөрчлөх хэрэгтэй. Магадгүй энэ төр, нийгмийн бүтэц тодорхой цаг хугацааны дараа өөрчлөгдөж магадгүй.  

Гэхдээ хэзээ өөрчлөгдөнө гэж хүлээх вэ дээ. Ер нь Монгол Улс нэгд, эдийн засгийн  салбараа заавал өөрчилж, санхүүгийн чадамжаа маш сайн дээшлүүлэх шаардлагатай. Хоёрт, хүнээ, залуучуудаа, хойч үеээ, иргэдээ анхаардаг болох хэрэгтэй. Ухамсартай хүн ямар ч цаг үе, нөхцөлд өөрөө өөрийгөө ялна гэдэг дээ. Нэн ялангуяа боловсролын салбарт. Жишээ нь, ерөнхий боловсрол үнэгүй олгогдох байтал эцэг эхчүүд улсын мэдлийн  сургуульд хүүхдээ оруулах  гэж олон асуудал  шийддэг гэж би сонссон. Энэ бол байж болохгүй асуудал. Хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байгаа ерөнхий боловсролын сургуулиудын тооны дутагдал мэт боловч цаагуураа тогтолцооны гажиг, түүнийг далимдуулсан сэтгэлгүй албан тушаалтнуудын л асуудал юм шүү дээ.

-Ер нь боловсролын салбарын сургалтын төлбөрийг маш их багасгах шаардлагатай нь амьдралаас илт ойлгогддог. Сургалтын төлбөр өндөр байгаа нь тухайн хүүхэд, оюутан, гэр бүлд маш их эдийн засаг, сэтгэл санааны дарамт болсоор байна. Энэ талаар таны бодол?

-Дээд боловсролын сургалтыг үнэгүй болгох ёстой. Улс нөөцийн мах, ноолуур, бензинд татвар төлөгчдийн мөнгөнөөс үр дүн гардаггүй татаас өгч байхаар эдийн засгийн хуулинд нь захируулаад орхих хэрэгтэй. Харин дээд боловсролын салбартаа татаасаа өгч, дээд боловсролыг үнэгүй болгох хэрэгтэй. Тэгээд дээд боловсрол эзэмших эрхээ олж авах шаардлагыг өндөр болгож хязгаар тогтоох шаардлагатай. Ингэсэнээр дипломтой ажилгүйчүүдийн тоо багасаж, хөдөлмөрийн болон мэргэшлийн зөв хувиарлалттай болно.

Хэн шаардлага хангаж дээд боловсрол эзэмшинэ тэр нь хуульч, багш, инженер, эдийн засагчаараа ажиллаж, үлдсэн хэсэг нь нийгэм, эдийн засагт баялаг бүтээх хөдөлмөрийн гол гол салбаруудад нарийн мэргэшлийн буюу гагнуурчин, замчин, барилгачин гэх мэт ажлаа хийх хэрэгтэй. Мөн хэн ч байсан эрдэмтэн, судлаачдаа сонсдог байх ёстой. Жишээ нь, газар тариалан эрхлэж байгаа хүмүүс хангай дэлхийтэйгээ эелдэг харилцаж, агрономчийн үгээ сонсож ажилладаг шиг бусад салбарууд гол гол эрдэмтдээ сонсдог болох хэрэгтэй. Энэ мэт олон асуудлыг гаргалгаа, шийдлийг санал болгож, өөрчилмөөр санагддаг юм. Төр менежерийн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байгаад энэ мэт тогтолцооны алдаа гараад байгаа юм боловуу гэж санагддаг.

-Таны санал, үзэл бодлыг сэтгүүлчийнхээ хувьд дэмжиж байна. Ингэхэд танай компани зарим үед санхүүгийн хүндрэлээ яаж шийддэг вэ?

-Миний хийдэг ажил тодорхой. Би хувийн хэвшилд яагаад ажиллах дуртай байдаг вэ гэвэл дуртай ажлаа хийж байгаа болохоор шүү дээ. Бидэнд санхүүгийн болон бусад олон дарамт, саад учирч байдаг л даа. Хамгийн гайхалтай нь манай ажилтан, ажилчид надад их итгэж, ажилладаг учир бид ойлголцож хамт олныхоо хөдөлмөрийн хүчээр давдаг.

-Саяхан та Малайзын гүнжийн оролцсон Эмэгтэй скаутын олон улсын үйл ажиллагаанд их сайхан оролцлоо. Ийм үйл ажиллагаанд оролцдог тухайгаа сонирхуулаач?

-Би Завхан аймгийн хүүхдийн байгууллагын салбарын гишүүнээс эхлээд  Монголын Хүүхдийн Байгууллагын Тэргүүн нь болтлоо хүүхдийн байгууллагад  ажиллаж байсан. Энэ үед туршлагатай, мундаг хүмүүстэй хамт ажиллаж, үг, сургаалийг нь сонсох аз завшаан байлаа. Жишээ нь: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө  үндэсний газар /хуучин нэрээр/-ын дарга Монгол Улсын гавъяат багш М.Тогтохням,  хэлтсийн дарга Н.Оюунчимэг, Б.Төмөрбаасан, н.Баавгай багш нар маань биднийг хүн байх талаас нь их сургаж, багшилсан хүмүүс. Одоо ч гэсэн багш нартайгаа байнга холбоотой. Тэр үеийн хүүхдүүд бид одоо нийгмийн салбар бүрт байр сууриа олсон, тухайн салбартаа болон нийгэмдээ тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлсэн,  хөдөлмөрч залуучуудын төлөөлөл болж байна.

Манай Эмэгтэй скаут, Эмэгтэй гайдын Холбооны гүйцэтгэх захирал н.Эрдэнэчимэг эгчийн санаачилсан ТББ-ын үйл ажиллагааг бид дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Энэ байгууллага Монголд болон дэлхийд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, эрхийг хамгаалах талаар хурцаар тавигддаг олон нийтийн анхаарал татсан асуудлуудад шийдэл хайн ажилладаг сайн дурын хөдөлгөөн юмаа.

Одоо цагт хүн яаж хөгжих ёстой, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлснээс ирээдүйн тодорхой амьдрал шалтгаалдаг болсон зэргийг олон нийт ойлгодог болжээ. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Мөн НҮБ манай улсад энэ чиглэлээр олон удаа хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Монголд анх удаа энэ намар болсон Эмэгтэй скаут, Эмэгтэй гайдын холбооноос явуулсан арга хэмжээнд Зүүн Өмнөд Азийн найман орны 200 орчим хүмүүс хандив өргөсөн.

Энэ арга хэмжээнд Даадаа Групп ХХК-ны маань Захиргааны албаны 9 ажилтан гурван автомашинтай багаар болон тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэн дэмжин ажилласан. Малайзын угсаа залгамжилсан гүнжийг дагалдах хүмүүсийн хамт хүлээн авч үйлчилж, эх орноо танилцуулсан. Түүнчлэн бизнесийн болон холбогдох салбарын уулзалтууд хийлээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын талтай ч хамтын ажиллагаа тогтоосон.

-Даадаа групп ХХК Малайз улстай ямар хамтын ажиллагаа тогтоож, ажиллахаар төлөвлөж байгаа юм бол?

-Манай компани БНХАУ-руу дулааны аргаар боловсруулсан мах экспортлодог болоод жил гаруй болж байна. Монгол улсад малыг хамарсан шүлхий өвчин гарч байгаа учир Хятад улс руу түүхий мах гаргахыг зөвшөөрөхгүй байгаа. Мөн Оросын транзит тээврээр дамжин Вьетнам улсын хил дээр махаа аваачиж эхэлсэн. Энэ бол жижиг, дунд бизнес эрхэлдэг бидэнд маш эрсдэлтэй зам. Гэвч бид худалдаа арилжааг зөвхөн Хятад, Вьетнам улсын хэмжээнд харахгүйгээр төмөр болон усан замаар тээвэрлэж хүрэх ямар боломж, хувилбар байгааг хайж судалж байна. Тэр үүднээс Малайз улсыг судалж, хамтын ажиллагаатай болохыг зорьж байна.

-Одоогийн байдлаар танай компани гадаад харилцаандаа ямар орнуудтай идэвхтэй харилцаж байна вэ?

-ОХУ-ын тодорхой компаниудтай газар тариалангийн чиглэлээр хамтарч ажилладаг юм. Хятад улсын Хубэй, Юнань мужийн таван компанитай мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр ажиллаж байгаа. Зарим компаниудтай яриа хэлэлцээрийн түвшинд байна.

-Танай компанийн оргил зорилго юу вэ?

-Манай үндсэн зорилго ажлын байраа тогтвортой байлгахын төлөө ажилладаг. Жишээ нь, надад итгээд ажиллаж байгаа 86 орчим хүмүүсийг ажлын байргүй болгочихгүйн төлөө их бодож, ажиллаж байна даа. Бидэнд сонирхож байгаа бизнесийн тодорхой төлөвлөгөө ч бий. Миний чухал зорилго компанийн засаглалыг хөгжүүлсэн, ирээдүйд Зүүн Өмнөд Азид сүлжээ компанитай болохыг мөрөөддөг.

Харин Монгол улсад ажлын байр олно, тэр байгууллагадаа зөвшөөрөгдөнө, тогтвортой ажиллана, ажилдаа дуртай, залхуурахгүй хийнэ гэдэг хэцүү асуудал болсонд сэтгэл эмзэглэж явдаг.

Нэг л зангаараа амьдарч, амьдралыг хүн чанартай дуусгая гэж боддог

-Сайхан зорилго байна. Амжилт хүсье. Компанийхаа одоогийн амжилтанд хүрэхэд ямар бодлого, зарчим баримтлаж ажиллав таны хувьд?

-Баярлалаа. Би 2015 онд шүүхээр ял шийтгүүлж байсан юм. Ингээд тодорхой хугацааны дараа үнэн зөв нь олдсоон.. Энэ үед манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Гэвч манай хамт олон надад маш их итгэж, дэмжсэн учир ажлын байраа хадгалан үлдэж чадсан түүх бидэнд бий.  Захирал нь хэрэгт холбогдож ял сонссон, нэр хүнд нь түүнтэй хамт авслагдсан, тун бага хэмжээний орлого олдог байгууллага ажлын байраа хадгалж үлдэнэ гэдэг хэцүүхэн асуудал байсан. Энэ бол гайхамшиг бөгөөд энэ гайхамшиг маань  намайг ойлгодог хүмүүстэй зайлшгүй холбоотой.

Ингэхэд хүний амьдралын зорилго их энгийн шүү дээ. Зарим нь их том агуулгатай зүйл ярьдаг. Хүн болгоны үзэл бодол өөр л дөө. Дэлхийн 7 тэрбум хүний хүсэл, зорилго сайхан амьдрах л байдаг. Нийтийн хувьд сайхан амьдрахад сайн ханьтай, сайн ажлын байр, сайн мэдлэг боловсрол юуны өмнө чухал байх. Харин миний хувьд бие организм, оюун санаа, сэтгэл, сэтгэлгээний хувьд эрүүл байж, хүн чанар, мөн чанартайгаа байхыг илүүд үздэг юм.  Миний бодлоор Монголын ард түмэн их азтай. Зовж, өлсч үзээгүй. Тиймээс их залхуу байдаг байх гэж боддог.

Ер нь сайхан амьдрахын тулд хүн өөрөө өөртөө л найдах хэрэгтэй. Уурлаад, үзэн ядаад, атаархаад, хий дороо эргээд  яваад байх юм бол тэр хүний амьдрал бараан л болно. Хэн сайн хөдөлмөрлөнө, тэр хүн л аз жаргалтай сайхан амьдарна. Тэгэхээр миний хорвоод амьдрах гол зорилго сайхан амьдарч, үр удмаа үлдээж, гэр бүлээрээ аз жаргалтай байх явдал юм. Бага ч гэсэн байгууллага удирдаад явж байгаа хүний хувьд миний ажилтнууд ч гэсэн гэр бүлдээ аз жаргалтай байгаасай гэдэг зарчмыг баримтладаг.

-Уучлаарай, өөрөө яагаад шийтгүүлсэн юм бэ. Тэр заалт нь үндэслэлтэй байсан юм уу?

-Олон асуудал байсан л даа. Тэгэхдээ ийм тийм байсан ч гэдэг юмуу, бусдаас болсон ч гэдэг юмуу одоо бол сонин зүйл биш байх. Нэгэнт болоод өнгөрсөн, би даваад туулаад дууссан цаг хугацаа шүү дээ. Хэн буруутай вэ, юунаас болсон бэ гэвэл би өөрөө л буруутай, миний хэнэггүй, хайнга байсан дутагдалтай зангаас болсон л гэж ойлгодог. Тухайн онд олон компани, аж ахуй нэгжүүдийн сайхан залуу захирлууд даргын ширээнээс хэцүү нэрт рүү шилжсэн. Тэдний нэг нь би юм. Гэвч ямар ч нөхцөл, цаг үед би нэг л зангаараа бусадтай харилцаж, ажиллаж, амьдарч явдаг. Нэг л зангаараа амьдарч, амьдралыг хүн чанартай дуусгая гэж боддог. Энэ бол миний амьдралын философи, хүн чанар юм.

Харин манай улс хууль, эрх зүйн орчноо сайжруулж, хуулийг хэрэгжүүлдэг байгууллагуудын систем, бүтцийг тодорхой болгож, алба хаагчдыг гээгээрүүлэн, хариуцлагажууулах зайлшгүй шаардлагатай юм байна лээ. Хэдэн төгрөгний асуудал үүссэн аж, ахуйн нэгжүүд болон хүмүүс хүний амь бүрэлгэсэний хэмжээний ял эдлээд байх нь шударга бус шүү дээ.

-Монголын залуучуудын талаархи таны бодол?

-Манай үеийн залуус оюун ухаан, хүн чанар, сэтгэлийн хатын хувьд их доройтсон байгаад харамсаж байна. Одоогийн 18-19 насны залуучууд нийгмийн амьдралын сайхан цаг үед өсч байгаа. Тиймээс тэд энэ улс орныг хөдөлгөж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болов уу гэж би боддог. Одоо монголчууд бие биенээ дэмжиж, хамтарч ажилладаг чиглэл рүү ормоор байгаа юм. Монгол эрчүүд эр хүн шиг биш болжээ. Эр хүний үүрэг, хариуцлага, ёс зүй их алдагдаж байна.

-Монголд бие биенээ хавчиж, атаархдаг, ажлаа шударгаар хийж яваа нэгнээ дэмждэггүй, буруу ойлгодог харилцаа хандлага их байдаг. Ийм уур амьсгалыг яаж өөрчлөх вэ?

-Хүмүүсийн дийлэнх нь мөнгө олж байвал хамаа алга гэсэн бодол, хандлагатай болчихоод, төөрөлдөж байна. Дээрээс нь хэлэхэд, улс төрд долдигносон, дарга сэтэртэний  цүнхийг барьж  албан тушаал горьддог чанаргүй хэсэг бүлэг нөхдүүд больчих хэрэгтэй. Ингэж амьдарч, тэгж албан тушаалд очоод яах юм бэ. Тэрнийх нь хор гай захаасаа эхлээд илэрч, олон түмэнд танигдаж, ард нийтэд гай болж  байна.

-Хүн чанартай байна гэдэг хүн ёсны хамгийн сайхан үнэт зүйлс шүү?

-Бид тайван сайхан нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Зөв амьдарсан хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл зовлон дааж, бусдад саад бололгүй, хүн чанартай амьдарсан хүнийг хэлэх болов уу. Дэлхийн алдартай томоохон компаниудын захирлуудын түүх намтрыг уншиж байхад, тэр хүмүүс  амьдрлынхаа бэрхшээлийг урсгал сөрсөн, түүнийхээ төлөө тууштай хичээж, амжилтанд хүрсэн байдаг. Зөв хөдөлмөрлөж байж сайхан амьдрах хэрэгтэй.

-Одоогийн Монголын улстөрчид, оффшорчдын талаар үзэл бодлоо хуваалцаач?

-Энэ бол ядуу дорой, арчаагүй амьдарч байгаагийнхаа бурууг хөдөлмөрлөж, жаахан мөнгө олж байгаа хүмүүсдээ тохсон өрөөсгөл ойлголт, цаашлаад нэг нэгэндээ атаархсаны нэг илрэл байж болно. Оффшор гэдэг татварын таатай орчин шүү дээ. Харин оффшорт хадгалсан мөнгө нь ямар эх үүсвэр, аргаар олдсон бэ гэдэг чухал. Бизнес хийж байгаа компанийн захирлууд оффшор бүсэд данс нээж, хувьцаа худалдаж аваад, зөв аргаар олсон мөнгөө зөв голдирлоор эргүүлж баялаг бүтээх юм бол буруу зүйл биш. Ер нь өнөөдрийн Монгол улсын ард нийтийн дийлэнх хэсгийн амьдрал дорой, дутуу гучуу байгааг дагаад мэдээлэлийн олон салаа урсгалыг ашиглан  амьдралдаа сэтгэл дундуур, хөдөлмөрч бус, мэдлэг дулимагхан хэсгийг онилж үндэстэний хөрөнгөтөнүүдийг өөрсдөөр нь булшлуулж байгаа улс төрийн бүлэглэлийн буруу үйл ажиллагаа гэж би боддог.

Хэрэв улс төрч, бизнесмэнүүдээс оффшор бүсэд буруу эх үүсвэртэй мөнгөө хадгалж байгаа бол Монголын хуулийн байгууллага буруу гарын нөхдийг шалгаад зохих ёсны арга хэмжээгээ авах байх. Би Монголын хуулийн байгууллагыг муу ажилладаг гэж үздэггүй. Зөвхөн хуулийн байгууллагуудад ажилладаг мэдлэг, чадваргүй албан хаагчид байдаг. Тэд нийт системээ муухай харагдуулдаг гэдгийг мэднэ. Нэг саналыг онцолж хэлэхэд, улс төрд бизнесмэнүүд орж ажиллахыг буруу гэж үздэг. Даанч манай улсын улс төрчид нь бизнесменүүдэдээ хэрэгтэй хууль, шаардлагатай  эрх зүйн орчинг бүрдүүлж зөв аргаар ажиллахгүй болохоор бизнесменүүд нь өөрийн эрхгүй улс төрд оролцож байна. Үүнээс болж тэднийг дагасан бүлэглэл үүсч нийгмийн тогтолцоонд алдаа гарч байх шиг санагддаг.

-Таны үзэж байгаагаар Засгийн газар бизнес эрхлэгч ажил олгогчдийг хэр дэмждэг юм бэ?

-Бизнес эрхлэгч, ажил олгогчдийг төр бодлогоор дэмждэг байх ёстой. Гэтэл салбарыг дэмжээд байдаг. Салбар дэмжинэ гэдэг бол татвар төлөгчдийн мөнгийг хоосон агаарт цацаад орхиж байгаа зүйл. Харин хүнээ, хүмүүсээ дэмжих юм бол тэр мөнгө нь өсөж үржээд эргэлдэж байна шүү дээ.  Жишээ нь: ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнууд Засгийн газрын 300 дугаар тогтоолын техникийн зохицуулалтыг хийж өгөхгүй байсаар сүүлийн хоёр жил хонины нэхий ямар ч үнэгүй хог болж байна шүү дээ.

Учир юу гэхээр Засгийн Газрын 300 дугаар тогтоолоор дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг улсаас дэмжиж бэлтгэсэн малынхаа бүх арьс шир, нэхий өлөнг дотоодынхоо үйлдвэрүүдэд боловсруулна гэж мэдэгдсэн. Тэдгээр үйлдвэрүүдэд их хэмжээний зээлийг ЖДҮДС-аар дамжуулаад олгочихсон. Гэтэл малчдын гар дээрээс уламжлалт аргаар бэлтгэгдэн ирсэн арьс шир, нэхий зэрэг түүхий эд нь үйлдвэрт боловсруулагдах стандарт шаардлагад нийцэхгүй, бас дээрх үйлдвэрүүдийн хүчин чадал бүгд нийлээд өдөрт 1000 ширхэг түүхий эд боловсруулна, цэвэрлэх байгууламж нь ачаалалаа дийлэхгүй байгаа гээд олон асуудал шалтгааны улмаас дотоодод цугларсан арьсаа боловсруулж дийлдэггүй.

БНХАУ-руу дээрх үйлдвэрүүдэд стандартын шаардлага хангахгүй, боловсруулж дийлэхгүй үлдсэн арьс ширийг экспортолчихое гэхээр Засгийн Газар хориглочихсон. Техникийн зохицуулалтыг нь хийгээд хил гаргачихаар боловсруулах үйлдвэрүүдийн эзэд бүтээгдэхүүн байхгүй гэдэг худал шалтаг хэлээд зээлийн эргэн төлөлтөө төлдөггүй. Үүнээс үүдээд өнөөдөр СХД-ийн 32-р хороо Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 89 орчим аж ахуй нэгж, хувь хүмүүсийн 9 тэрбум төгрөгийн үнэ бүхий 365 мянган арьс шир, 3 сая гаруй нэхий өмхийрөөд байна. Үүнийг дагаад нэхий авдаг хүнгүй, хэнд ч хэрэггүй хог болоод хэвтэж байна даа.

Нөгөө аж ахуй нэгжүүд нь арьс ширээ өмхийрүүлэхгүйн тулд давсласан байдалтайгаар өдөр өнгөрөөж  байна. Өрөөнөөсөө гарч үзээгүй, онлайнаар ажлаа хийдэг төрийн албан хаагчийн гайгаас болж, малчдын гар дээрээс авсан 9 тэрбум төгрөгний арьс, шир, нэхий өмхийрч, хог болчихоод байгаа. Үйлдвэрүүд нь боловсруулж дийлдэггүй, шаардлага хангахгүй гээд худалдаж авдаггүй зүйлийг БНХАУ-ын аж ахуй нэгжүүд тохирох үнээр нь авья гээд байхад ЗГ-ын тогтоолоор хориотой гээд сууж байна шүү дээ.

Уул нь бол тэр 300 дугаар тогтоол дээр салбар яам техникийн зохицуулалт хийгээд тодорхой хугацаагаар зөвшөөрөхөд л шийдэгдэх асуудал юм шүү дээ. Ийм ажлуудыг мэддэг, ойлгодог, судалдаг, чиглүүлэн хийж чаддаг хүн төрд ажиллах ёстой. Энэ бүхнийг мэдэхгүй хүн тэнд ажил хийгээд яах юм бэ.

-Таны хэлж байгаа Засгийн газрын ийм хариуцлагагүй хандлага үнэн байдал шүү дээ. Одоо танай компани ямар бүтээн байгуулалт хийж байгаа вэ?

-Бид Зайсан орчмын 38 зөвшөөрөлгүй баригдсан хэл амтай объеъктуудын буулгалтын ажил хийж, нийтийн хэвшлийн газрыг чөлөөлж байна. 2018 оны 4-р сараас 9-р сарын хооронд олон удаагийн хэл амтай барилга, обьектыг манай холбогдох компаниуд буулгалаа. Богд Хан уулын дархан цаазат газарт зөвшөөрөлгүй баригдсан газруудыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа. Тэр бол бидний амарч зугаалах ёстой нийтийн эзэмшлийн талбай. Түүнийг хэсэг бүлэг этгээдүүд ч юмуу нэг хүн холбогдох хуулийн дагуу олгогдсон зөвшөөрөлгүйгээр ашиглах эрхгүй шүү дээ.  Монголчууд бид нэг нэгэндээ гай болохгүй л амьдарч сурах  хэрэгтэй байна даа.  Шат шатандаа нэг нэгнээсээ гарыг нь хардаг, нэг бол хариуцлагагүй болсон байдалтай. Нэгэндээ садаа болохгүй ажиллавал бид ч садаагүй ажиллана.

Бид газар чөлөөлөлтийн ажлаа НЗДТГ, Байгаль орчны яам, холбогдох газруудтай хамтарч ажиллаж байна. Эндээс бидний олдог ашиг бага ч олон түмэнд ашиг тустай үйл ажиллагаа юм. Төрийн тусгай хамгаалалттай газарт нийт ард түмний эрх ашгийг хохироож болохгүй.  Мөн завхан аймгийн улиастай хотод баригдах “Гэр бүл цогцолбор” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Санхүүгийн дарамтгүй бол Монгол улсад ямар ч бизнес эрхэлсэн нь нээлттэй

-Өөр ямар чиглэлд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Санхүүгийн дарамтгүй бол Монгол улсад ямар ч бизнес эрхэлсэн нь нээлттэй. Бид бусдын эх оронд хүч хөдөлмөрөө зарцуулахын оронд Монгол эх орондоо тэр хүчээ зориулах хэрэгтэй. Гадаадаас Монголд ирж байгаа нөхдүүд манай эх оронд баялаг бүтээх биш, харин манай баялгийг өөрийн эх орон руугаа авч явж байна. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд томрох хэрэгтэй, санхүүгийн удирдлагатай, зөв хяналттай, маш сайн тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн улсын дэмжлэгтэй байх шаардлагатай. Тэгж байж компаниуд нээлттэй өсөн дэвжинэ. Монголд бизнес хийх салбарын нөөц, бололцоо, чиглэл хангалттай бий.

-Төр засаг болон монголчууддаа хандаж хэлэх таны үг?

-Төр, засгийнханд үг дайгаад нэмэргүй. Сонгууль болохоор гоё сайхан үг яриад, санал авахаа л боддог хүмүүс. Энэ хүмүүсийн эрх ашиг мань мэтийн хэзээ ч ойртож чадахааргүй хүсэл. Гэхдээ тэр хүмүүс нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоод эх орноо хайрлаж байх хэрэгтэй. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг авч үлдэхийн тулд бидний өвөг дээдэс хүчин буурай үедээ зэвсгээр биш, дипломат арга, оюун ухаанаа зориулсан гэдгийг мартах ёсгүй. Харин залуучууддаа шударга, хүн чанартай, үнэнээр амьдарцгаа, хөдөлмөрлөцгөөе, хэрэгтэй зүйл бүтээе гэж уриалмаар байна.

-Компанийн захирлын хувьд цаашдаа Монголын шинэ гарааны бизнес эрхэлж байгаа болон томоохон компанитай хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Биднийг зориод ирж байгаа ямар ч хүнд манай компанийн үүд нээлттэй. Санхүүгийн хувьд чадахгүй юмаа гэхэд ажлын туршлага, чадлаараа дэмжихийг хичээнэ. Намайг болон манай хамт олныг зориод ирсэн хэнийг ч бид найрсагаар угтаж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаа. Манай компанийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорхи холбоос, хаягаар холбогдож, аваарай.

Веб сайт: www.dadagroup.mn

Холбоо барих утас: 7575-2929, 94107111

Цахим шуудан: info@dadagroup.mn, dadagroup33@gmail.com

 -Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд их баярлалаа. Танай компанийн цаашдын үйл ажиллагаанд баялаг үйлсээр ундарч, оргилсон их амжилт хүсье.

www.ardchilal.mn Ярилцсан Б.Баярмаа

 

 

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 12 ДУГААР УУЛЗАЛТЫН НЭЭЛТИЙН ХУРАЛДААНД ҮГ ХЭЛЛЭЭ
1 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НГУЕН СУАН ФУК БАРААЛХАВ
3 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ИРЛАНД УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АН ТАОИСЭЧ ЛЕО ВАРАДКАР БАРААЛХЛАА
4 минут    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 12 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
5 минут    

АРАВДУГААР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
7 минут    

УЛААНБААТАРТ 11-13 ХЭМ ДУЛААН БАЙНА
8 минут    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ ХҮЧ САЙЖИРНА
9 минут    

Яруу найрагч Х.Тэргэл Ц.Хулангаас болж ерөнхийлөгчид захидал бичжээ...
15 цаг    

Outlaw Хамтлагийн Дуучин Чинзо: Ахиж Хэзээ Ч Чамаасаа Ийм Хол Байхгүй Ээ
16 цаг    

Э.ЦЭРЭНДОЛГОР: БАЙГАЛЬ МИНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ӨВӨРМОНГОЛЧУУДААС 200САЯЫГ АВСАН БАЙНА ЛЭЭ…
16 цаг    

Налайхын Замд Осол Гарч, Зургаан Хүн Амиа Алджээ
16 цаг    

Монголчууд Дэлхийд Юм Юмаараа Тэргүүлж Байна. Баривчилгаанд Өртсөн Олон Улсын Биеэ Үнэлэгчид Дотор Монгол Хүүхнүүд Тэргүүн Магнайд Явна…
16 цаг    

Л.Бранижил Охины Тэтгэмжийн Талаар Орхон Аймгийн Хөдөлмөр Халамжийн Хэлтэс Мэдэгдэл Хийлээ.
16 цаг    

Цагдаагийн Амь Насанд Халдсан Этгээдүүдийг Олны Өмнө Шийтгэхээр Болсон Уу?
16 цаг    

ГАДНААС ИРЭХ ХҮНСНИЙ УРСГАЛЫГ ЗОГСООЖ ДОТООДОО ДЭМЖЬЕ
16 цаг    

Их Аварга Хакүхо Даваажаргал Барилдаж Чадхааргүй Болжээ.
16 цаг    

Японоос Эвдрэлтэй Машин Оруулж Ирдэг Ченжүүдийн Бичлэг Дэлгэгдлээ
16 цаг    

Трансжендер Мисс Солонго: “Анхаагийн Хэлснээр Миссийн Тэмцээний Ард Мөнгө Чухал Гэсэн Үг Биелэлээ Оллоо”
17 цаг    

БАЯНЗҮРХЧҮҮД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САНАЛ, ШҮҮМЖЛЭЛЭЭ НЭГТГЭЛЭЭ
17 цаг    

Л.БЯМБАСҮРЭН: 11 ТӨРЛИЙН ӨВЧНИЙ ЭСРЭГ 7 ТӨРЛИЙН ВАКЦИНЖУУЛАЛТААР ДАРХЛААЖУУЛДАГ
18 цаг    

ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
19 цаг    

ХУРАНДАА Ч.БОЛДБААТАР 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ
21 цаг    

ТУСГААР ТОГТНОЛЫН БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН 73 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО
21 цаг    

ЗЦГ-ЫН ОЙРОЛЦОО ШИНЭ ГҮҮР БАРИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
21 цаг    

ӨНДӨР БҮТЭЭМЖ ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРГЭНЭ
22 цаг    

АМЬ ОРЖ ӨГДӨГГҮЙ 1072 ХУВЬЦАА
23 цаг    

ШУУРХАЙ: ”Х APARTMENT” ХОТХОНЫ ЛИФТНЭЭС ХҮН УНАЖ, ГЭМТСЭН НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА
23 цаг    

КЕРЧЬ ХОТОД ХАЛДЛАГА БОЛСНЫ УЛМААС 19 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
23 цаг    

“МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА
23 цаг    

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
23 цаг    

АРАВДУГААР САРЫН 18-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
23 цаг    

УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА
23 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
23 цаг    

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ДЭЭД ЗӨВЛӨЛИЙНХӨН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
1 өдөр    

“ЦЭНХЭР ДЭЛГЭЦ”-ИЙН ДУЭЛЬ БУЮУ ЕРӨНХИЙЛӨГЧ & САНГИЙН САЙД
1 өдөр    

ОХУ-ЫН ХЭЛ ЗАСАЛЧ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГАЗҮЙД СУРГАЖ БАЙНА
1 өдөр    

НИЙТ 21 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
1 өдөр    

ИХЭНХ НУТГААР ЭНЭ САРЫН 19-НӨӨС ХҮЙТЭРНЭ
1 өдөр    

ХӨНГӨВЧЛӨХ, УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ НЭЭЛЭЭ
1 өдөр    

“YOUTUBE”-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТҮР ХУГАЦААНД ДОГОЛДЖЭЭ
1 өдөр    

МАНАЙ ГАРАГ ДЭЭР 3,4 ТЭРБУМ ХҮН ӨДӨРТ 5,5 ХҮРЭХГҮЙ АМ.ДОЛЛАРААР АМЬ ЗОГООЖ БАЙНА
1 өдөр    

МАЛЧИД ХҮССЭН ҮЕДЭЭ ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ АВАХ БОЛОМЖ БҮРДЭВ
1 өдөр    

УЛС ОРНОО НЭГТГЭХ ЯАМНЫ САЙД УМАРД СОЛОНГОСООС ОРГОН ЗУГТСАН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХАД БЭЛЭН БАЙНА
1 өдөр    

"ХАНАРУ МАРТ” ХХК НЬ ХУГАЦАА НЬ ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШОШГЫГ ЗАССАН ЗӨРЧИЛ ИЛРЭВ
1 өдөр    

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ ГЭВ
1 өдөр    

ТҮҮХЭН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
1 өдөр    

ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХИЙГ ГУРВАН СУРАГЧ АВЛАА
1 өдөр    

ХОТТОЙ МАЛ РУУ НЬ ДАЙРСАН ХЭЭРИЙН БООХОЙГ ГАРАА НУДАРЧ АЛЖЭЭ
1 өдөр    

ГИХГ АЛБА ХААГЧДЫНХАА МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫН ТҮВШИНГ ТОГТООВ
1 өдөр    

КАЗАХСТАН УЛС 500 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.