Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Н.Алтанцэцэг: Миний амьдралдаа эрхэмлэдэг чанар бол эмэгтэй хүний их сайхан, зөөлхөн зан юм

НИЙТЛЭСЭН: 2018-07-16 15:07:11
Бусад > Түүх соёл | Сэтгэгдэл: 0

Нидерландад улсад амьдарч байгаа монгол зургийн зураач Намжимын Алтанцэцэгтэй уран бүтээл, амьдрал, нийгэм соёлын талаар илэн далангүй ярилцлаа. Тэрээр Нидерланд улсын иргэншилтэй бөгөөд одоо Монголдоо түр айлчлан иржээ.

-Алтанцэцэг гуай, та Нидерланд улсаас Монголдоо ирээд сайхан амарч, зусч байна уу. Таныг дүрслэх урлагийн уран бүтээлчдийн томоохон төлөөллийн нэг гэж ойлгож байгаа. Эндээс яриагаа эхэлье?

-Баярлалаа. Би одоо амарч байна. Энэ удаагийн амралтаараа нэлээд хэдэн зорилготой Монголдоо айлчилж байна. Эхний зорилго маань Дүрслэх урлагийн дунд сургуулиа төгсөөд 40 жилийн дараа ангийнхантайгаа уулзах урилгаар ирсэн. Одоо зураачид, уран бүтээлчидтэйгээ уулзаад, амарч байна даа.

-Дүрслэх урлагийн талбарт та хэзээнээс уран бүтээлийн ажлаа эрч хүчтэй эхэлсэн бэ?

-1974 онд ДУДуС-д анх орж, дөрвөн жил суралцаж төгсөөд, Говь-Алтай аймагт хоёр жил зураачаар ажилласан. Үүний дараа Багшийн дээд сургуулийн Уран зургийн ангид гавъяат зураач Г.Одон багшийн шавь болж дөрвөн жил сурч, төгссөн. Сургуулиа төгсөөд жил дараалан урлагийн байгууллагуудад жишээ нь, Монументаль чимэглэл, Хэвлэл чимэглэл, УЭХ-ны чөлөөт уран бүтээлч, мөн хоёр жил СУИС-д туслах багшаар ажиллаж байлаа.

-Таныг зураач болоход хүүхэд насанд хэн нөлөөлж байв. Удамд тань уран бүтээлчид байсан уу?

-Миний авга ах урлагийн гавъяат зураач н.Мөнхөө юм. Ахынхаа зурсан бүтээлийг хараад би хүүхэд байхаасаа их баясдаг байсан. Харин ээж маань оёдолчин байсан болохоор би 11 наснаасаа юм оёдог болж, хатгамал хатгадаг, бага зэрэг зураг зурах дуртай болсон. Тэр үед хүүхдүүдийн нэгэн адилаар дугуйланд явж, зураг зурдаг байлаа. Гэхдээ би тийм ч их гоц байгаагүй. Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байхдаа ардын зураач Д.Амгалан багшаар дүрслэх урлагийн зохиомжийн хичээл заалгадаг болсноос эхлэн зураач болох суурь тавигдсан. Хамгийн азтай нь ЗХУ-аас мэргэжилтэн багш нар ирж манай ангид хичээл заадаг байв. ОХУ-д их сургууль төгссөн уран бүтээлчид ч хичээл заадаг болсон. Эндээс миний сэтгэл, оюун ухаан урлагийг гүнзгий ойлгох тал руугаа орсон гэж боддог.

-Зураач болохын тулд эхлээд ямар алхам хийж, юуг мэдсэн байх хэрэгтэй вэ?

-Зураач хүн эхлээд байгальтайгаа танилцах нь чухал байдаг. Жишээ нь, мал дээр өссөн хүүхэд мал сайхан зурдаг. Монголынхоо нутгаар аялж, уран бүтээлийн сэдэв, өнгө сонгох зэргийг ойлгож мэдэрч, уран бүтээл гаргахад Монголын байгаль, хүний аж амьдрал маш их нөлөөлдөг.

-Та ямар чиглэлээр уран бүтээлээ бүтээдэг вэ?

-Би дүрслэх урлагийн маш олон төрлийг сурсан. Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч байхдаа хоёр жил сийлбэрийн ангид сурлаа. Модоор юм хийхэд эмэгтэй хүнд хэцүү байсан учир баримлын ангид шилжин сурсан. Баримлын ангид хэдэн сар сурч байтал ОХУ-аас мэргэжилтэн багш ирж, керамикийн хичээл зааснаар баримлын анги маань керамикийн анги болж хувирсан. Керамикийн ангидаа монгол цагаан идээний сав суулгыг комоор нь хийж дипломоо хамгаалж байлаа. Дараа нь Говь-алтай аймагт очиж, плакат, үсэг бичдэг байв. Багшийн дээд сургуульд уран зураг заалгаж, монгол зургаар дипломоо хамгаалсан. Монгол зургийн сэдэв их өргөн санагддаг. Тиймээс тэр цагаас хойш одоог хүртэл монгол зургаараа зурж байна.

- Хэдэн жил монгол зураг зурж байна вэ?

-Багшийн дээд сургуулиа төгсснөөс хойш монгол зургийг маш ихэд сонирхсон. Ингээд Хэвлэл чимэглэлийн үйлдвэрт Монгол зургийн тасагт зураачаар ажиллаж, маш их дадлага хийж, туршлага олж авсан. Тэгээд уран зураг, монгол зургийн талаархи мэдлэг, туршлагаасаа өөрийн гэсэн стилийг гаргасан. Зарим хүн миний зургийг монгол зураг, зарим нь холимог зураг гэж хэлдэг. Би бүх бүтээлээ монгол зураг л гэж боддог.

- Монгол зургандаа ямар сэдвийг онцолж, зурдаг вэ?

-Би голдуу эмэгтэй хүнийг байгальтай нь хамт зурдаг. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг би их мэдэрдэг. Тийм болохоор эмэгтэй хүн яаж баясдаг, яаж уйтгарладаг, юу бодож, мөрөөддөг, эмэгтэй хүн ямар үүрэгтэй зэрэг өөрийнхөө мэдэж байгааг, мөн өөрийнхөө сэтгэлийг илэрхийлж зурдаг юм.

-Жишээлбэл, танай хананд өлгөсөн суугаад бодлогоширсон эмэгтэйн зургаа тайлбарлаж өгөөч?

-Би өөрийгөө энэ эмэгтэйн зургаар дүрсэлж, зурсан юм. Эмэгтэй хүн алс холын нутгаа бодоод байгаа ч юм уу, эсвэл хүний эхнэр болоод явсан эмэгтэй ч юм уу, ямар нэгэн байдлаар дотроо гүнзгий бодолтой суугаа эмэгтэйг дүрсэлсэн. Энэ зургандаа “Алтанцэцэг” гэдэг өөрийнхөө нэрийг хайрласан. Нэлээд олон жилийн өмнө зурсан зураг.

-Таны оюун ухаан, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан хамгийн үнэтэй ямар бүтээл бий вэ?

-Надад хэзээ ч зарахгүй гэсэн зургууд бий. Тэр бол “Эгч дүү хоёр”, “Алтанцэцэг” гэдэг нэртэй зургууд. Энэ бүтээлүүд маань надад их үнэтэй, миний хүүхэд шиг л юм.

-“Эгч дүү хоёр” гэдэг хэн бэ. Энэ зургаа бодит амьдрлаас сэдэвлэсэн үү?

-Эмэгтэй хүн амьдрал, сэтгэл бодол дотроо их уянгалаг бөгөөд их сонин байдаг. Эгч дүү хоёр сэтгэлийнхээ нандин зүйлийг ээжтэйгээ биш эгчтэйгээ хуваалцдаг гэдэг үүднээс энэ зургийг зурсан. Нэг ийм үг байдаг даа. “Эмэгтэй хүн цагаан зээр хоёрт нутаг байдаггүй.” гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн хэнтэй ч учирч болно. Хаашаа ч явж болно. Учирсан, явсан газартаа хүний хүн болох, мөн сэтгэл санааны хямрал, хүнд байдлаа дүү нь эгчдээ л ярина гэж би боддог учир ийм утга санааг зургандаа агуулсан. Энэ зурганд дүү нь нэг их хол газар хүнтэй суухаар явах болж, эгч нь сургамжийн үгээ дүүдээ захиж, дүү нь анхааралтай сонсон, хүлээж авч байгаа байдлыг дүрсэлсэн.

-Таны зурагнууд дээр үеийнх ч юм шиг дүрслэл харагдаж байна. Монгол зургуудаа чухам ямар стилиэр зурдаг юм бэ?

-Эртний  хана туурганд үлдсэн элементээс санаа авч, хослуулж, цэвэр монгол зураг зурдаг. Зургаа агаарлаг бөгөөд зөөлхөн өнгөөр илэрхийлэхийг эрмэлздэг.

-Монгол зургаа зурахдаа эртний үеийн хүмүүсийн сэтгэлгээг мэдэрдэг үү?

-Тиймээ, миний бодлоор эртний хүмүүсийн амьдралын манарч алга болж үлдсэн дурсамжийн түүхийг сэтгэлдээ төсөөлж зурдаг.

Миний бодол ямар байхыг тэр цуврал зураг заана

-Нийтдээ хэчнээн бүтээлтэй вэ?

-Би зураачдын дунд олон бүтээл бүтээсэн хүн биш л дээ. Гэхдээ цөөхөн санааг алс олон жилээр харж бодож, өдөр болгон зурагтайгаа холбоотой байдаг. Би ганцаараа өдөр, шөнө сууж байхдаа зурсан юм уу, зурж буй зурагтайгаа ярьж, бүтээдэг. Миний зураг яагаад надад үнэтэй байна вэ, хүнд яагаад өгч, эсвэл зарж чадахгүй байна гэвэл зурагтайгаа холбоотой байх. Ер нь зургийг тайлбарлахад хэцүү. Аль нь сайн, муу зураг байгааг хүмүүс л шалгана. Хүмүүс зургийг минь хараад сэтгэл нь татагдаж байгаа бол миний сэтгэлийг ойлгосон, бодлыг мэдэрсэн байх гэж боддог.

-Уучлаарай, та зургуудаа худалддаг уу?

-Хүмүүс зургийг минь авъя гэж санал хэлдэг. Зургууд маань миний хүүхэд юм шиг санагдаад, тэр бүр зардаггүй.

-Уран бүтээлч хүн тогтмол орлого байхгүй. Ажил, амьдрлаа явуулахад мэдээж хүнд мөнгө хэрэгтэй. Ингэхэд ямар бэрхшээл, ололттой тал танд тохиолддог вэ?

-Энэ талаар ярихад маш хэцүү л дээ. Уран бүтээлчид өөрийнхөө бүтээлийг зарж амьдрахад  хүндрэлтэй байдаг. Ер нь энэ дэлхийн хаана ч гэсэн Европын орнууд, Герман, Ази, Монгол зэрэг орнуудад уран бүтээл хүн амьдрахад бэрхшээл тулгардаг. Уран бүтээлч нэг бол их ядуу, нэг бол их баян амьдардаг гэсэн үг байдаг. Хэрвээ уран бүтээлдээ үнэнч бол үгээгүй ядуу амьдардаг гэх үгийг зураач, уран бүтээлчид болон ихэнх хүмүүс мэддэг байх. Уран бүтээлч менежертэй бол бүтээлийг нь сурталчлан таниулж, үнэд хүргэвэл амьдралыг нь сайхан байлгаж болно л доо. Гэвч тэр болгон тийм байдаггүй. Монголд олон сайхан зураач бий. Би бодохдоо тэдний зургийг хүмүүс ховорхон худалдаж авдаг байх.

Магадгүй нэр хүндтэй болсон уран бүтээлчийн бүтээлийг ойлгодог хүн худалдаж авдаг байх. Гэхдээ зургаар амьдралаа хангалуун сайхан болгож байгаа уран бүтээлчид цөөхөн байдаг гэж би ойлгодог. Гадаадад ч гэсэн мундаг зураач хүн ядуувтар амьдарч л байдаг, зарим нь замаа олсон, менежментээ олсон бол ердийн сайхан амьдардаг. Зургаар амьдралаа босгоно гэдэг хүнд сонголт шүү дээ. Чи зургаараа хоол олж, сайхан амьдрах уу, эсвэл мундаг зураач болох юм уу гэдэг их хэцүү ойлголт юм.

-Хамгийн сүүлд зурсан бүтээлээ нэрлээч?

- “60 сарнай” нэртэй зургаа хамгийн сүүлд зурсан.

-Яагаад “60 сарнай” гэж нэрлэсэн юм бол?

-Би 60 нас хүрэхэд найз маань 60 сарнай надад бэлэглэсэн юм. Энэхүү насны баяраа бэлгэшээж зурсан даа.

-Ямар сайхан юм бэ. Одоо та шинэ ямар бүтээл дээр ажиллаж байна даа?

-Миний зурсан цуврал зураг бий. Энэ зураг маань найман цуврал болсон. Нэр нь “Орчлон”. Цувралаа цаашид үргэлжлүүлнэ. Хэд хүрэхийг мэдэхгүй. Миний бодол ямар байхыг тэр цуврал зураг заана.

-Нэг ёсондоо цуврал бүтээл тань цаашдын замыг чиглүүлж, гүн ухаан агуулсан юм уу?

-Гүн ухаан гэж хэлэх юм уу. Ингэхэд яг одоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан миний бодол цаашаа үргэлжилнэ. Тэр бол гарцаагүй. Гэхдээ тэр бодол миний зурганд бууна. Энэхүү цуврал бүтээл 100, 200 ч хүрч магадгүй. Тоог хэлж мэдэхгүй.

-Уран бүтээлч хүнд нэгдүгээрт мэргэжлийн ямар ур чадвар байх ёстой вэ?

-Уйгагүй, шантрахгүй, бүтээлдээ үнэнч, оюун ухаан нь дандаа бүтээлтэйгээ хамт байдаг чанар их чухал. Манай багш Д.Амгалан 99 хувь нь хөдөлмөр, нэг хувь нь авъяас байдаг гэж хэлдэг. Хүмүүс оюун ухаанаа задлах хэрэгтэй. Оюун ухаан нь задарсан хүмүүс цаашаагаа хөгжиж явдаг. Уран бүтээлч хүн маш их зүйлийг үзэж, мэдрэх, өөрийн бодлоо унших хэрэгтэй. Зураг, бүтээл нь хүнтэйгээ нийлсэн бол тэр бүхэн гоё санагддаг.

-Оюун ухаанаа задлахын тулд яах хэрэгтэй вэ. Танд ямар зөвлөмж байна вэ?

-Оюун ухаан нь задарсан хүмүүс голдуу тоонд их сайн байдаг. Тоо, бодлогын чанартай ажлууд хүний оюун ухааныг задалж, ийм хүмүүсийн ажил урагшилж явдаг юм шиг харагддаг.

-Та гадаад, дотоодын зураачдын ямар онол, арга,  элементыг таашааж, уран бүтээлдээ тусгахыг зорьдог вэ?

-Баруун европын нэрт зураач Монет бүтээлдээ өнгийг маш сайхан агаарлаг дүрслэдэг нь таалагддаг. Мөн Ван Гогийг шүтдэг. Монголоос манай ангийн Ш.Чимиддорж, Ц.Энхжин, Ц.Мөнхжин, Д.Бадам, Ж.Цолмонхүү, Б.Төмөрбаатар зэрэг зураачдын бүтээлийг хүндэлдэг. Бас Хятадад сургууль төгссөн нэг зураач охин их гоё зурдгийг фээсбүүкнээс харсан. Ер нь өрсөлдөөн бол хүмүүсийг нээхэд их хүчтэй нөлөөтэй байдаг.

-Одоо би таны хоёр дахь эх орны талаар сонирхож асуумаар байна л даа. Ингэхэд та яагаад Нидерланд улсын иргэн болж, амьдрахаар сонгосон юм бол. Энэ тухайгаа ярьж болох уу?

-Би ойролцоогоор 20 жил Нидерланд улсад амьдарч байна. Нидерланд улс руу анх үзэсгэлэнд оролцохоор хөгжимчидтэй хамт явж байсан. Тэнд үзэсгэлэнд оролцож, зургаа зарж үзлээ. Тэр үед миний бүтээлийг Монголд хэн ч авдаггүй, үнэндээ их хэцүү амьдарч байлаа. Монголдоо ирээд, хэсэг хугацааны дараа Нидерланд улсаас урилга авч, зорьсон доо. Монголд амьдрахад сайхан байсан. Гэхдээ Нидерланд улс хүмүүнлэг талаасаа Монголоос илүү дээр байсан учир надад их таалагдсан.

-Тэндээ зургаа зураад л байгаа юу?

-Би зургийг өөрийнхөө дураар зурдаг. Заавал мөнгө болгоно гэж бодвол зурж чаддаггүй. Зураг зурмаар байвал би зурдаг. Зургаа мөнгөтэй холбох нь надад харьцангуй ойлголт юм. Зарим хүмүүс зургийг минь авъя гэхээр өгөхөд хэцүү санагддаг. Зургаа харж байх уу, эсвэл хэдэн төгрөг харах уу гэдэг нь надад их шалгуур болдог. Би бие даасан үзэсгэлэн байнга гаргаж чаддаггүй. Нидерланд улсад би зураачаас гадна өөр ажилтай учир тэр орлогоороо амьдарч байгаа. Манай Нидерланд улсад нар бага гардаг. Нартай үед миний онгод орохоор заавал зурдаг. Тэгээд ч тэр үү миний зургуудын ихэнх нь шаргал өнгөтэй байдаг.

-Гадаадын хэдэн орны үзэсгэлэнд оролцож, бие даасан уран бүтээлээ гаргасан  юм бэ?

-Би нэлээд хэдэн оронд уран бүтээлээ гадаадад гаргаж байсан. Өнгөрсөн жилүүдэд миний ажил өглөөнөөс эхлээд орой болтол ажилладаг байсан тул үзэсгэлэнд бүтээлээ тавих гэж хөөцөлдөх зав гараагүй. Миний зургийг таньж, мэддэг хэн нэгэн хүн үзэсгэлэнгээ гаргаач гэж хүсвэл үзэсгэлэнд оролцдог. Харин 1990-2008 онуудад Герман, Япон, Франц, ОХУ зэрэг орнуудад нэг удаа, Нидерланд улсад хэд хэдэн удаа бие даасан үзэсгэлэн гаргасан.

Нидерланд улсад иргэд нь эрх тэгш байдлаар хангагдсан

-Одоо та Нидерланд улсад ямар ажил хийж байгаа вэ?

-Нэлээд олон оронд салбартай компанид ажилладаг байсан. Том том театруудад даавуугаар урлагийн бүтээл гардаж хийсэн. Одоо чөлөөт уран бүтээлч.

-Нидерланд улсын дүрслэх урлагийн хөгжлийг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Нидерланд улсад маш олон зураач байдаг. Ажиглаад байхад хүүхдүүдэд ясли, цэцэрлэгээс нь эхлээд сургуулийн насанд урлагийн мэдрэмж, соёлыг их өгсөн байдаг юм. Зургаараа тунаж, ажиллаж байгаа уран бүтээлчид олон бий. Мөн Монголын зураачтай адилхан зургаа яаж зарах вэ гэж бодож суугаа зураач ч бий.

-Монголын дүрслэх урлагийг Нидерланд улстай харьцуулахад ямар түвшинд хөгжиж байна даа?

-Миний бодлоор Монголын зураачид сүүлийн үед их мундаг бүтээл хийдэг болсон. Монгол зураачид билэг танхай гэдгээрээ надад их таалагддаг. Монголын уудам нутаг, байгаль, зан заншил нь сайхан учир уран бүтээлчдийн дотоод сэтгэлээс бүтээл их хүчтэй бүтээгддэг. Монгол зураачдаа би их үнэлдэг юм.

-Одоогийн байдлаар Нидерландын уран бүтээлчид дүрслэх урлагийн ямар чиглэлийг түлхүү хөгжүүлж байна вэ?

-Яг тийм гэж хэлэхэд хэцүү байна. Европт төдийгүй хаа сайгүй урлаг их өөр болсон. Аль ч улсын уран бүтээлчид их олон хэлбэрээр бүтээлээ хийдэг боллоо. Янз бүрийн урлаг нийлж нэг том бүтээл гаргах жишээний. Гэрлийн урлаг, нарны тусгал, орон зайн урлаг гэх мэт. Миний бодлоор бүх зүйл холилдсон урлаг болсон юм шиг. Өндөр түвшинд хөгжсөн хүмүүс энэ бүтээлийг хийж дээ гэсэн бүтээлүүд их харагдаж байна. Одоохондоо Монголын уран бүтээлчид энэ хэмжээнд арай хүрээгүй байгаа.

-Танай улсад монголчууд хэр их амьдардаг юм бэ?

-Би тэнд ажил ихтэй учир монголчуудтай нийлж, уулзах зав гардаггүй байлаа. Усыг нь уухаар ёсыг нь дага гэдэг монгол үг шиг тэр улсын ёсыг дагаж, иргэншлийг нь авч, ажиллаж явсан.

-Голландчуудын амьдралын дундаж хэв маяг, зан ааш, хүмүүнлэг ёс, чанарын талаар сэтгэгдлээ хуваалцна уу?

-Монгол улсад хүмүүсийн дунд эрс тэс байдал, жишээ нь хэт ядуу, хэт баяжсан байдал ажиглагдаж байна. Гэтэл Нидерланд улсад иргэн бүр нь эрх тэгш байдлаар хангагдсан. Өвдвөл эмнэлэгт сайн эмчлүүлнэ, хэн нэгэн хүн мөнгөгүй, хэцүү болчихвол хүмүүнлэгийн байгууллага, хүмүүс нь эрж олоод тусламж өгдөг гэх мэтээр тэр олон хүнийг төр нь бодлогоор зохицуулсан байдаг.

Тэндэхийн хүмүүс хоорондоо нэлээд салангид, биеэ даасан, дарамтгүй амьдардаг. Энэ хүн надад заавал туслах ёсгүй, би өөрөө л амьдралын төлөө явна гэсэн ойлголттой учир бие биендээ дарамт болохгүй амьдардаг. Гэтэл монголчууд гэр бүлсэг харилцаагаар соёлтой ард түмэн учир хоорондын харилцаа илүү дулаахан. Ерөнхийдөө голландчууд их эелдэг, зөөлөн зан, харилцаатай. Уурлана гэсэн ойлголт тэдэнд бараг байхгүй, тайван хүмүүс. Гэхдээ тэр олон хүмүүсийн дунд янз янзын хүмүүс бий. Ер нь энэ орны нийгмийн систем их зохистой, хуулиа дээдлэдэг иргэдтэй.

- Анх очоод байхад тань бэрхшээл тулгарсан уу. Эсвэл юу нь сайхан санагдав?

-Надад ямар ч бэрхшээл тулгарч байгаагүй. Би тэнд их сайхан хүмүүстэй танилууд болсон учир надад урилга явуулахад нь их бодож, бодож л Нидерланд улсыг зорьсон доо. Одоо би хоёр сайхан эх оронтой болсон. Төрөлх Монгол эх орныхоо хөдөө нутагтаа очоод тайван амьдарч чадна. Надад иргэншил чухал биш. Хүний сэтгэл зүрх хаана байна тэр л надад чухал юм. Гэвч тэртээ тэргүй би Монгол хүн шүү дээ.

-Их сонирхолтой хувь тавилан юм. Ингэхэд Алтанцэцэг гуай, үр хүүхдээ танилцуулаач. Таны хүү морин хуурыг их сайхан хөгжимддөг юм байна ?

-Би бага наснаасаа урлагт их дурлаж ирсэн. Тийм болоод ч тэр үү хүүхдүүдээ урлаг руу түлхсэн юм. Ер нь урлагийг ойлгодог, мэдэрдэг хүн бол бас л аз жаргалтай. Хөгжим тоглоно, урлаг бүтээнэ гэдэг хүн болгонд заяадаг хувь тавилан биш. Тиймээс үр хүүхдээ урлаг руу түлхсэндээ би харамсдаггүй. Урлаг гэдэг бол их бурханлаг, оюун ухаантай холбоотой. Хүнийг тайвшруулах, баясуулах утгаараа их сайхан юм.

Манайх гурван хүүхэдтэй. Хүү Мөнхжаргал маань Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд, морин хуур тоглодог. Бага охин маань Нидерланд улсын Театрын урлагийн балетын ангийг төгссөн. Том охин маань Монголдоо 29-р сургуулийг хивс нэхдэг мэргэжлээр төгссөн. Одоо Нидерланд улсад цэцгийн үйлдвэрт ажиллаж, амьдардаг. Тэнд сургууль, ажил гээд бүх зүйл их энгийн сайхан явагддаг. Тэр улсад амьдрах болсон шалтгаан нь том охинтой маань холбоотой. Том охин маань хөгжлийн бэрхшээлтэй учир надад өндөр хариуцлага шаардагддаг. Тиймээс би жирийн ээжийг бодвол арай өөр ээж.

Юм сурна гэдэг аз жаргал

-Уран бүтээлчийн өнцгөөс харахад танд Монголын нийгэм, улс төр, хүмүүсийн аж амьдрал ямар санагдаж байна вэ?

-Би жил болгон Монголдоо ирдэг. Гадаадад амьдарч байгаа хүний хувьд би Монголын тухай фээсбүүк, ТВ-ийн гадаад мэдээнээс үзэж, ойлгодог. Монголд өндөр, шилэн байшингууд баригдаж, гоё сайхан хувцасласан хүмүүс алхаж явж байгаа нь сайхан харагдаж байна. Улаанбаатар том хотуудын тоонд орохоор болжээ. Гадаад байдал талаасаа хөгжиж байна. Хамгийн гол нь энэ том нутаг, талбайтай хэрнээ нэг газарт бөөгнөрсөн барилгууд барьж, байшинд буй зарим хүмүүс нараа харж чадахгүй болжээ.

Монголд дэд бүтэц нь буруу явагдаж байна. Мөн нэг хэцүү явдал нь дурын гудамжинд явж байхад бие засах газар харагдахгүй, бааранд, эсвэл аль нэгэн барилга руу ороод бие засах газарт оръё гэтэл оруулахгүй байх, түүнчлэн ноолын цаасаа тавьдаггүй байх жишээтэй. Соёлтой газарт ороход ноолын цаасаа жорлондоо тавьдаггүй тохиолдол ч таарлаа. Зарим хүмүүс нь их ууртай, уцаартай харилцаатай байна. Хэн нэгэн нь нэг санаа бодлоо хэлбэл бөөн уур, дэвэргэсэн үг яриа зөрүүлээд хэлээд байх шиг ажиглагдлаа.

Тиймээс манай улсын Засгийн бодлого аймаар том мөнгөний урсгалд дугуй өнхөрүүлсэн юм шиг санагдах болсон. Хүмүүс хаана ч очсон мөнгөө бодоод, ярьж, хүмүүнлэгийн ажлууд дарагдсан байна. Ийм ажил хийхэд хэцүү биш шүү дээ. Ядарсан, нэг бол тус дэмжлэг хэрэгтэй нэгэндээ тусламж хүргэдэг бодлого дутагдаж байх шиг. Үүний зэрэгцээ монголчууд монгол дээлээ өмсөөд явбал цэцэг шиг харагдана. Гадаадын оронд үндэсний дээлээ өмсөөд явж байхад язгууртан юм шиг, тансаг харагддаг.

-Таны зурсан зургуудад монгол дээлтэй эмэгтэйчүүдийн дүр голдуу байх юм. Та ч бас монгол дээлээ өмссөн нь их эрхэмсэг харагдаж байна?

-Би ажлын өрөөндөө ч, гэртээ ч дээлээ өмсдөг. Өөрөө дээлээ оёдог. Монгол дээлээрээ монголчууд минь гоёх хэрэгтэй.

-Хэр шашинлаг вэ, та?

-Буддаг шүтдэг. Сүүлийн үед бөөгийн шашинг сонирхож байна. Ингэхэд бүх шашинг сонирхож, номыг нь уншиж үзсэн. Эцсийн эцэст бүх шашин сайхан сэтгэл, сайн сайхан амьдралын төлөө байдаг.

-Залуу үеэсээ эхлэн өнөөдрийг хүртэл та амьдралдаа ямар эрхэм чанарыг онцлон, баримтлаж ирсэн бэ?

-Миний амьдралдаа эрхэмлэдэг чанар бол эмэгтэй хүний их сайхан зөөлхөн зан юм. Ямар ч үед уур уцааргүй, хүнийг их хайрладаг, их тайван, дур булаасан үгийг хэлдэг байх хэрэгтэй гэж боддог. Ер нь амгалан байж л бүх зүйл их гоё, сайхан болно шүү дээ.

-Сайхан, зөөлхөн сэтгэлтэй, зантай байна гэдэг хүн ёсны хамгийн эрхэмсэг үнэт чанар шүү?

-Уурлах зүйл байсан ч тэвчиж, сайн боддог байх хэрэгтэй. Нэг их өндөр дуугаар хашгирдаггүй, зөөлхөн дуугаар ярьсан харилцаатай байх нь чухал.

-Таны өөр эрхэм үнэт зүйл юу вэ?

-Монгол болж төрсөн дөө би их бахархдаг. Харин эд хөрөнгийг нэг их чухалчилдаггүй.

- Өөр асуулт байна. Зөв совин, үйлийн үрийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Зөв совинг би хүлээн зөвшөөрдөг. Хүн сайхан юм бодоод байвал аажимдаа биелдэг гэж боддог. Харин муухай, эвгүй юм хийсэн хүмүүс байнга л түгшүүртэй байдаг байх. Энэ бол үйлийн үрийн нэг илрэл нь. Бидэнд мэдэгдэхгүй ойлголт маш их бий. Өнөөдөр муухай зүйл хийчихвэл намайг цээрлүүлэх зүйл ирнэ гэж бодож, зөв үйлс хийх хэрэгтэй. Би өнөөдрөөр амьдрах их дуртай. Өнөөдөр сайхан байхад миний маргааш заавал сайхан байх ёстой.

Миний өнгөрсөн амьдрал хүнд үедээ хүнд,сайхан үедээ сайхан байсан. Өнгөрсөн амьдралыг буцааж, өнөөдөр бодоод байх юм бол дэмий хэрэг гэж би боддог. Өнгөрөөд юу ч биш болоод, бодол болчихсон, баригдахгүй зүйлийг заавал өнөөдрийн байдалтай зэрэгцүүлж бодож, хямраад, эсвэл ирээдүйг одоо цагт бодоод байхаар хүн өнөөдрийн цаг хугацааг алддаг юм. Тиймээс өнөөдрийг сайхан өнгөрөөхийг чухалд үзэх хэрэгтэй. Би одоо цагийн тухай гоё номнууд уншдаг.

-Ямар номууд уншиж байгаа вэ?

-Аз жаргалын тухай, яаж тайван байх вэ, яахаараа хүн уурладаг юм бэ, яаж тайвшруулах вэ зэрэг хүн гоё байх номнуудыг уншдаг. Европт энэ сэдвээр зохиолчид олон сайхан ном бичсэн байдаг юм. Монголчууддаа энэ тухай хэлж, ойлгуулах юм сан гэх бодол ч надад төрдөг.

-Орчуулъя гэж гартаа барьж авсан ном бий юу?

-Одоо цагийн талаар нэг ном орчуулах юм сан гэж бодож явдаг. Би “Аз жаргалын логик” номыг нидерланд хэл дээр уншиж байгаа. Тэр оронд амьдарч байгаа учир нидерланд хэлээр ярьж, уншина. Нидерланд хэл сурахад их хэцүү. Сурах гэж би их цаг зарцуулсан.

- Та хэдэн хэлтэй вэ?

-Англи, нидерланд хэлтэй. Сүүлийн үед хятад хэл бие дааж сурч байгаа.

-Хятад хэлтэй хүн Нидерланд улсад олон уу?

-Хятад хороололын хүмүүс хятадаар ярьдаг. Тэнд олон хятад байдаггүй.

-Сайхан юмаа. 60 нас хүрсэн эмэгтэй өөрийнхөө оюуныг боловсруулж, хэл үзэж байгаа нь. Танаас их гоё соёл мэдрэгдэж байна?

-Их баярлалаа.Би 60 хүрсэн гээд харанхуй суугаад байж болохгүй. Юмыг сонирхож байвал хөгшин ч гэсэн сурдаг болсон гэж яриад байгаа шүү дээ. 70, 80 хүрсэн хүн сурч л байдаг. Хүн болгон л аз жаргалтай байхыг хүсдэг шүү дээ. Сурч, мэдэхийн төлөө цагаа өнгөрөөх нь зөв биз дээ. Юм сурна гэдэг аз жаргал.

-Та 60 насыг өнгөрчээ. Гэхдээ залуу насны мөрөөдөл, хүсэж зорьсон зүйлдээ хүрсэн үү?

-Би мөрөөдөлдөө хүрсэн гэж боддог. Намайг залуу байхад орос хэлтэй хүн их гоё, Орост их сургууль төгссөн хүн соёлтой, сайхан санагддаг байлаа. Гадаад хэлээр ярьж үзэх юм сан гэж мөрөөддөг байсан. Гэтэл одоо би гадаад хэл дээр ном уншдаг болсондоо баяртай байгаа.

-Монгол орноороо хэр аялсан бэ?

-Би Хөвсгөл аймагт очоогүй. Зураачидтай хамт хөдөө, говийн аймгуудад аялж, зураг зурдаг байсан. Сая Архангай аймагт очоод ирлээ.

-Гадаадын орнуудаар аялж байсан уу. Аль улс орнууд ямар мэдрэмж төрүүлэв?

-Итали, Португаль, Грек, Бельги, Герман, Норвеги улсад аялсан. Харин Нидерланд улсад анх очоод байхад надад их сонин мэдрэмж төрж, татагдсан. Тэнд очиход маш гоё чихрүүд их байсан ч Монголдоо чихэр авчраагүй. Яагаад ч юм тэр чихрүүдийг дараа нь идэх вм шиг сонин мэдрэмж төрсөн. Тэгээд дараа нь 7 жилийн дараа тэнд амьдрахаар явсан. Хүний мөрөөдөл биелэх, ямар нэгэн юмтай уялдаа холбоотой, татагдах зүйл байдаг гэдэгт би итгэдэг. Мөн Итали улс их гоё санагдсан бол Америк надад таалагдаагүй. Оросын хуулбар юм шиг санагдсан.

-Уран бүтээлч хүмүүс төрөл зүйлийн юм сонирхдог. Харин та хөгжим сонсдог уу?

-Сонгодог хөгжим сонсдог. Миний хүү морин хуураар сайхан хөгжимддөг. Би дуучин н.Жаргалсайханы дууг сонсох дуртай. Монголын дуурь зэрэг урлаг нь бүх орны хүмүүсийн таашаалыг тийм ч сайн хүлээж авахгүй юм шиг сэтгэгдэл надад төрдөг. Яагаад гэвэл, манай урлагийн хувцас, өнгө нь их хүнд хийцтэй учир ямар нэгэн юманд булаацалдаж, хүний мэдрэхүйг боогдуулж байх шиг мэдрэгддэг. Би Нидерланд улсдаа театрт ажиллаж байсан хүний хувьд ийм мэдрэмжийг Монголынхоо театрын урлагаас олж харсан. Харин Тувачууд их энгийн хувцасласан, энгийн загвартай байдаг учир хүмүүст их таалагддаг байх гэж боддог.

-Та бид хоёр олон сонирхолтой сэдвээр ярилцаж байна. Гэхдээ танаас сайхан эмэгтэйн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь?

-Олон жилийн өмнө сийлбэрч Л.Чувамэдийн охин надад их сайхан хүүхэн харагдсан. Одоо нас нь нэлээд явсан байх. Ер нь сайхан эмэгтэй бол уян зөөлөн сэтгэл, зантай байх ёстой. Уян зөөлөн сэтгэлийг би их таашаадаг. Тиймээс сайхан эмэгтэй хөдөөд ч байж болно.

-Ер нь сайхан эмэгтэй гадаад төрхний гоо сайхандаа байх ёсгүй. Сүүлийн үед Монголд миссийг голдуу гадаад үзэмжээр өргөмжлөөд байх шиг?

-Тийм. Одоогийн залуу мисс, гоо сайхан хүүхнүүд гаднаасаа гоо харагддагч дотор сэтгэл, оюун нь ямар байдгийг хүн болгон мэдэх боломжгүй. Тиймээс одоогийн байдлаар Монголд шалгуурлалт гэдэг ойлголт нь гоо сайхан эмэгтэйн гадна байдал шүү дээ. Гэвч гоо сайхан нь хүнийг баясгадаг зүйл. Өнгөний гоо сайхан бол чухал биш. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг хүн бүр мэдэрдэг байх хэрэгтэй. Чиний бодлоор сайхан эмэгтэй ямар байх ёстой вэ?

-Би бас таны хэлж байгаатай адил уян зөөлөн сэтгэлийг эрхэмлэдэг. Дээрээс нь нэмээд хэлбэл, эмэгтэй хүн ямар ч үед хэнтэй ч энэрэнгүй, найрсаг харилцаатай, юмны наад цаад учрыг ойлгож, харилцдаг оюунлаг эмэгтэйг жинхэнэ сайхан эмэгтэй гэж боддог?

-Сайхан эмэгтэй, хөөрхөн, царайлаг гэх ойлголт их өөр. Бүх юм нь зохицсон хүнийг хөөрхөн гэнэ. Манай ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайг бас сайхан эмэгтэй гэж өргөмжилж ирсэн. Гэхдээ хотжсон зантай эмэгтэй болов уу гэж надад санагддаг. Миний хөгшин ээж тайж гаралтай хүн байсан. Алтайн цаад говиос эгч дүү хоёр нүүдэллэн ирж, нутагласан тухай удам сударт нь товч тэмдэглэсэн байдаг. Буурал ээж маань дээр үеийн кинонд гардаг өндөр ээж шиг эмэгтэй. Үсээ их сонин засдаг, их хүнд мөнгөн эдлэл хэрэглэдэг байсан нь хадгалагдаж ирсэн. Манай хөгшин ээжийнд хэн ч хамаагүй орж ирэхэд, цай унд өгдөг, хүнд бэлэг өгдөг хүн байлаа. Тэр үед би 16 настай байсан.

-Монгол эмэгтэйн жинхэнэ хүнлэг, сайхан чанар таны хөгшин ээжид байж дээ?

-Манай хөгшин ээж улаан, шаргал өнгөтэй дээл байнга өмсдөг байж билээ. Нар шиг хүн байсан. Зарим хүмүүс намайг эмээтэйгээ төстэй болж байна гэдэг. Хөгшин эмээ минь буддын номнууд, тарни байнга уншдаг байлаа. Намайг сургуулийнхаа амралтаар очиход хүндэлж суулгаад, тусгайлан мах чанаж идүүлдэг сэн. Мөн өөрийнхөө хэрэглэдэг нандин шүр, сувд зэрэг үнэт зүйлээсээ ч өвлүүлж өгсөн дөө. Энэ нь надад их эрч хүч өгдөг гэж боддог.

Бие биенээ хайрлаж, энэрсэн сэтгэлээр хандаж байгаарай

-Гадаад оронд амьдардаг туршлагатай уран бүтээлчийн хувьд монгол уран бүтээлчдээ ямар зөвлөгөө хэлмээр санагдана вэ?

-Залуу уран бүтээлчид минь өөрсдийгөө олоорой гэж хүсэх байна. Манай зарим зураачид өөрийгөө олж чадахгүй, будилаад явж байна. Гэхдээ энэ бол буруу биш ч гэсэн нэг өдөр хүн өөрийгөө олдог юм.

- Монголчууддаа хандаж юу хэлмээр байна вэ?

-Монгол зохиолчид олон сайхан ном орчуулсан байна. Монголчууд маань одоо цагийн талаар ном олж унших хэрэгтэй гэж хэлье. Будда ч гэсэн өнөөдөр хийж байгаа зүйл чинь их чухал гэсэн гүн ухааныг хэлсэн шүү дээ. Амьдралдаа хэрэгжүүлвэл сэтгэл амгалан болдог. Монголын төрийн бодлого зөв явагдахгүйгээс болж бүх зүйлд, хүн бүрт их сөрөг нөлөөлж байна. Наад зах нь гэхэд энэ нийгмийн байдал хүмүүсийг сэтгэлийн хямралд их автуулж байгаа нь харамсалтай.

-Монголын улс төрийн бодлого иргэн хүндээ ижил тэгш хүртэхгүй, эргэлзээ төрүүлж, их түүртүүлж, хямруулж байгаа нь үнэн. Таны бодлоор ийм нөхцөлд иргэн хүн өөрийгөө яаж авч явах вэ?

-Та бүхэн хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгавал эрүүл амьдарна. Ядуу байх тийм сонин биш. Сэтгэл тайван байвал бүх эд эс, оюун ухаан эрүүл байна. Нэг хүн өөрчлөгдөхөд хажуу дахь хүн бас өөрчлөгддөг. Мөн хүмүүс хямраад байлгүй, ямар нэгэн зүйлийг хараад баясч байх хэрэгтэй. Энэ дэлхийд хүнийг баясгадаг зүйл их бүтээсэн байгаа. Аав, ээж, ах дүүсээ хайрлаж явах нь хамгийн сайхан. Материаллаг өрсөлдөөнийг зогсоож, оюунлаг харилцааг эрхэмлэх нь чухал. Яарч байх нь нэг их зөв арга, зам биш. Сурсан мэдсэн нэг нь мэдээгүй нэгэндээ хэлж ойлгуулах, урмаар мялаах зэрэг харилцааг хэвшүүлэх хэрэгтэй. Хүн бүхэн баяр баясгалантай байвал үнэлж баршгүй эрхэм чанар юм. Бие биенээ хайрлаж, энэрсэн сэтгэлээр хандаж байгаарай.

- Ийм нийгэмд ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ?

-Газар нутгаасаа эхэлж, их гоё өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Өндөр том, үнэтэй байранд амьдрахын тулд хөлсөө гоожуулан байж ажиллаад, олсон хэдэн мянган сая төгрөгөө өгч, амьдарна гэдэг ерөөсөө л надад “биш” санагддаг. Хэдхэн квадрат өрөөнд орохын тулд толгойгоо өвдтөл бодож, өглөө, оройгүй ажиллаад байвал биегүй болно. Тэгж амьдрах хэрэггүй. Заавал бусдыг дуурайж амьдрах ямар хэрэг байгаа юм бэ. Өөрөө өөртөө л болж, амьдарч байвал болоо биш үү.

Европт хүмүүс ертөнцийн амьдралыг эрт ойлгосон байдаг. Зарим нь юмны хэрэг байхгүй гэж бодож, нэг их эд юмс цуглуулж, хэрэглэдэггүй байх жишээний. Ер нь ихэнх голланд хүмүүс нэг их хөрөнгө, эд өмчтэй байдаггүй. Нэр алдарт гарсан дуучин, эмч гэх мэт цөөн хүмүүс баян амьдардаг. Тиймээс монголчууд минь одоо цагтаа тайван, сайхан амьдарцгаа. Сүүлийн үед ажиглаад байхад хүмүүс их ухаантай болж байна. Мөн миний дүү чи ч бас их ухаантай, сайхан хүүхэн юм байна.

-Сайхан үг хэлсэн танд их баярлалаа. Монголчууд маань бүгдээрээ л тэгш сайхан, найрсаг амьдраасай гэж боддог юм. Гэтэл төр, Засгийн газрын өндөр алба хашдаг хүмүүс ард түмэндээ хандсан тэгш бодлого явуулахгүй, хуйвалдан завшигчид байгаад сэтгүүлчийн хувьд харамсдаг?

-Улс төрчид ард түмнийхээ татврын болон бусад мөнгө төгрөгнөөс хувьдаа цааш нь нууж, хийсэн гэж мэдээллээд байна. Хажууд нь ядарч яваа иргэд байхад тийм их мөнгийг авч хадгалах ямар шаардлагатай юм бэ.Төрийн тийм хүмүүсийг би сайн ойлгодоггүй. Шударга бусаар тийм их мөнгө, хөрөнгөтөй болсон төрийн хүмүүс нэг их амгалан амьдрахгүй л байх, нэг өдөр “хэцүү газар “-таа очно шүү дээ.

-За, Алтанцэцэг гуай! Амьдрал, уран бүтээл, нийгэм соёлын талаар туршлага, мэдлэгээсээ илэн далангүй хуваалцсан танд маш их баярлалаа.

-Сэтгэл хөдөлгөсөн их сайхан асуулт тавьсанд их баярлалаа. Эгч нь чадан ядан хариуллаа.

-Цаг зав гаргаж, ярицлага өгсөн танд их баярлалаа. Таны уран бүтээлд их амжилт хүсье. Төрөлх эх орондоо сайхан амраад, хоёр дахь эх орондоо тавтай морилоорой. Мөн урт сайхан наслаарай гэж ерөөе.

-Би хичээнээ. Ерөөл баторших болтугай. Сайхан хүнтэй уулзаж, ярилцсандаа баяртай байна.

 

Ярилцсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.