Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.СУМЪЯАБАЗАР: ТАВАНТОЛГОЙН 30 ХУВЬД IPO ГАРГАХАД 1-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ БОЛОМЖТОЙ

НИЙТЛЭСЭН: 2018-06-23 12:52:59
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 74 хувийн саналаар дэмжив. Үүгээр Монголын стратегийн томоохон орд Тавантолгойг эрчимжүүлэх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас энэ долоо хоногт “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр уг тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр оруулж ирэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг санал хураалтад оролцсон 40 гишүүний 17.5 хувь нь дэмжиж, бусад нь дэмжсэнгүй. Тиймээс хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал дэмжигдсэнгүй.

Ингээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын бодлогыг танилцуулав.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг эрчимжүүлэх зорилгоор “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Төсөл 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд дараах асуудлыг тусгажээ. Үүнд:
  1.  УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”,”в”-д заасны дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг  гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;
  2. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  3.  Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;
  4. Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах;
  5. Энэхүү тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан арга хэмжээг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, шаардлагатай бол холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
  6. Тавантолгойн нүүрсний ордтой холбогдуулан өмнө нь УИХ-аас гаргасан шийдвэрүүдийн уялдааг хангахтай холбогдох зохицуулалтыг тогтоолын төслийн 2 дахь хэсэгт тусгасан. Тухайлбал: Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад Тавантолгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “ЭТТ” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх гэсний дагуу Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоол, ТӨХ-ны 2010 оны 425 дугаар тогтоолын дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр  байгуулан ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д шилжүүлсэн байдаг бол хөрөнгө оруулалтын гэрээний тухайд Засгийн газраас удаа дараа холбогдох тогтоол, шийдвэрүүдийг баталж, үүрэг даалгавар өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэл хийгдээгүй байна. Харин Зүүн, Баруун Цанхид үйл ажиллагаа эрхлэх гадаад, дотоодын оператор компаниудыг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж тус заалтын хэрэгжилт хангагдсан тул уг заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгажээ.
Мөн УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтад тусгагдсан ажил хэрэгжсэн бөгөөд Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан уг заалтыг хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. 

Энэхүү тогтоол батлагдсанаар УИХ-аас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүй байдлаар шийдвэрлэх боломж бүрдэх аж.



Ингээд төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “УИХ-ын чуулган завсарлахад Засгийн газар нэн яаралтай гэдэг асуудлаар Тавантолгойг хувьчлах асуудлыг оруулж ирлээ. Бүлэг энэ асуудлаар эцсийн шийд гаргаагүй. Монгол Улсын газрын доорх баялаг ард түмний өмч байна гэж заасан. Гэтэл өнөөдөр оруулж ирж байгаа төсөл нь гадаадын биржээр Тавантолгойг худалдах, хувьчлах асуудлыг оруулж ирж байна. Ийм хурдан хэлэлцэх, шийдэх асуудал биш” гээд даваа гарагт хуралдах бүлгийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл өгөхийг хүсэв. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан“Тавантолгойг эргэлтэд оруулах тогтоол гараад найман жил болж байхад нүүрс угаах үйлдвэр бариагүй, төмөр зам тавигдаагүй. "Эрдэнэс Тавантолгой" бол ард түмний хувьцаа эзэмшдэг компани. Ард нийтээр хувьцаа эзэмшдэг компанийн хувьд хөрөнгийн бирж дээр ийм IPO гаргана гэсэн судалгаа байна уу. Тавантолгой гэж амь ордоггүй компани байдаг. 2.5 сая хувьцаа эзэмшигчээс 300 мянга нь нас барсан. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ” хэмээв.
Т.Аюурсайхан гишүүн “Чалкогийн хувьд нүүрсийг 70 ам.доллараар тонн тутамдаа гэрээ хийгээд явж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаар бодоход IPO-г гаргахад 60-65 тэрбум ам.долларыг босгож болохоор байгаа. Арга ядахад 5.4 тэрбум тонн нүүрсний 30 хувийг бодоход 15 тэрбум ам.долларыг гаргах боломжтой байгаа. Нэг тонн нүүрсийг 1-4 доллараар үнэлээд байх шиг байна. Энэ 30 хувиа алдчихвал хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн бол Г.Тэмүүлэн гишүүн “2010 оны тогтоолын төслийг бариад явчихаж болно. Төмөр замтай холбоотой Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян гэсэн асуудал яриад байна. Юуны өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа барих ёстой биш үү. IPO хийхэд эдийн засгийн үр ашиг, тооцоо нь тодорхой байх ёстой” гэлээ.
О.Содбилэг гишүүн “IPO хийхэд нүүрсний худалдан авалт нь тодорхой байж үнэлгээнд нөлөөлнө. Газрын доор байгаа нөөц нүүрсийг тооны машин дээр үржүүлж бодож болохгүй. IPO хийгээд босгосон хөрөнгөөр төмөр зам, авто зам, угаах үйлдвэрээ барьж хүрэх үү” гэсэн бол хэд хэдэн гишүүн иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцаа хэрхэн эргэлтэд орох талаар асуулт асууж байлаа.



Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулсан хариултыг багцалбал:

2008 оноос хойш Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон хувилбар ярьсан. Энэ хугацаанд дэвшилттэй хувилбар гараагүй. Энэ удаад Засгийн газраас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх, үүний тулд төмөр зам, авто замаа барьж, усны асуудлыг шийдвэрлэж, нүүрсний үнэ өсөлттэй байгаа цонх үеийг ашиглъя гэж оруулж ирж байна. Өнгөрсөн жилүүдэд хэдий тогтоол батлагдсан ч "Эрдэнэс Тавантолгой" ямар нөхцөлд ажиллаж, ямар алдагдалтай байсныг бүгд мэднэ. Гэхдээ одоо түүхий эдийн үнийн өсөлтийн энэ гэрэл гэгээтэй үеийг зөв ашиглах хэрэгтэй байна. Энэ бол хувьчлалын асуудал биш. Олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр нэгэн зэрэг хувьцаа гаргая гэсэн бодолтой байна.  Компанийн засаглал, ордын үнэлгээ гээд маш олон үнэлгээний асуудлыг судалж байна. Ирэх долоо хоногт бүлгүүдэд танилцуулга, мэдээллээ хүргүүлнэ. Нэг доллар, зургаан долларын асуудал ярьж байна. Тавантолгойг 5-6 тэрбум ам.доллараар үнэлж байсан. УИХ-аар дэмжээд гаргаад ирвэл төслийнхөө нарийвчилсан үнэлгээг гаргана.
Монголын төрийн өмчит нэг ч гэсэн компани ил тод нээлттэй олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох асуудал яригдаж байна. Том зургаар эдийн засагт үр өгөөж авчрах талаас нь харж байгаа. Улсын төсөвт 400 саяас 1 тэрбум доллар авчирч, 5000 ажлын байр бий болно.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар бодоход 30 хувьд IPO гаргахад 1-6 тэрбум долларыг олно.
Уул уурхайн эдийн засаг гэдэг өөр. Газрын доорх баялгийг хэрхэн үнэлэх вэ гэдэг стандартыг барих хэрэгтэй. Дэлхийд Монголын нэрийг өргөх төсөл бол Тавантолгой. Тавантолгой төсөл бол Оюутолгойгоос өөр. Оюутолгой төсөл бол гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөөр орд газрыг олсон. Тавантолгой бол Монголын төрийн өмч. Төрийн өмчит улсын үйлдвэрийг олон улсын хөрөнгийн биржид гаргах талаас нь анхаарах ёстой.

Бид нүүрсний хулгайнаасаа салах хэрэгтэй. Нөөцөө шинэчлэн тогтоох асуудал яригдаж байгаа. Аль болох ашигтай, аль болох эрсдэлгүй ашиглах ёстой гэдэг дээр УИХ-ын гишүүдийн санал дүгнэлтийг сонсох гээд оруулж ирж байгаа.

Иргэд 1072 хувьцааны үнэ цэнийг хүртэх зайлшгүй шаардлагатай. Тавантолгойн IPO гаргахад Хонконг болон Нью-Иоркийн хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн бирж дээр гаргах боломжтой судалгаа хийсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох “тоглоомын дүрмээ” бас шууд хэлчихэж болохгүй. Ямар хэмжээний хөрөнгө босгох тооцоо судалгаа гаргасан. Өмнө нь хийсэн бүх тооцоо судалгааг шинэчилсэн гэлээ.

Ингээд тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь нь дэмжиж, “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Н.Гантуяа
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.