Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“АЛТАН ХАЛЬС”-ИЙН ЭХЛЭЛ БА ЭХНИЙ САРЫН ШИЛДЭГ КИНОНУУД

НИЙТЛЭСЭН: 2018-02-23 17:38:41
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

Арт кино урлагийг монголчуудад таниулан, кино сонирхогчдын мэлмийг мялаасан олон сайхан бүтээлийг тольдох боломж олгодог “Алтан хальс” кино наадам 6 дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Алтан хальс холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг тус наадам өнгөрсөн жилээс индепендент кино наадам болон өргөжиж, хүрээгээ улам бүр тэлснээрээ онцлог болж чадсан билээ. Индепендент кино нь арилжааны бус цэвэр урлагийн бүтээл болох зохиолч болон найруулагчийн онцлогийг илтгэсэн, онцгой шийдэл бүхий, уран бүтээлчийн хувийн дуу хоолой чухалчилсан байдгаараа илүүтэй ялгардаг юм.

Өнгөрсөн онд л гэхэд тус наадамд 52 орны 268 бүтээл ирж байсан бөгөөд наадмын зочноор Турк гаралтай Германы алдарт найруулагч Фатих Акин болон ОХУ-ын найруулагч Элла Манжеева нар уригдаж шилдэг бүтээлүүдээ танилцуулан Монголын залуу уран бүтээлчидтэй халуун дотно яриа өрнүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгч байсан билээ. Тиймээс энэ онд ямар найруулагч хүрэлцэн ирэх нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа төдийгүй “AKIFF” кино наадамын бүртгэл хэдийн эхэлсэн байна.

Монгол болон гадаадын иргэд өөрсдийн бүтээлээрээ өрсөлдөх боломжтой. Монголын иргэдийн хувьд бүртгэлийн хураамж энэ оны 3 сарын 1-ийг дуустал үнэгүй ба харин амжихгүй тохиолдолд 4 сарын 1-ийг дуустал 20,000 төгрөг байх юм.

Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival )-ын дээд шагнал “Golden Reel Award”-ын төлөө өрсөлдөх бүтээлийн тоо энэ онд өсөх магадлал ихтэй кино сонирхогчид онцолж байна. Энэ удаагийн “AKIFF” уламжлалын дагуу “Шилдэг монгол хүүрнэлт кино”, “Хүүхэлдэйн кино”, баримтат болон эксперименталь төрлүүдээр сонгож шагнал гардуулах ба гадаад кинонууд ч мөн дээрх байдлаар шалгарах болсон байна.



Харин нэг шинэ төрөл нэмэгдсэн “Z-Cinema” гэх нэртэй бөгөөд 16 нас хүрээгүй Монголын иргэд оролцох боломжтой юм. Төрөл жанрын, сэдвийн хувьд чөлөөтэй бөгөөд энэ төрөлд гадаад бүтээл хүлээн авахгүй гэдгийг зохион байгуулагчын зүгээс онцолж байна.

Ийнхүү “Алтан хальс” олон улсын кино наадмын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан тус холбооны “Dreamer’s day” өдөрлөгийн хүрээнд энэ оны эхэнд гаргасан онцлох 3 киноны тоймыг уншигчдадаа хүргэж байна.
 
ШЕРБУРГИЙН ШҮХРҮҮД

Мадам Эмери, 17 настай охин Женевьев нар Нормандын жижиг хот Шербурын нэгэн дэлгүүрт шүхэр зардаг. Найруулагчийнх нь тодорхойлсноор энэ нь дуугаар илэрхийлэгдсэн кино тул тун өвөрмөц юм.

“-Ээж ээ, тэр явж байгаа. Хоёр жилийн турш энд байхгүй. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй нь. Би үхэх болно.
-Уйлахаа болиод над руу хар. Зөвхөн кинон дээр л хүмүүс хайраас болж үхдэг юм.”

Хайртай залуу Ги нь цэрэгт явах болсноор Женевьев орь ганцаар хоцорч буй мэт болно. Тэр ээждээ дээрх үгсийг хэлдэг. Басхүү хэвлийдээ Гигийн охиныг тээж байлаа. Гэвч гэр бүл нь мөнгөний асуудалд орж ээжийнхээ ятгалагаар баян эртэй сууж Шербургээс явдаг.

Харин гэртээ ирсэн Ги хайртай хүн нь үгүйг мэдээж архи ууж, ажлаа орхин тэс өөр нэгэн болж хувирах ч загалмайлсан эхийг нь асардаг Мадлен гэх охинтой эцэст нь сууж хөөрхөн хүүтэй болдог. Өөрийн гэсэн бензин түгээгүүрийн газартай болж, Мадлений хамт сайхан аж төрж байхад Женевьев ирнэ. Тэр амласан ёсоороо охиноо Франсуа гэж нэрлэжээ. Харин Ги охинтойгоо уулзахгүй хийгээд Женевьевийг явсан дээр гэдэг. Түүний дөнгөж явсний дараа Мадлен хүүтэйгээ ирнэ, тэд гадаа цасан дээр хөгжилдөн тоглосоор кино дуусдаг.



Маш гэгээлэг зураглал, өнгө дүрстэй Шербургийн шүхрүүдийг хэдэн ч удаа үзсэн уйдамгүй санагдана. Кино уран тансаг Франц хэл дээр бүтээгдсэн байна. Тухайн хийгдсэн жил дээ Оскарын дөрвөн төрөлд нэр дэвшиж, Каннын дээд шагналыг хүртэж байв. Мөнх өнгөрсөн онд Оскарт нэр дэвшиж, нэлээд дуулиан тарьсан “La La Land” хэмээх мюзиклд тус киног нөлөөлсөн хэмээн үзэж болно. Учир нь тус киноны найруулагч Дэмьен Шазелл “Шербургийн шүхрүүд”-ыг хамгийн дуртай киногоороо хэмээн нэрлэж байсан удаатай.

“Шербургийн шүхрүүд” Нью-Йорк хотноо 1979 онд, Парист 1979 онд, Лос Анжелест 1979 онд, Лондонд 1980 онд, Токиод 1983, Денмарк хотноо 2014 онд тус тус тайзны бүтээл болон тавигдаж байсан гээд бодохоор тус бүтээлийн үнэ цэнэ хэчнээн өндөр болох нь мэдэгдэнэ. Тус киноны найруулагч Жак Деми нь “The Young Girls at Rochefort”, “Une Chambre en Ville”, “Donkey Skin” зэрэг кинонуудаараа мөн алдартайг уншигчид андахгүй мэдэх биз ээ.

Жак Деми “Би бодит байдлыг чимэглэж, хийсвэрлэхийг илүүд үзнэ. Үгүйсэн бол хүмүүс юунд кино театрыг зорьдог байх вэ?” хэмээн хэлсэн байдаг.

Кинонд нэг ч үгийг дуулалгүйгээр хэлсэн нь үгүй. Ямар ч диалогийг дуугаар илэрхийлж болно гэдгийг энэ бүтээлд харуулжээ. Тиймдээ судлаачид энэхүү киног поп-арт опера гэж нэрлэх нь бий. “Дэлгэцнээ буулгасан цөөн хэдэн дуурь л энэ кинонд дөхөж очно” гэдэгт ихэнхи үзэгчид санал нэгддэг.
 
АРИУН БУГЫГ ХОРООСОН НЬ

70 дахь удаагийн Каннын Кино Фестивалаас "Ариун бугыг хороосон нь" бүтээл нь Шилдэг Кино Зохиол гэсэн томоохон шагнал хүртсэн бөгөөд фестивалын дээд шагнал болох "Palme d'Or "-д өрсөлдсөн өнгөрсөн жилийн гайхалтай бүтээлүүдийн нэг юм. Тус киног “Dreamer’s day”-ийн хамт олон үзэгчдийн хүртээл болгов.

Мөн Грекийн залуу найруулагч Йоргос Лантимосын “The Killing of a Sacred Deer” буюу “Ариун бугыг хөнөөсөн нь” хэмээх тус кино бэлгэдэл зүйгээр дүүрэн бөгөөд урд, хойд нас болон бурхан чөтгөрийн тухай бодол руу таныг цаг ямагт хөтөлсөөр байх болно. Найруулагч Йоргос Лантимосын “Хавч”, “Соёо” зэрэг бүтээлүүд нь ч давхар утга, бэлгэдлээр дүүрэн бөгөөд ойлгоход тийм ч хялбар бус гэдгийг уншигчид андахгүй мэдэх болов уу.



Харин энэ удаад бүр хэцүү. Йоргос Лантимос бараан комеди, ойлгоход төвөгтэй драм бүтээдэг байсан бол энэ удаад аймшгийн, триллер маягтай кино хийж үзэгчдийг шуугиулаад байна.  Коллин Фаррелл, Николь Кидман нар хоёул “The Beguiled” (2017) кинонд дүр бүтээсэн ба түүний дараахан  уг кинонд дахин хамтран тоглохоор болсон байна.

Нэрний хувьд эртний Грекийн Ифигениагийн домгоос санаагаа авчээ. Уг домогт Ангийн бурхан тэнгэр Артемидын ариун бугыг Агамемнон хороох ба үүнийх нь төлөөс болгож нэг бол охин Ифигениа эсвэл гэрийнхнийхээ хэн нэгний амийг хороо гэж Артемид айлддаг. Зохиолын хувьд агуулга, хэлбэр нь ч домгоос сэдэвлэгдсэн буй нь илт. Тиймээс домог орчин цагт хэрхэн хувирсныг “Ариун бугыг хороосон нь” киноноос үзэх боломжтой.

Хэдий аймшгийн, триллер маягийн кино ч гэсэн инээдмийн өнгө аясаа зарим талаар алдаагүй байгаа нь үзэх явцад шууд мэдрэгдэнэ. Энэ талаар найруулагч Йоргос Лантимос “Би эхлээд уг нь инээдмийн кино хийе гэж санасан боловч яваандаа триллер, аймшгийн кино болчихсон. Би дан ганц цэвэр инээдмийн эсвэл аймшгийн кино хийж чадахгүй, олон янзын жанрыг хольж киногоо хийдэг, ингэж л кино хийж сурсан” хэмээн дурдсан байдаг.

Стивен Мерфи бол олноо хүндлэгдсэн зүрхний эмч. Түүнд эрх мэдэл, сайхан ажил төрөл, үзэсгэлэнтэй эхнэр Анна, 12 настай хүү Боб, 14 настай охин Ким гээд бүх зүйл бий. Тэр үнэхээр боломжийн сайхан амьдардаг. Харин ажлынхаа хажуугаар нэгэн өсвөр насны хүүтэй уулзаж, ойр зуурын юм ярилцан цагийг өнгөрөөдөг. Гэвч тэрхүү хүүгийн аавд Мерфи эмч хагалгаа хийгээд амжилт олоогүй байна. Басхүү киноны дунд хэсэгт Мерфи эмч хагалгаанд нөлөөлөх хэмжээний согтууруулах бодис уусан байсан нь мэдэгддэг.

Юутай ч хүү, эмч хоёрын харилцаа улам лавширч, нэг нэгнийгээ гэртээ урьж оройн хоол иднэ. Харин хүү сүүл рүүгээ байн байн ярьж, ажил дээр нь ирж, зөвшөөрөлгүйгээр охинийг нь найрал дууны сургалтаас нь хүргэж охин зэргээс үүдэн тэдний хооронд зөрчил үүснэ.

Гэтэл удалгүй эрүүл, саруул байсан хүү Боб нь явж чадахаа болих ба учир шалтгаан нь үл мэдэгдэнэ. Тэд бүх л төрлийн шинжилгээг явуулсан ч бие нь эрүүл байдаг. Удалгүй охин Ким нь ч дүү шигээ болно. Яг тэр үед өнөөх хүү эмч Мерфитэй уулзаж “Та хий дэмий цаг алдаж байна. Удалгүй эхнэр тань ч хүүхдүүд шигээ болно. Тэд алхаж чадахгүй, удалгүй нүднээс нь цус гарснаас төдөлгүй үхэлд хүрнэ. Алийг нь үхүүлэх вэ гэдгийг сонгох хэрэгтэй” гэж хэлдэг. Тухайн үед Мерфи учрыг нь үл олох ч энэ үгс “хуурмаг” байгаагүйг эцэст нь мэддэг.



Амийг амиар, аавыг нь хүүгээр гэдэг үг тус кинонд яг тохироно. Мерфин эмч алдаа гаргаж аав нь амиа алдсан учраас хүү тэдний гэр бүлд ял оноож байна. Өнөөх хүү “ариун буга” байв уу? Мэдээж энэ нь эргэлзээтэй. Учир нь киноны нэр “Ариун бугыг хөнөөсөн нь” гэж байгаа шүү дээ. Эцэст нь Мерфин эмч охин, хүү, эхнэрээ хөдөлгөөнгүй болтол хүлж, нүдийг нь таглаад буйдан дээр гурван талдаа суулгана. Өөрөө буу барьж нүдээ таглан тойрон эргэлдэх бөгөөд буудаж эхэлдэг. Суманд оногдсон хүн гэр бүлийнхээ өмнөөс золиослогдоно гэсэн үг.

Харин тэрхүү хүн нь бяцхан хүү Боб  байдаг. Хүүхэд ямарч нүгэлгүй цагаахан байдаг гэж бид ярьдаг. Мэдээж Боб хөнөөгдсөн ариун буга болж таарах магадлал тун өндөр санагдана.

Ер нь “амийг амиар” гэх хандлага зөв үү? Алхам тутамд “үнэн” гэх асуултыг эрэлхийлж байх учиртай урлагийн нэг төрөл нь ийнхүү асуултыг маш ээдрээтэй замаар үзэгчдэд хүргэлээ. Аливаа урлаг олон асуултыг үлдээж, учир битүүлэг санааг агуулах тусам үнэ цэн нь нэмэгддэг. “Ариун бугыг хороосон нь” яг л ийм бүтээл гэдэгтэй олон үзэгчид санал нэгдэх биз ээ.

ДЭЛХИЙ ЭХИЙН ЦӨХРӨЛ 

Бидэнд өөрсдийн гэсэн дайсан бий. Гэвч хамгийн аюултай дайсан бол “чи өөрөө юм”. Энэ өгүүлбэр “Mother” буюу “Эх” киноны утга санааг бүрнээ төлөөлж чадахуйц санагдана. Кино дээрх санааг далд байдлаар агуулсан боловч хүн төрөлхтөн байгаль эхийг хэрхэн сүйдэлж, эх дэлхий бидэнд ямар их энэрэнгүй хандаж буйг өгүүлэн гаргахыг зорьжээ. Харин киноны хийцийг уран зохиолоор орлуулж тодорхойлохыг оролдвол “шидэт реализм”-ын өнгө аястай болох нь шууд анзаарагдана.

Киноны туршид ямар ч дүрийн нэр дурдагддаггүй. Мөнхүү кинонд зориулан бүтээсэн дуу, хөгжим ч байхгүй. Харин трэйлер дээр нь солиотой гоё аялгуу явдаг бөгөөд уг нь киноны хөгжмийг Иоханн Иоханнсон бичих ёстой байсан юм билээ. Гэвч тэд хөгжимгүйгээр киног бүтээсэн нь хамгийн зөв ололт шиг санагдана. Найруулагч Даррен Аронофски бусад киноныхоо санаа, зохиолыг маш удаан бодож олж бичдэг бол уг киноныхоо санааг эхний байдлаар таван хоногт бичиж дуусгасан байдаг. Мөнхүү уг киног бүтээх урам зоригоо Луис Бунюэлийн “The Exterminating Angel” (1962) болон Сьюзан Гриффиний 1978 онд хэвлүүлсэн “Women and Nature” номтой холбож үздэг.



Уг кино найруулагч Даррен Аронофски “Time” сэтгүүлч өгсөн ярилцлага даа “The Exterminating Angel” гэх агуу сюррелист Луис Бунюэлийн кино байдаг. Оройн хоолны үдэшлэгт уригдсан зочид ямар нэг сонин шалтгаанаар бүгд нэг өрөөнд түгжигддэг. Үүгээрээ тэр нийгэмд ямар нэгэн зүйлийг ойлгуулж тайлбарлах боломжтой болсон юм. Би хүмүүсийн арга замаар хэрхэн байгаль орчны асуудлыг харуулах тухай бодсоор байсан. Түүхэн дэх хамгийн том хүрээг хамарсан ойн гал түймрийн тухай ойлгох үнэхээр хэцүү. Энэ яг юу гэсэн үг болохыг ойлгох гэж оролдох нь абстракт зүйл. Бид болж буй бүхэн, дүр зургийг хардаг ч ухаж ойлгож, өөр дээрээ тусган авч чаддаггүй. Гэхдээ хэн нэгэн хүрч ирээд тамхины цогоор хивс түлэн, цоолбол үүнийг бүгд ойлгоно. Би байгаль орчинтой холбоотой асуудлуудыг хүмүүсийн үйлдлээр харуулахыг зорьсон” хэмээсэн юм. Мэдээж Жэннифер Лоуренсын бүтээсэн эхийн дүр нь бидний оршин ахуй цэнхэр бөмбөрцөгийг бүрнээ төлөөлж чадна.

Уг кинонд хоёр Оскарын шагналт жүжигчин болон гурван Оскарт нэр дэвшсэн жүжигчин оролцон тоглосон. Жэннифер Лоуренс, Хавьер Бардем нар Оскарын шагнал хүртэж байсан бол Эд Харрис, Кристен Уиг, Мишель Пфайффер нар нэр дэвшиж байсан гэдгээрээ онцлог билээ. “Эх” киног Венецийн кино наадмаар толилуулсны дараа үзэгчид босож алга ташаад зогсохгүй, зарим нь “Boo!” буюу эсэргүүцэн дуу хадаасан байдаг.

Киноны тоймыг өгүүлэхэд тийм ч олон зүйл нурших шаардлагагүй. Урилгагүй зочин гэрт нь ирснээр бүсгүй ба түүний нөхрийн тогтуун амьдралд асуудал ундарч эхэлнэ. Зочид бүсгүйн яруу найрагч нөхөртэй нь ямар нэг байдлаар холбогдох ба удалгүй бүсгүй өөрийгөө эрүүл ухаантайд ч эргэлзэх болно.

Хүмүүний бусармаг үйлдлийг тэвчихээ больсон эмэгтэйн зүрх эцэст нь чулуу болон хувирч, гэртээ буй бүх хүнийг нөхөр болоод өөртэйгөө хамт дэлбэлж орхино. Үнсэн нурангин дотроос бүхэлдээ түлэгдсэн ч амьсгаатай буй эхнэрээ нөхөр нь энгэртээ тэврэн алхдаг. Тэр үед эхнэр нь түүнийг хайрласаар байдаг бөгөөд зүрхээ сугалж авахыг зөвшөөрнө. Нөхөр нь зөвхөн тэр л хайрын хүчээр бүхнийг дахин эхнээс нь үйлдэх авч ерөөс мөхөл сүйрлээс “алдар хүнд, шунал хүсэл”-д баригдсан зан нь хүмүүнийг зайлуулж дөнгөдөггүй байна.

Хэдийгээр гол дүрийн эмэгтэй дэлхий эх боловч, түүний нөхөрт тоглож буй залуугийн дүрээр “бурхан”-ыг төлөөлүүлэн гаргажээ. Бурхан өөрийн хүүхдүүдийг ивээж, тэдэнд юуг ч үйлдэж болох эрх чөлөөг олгож, хариуд нь алдар нэрийг хүсдэг. Гэвч хүүхдүүд эхийгээ хэмлэн сүйтгэж, зөвхөн бурханы хүслийн дагуу бүхнийг гүйцэлдүүлнэ. Мэдээж энд шашны талаар далд утга агуулагдсан ч байх боломжтой. Мөнхүү алдарт уран зөгнөлт зохиолч Рей Брэдбэйригийн “Харийн тарчлаан” өгүүллэгийг зарим нэг талаар санагдуулах болно. Харин эхлэл хэсэг, том зоорьж, угаалгын машин, үл таних эмэгтэй зэрэг нь яг л Айра Левиний “Розмригийн хүүхэд” романы эхлэлийг санагдуулна. Кино хэдийгээр дүрсний нийлмэл урлаг боловч “Эх” кино нь далд утга, символист бэлгэдлээр дүүрэн билээ.



2016 онд тус киног нээлтээ хийх үетэй зэрэгцэн Харви бол АНУ-ын хувьд хамгийн муухай аянган шуурга болсон байна. Мөн Канадад аймшигтай ойн гал түймэр гарч дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун болж өнгөрсөн бол түүнээс арван жилийн өмнө мөн л тухайн үеийн хамгийн халуун зун болсон гэнэ. “Энэ зүгээр нэг давхцал биш” хэмээн найруулагч Даррен Аронофски мөн хуучилсан юм. Байгаль эхийн шаналант дуун гарахтай зэрэгцэн дэлхий өөрөө өвдөж эхэлсэн мэт санагдана.

Өдгөө хүн төрөлхтнийг ганцхан хүсэл эрмэлзэлтэй байлгана гэдэг бүтэхгүй зүйл. Бид нэг шашин дор ч нэгдэж чадаагүй. Харин үсрэн дэгдэх пуужингийн үнсэнд эх дэлхийгээ булшилсаар байгаа. Мэдээж бурхан шинэ ертөнцийг бүтээж чадах ч нийгэм цэгцтэй сайхан болсноо эргээд хөл толгойгоо алдана. Дараа нь юу ч болоогүй мэт амьдрал үргэлжилсээр л байна. Кино товчхондоо ийм л утгатай. Гэвч уншигч таны үзэл бодол өөрийн тань найдвар билээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.