Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хон Хэрээдийн Б.Энхбат: БИ ХЭРВЭЭ ШОРОНД ОРООГҮЙ БОЛ ЭЛБЭГДОРЖ ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ БАЙСАН

НИЙТЛЭСЭН: 2018-01-13 21:34:53
Нийгэм > Гэмт хэрэг | Сэтгэгдэл: 0

Хон хэрээд овогт Б.Энхбат шоронгоос гарч ирснийхээ дараа анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Охиныхоо найз залууг хөнөөсөн хэргээр цаазын ял сонсож, улмаар чанга дэглэмтэй шоронд амьдралынхаа 10 жилийг өнгөрүүлсэн энэ эрийн ертөнц ямар байдаг бол. Түүнтэй ярилцаж байх зуур асуухыг хүссэн асуултууд минь үүрд хариултгүй үлдэж болох байсан гэх бодол толгойд харваж, зарим хэсэгт айдас жихүүдэс, зарим хэсэгт омог бардамнал төрж байсныг нуух юун. Харамсал харуусал, ухаарал, үзэн ядалт, өрөвдөл, бишрэл хүндлэлийг нэгэн зэрэг үүтгэн байж ярилцсан тэрслүү бөгөөд үнэн халуун ярилцлагаа уншигчдадаа хүргэж байна.

-ШОРОНД ӨНГӨРҮҮЛСЭН 10 ЖИЛ БОЛ МИНИЙ ХАМГИЙН САЙХАН ОН ЖИЛҮҮДИЙН НЭГ ХЭСЭГ-

-Таны бие тэнхээ сайн уу? Ингэхэд хэзээ “хэцүү нэрт”-ээс гараад ирэв ээ?

-Эхэлсэн бүхэн төгсөх тавилантай. Шоронгийнхны нэг хэлц үг байдаг юм. Хуйхтай үс ургаж, хугацаатай ял дуусна гэж. Би миний гаргасан алдаанд Монгол төрөөс өгсөн ялыг хуулийн хүрээнд эдлээд л гараад ирлээ. Анх надад Монгол төрийн нэрийн өмнөөс “цаазын ял” өгөхөд би амь гуйгаагүй. Улмаар тэр “цаазын ял”-аа хорин таван жил болгоход би бас л дуугараагүй. 25-н жилийнхээ таван жилийг гянданд “яс цоож”-онд суулгана гэхэд нь би суугаад л гарсан. Яагаад гэвэл, хүн төрийн ёсыг зөрчиж гэмт хэрэг хийсэн бол түүнийхээ хариуцлагыг үүрч чадах ёстой. Надад өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгаанууд байдаг ч гэсэн би нэгэнт л алдаа гаргасан хүн. Хэрэв тэр үед намайг цаазална гээд цаазалсан бол би эсэргүүцэхгүй байх байсан. Төр ямар ял өгнө, түүнийг нь би үүрнэ. Түүнээс биш хэдэн хонзонтой хүн намайг яллаж байгаа биш, Монголын төр намайг ялласан гэж би ойлгодог. Монголын төр намайг ялласан шигээ одоо энэ хүнийг суллах цаг боллоо гээд л сулласан гэж би ойлгосон.

-Таныг яагаад суллагдчихав гэж гайхах хүмүүс бас байх шиг. Хугацаанаасаа өмнө суллагдсан гэдэг утгаар?

-Би “хүн мөнх тэнгэрийн дор төрөөд, төрийн дор амьдардаг” гэдэгт итгэдэг. Төрийг ойлгоё гэвэл түүний шийтгэлийг ч, шагналыг ч ойлгож сурах хэрэгтэй. Монгол төр гэдэг бол төрийн эрх барих өндөр албанд түр залрах хувь тохиосон хүний нэр төр бол аминаас ч илүү үнэтэй биш шүү дээ. Төр гэдэг чинь бүхэл бүтэн өөрийн гэх “сүнслэг орчинтой” оршин байдаг зүйл. Хүнээр жиших юм бол “сүнслэг бие”-гүй хүн ердөө л махан бие, араг яс төдийхөн. Түүнтэй адил төр гэдгийг төрийн өндөр албанд түр орж ирсэн Ц.Элбэгдорж, Х.Баттулга... гэх мэтийн хүмүүсийн гадуур нь бүрж бий болгож өгдөг тэр “сүнслэг ертөнц” нь гэж ойлгож болно. Төр гэх тэр “сүнслэг ертөнц” байхгүй бол эд нар хэн ч биш. Тиймээс төрийн “сүнслэг ертөнц”-тэйгээ зөв харьцах хэрэгтэй. Өөрийн оршин буй орон зайд ноёрхох төрийн “сүнслэг орчин”-тойгоо зөв нэгдэж, зөв амьдарч чадаж байгаа хүн бол аз жаргалтай сайн сайхнаар түлхүү бялхсан хорвоог туулдаг. Монгол төрийн “сүнслэг орчин” намайг хамгаалж байсан учир би тэр хахир хатуу айхтар савнаас ингэж эрүүл энх гарч ирсэн гэж ойлгодог. Яагаад гэвэл, хүний хорвоогийн буруу зөвийг хамгийн эцсийн шатанд төр л дэнсэлж шийднэ. Монгол төрийн тэр дэнсэн дээр миний хувь заяа шийдэгдсэн. Түүнээс биш Женко Баттулга Ерөнхийлөгч болоод, намайг гаргасан юм биш шүү дээ.

-Та өөрийгөө зүй ёсны шийтгэлээ хүлээсэн гэж боддог уу?

-Би нэг л юм боддог. Алдаа хийсэн бол хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Би Монгол төрийн өгсөн шийтгэлийг л хүлээж авсан. Түүнээс биш “Надад цааз өгчихлөө” гэж хэн нэгэнд гоншигнох шаардлага байгаагүй. Би алдаа хийсэн нь үнэн л юм чинь. Би одоо боддог ш дээ. 1937 онд Монголын тэр мундаг мундаг агуу хутагтууд ном эрдэм чадлаараа алуулахгүй, хядуулахгүй, зугтчихаж чадах байсан. Зарим нь ийм хядлага болох гэж байгааг бүүр өмнө нь мэдчихсэн л байсан шүү дээ. Гэтэл тэд төр мэдэх болтугай гээд л толгойгоо тавьж өгөөд, бурханы орон руу явцгаасан. Яагаад гэвэл, энэ улсыг тусгаар авч явахын тулд төрд золиос хэрэг болсон. Өөр арга байгаагүй. Төр шийдсэн зүйлийг иргэн хүн хэн боловч сөрөх ёсгүйн нотолгоо энэ. Би цаазын ял сонсоод шүүхийн танхимаас гарахдаа авгайдаа “Төр намайг цаагаатгах өдөр ирнэ ээ” гэж хэлж байсан лээ. Сэтгэл санааны хүнд шоконд байхдаа тийм үг миний амнаас гарна гэдэг би төрдөө яаж итгэж ирсний илрэл. Тэр бол Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж гэдэг хүнд итгэж байсан тэр итгэл биш. Би Монгол төрийн өндөр албанд томилогдсон эдгээр хүмүүсийг бүрхэж байсан тэр сүнслэг орчин нь болох төрдөө итгэж байсан.

-Зарим хүн таныг охиныхоо өмнөөс зориуд ял үүрсэн ч гэж цуурдаг юм билээ. Тийм байх боломжтой юу?

-Чи “Ворошоловын мэргэн бууч” гэж кино үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Охиныг нь хүчиндсэн залуусыг буудаж алдаг өвгөний тухай гардаг шүү дээ?

-Яг тэрэнтэй адил хэрэг сая гадаадын нэг хүчирхэг улсад бас гарсан байна лээ. Охиныг нь хүчиндсэн залууд шүүхээс хөнгөн ял өгөхөд охины аав нөгөө залуу руу шууд хутга шидээд алчихсан. Шүүх хурлын танхимд шүү дээ. Тэгэхээр эцэг хүнээс ийм байх боломжтой юу гэж асуух нь утгагүй хэрэг.

Миний хэргийн тухайд гэвэл би хүүхэд байхаасаа л гэмт хэргийн ертөнцөд амьдарсан. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн газраасаа мөрөө яаж баллан зайлах, хуулийн байгууллагын өмнө гэмт хэргээс яаж бултан мултрах вэ гэдэгт нэлээн сайн суралцсан. Намайг шоронд орсон хойно сонин, хэвлэлээр янз бүрээр л бичсэн байна лээ. Би хамгийн сүүлд 1987 онд шоронгоос гарахад миний энэ охин гурван настай над дээр ирсэн. Ээж нь орхиод яваад өгсөн. Тэгээд л би охиноо хүн болгох гэж архи тамхинаас гарч, гэмт хэргийн ертөнцөөс зай барьж, хулгай дээрэм хийх, хүн зодохоо ч больсон доо. Эр хүн ганцаар эмэгтэй хүүхэд өсгөх гэдэг маш хэцүү, хамгийн хүнд ажил юм билээ. Тэр дундаа мань мэтийн хүн алж, хүрээ талахаас сийхгүй зантай танхай эрчүүд өнчин охиноо өөр дээрээ аваад өсгөнө гэдэг бол бас л их сонин ойлголт шүү.

-Таны төрсөн охин юм уу? Би хэвлэлээс дагавар охин тань гэж л уншиж байсан юм байна.

-Миний өөрийн төрсөн охин байлгүй яахав. Намайг шоронд орохын өмнө төрөөд, гарч ирэхэд гурван настай байсан. Тэгээд ээж нь орхиод яваад өгсөн. Хүмүүс манай авгайн дагавар охин гэж ойлгоод байдаг байхгүй юу. Намайг шоронд суугаад гарч ирэхэд охины маань ээж өөр хүнтэй суучихсан байсан. Би шил архи өвөртлөөд очлоо. Тэгсэн чинь нөхөр нь айгаад орон доогуур орчихоод гарч ирдэггүй ээ. Татаж гаргаж ирээд хамт сууж, тал шил архи хувааж уугаад “За, миний охинд сайн эцэг болоорой. Би та хоёрын амьдралыг үймүүлээд яахав” гэж хэлсэн. Би нөхрийг нь цохиж унагаагаад авгайгаа аваад гарч болох л байсан. Ингээд охиноо нэг үнсчихээд гарах гэтэл миний араас учиргүй мөлхөөд ирж байгаа юм. Тэгмэгц миний нүднээс нулимс аяандаа цийлэгнээд... Би охиноо тэнд нь орхиж чадаагүй. Тэр үед би шоронгоос тавьж өгдөг хөвөнтэй ногоон хувцастайгаа явж байсан. Түүнийхээ энгэрт охиноо нөмөрлөн тэврээд л, цасан шуурганаар гараад алхчихаж билээ. Би охиноо хүн болгох гэж зүтгэсээн, зүтгэсэн. Тэгээд охиндоо сайн ээж олж өгөх гэж би нэлээн олон жил хөөцөлдсөн. Тэгж явж явж, одооныхоо энэ ханийг охиныхоо ээж болох юм байна гэж итгэж суусан. Би алдаагүй. Тийм учраас миний өөрийн охин байхгүй юу. Хүмүүс үүнийг ойлгодоггүй. Мань мэт шиг ийм азарган чонотой адил ааш зантай хүмүүс өөрийн охиныхоо төлөө л номхорч чадна. Хэрэв би чоно байгаад миний бэлтрэг рүү анчин буу шагайх юм бол өмнүүр нь давхиж ороод үхнэ. Түүнтэй адил миний охин шоронд орсонд орвол би буудуулж үхсэн нь дээр.

-Охиныхоо өмнөөс ял үүрсэн гэдэгт та тодорхой хариулахгүй юм. Одоо нэгэнт ялаа эдлээд гараад ирчихсэн юм чинь яг юу болсныг үнэнээр ярьчихаж болохгүй юм уу?

-С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлд оруулаад байгаа шиг энэ бол миний хувийн нууц л даа. Олон жилийн дараа задрах нууц. Миний хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч алагдсан, энэ хэргийн нууцыг мэдэж байсан нэг биш хүн цаг бусаар нас барсан, түүний дараа энэ хэрэг дээр ажиллах гэж зориглосон нэг өмгөөлөгч зодуулаад эрэмдэг болсон гээд ярьвал их юм бий. Миний хавтаст хэрэг дээр бүгд л байж байгаа. Тэгэхээр хожим нууц нь илэрвэл тэр л биз. Түүнээс биш би одоохондоо юм ярих шаардлага байхгүй. Би эцэг хүнийхээ үүргийг 100, бүр 200 хувь биелүүлж чадсан гэж бахархдаг. Амьдралдаа хийсэн сайн үйлүүд байдаг бол оргил нь миний энэ арван жил ял эдэлсэн үйл.

 

-БИ ТЭР ХҮҮГ ХЯТАДЫН ЭРЛИЙЗ БАЙСАН УЧРААС АЛААГҮЙ-

 

-Та нарийн ярих, дурсахыг огт хүсэхгүй байх л даа. Гэхдээ тэр өдөр чухам юу болсон юм бэ?

-Тухайн хэрэг явдал гарсан тэр үед бол надад талийгаач хүүгийн амь насыг бүрэлгэх ямар ч бодол байгаагүй. Автын аваар гэхэд жишээ нь ихэнх тохиолдолд машин барьж байгаа хүн “Би хүн дайръя” гэсэн бодолгүй байдаг. Тэрэн шиг л хэрэг л дээ. Тийм ч учраас би талийгаач хүүгийн амийг аврах гээд Цэргийн госпиталд хүргэж өгсөн. Талийгаач шөнө 23 цаг өнгөрч байхад амьсгал хураасан байдаг. Харин би 20 цагийн үед хүргэж өгсөн. Энэ хооронд тэр хүний амийг аварч болох байсан. Тодорхой бүлэг хүмүүс тэр хүүхдийн амийг аврахыг хүсээгүй юм шиг байна лээ. Хоёрт ямар ч юманд задлах хэрэггүй нууц гэж байдаг. Энэ хэрэг бол миний хувьд задлах хэрэггүй л нууцууд. Тэр залуугийн амь насны хэрэг уг нь золгүй осол байсан юм. Өөр юу гэхэв.

-Одоо хүртэл таниас асуухыг хүссэн асуулт Монголын ард түмэнд бий. Тэр залуу Хятадын эрлийз байсан нь түүний амиа алдах шалтгаан гэж үү?

-Талийгаач монгол залуу байсан шүү дээ. Би ганцхан юм хэлэхэд талийгаач хүүгийн өвөө нь миний аавтай их дотно найзууд байсан. Нутгийнхаа хүүг би муу хужаагийн эрлийз гээд буудах уу. Талийгаач хүүг би тухайн үед хужаа мужаа, эсвэл хятадаар ярьлаа гэж уурласан юм байхгүй. Аливаа зүйлийг ойлгох хэцүү. Үзэн ядах амархан. Энэ дашрамд талийгаачийн аав ээж, ах дүү нараас дахиад уучлалт гуйя. Би яг 2006 онд өөрийн нэг төрсөн хүүгээ бусдын гарт алуулсан хүн. Тиймээс амин хайртай хүүгээ бусдын гарт алдах гэдэг ямар хэцүү болохыг би мэднэ.

-Яагаад Монгол залууг эрлийз залуу гэж үндэсний үзэл рүү наасан юм бол?

-Харин их сонин байгаа биз. Тэр цаг үед өөрийн үндэсний үзлээсээ болоод би олон хүний зам дээр тээг болж явсан хүн. Гадаад, дотоодын олон хүн намайг өөрсдийнхөө замаасаа зайлуулахыг хүсэж байсан. Надад цаазын ял оноох үйл хэрэгт тэдгээр хүмүүс хуйвалдаж оролцсон байдаг. Би үүнийг мэднэ. Гэхдээ би үүнийг яриад байх шаардлага байхгүй. Би чамд ганцхан жишээ хэлье. Би талийгаачийг амьд байхад нь цэргийн эмнэлэгт хүргэж өгөөд,дараа нь өөрөө цагдаад очиж хэргээ хүлээсэн. Тэгэхэд шүүгчнадад цаазын ял өгсөн. Гэтэл тэр шүүгч миний хэргийн дараа бас нэг хэргийг шүүсэн. Тэр ямар хэрэг вэ гэхээр гудамжаар явж байсан охиныг цохиж унагаад, гэртээ оруулж хүчиндээд, ухаан оронгуут нь цохиж ухаан алдуулаад шуудайд хийгээд жорлондоо хаясан залууд тэр эмэгтэй шүүгч найман жил хорих ял өгсөн. Энэ шүүгчийн үйлдлээс л та нар хар л даа. Дээрээс нь миний хэрэг дээр ажиллаж байсан прокурор энэ хэргийн дараа Гавьяат цолоор шагнуулсан. Миний хэрэг дээр ажилласан шүүгч нар Улсын Дээд Шүүхийн шүүгч нар болсон. Миний хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч нар АТГ-ын том дарга хийгээд явж байна. Энэ чинь нэг юм хэлнэ биз дээ.

-Үүний цаана яг ямар учир нуугдаж байна гэж та боддог вэ. Үндэсний үзэлтнүүдийг нухчин дарах бодлого үнэхээр байдаг гэж үү?

-“Үндэсний үзэл”-ийн цаана асар олон эрх ашгууд хамгаалагдаж байдаг юм. Жишээ нь газар нутаг, тусгаар тогтнол, элдэв эдийн засгийн хожоотой холбоотой ашиг сонирхол гэх мэт. Элдэв луйварчид аль нэгэн улс орны газар нутаг, эд баялгийг нь залилан авахын тулд, өөрсдийнхөө ашиг сонирхлоо хангахын үүднээс тухайн улс орны үндэсний үзэлтнүүдийг нь эхлээд дарж устгадаг юм. Манай Монгол улсын тухайд гэхэд элдэв луйварчид үүнийгээ өнгөрсөн хугацаанд маш сайн хийсэн дээ. Миний эзгүй байх арван жилд энэ төр засаг Хятадын эрлийз, хурлийзуудаар дүүрч, тэд санасандаа хүрсэн байна. Тэд Монголд үндэсний үзэлтэй хүн байлгахыг хүсэхгүй, айж байсан, одоо ч айж байгаа... Монголын үндэсний үзлээс айдаг хоёр гүрэн байдаг. Дэлхийг айлгадаг гуравхан гүрэн бий. Америк, Хятад, Орос. Тэдний хамгийн хүчирхэг хоёр нь Монголоос айдаг байхгүй юу. Орос, Хятад хоёр Америкаас айдаггүй юм шүү дээ. Японоос айдаггүй, Европоос айдаггүй. Харин Монголоос айдаг... Орос Хятад гэсэн энэ хоёр улсын түүхийн бараг 40-50 хувь нь монголчуудын түүх байдаг. Дээрээс нь энэ хоёр улсын эзэмшиж буй газар нутгийн 50-иас илүү хувь нь монголчуудын газар нутаг. Тэдгээр газар нутаг дээр монгол угсаатнууд одоог хүртэл амьдардаг. Тэгээд бодохоор Монголын үндэсний үзэл гэдэг бол энэ улсуудын хувьд аюул байхгүй юу даа. Монголчуудын үндэсний үзэл хорь гучин хүнээс халиад нэг дэлгэрээд эхэлвэл буриад, тува, халимаг ,өвөрмонгол, цахар, уйгар, барга хүмүүс бүгд омогшино. Гэхдээ одоохондоо Оросоос буриадаа авна, Хятадаас өвөрмонголчуудаа авна гэж ярих хэрэггүй. Харин хойд, урд хоёр хөршдөө Монголчууд бид хүндлэгдэж л амьдрах ёстой. Үндэсний үзэл, үндсэрхэг үзлийн ялгаа нь энэ. Үндэсний үзэл нь энэ хоёр хөрш рүү дайсагнасан үзэл барьдаггүй. Үндсэрхэг үзэл бол Хятад, Орос хоёрт дайсагнаж, үзэн ядах хандлагатай. Би үндсэрхэг үзлийг дэвэргэхээс болгоомжилдог. Эсрэгээрээ үндэсний үзлийг дэлгэрүүлэхийг хүсдэг.

-Гэтэл хүмүүс болохоор таныг хэт үндсэрхэг этгээд гэдэг шүү дээ?

-Тийм л дээ (Инээв). Би үндсэрхэг үзэлтэн байсан. Одоо бол өөр. Хүн үндсэрхэг үзлийн шатыг дамжиж байж үндэсний үзэлтэн болдог. Миний үндсэрхэг үзлийг дамжсан цаг хугацаа бол 1980-аад оны дунд үеээс 1990-ээд оны дунд үе хүртэлх хугацаа. 1996 оны Энхбат бол үндсэрхэг үзлийн оргил байсан. Ард түмэн намайг тэр үеэр минь төсөөлдөг. Тэрнээс хойш улам гэгээрээд, улам хөгжөөд үндсэрхэг үзлийн шатыг даваад үндэсний үзэлтэн болсон. Хүн болгон үндсэрхэг үзэлтэй байх үеийг дамжидаг. Өөрөөрхэлбэл, эмэгтэй хүн болгон хүүхэд нас, охин насыг дамждагтай л адил. Эмэгтэйчүүд бүгд тэгж байж хүүхэд төрүүлэх насанд хүрдэг.

Би үндсэрхэг үзлээр өвчилсөн таван залуугийн хамт Даяар Монгол хөдөлгөөнийг анх 1985 онд байгуулж, шударга ёс, эх орныхоо төлөө тэмцэж эхэлсэн. Бид омголон догшин, юу ч хийхээс буцахгүй, хүн алж хүрээ талахаас буцахгүй залуус байсан. Тэр үеэс л би монголчуудын түүхийг, Монголын газар нутгаа хамгаалж, тууштай тэмцэж эхэлсэн дээ. Тийм учраас надад үндсэрхэг үзэлтэн болж явсан үе бий. Би үүгээрээ ч бахархдаг. Хүн оршин тогтноход гурван зүйл хэрэгтэй. Нэгдүгээрт орон зай буюу газар нутаг, хоёрдугаарт хоол унд, гуравдугаарт сексийн соёл. Тийм учраас би соёлт хүн төрөлхтний түүхэнд хамгийн агуу “улс төрийн онолч” бол Модун Шанью хэмээн үздэг. Модун Шаньюгийн түвшинд хүрэх нэг ч улс төрийн онолч манай дэлхийд байхгүй. Улс үндэстэн оршин тогтнохын үндэс бол газар нутаг юм гэж томьёолж байсан улстөрч түүнээс өөр төрөөгүй. Хүн төрөлхтөний түүхэн дэх бүх л дайн тулаан газар нутгийн төлөөх тэмцэл байсан. Хүн төрөлхтөн газар нутгаа тэлэх, эсвэл газар нутгаа хамгаалахын төлөө л өөр хоорондоо тулалдаж ирсэн. Үндэсний үзэлтэй байна гэдэг бол өөрөөсөө өмнөх бүх үеийн өвөг дээдсийнхээ үлдээсэн зүйлүүдээс алдаа оноог нь шигшиж, алдааг нь давтахгүй, ариун дагшин зүйлүүдийг нь орхилгүй өвлөж аваад, цааш улам хөгжүүлэн амьдрах чадварыг эзэмшиж байж үндэсний үзэлтэн болдог. Өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу соёлыг өвлөж авч чадахгүй бол хэзээ ч үндэсний үзэлтэн төрөхгүй. Улс гүрэн ч хөгжихгүй. Яагаад гэвэл, тухайн улсын газар нутаг дээр олон зуун жил болсон өвөг дээдсийн нь үлдээсэн соёл л тэнд амьдрах хүмүүст тэр орчинд дасан зохицох чадварыг олгодог. Манай монголчууд чинь улс төрийн ухаан, эдийн засгийн ухаанаараа бол дэлхийд хосгүй үндэстэн байхгүй юу. Хүн төрөлхтөн 21-р зуун хүртэл шийдэж чадаагүй олон зүйлийг монголчууд аль эрт шийдсэн байдаг. Жишээ нь, хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл ард иргэдийнхээ орон байрны асуудлыг шийдэж чадахгүй өдий хүрлээ. Тэгэхэд монголчууд үүнийг шийдээд өчнөөн зуун жил болж байгаа. Өвөг дээдсийнхээ хэлсэн “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” гэдэг үгийг ойлгох хэрэгтэй. Энэ юу гэсэн үг болохыг чи мэдэх үү?

-Мэднэ ээ. Бидэнд өгөгдсөн боломж гэж бий. Түүнийхээ хүрээнд л...?

-Үгүй ээ, биш биш. Бидний хөнжил хэр томыг чи эхлээд мэдчих хэрэгтэй. Хэр том гэж бодож байна?

-Дажгүй том уу?

-Дажгүй биш ээ. Бүр агуу том. Манай өвөг дээдэс дэлхийг бүтээсэн хөнжил дотор хөлөө тийчилж байсан улс. Ази, Европыг нөмөрсөн хөнжил дотор тийчилж явсан хүмүүс байхгүй юу. Өнөө цагийн Монголчууд энэ хөнжлийн хэрээр хөлөө тийчлэх ёстой болохоос тэр ойлголт одоогийн энэ сая таван зуун километр газар нутгаараа хэмжигдэх учиргүй. Монголчууд агуу үндэстэн байсан бол, чи тэр агуу амьтны зулзага л юм бол чи агуу л байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв чи бүргэдийн өндөг бол тахианы өндгөн дунд дарагдаж өссөн байлаа ч нэг л өдөр тэднийг хаяад тэнгэрт дүүлж гарах ёстой. Бид агуу ард түмний үр хойч. Одоохондоо монголчууд бид тахианы дэгдээхэйнүүдэд адлуулсан нугасны муухай дэгдээхэй байж болно. Хүн төрөлхтөн биднийг нэг муу дэгдээхэй гэж харж байна. Гэтэл энэ дэгдээхэй сайхан бүргэд болоод нисэх ёстой юм. Хүн төрөлхтөний өрсөлдөөн хүний олон, цөөндөө байдаггүй юм аа. Олон хав нийлж, нэг чоныг барьж идсэн удаа байхгүй. Монголчууд цөөнөөс цөөн гарз гарна гэдэг зарчмаар өрсөлдөөнд ялж ирсэн.

-Та Хятадыг үнэхээр үзэн яддаг юм уу?

-Намайг хүмүүс Хятадын эсрэг үзэлтэй гэдэг. Гэтэл над шиг хятадуудыг хайрладаг, хүндэлдэг, ойлгодог хүн Монголд цөөхөн шүү. Яагаад гэвэл, би Хятадыг судлах тусмаа энэ агуу ард түмний түүхийг ойлгодог. Гэхдээ би ганцхан л зарчим барьдаг. “Хилийн цаана танайх, хилийн наана манайх, энэ Монгол Улсын хилийн дотор бол хятадууд та нар Монголчууд биднийг битгий оролдоорой” л гэдэг.

-ШОРОНД ЯЛ ЭДЛЭХ, КЕМБРИЖИЙН ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨХ ХОЁР АДИЛХАН-

-Та "Шоронд амьдрах боломжгүй. Амьд явах л боломжтой" гэж хэлж байсан.

-Тийм.

-Одоо та амьд явах биш, амьдрах боломжтой боллоо. Яаж амьдаръя гэж бодож байна?

-Ийм л дээ. Эх орон, ард түмнийхээ төлөө юм хийхийг амьдрах гэдэг. Харин өөрийнхөө төлөө юм хийхийг амьд явах гэдэг юм. Ялгаа нь энэ. Тийм утгаар л би тэгж хэлсэн. Шоронд ард түмэн, эх орныхоо төлөөюм хийх боломж маань хаалттай байсан учраас л би амьдарч чадахгүй, зүгээр л амьд явж байлаа. Түүнтэй адил наранд ч амьдарч биш, амь зууж л яваа маш олон хүн байна. Амьд яваа хар мянган бизнесмэн, түм буман төрийн албан хаагч нар байна. Амьдарч байгаа хүн цөөхөн байна. Би энэ утгаар нь хэлсэн. Үүнийг хүмүүс задалж ойлгох ёстой. Одоо их удахгүй миний бичсэн зохиолуудаар кино хийгдээд л эхэлнэ. Шоронд байхдаа бичсэн миний шинэ романууд хэвлэгдэнэ.

-Та шоронгийн тухай ном бичих үү?

-Бичээд хавтсанд хийгээд үр хүүхдүүддээ үлдээж магадгүй. Яагаад гэвэл, би гарч ирэхдээ олон юман дээр гарын үсэг зурсан хүн. Хэлээ хазаад, амаа жимийгээд амьд явна аа гээд. Гэхдээ бичнэ ээ. Бичсэн юм маань хожим гарч ирж л таараа, одоо бол гаргахгүй.

-Тэгэхээр шоронд бусдын боддог шиг амьдрал үнэхээр байдаг уу? Ёс бус хийгээд ер бус олон л юм дуулдах юм.

-Байдаг, байдаг. Шорон бол шорон. Шоронд өөрийн нь гэх бичигдээгүй дүрэм журам үйлчилдэг. Шорон дотор шоронгийн ёс эхэнд, төрийн хууль түүний хойно байдаг. Шоронд байгаа хүн эхлээд шоронгийн ёсоо, дараа нь төрийн хуулиа дагадаг. Тиймээс аль нэг шоронд “том ах” буюу “дархлагдсан хулгайч” байгаа бол шоронд байгаа бусад нь тэр том ахыгаа зохих ёсоор хүндэтгэх хэрэгтэй. Хоолыг нь хийж өгнө, хувцасыг угааж өгнө. Засаг бол түүнийг “том ах” гэж харахгүй, бусадтайгаа адилхан хулгайч гэж хардаг. Манай Монголын шоронгийн систем бол дэлхийд хамгийн хатуудаа орно. Тийм учраас Монголын шоронгийн таван үе шаттай хатуу системийг дамжиж гарсан хүн бол тэр Америкийн Кембрижийн их сургуулийг төгссөн хүнтэй эн дүйцэхүйц боловсордог. Шоронгийн тэр хатуу системийг нэг бол сэтгэхүйгээ дээд зэргээр хөгжүүлж байж давна, эсвэл хэн ч биш болж хоцорно. Кембрижийн их сургуульд орсон хүнд хоёр л зам байдаг. Нэг бол сурсан шиг сурах, нөгөө бол тэндээс хөөгдөн зайлах. Яг л үүнтэй адил. Жишээ нь шоронгийн хоригдлууд өөрсдийн гэх өвөрмөц үг, нууц нэр томьёогоор өөр хоорондоо ярина. Тусгай дохио зангаа хэрэглэнэ. Гэхдээ шоронд тодорхой дээд хүрээний цөөхөн хэдэн хоригдол хүмүүс үүнийг төгс хэрэглэж ашигладаг.

-Монголын шоронд бас дээд, доод хүрээний хоригдлууд гэж байдаг юм уу?

-Байлгүй яахав дээ... Жишээ нь шоронд “том ах” буюу “дархлагдсан хулгайч” гэдэг бол тодорхой эрх эдэлдэг. Албаны зүгээс ч, хулгайчийн зүгээс ч хүндэтгэл хүлээнэ. Би ах нараа хүндэлдэг тийм л дүрэмтэй шоронгоор явсан. Би тэр шорон руу орохдоо ах л байсан, ахаараа л явсаар байгаад тэр шоронгоос гарч ирсэн. Ах бол ах. Орос шоронгийн “том ах” буюу “дархлагдсан хулгайч” нар ихэндээ чөрийсөн, туранхай юмнууд байдаг. Хүмүүс шоронгийн “том ах” нар гэхээр дуртай хүнээ барьж авч зоддог тарган, том биетэй байдаг гэж боддог. Үгүй шдээ. “Том ах” байхад сийрэг бодолтой толгой, төгс хөгжүүлж чадсан оюун ухаан л чухал. Шоронгийн хахир хатуу системийг давж гарахын тулд оюун санааны хувьд маш их боловсорсон байх хэрэгтэй. Ингэж боловсорсон их гарууд буюу “том ах” нарыг ашигладаг, тэдэнтэй харьцдаг байсан учраас Путин өнөөдрийн түвшинд хүрсэн, одоо ч энэ зангаа орхиогүй байгаа учир Путин Орост хүчтэй байгаа юм. Оросын төрийн гурван тулгуурын нэг нь “Вор закон” гэж “дархлагдсан хулгайч” нар нь байдаг. Японы төрийн тулдаг зүйлийн нэг нь “Якуза” нар, Америкийнх болохоор тэр “Гангстер”-үүд нь байдаг байхгүй юу.

-Шоронг засан хүмүүжүүлэх зорилготой гэдэг шүү дээ. Үнэхээр засан хүмүүжүүлдэг газар мөн үү, таны бодлоор?

-(Инээв) Аль ч улсын шорон хүнийг хүмүүжүүлдэггүй юм аа. Харин шоронд орж байгаа хүн болгонд “Одоо л засрах юмсан” гэсэн оргилсон хүсэлтэй богинохон хугацаа байдаг. Дахиж хэзээ ч ингэхгүй гэж гэмшсэн яг тэр үед нь Монголын хуулийн байгууллагынхан, шүүгч прокурорынхон, засангийнхан тэр хүнийг суллах хэрэгтэй. Даанч чадахгүй л дээ. Яг тэр үе нь дуусаад дараагийн хэсэгт очвол тэр хүн засардаггүй байхгүй юу. Тиймээс ялангуяа анх удаа шоронд орж байгаа хүмүүст Монголын шүүх, хуулийн байгууллагууд маш их анхаарах ёстой.

-Шоронгоос гарч ирээд дахиж хэрэг хийхгүй, үнэхээр засарсан жишээ олон л байдаг шүү дээ?

-Орон шоронд удчихсан хүн нийгэмтэйгээ эргээд зохицоход асар хүнд. Би жишээ нь, гадна талаасаа сайхан харагдаж байгаа ч нарны амьдралд дасан зохицох гэж ямар их тэмцэж байна вэ. Хажуудах ханиа гомдоочих үг хэлчихгүй юмсан, муухай ааш гаргахгүй юмсан, үр хүүхэд, найз нөхөддөө эелдэг эвтэй харьцах юмсан. Нэг ёсондоо шоронд байхдаа мартаж гээсэн зүйлсдээ би дахин шинээр суралцах шаардлага үүсч байна. Үүнийг засахад надад дор хаяж хагас жилийн хугацаа хэрэгтэй. Арван жил баримлын шавар шиг эв дүйгүй дүрс галбиртай болчихсон би чинь эргээд төрхөндөө ороход хугацаа хэрэгтэй байгаа юм л даа. Тэр дундаа олон жилийн ял хүнийг хэзээ хүмүүжүүлэхгүй. Эсрэгээрээ улам л араатан, алуурчинг бий болгодог.

Түүнээс гадна бас нэг юманд би эмзэглэж явдаг. Гэмт хэргийн статистик мэдээллээр ард олныг айлгаж, шоронгоор далайлган сүрдүүлэх гэж оролдох нь буруу. Хэсэг бүлэг луйварчид, улстөрчид ард түмнийг гэмт хэрэг өсч байна гэх айдас дунд хүлж байх сонирхол байгаад байна. Тэнд тийм аймшигт хэрэг гарлаа гээд л зарлаж байна. Гэтэл ганц аймшигт хэрэг гарсныг гурван сая хүнд тэгж зарлах ямар хэрэг байна вэ. Тэгвэл яагаад хамгийн аймшигт тахал болчихоод байгаа ДОХ-ын халдвар 400 гарчихаад байхад аюулын харанга дэлдэхгүй байгаа юм. Тэр аймшгийн хүчирхийлэл, хүчин, аллага 10, 20, 100 гараад ирвэл харин зарлах ёстой. Ганц нэг гарч байгаа гэмт хэргийг бүх сувгаар зарлаад, сонин хэвлэлээр бичээд байх нь буруу гэж боддог. Тэр дундаа шүүгч алх тоншиж, тогтоол уншаагүй байгаа үед тэр хүний тухай ямар ч мэдээлэл хэвлэлд гарах ёсгүй. Алх цохисны дараа л хүнийг ялладаг болохоос алх цохиогүй байхад хүнийг яллаж болохгүй. Энэ зарчим өнөөдөр алдагдаад байна.

-БИ БОЛ ЭНЭ НИЙГМИЙН СҮҮДЭРТ УРГАСАН ШАРИЛЖ-

-Таны амьдрал тэр чигтээ адал явдал юм. Монголд ийм замыг тийм ч олон хүн туулахгүй байх, тийм үү?

-Миний амьдрал тэр чигээрээ адал явдал. Миний туулсан амьдралын түүхэнд сайхан ч юм зөндөө, муухай ч юм зөндөө. Намайг хүмүүс алуурчин гээд харааж байна. Тэгвэл яг үнэндээ бурхан багш хүртэл хүн алж байсан. Хүн төрөлхтөний хамгийн их гэгээрсэн хүн Мял Богд хүртэл өчнөөн хүн алж байсан. Гол нь алдаагаа засаж чаддаг л байх ёстой. Бурхан багш алдаагаа зассан, Мял Богд зассан. Би алдаагаа засахыг хүсэж байхад хараах хэрэггүй. Яагаад гэвэл, бурхан болоочийг босгож чадахгүй. Түүний оронд тэр залуугийн дурсгалд зориулж нэг сайхан бүтээл бүтээн үлдээж чадвал би өөрийн үйлдсэн нүглээ бага ч гэсэн цагаатгана. Хүний нийгэм мөн л юм бол хүнд алдаагаа засах боломж олго л доо. Алдаа хийсэн гээд л гуядаад байж болохгүй.

-Танд өөр замаар явж болох байсан гэх бодол төрдөг үү?

-Би багаасаа гэмт хэргийн ертөнцөөр явсан. Би дахиж хүн боллоо гэхэд яг л энэ амьдралаа сонгоно. Юуг ч өөрчлөхгүй. Гэмт хэрэг үйлдэж явсан түүхээ ч өөрчлөхгүй. Яг л энэ хэвээрээ амьдрах юмсан гэж боддог. Яагаад гэвэл, би өөрийн туулсан амьдралдаа харамсах зүйл байдаггүй. Амьдрал гэдэг алагтай цоогтой байх жамтай. Миний үеийнхэн дотор нийгмийн гэрэлтэй гэгээтэй талд нь ургасан цэцэг шиг дэлгэрч амьдарсан хүмүүс байхад, сүүдэртэй талд нь ургасан шарилж шиг амьдарсан хүмүүс зөндөө байдаг. Би нийгмийн сүүдэртэй талд ургасан шарилж шиг тэр л хүмүүсийн нэг. Харин сүүдэртэй талд нь ургадаг шарилж шиг амьдарсан бид байгаагүй бол гэрэлтэй талд дэлбээлэх цэцэг байхгүй байх байсан. Арга билэг хоршиж байж амьдрал бүтдэг. Тэгэхээр шарлж болж амьдрах бидний амьдралыг буруушаах хэрэггүй. Хэн ч миний оронд байсан миний л туулсан амьдралыг туулна. Аав минь надад “Хүмүүс шарилжийг хогийн ургамал гээд л байдаг. Тэд шарилжийг юунд хэрэгтэйг нь мэддэггүйдээ л тэгж ярьдаг юм” гэж хэлж байсан.

-Таныг гаж донтон, рецедив гэмт хэрэгтэн, шизотой гэх мэт олон янзаар л цоллож ирлээ. Та өөрийгөө ер нь хүмүүсийн ярьж хэлдэг тэр олон Энхбатын аль нэг нь биш байгаа даа гэж бодож үзсэн үү?

-Намайг есөн шидээр хэлж байгаа хүн надтай ирж уулзаад үз л дээ. Надтай ярилцаад үз. Тэгээд үнэхээр солиотой шар хадны өвчтөн байна уу, зүгээр үндэсний үзэлтэй сайхан монгол эр хүн байна уу. Мань мэт шиг хүмүүс орчлонд цөөхөн л дөө. Бид нарт айдас гэх зүйл байдаггүй. Айдастай хүн хэзээ ч эх орон, ард түмнийг хамгаалж чадахгүй. Айдаггүй хүмүүс л эх орон, ард түмнээ хамгаалдаг. Дайсныхаа өөдөөс хутга барьж очоод, хоолойг нь хэрчихэд зориг хэрэгтэй. Тэгэхээр мань мэт шиг айдасгүй хүмүүс цөөхөн төрдөг юм. Би бол айдасгүй төрсөн хүмүүсийн нэг. Тиймээс миний хувийн зам дээр хэн ч хөндөлсөх зориг нь хүрэхгүй. Яагаад гэвэл би тэднийг миний замаас зайлж чөлөөлж өгөхгүй бол зүгээр л өт хорхой шиг алж орхиод цааш явж одно. Миний зам бол миний л зам... Энэ замаараа л би өөрийн гэсэн аз жаргалтай амьдарч яваа хүн. Түүн шиг Монголын ард түмний замыг цэвэрлэж, аз жаргалтай замаар амьдрах боломжийг нь тэдэнд нээж өгөх хэрэгтэй.

Миний амьдралдаа баримталдаг ганцхан зарчим байдаг. Би “хүний ёсыг зөрчөөгүй бол бүх юм зөв” гэж боддог. “Хүний ёс”-ыг л зөрчөөгүй бол хүн алсан ч зөв. “Хуулийн ёс”“хүний ёс”-ны доор байдаг зүйл. Монголчууд “хүний ёс”-ыг эрхэмлэдэг ард түмэн. Тийм учраас “их ёс” гэдэг хуультай байдаг байсан болохоос “их засдаг” хуультай байгаагүй. Хуулийг бусдыг боолчилж, өөрсдийн дүрмээрээ байлгахыг хүссэн хэдэн хүн зохиож боловсруулдаг. Ёсыг бол бүх нийтээрээ бодож олж, дагаж мөрддөг юм. Монголчууд ёсыг шүтэж байсан болохоос хуулийг шүтэж байгаагүй. Төрийн ёс гэдэг бол хүний ёс. Төр хэдэн хүний баталсан хуулийг сахиулах гэж оршдоггүй. Харин “хүнийхээ ёс”-ыг сахин хамгаалах гэж оршдог.

 

-БИ ЭНЭ ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН СОДОН ҮЗЭГДЭЛ-

-Та монголчуудын хамгийн хайртай үндэсний зохиолч, нэр хүндтэй сэтгүүлч байж болох байсан. Гэтэл яагаад тийм амар жимрийг биш, ийм тэрслүү амьдралыг сонгосон юм бэ?

-Хэнийг “мундаг зохиолч” гэж нэрлэхээ, хэнд “зохиолч” хэмээх нэр төрийг өгөхөө ард түмэн өөрөө сонгодог. Түүнээс мундаг зохиолч нэрийг ард түмнээс гуйж авдаггүй юм. Намайг өнөөдөр зохиолч гэж хүндэлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Би өөрөө тэр хүмүүс дээр очоод хадаг бариад, мөргөж сөгдөөд “намайг мундаг зохиолч гэж хэлээд өгөөч" гэж гуйгаагүй. Зохиолч нэрийг гуйж авдаггүй юм аа. Социализмийн үед мундаг гэж магтагдаж байсан өчнөөн л зохиолч бий. Өнөөдөр хэн ч тэднийг мэддэггүй. Тэгэхэд тэр цаг үед цөөн хэдэн эрх мэдэлтэй хүмүүс зориуд доромжилж хошного арчих цааснаас дор үзэгдэж байсан Чойномыг ард түмэн зохиолч гэж хүндэлж байсан... Өнөөдөр ч Чойномыг мэддэг, зохиолч хэмээн хүндэлдэг хэвээрээ. Нэрт яруу найрагч О.Дашбалбарыг амьд байхад хэсэг бүлэг хүмүүс түүнийг өчнөөн доромжилсон. Олон авгайтай, солиотой, шизотой гээд л. Гэхдээ тэр үед Дашбалбарыг ард түмэн мундаг яруу найрагч, үндсэрхэг үзэлтэн гэж үзэж үзэж хүндлэж байсан... О.Дашбалбар энэ чигээрээ хойчийн олон үед дурсагдсаар л байх болно. Ард түмний өгсөн “нэр төр” ингэж үлддэг. Түүнтэй адил энэ цаг үеийн “үндсэрхэг үзэлтэн” нэрээрээ хойч үед дурсагдан үлдэх цөөхөн зохиолчийн нэг бол би. Би үүнийгээ мэддэг. Энэ “нэр төр”-ийг хэн ч надаас булааж авч чадахгүй. Би энэ зууны эхэн үеийн содон үзэгдэл. Яагаад гэвэл Монголын утга зохиолд их цөөхөн хүн “баримтат зохиол” гэх жанрыг эзэмшдэг. Одоо хүн төрөлхтөн хийсвэр ертөнцөөс уйдаж байна. Зөгнөлт, зохиомол романаас уйдаж байна. Баримттай, бодитой зүйлийг л уншихыг хүсч байна шүү дээ. Тэгвэл баримтаар байшин барих гэдэг их хэцүү. Би онгирохгүй. Гэхдээ миний зиндааны баримтат зохиолч энэ цаг үед Монголд байхгүй. Үүнийг омог бардам хэлнэ. Худлаа гэж байгаа бол миний зохиолуудыг шүүмжлээд гаргаад ир. Жишээ нь миний “Захиалагат аллага” зохиолын тал нь миний амьдрал, тал нь миний аавын амьдрал, үлдсэн хэсэг нь өвөг дээдсийн минь амьдралын түүхийг өгүүлдэг. Миний зохиолын төгсгөлд “Энэ бүтээлийг гоёмсог баглаа цэцэг гэж бодвол, энэ баглаа цэцгийг баглаж хүлсэн тууз нь л минийх юм шүү” гэсэн үг байдаг. Би тэр зохиолд юу ч зохиогоогүй. Тэгээд ч энэ 21-р зуун бол баримтат зохиолын зуун.

-Та сүүлийн үед гарч буй баримтат зохиолуудыг уншсан уу?

-Дэлхийд бол баримтат зохиол төрж байна. Монголд алга. ХХ зууны баримтат зохиолын сонгодог жишээ бол Оросын алдарт зохиолч Солжнецингийн “Гулаг олтриг” шүү дээ. Монголд бол өнгөрсөн зуунд гэвэл “Нууц товчоо”, “Хөх судар” роман. Өнөө цаг үед Лодонгийн Түдэвээс өөр баримтат зохиол бичдэг зохиолч төрсөнгүй. Орчин үед ялангуяа сүүлийн 10 жилд миний олж үзсэн олон зохиолчдын хэвлүүлж гаргасан түүхэн баримтат гэсэн бүтээлүүдийн нэг нь ч баримтат зохиол биш байна билээ. Баримтат зохиол бичих гэдэг урлаг шүү. Миний “Чонын хүү” гээд баримтат роман байдаг. Түүнийг Хятадын зохиолч хулгайлаад “Чононсүлд” гээд роман болгосон. Баримтыг угсарч бүтээл хийнэ гэдэг бол хэцүү. Одоохондоо Монголын баримтат зохиолын төрөлдөө босоо байгаа нь би байна. Зарим зохиолч нэр алдар олж л байвал, хөрөнгө мөнгө олж л байвал юу ч хийсэн болно гэж ойлгоод байгаа. 1994 онд хэвлэгдсэн Баабарын “Нүүдэл суудал” гээд роман бий. Энэ түүхэн номоор Монголын нэгэн үеийн залуу үе хүмүүжиж, боловсорч, эрийн цээнд хүрсэн. Гэтэл энэ Баабар ямар бузар зохиолч гээч. “Монголд 30 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан” гэх баримтыг Наваан гэх номноос ишилж авлаа гэсэн байдаг. Гэтэл Наваан гуайн тэр номыг нь аваад харахаар “Монголд 700-300 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан” гэж бичээстэй бий. Ингэж л доромжилж байгаа юм. Тиймээс баримтат зохиол бичдэг гэж өөрсдийгөө цоллодог хүмүүст “Ард түмнээ доромжлохоо боль” гэж хэлмээр байна. Яагаад гэвэл, би гэмт хэрэгтэн хүн. Баримтын үнэ цэнийг мэднэ. Намайг яллахын тулд хөдлөшгүй баримтаар л яллах хэрэгтэй. Түүнтэй адил баримтат зохиолыг нэр хүнд горилж, мөнгө бодож бичдэггүй юм.

-Хэрвээ мөнгө хөөе гэвэл хамгийн их боломж, нөөцтэй хүн бол таныг гэж боддог. Таны “Захиалгат аллага” номоор кино хийхэд өчнөөн хүн үзнэ. Шоронгийн түүхээрээ роман бичихэд маш их хүн уншина. Тийм биш гэж үү дээ?

-(Санаа алдав) Уран бүтээлийг мөнгөний төлөө хийдэггүй юм аа. Ард түмэн, эх орон, үр хойчдоо үлдээх эрдэнэ бүтээх гэж уран бүтээл хийдэг. Уран бүтээлийг бол дэлхийг харж хийх ёстой. Монголын үргэлжилсэн үгийн зохиол дэлхийн дэвжээн дээр зодолдох ёстой. Шүүмжийн урлаг байхгүй болохоор хог новшууд утга зохиолын тавцанд хөгжиж байна. Уран бүтээлийг хэмждэг юм нь мөнгө биш, цаг хугацаа. Хойч үедээ л үлдээх бүтээлийн төлөө тэмцэх хэрэгтэй. Өнөө маргаашийн мөнгө олох бүтээл бол яах вэ. Хэн чиг л хийнэ. Мөнгөний төлөө юм хийх амархан. Би мөнгө олъё гэвэл ном бичих ч шаардлагагүй. Хэдэн алтны компанийг тойрч гүйхэд л насаараа идэх мөнгөтэй болно. Захын компанийн захирлаас мөнгө авчихаж чадна. Зүгээр шоронгийн амьдралын талаар жижиг боть гаргаад хоолны мөнгөө түүж чадна. Даанч надад ийм хүсэл алга. Уран бүтээлийг мөнгөний төлөө хийж болохгүй. “Ногоон нүдэн лам”-ыг аваад үзэхэд мөнгөний л роман шүү дээ. Төгсгөлд нь баахан хэлмэгдсэн хүмүүсийн нэрийг хавсаргачихаар л түүхэн роман болчиж байгаа юм байх. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй ээ.

-БИ ХЭРВЭЭ ШОРОНД ОРООГҮЙ БОЛ ЭЛБЭГДОРЖ ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ БАЙСАН-

-Таныг эзгүй байх үед энэ нийгэм, улс төр яаж өөрчлөгдсөн байна вэ?

-1990 оноос хойш гарч ирсэн Хятадын эрлийзүүдийн бүлэг, мөн Монгол угсаатай хэрнээ заль мэхээр баяжиж хөрөнгөжсөн бизнесийн бүлгүүд Монголын төрийн эрхийг өөрсдийнхөө гарт бүрэн авч Монголчуудын эд баялагийг эцэст нь хүртэл ухаж ууж идэхийг хүсч байсан. Энэ ажиллагаа 2007 оноос 2017 онд бүрэн хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд зорьсондоо хүрчээ. Уг нь Мэндийн Зэнээ, О.Дашбалбар, Дангаасүрэн ах, “Даяар монгол хөдөлгөөн”, “Хөх монголбүлгэм”-үүд тэдгээр луйварчидийг үүнийг хийхэднь их саад болсон. Би өнөөдөр нэг зүйлийг омог бардам хэлж чадна. Би хэрэв 2006 онд шоронд ороогүй байсан бол сонин хэвлэлүүдээр байнга л “хужаагийн эрлийз” гэж цоллуулж явдаг Элбэгдорж гэдэг хүн хэзээ ч Ерөнхийлөгч болж чадахгүй байсан. Өнгөрсөн 10 жил Монголын төрийг самрах боломжоо энэ хүн намайг эзгүйд олж авсан нь үнэн шүү. Одоо энэ хүмүүсийн сүйтгэсэн юмыг эргэж цэвэрлэх гэж Монголчууд мөн ч зовно доо. Миний аав “Хавар болж, хур бороо орж байгаль орчин сэргэхийн өмнө хуй салхи дэгддэг юм, миний хүү. Тэр хуйнаар хошного арчсан цаас толгой дээгүүр хийсдэг” гэж хэлж билээ. Тэгвэл одоо тэр хуй нь дэгдээд, хошного арчих цаас шиг энэ Элбэгдорж, Очирбат, Дорлигжав, Золжаргал гээд баахан хог шаарууд толгой дээр гараад, одоо болтол газарт буугаагүй дэгдэж байна шүү дээ.

-Таныг эзгүйд энэ хүмүүс зорьсондоо хүрсэн гэсэн үг үү?

-Зорьсондоо хүрсэн. Яагаад гэвэл, тэд өөрсдийнхөө замд тээглэх бүх хүнээ устгасан. Зориг, Зэнээ, Дашбалбар, Наранцацралт, Отгонбилэг, АТГ-ын дарга Дангаасүрэнг тэд устгасан. Эд нарын устгасан хүнийг тоолвол өчнөөн хүн гарна.Тэд өөрсдийнхөө бузар хүсэлээ гүйцэлдүүлэх замдаа тээг болсон бүхнийг цэвэрлэсэн. Тийм ч учраас би шүүх хурал дээр хэлж байсан. “Амьд үлдээвэл хохь чинь шүү” гэж. Тэгсэн шүүгч өөрийг нь заналхийллээ гэж бодсон юм шиг байна лээ. Тэгэхэд нь би “Уучлаарай,эрхэм шүүгч танд намайг цаазлах ял оноох захиалга өгсөн цаад хүмүүсийг чинь хэлж байна аа” гэсэн.

-Одоо тэгээд та тэдэнтэй тооцоо бодох уу?

-Би хэлсэн шүү дээ. Би эрийн сайндаа амьд үлдээгүй. Монгол Төрийн сүнс шүншиг намайг амьд үлдээсэн. Тиймээс би амьд үлдсэнийхээ хэргийг гүйцэлдүүлж үлдсэн амьдралаа Монгол төрөө элдэв бөөс хуурс шиг хүн хогнуудаас цэвэрлэх үйлд зориулна. Би Монгол төрийн захиасаар өнгөрсөн 30 жилд Монгол Төрийн нэрээр Монголын газар нутгийг зарсан, Монгол Төрийн өмч хөрөнгийг луйвардсанбүх хүмүүстэй Монгол Төр хариуцлага тооцож тэднийг залхаан цээрлүүлэх бүх баримтыг олж өгнө. Би “эрэн сурвалжлах сэтгүүл зүй”-гээр бэлтгэгдсэн угсаа залгамжилсан сэтгүүлч учраас тэдгээр луйварчидийн бузар булай бүгдийг ард түмэндээ дэлгэнэ. Би бол 1990 оноос 2018 оны хооронд Монгол Улсад болсон сайн муу, сайхан муухай бүгдийг зохиол бүтээлдээ бичиж үлдээнэ.

-Та хэрэгт орохоосоо өмнө улс төрөөр нэлээн оролддог байсан. Одоо гарч ирээд бас оролдоод эхэллээ. Айхгүй байна уу?

-Мань мэт шиг хүмүүс цөөхөн л дөө. Бидэн шиг хүмүүст буюу надад айдас гэх зүйл байхгүй. Айдастай хүн хэзээ ч эх орон ард түмнийг хамгаалж чадахгүй. Тиймээс би яагаад ийм осолтой замруу ороод байна гэвэл Монгол Улсыг, Монголын ард түмнийг доромжлох энэ хүн хог болсон шааруудыг цэвэрлэхийн төлөө юм. Миний өөрийн хүсэл бол зүгээр л хээр зүлгэн дээр очиж гэрээ бариад авгайтайгаа хамт амьдарч уран бүтээлээ хийгээд хэвтэж байх. Гэвч тэгж болохгүй байна. Энэ осолтой амьдрал дундуур явахаас өөр арга надад алга. Би “Хувьсгалыг ухаантангууд бодож олоод, эрх зоригтнууд хийж, хог шаарууд үр шимийг нь хүртдэг” гэх үгийг хэлэх дуртай. Ардчилсан хувьсгал яг энэ замаар явчихлаа. Монголд ардчилсан хувьсгал хийхэд өнөөдөр хувьсгалч гээд орилоод байгаа нөхдүүдийн хэн нь ч байгаагүй. Өнөөдөр энэ хог шаарууд нь өөрсдийгөө Ардчилсан хувьсгалын баатрууд байсан мэтээр ярих болж. 1980 оны сүүл 1990 оны эхээр Монгол Улсад Ардчилсан хувьсгал хийхэд тэнд Ц.Элбэгдорж, Женко Баттулга.. нарын роль гэж байгаагүй. Мэндсайханы Энхсайхан, Баабар гэгдэх Б.Батбаяр энэ тэр ч байгаагүй.

-Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар байсан ...?

-Наадуулын чинь гүйцэтгэсэн гол роль огт байгаагүй юм аа. (Уурлав). Жишээ нь Ардчиллын анхны цуглааныг хийх үед Бат-Үүл хүмүүсийн хөлөөс холдон хогийн савны ард нуугдаад л байж байсан. Харин Бат-Үүлийн ардчилсан хувьсгалд оруулсан нэг л том гавьяа байдаг. Тэр нь юу гэвэл, аав Эрдэнийнхээ бичгийн машиныг авчирч өгсөн. Өөр гавьяа байхгүй. Өнөөдөр ардчилсан хувьсгалыг хийсэн жинхэнэ зоригтнуудыг хэнч дурсахгүй байна. Нинж, Малыш Энхтүвшин, Амарсанаа, Бошигт, Нэргүй доктор... Гэтэл тэдний сэдсэн хувьсгалын үр шимийг өнөөдөр өөрсдийгөө ардчилсан хувьсгалын алтан хараацайнууд гэж өргөмжилсөн хог шаарууд хүртээд явж байна. Тиймээс л би энэ хог шааруудыг Монгол төрөөс цэвэрлэх ажилд гар бие оролцоно. Би Монгол төрийн өндөр албанд ажиллаж асан Очирбат, Элбэгдорж, Золжаргал нарын сэтгэл бодол дотроос хуруун чинээ, хумсны хугархайн чинээ ч болов гялтайх алт шиг сайхан зүйл олж харахгүй байна. Намбарын Энхбаярын сэтгэл бодлоос бол Монголын төлөө гэсэн нэлээн том алт харагддаг. Сэтгэл бодолдоо Монголын төлөө гэсэн тийм алттай хүмүүс зөндөө байдаг. Гэтэл энэ луйварчид тэр хүмүүсийг Монголын төрд орж ажиллах замгүй болгож байна. Миний хамгийн их харамсдаг юм бол сүүлийн арав гаруй жилд тагнуул, хууль хяналтын байгууллагууд бүрэн дампуурсан явдал. Энэ бол сүйрэл. Өнөөдөр Монголын төрд өндөр алба хаших болсон луйварчид өөрсдийнхөө дураар хэн дуртай Монгол хүнээ хүссэн үедээ барьж чулуудан оруулж устгах тусгай хонгилтой болсон байна шүү дээ. Өнөөдөр Монгол Улсаар тоглож байгаа “таван бүлэг” луйварчин хүмүүс бий. Энэ таван бүлэг хүмүүс цагдаа, тагнуул, шүүх прокурорт өөр өөрсдийн өрсөлдөгч нараа устгадаг тусгай хонгилтой болсон. Монгол төрийн нэрээр халхавчилж, хуулийн нэрээр гул барьж байгуулсан тэр хонгил руугаа өөрсдийн дургүй хүмүүсээ оруулж устгадаг болсон. Бие биенээ хүлээн зөвшөөрчихсөн энэ таван бүлэг одоо хэний бүлэг нь хэнийгээ буюу нэг нэгийгээ захирах гээд өөр хоорондоо дайтаад байна. Энэ дайнд нь Монгол Улс, Монголын ард түмэн сүйрч байна. Тиймээс л би энэ ертөнц рүү хөл тавихаас өөр аргагүй болоод байна.

-Гэмт хэргийн ертөнцийн хуулиар тэмцэнэ гээд яриад байгаа чинь ийм учиртай байх нь ээ?

-Монгол төрийн өндөр албанд шурган орсон эдгээр луйварчдад өнөөдөр хууль үйлчлэхгүй бол, эд нартай Монгол төрийн хуулиас айдаггүй буюу хууль үйлчилдэггүй өөр тийм хүмүүс л тэмцэж чадна гэсэн үг. Өнөөдөр нэн даруй П.Очирбатын тойрон хүрээлэгсдийг шалгах хэрэгтэй. Цахиагийн Элбэгдорж, Миеэгомбын Энхболдын тойрон хүрээлэгсдийг шалгах хэрэгтэй. Тэгвэл 1990 оноос хойших 30 жилд Монголын төрийг самарч, монголчуудын хөрөнгийг гадагш аваачиж нуусан хүмүүсийн хэрэг илэрнэ. Миний сая нэр дурдсан хэдэн хүнийг “тойрон хүрээлэгсдийн хэрэг”-ийг шалгаад эхлэх юм бол энэ хүмүүсийн гар хөл болж монголчуудыг янз бүрийн байдалд оруулсан бүх хүн аяндаа татагдаад шалгагдана. Гэхдээ дээрхи нэр бүхий хүмүүс хийгээд тэдгээрийг тойрон хүрээлэгсэдийн хэргүүдийг шалгахаас өмнө нэн даруй өнөөдрийн Монгол Төрийн хууль, тагнуулын байгууллагыг тэдний гар хөл бологсодоос бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Миний дээр нэр дурдсан хүмүүс Монголын Төрд шалгуулахаас үхтлээ айгаад байгаа биз дээ. Үнэхээр шударга, цэвэр ариун л юм бол юунаас айсан юм. Би шоронд орохоосоо өмнө буюу 2006 онд Монгол Төрд өндөр алба хашиж явсан Золжаргалыг албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Төрийн өмч хөрөнгийг шамшигдуулсан байж болох гэмт хэрэгт холбоотой асуудлаар АТГ-т шалгуулахаар өгч байсан. Гэтэл энэ хүнийг хууль хяналтын байгууллага шалгалгүй явсаар дахиад Монгол банкны даргаар тавиад монгол төрөө самрууллаа шүү дээ.

-Одоо шалгаж байгаа гэсэн сураг дуулдсан?

-Шалгахгүй. Шалгасан ч энэ Золжаргал мэт нь ямар ч ял шийтгэл хүртэхгүй. Тиймээс одоо энэ Монгол Улсад төрийн хууль үйлчилдэггүй болчихсон эдгээр хүмүүстэй өөрсөнтэй нь адилхан хууль үйлчилдэггүй хүмүүс л тулалдах хэрэгтэй болж байна. Эрүүгийнхэн л тэднийг дарж чадна. Эрүү гэдэг бол гэмт хэрэг, мафи хоёрын дунд байдаг зүйл. Гэмт хэрэгтэн бол хэзээ ч эрүүгийн хүн болохгүй. Эрүүгийн хүн болно гэдэг өөр зүйл. Хуулийг атгачихсан хүмүүс хэнийг ч гэмт хэрэгтэн болгож чадна, эсвэл гэмт хэрэгтэн болгоно гэж айлгаж чадна. Тиймээс л тэдэнтэй хуулиас айдаггүй, хууль хамаардаггүй хүмүүс тэмцэх ёстой гээд байгаа юм. Эрүүгийнхэнд ганцхан сул тал байдаг. Эрүүгийн хүн төрийн цагдаагийн өөдөөс гар далайж болохгүй. Даанч төрийн цагдаагийн форм нөгөө луйварчин хүмүүст үйлчилж байгаа нь харамсалтай. Тэгэхээр цагдааг уяаныхаа нохой болгож байгаа эздийг устгах хэрэгтэй. Намайг залуу байхад аав минь хэлдэг байсан. “Ууртай нохой шидэгдэж ирсэн чулуу хаздаг, ухаантай нохой бол чулуу шидсэн хүнийг очиж зуудаг” гэж. Бид нар энэ шидэгдэж ирсэн чулуу шиг цагдаа нартай муудалцахгүй ээ. Тэр цагдааг чулуу болгож шидээд байгаа хүмүүстэй тулалдана. Тэр завсарт тэдний уяаны нохой шиг болсон цагдаа нарт зөндөө уруулна. Гэхдээ айх зүйл байхгүй. Энэ чинь л хамгийн хэцүү тэмцэл.

-Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол ялна гээд л ялчихлаа шүү дээ. Таныхаар Монгол ялав уу?

-Үгүй. “Женко” хочит Х.Баттулга бол “үндэсний үзэлтэн” биш. Бизнесмэн хүн. Бизнесмэн хүн төрийг сүйтгэдэг. Төрийг төрийн ёсыг мэддэг хүн л удирддаг юм... Өнөөдөр Женко хочит Х.Батулга буюу Монгол Улсын ерөнхийлөгч болсон энэ хүн сая миний хэлсэн тэмцэлд жулдаж байна. Яагаад гэвэл гэвэл энэ хүний өөрийнхөө зөвлөхүүдээр сонгож авсан хүмүүсийг нь хараад л би ийм дүгнэлт хийж байна. Гэхдээ Монгол ялах өдөр ирнэ.

-УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙГ НАМНАЧИХ ВИЙ ДЭЭ ГЭЖ ЭМЭЭДЭГ-

-Таныг Намбарын Энхбаярыг Монголын хаан байхад түүний хамгийн итгэлтэй, нөлөөтэй хүн нь байсан гэдэг юм билээ. Үнэхээр тийм юм уу?

-Тийм ээ. Би Энхбаярын нэр төрийг хамгаалахын тулд юу ч хийхээс буцахгүй явсан хүн. Энэ хүн Монголын төлөө маш олон зөв юм хийсэн. Өнөөдөр энэ хүнийг яаж ч үгүйсгээд гавьяа нь 70 хувь, гай нь 30 хувь. Харин Элбэгдорж, Очирбат нарын гай нь 80 хувь, гавьяа нь 20 хувь гарна. Жишээ нь Энхбаяр Ерөнхий сайд байхдаа “Монголын нууц товчоо”-г бүх дээд, дунд сургуулиуд судлах ёстой гэж зарлиг гаргаад, жил бүрийн есөн сарын нэгэнд Монгол Улсын бүх сургуульд “Монголын нууц товчоо” их хөлгөн судрыг судлах хичээл ордог байсан. Гэтэл Элбэгдорж гэж нэр алдар, албан тушаалд дуртай жижигхэн эр Монгол Төрийн өндөр албанд гарч ирээджил бүрийн есөн сарын нэгнийг өөрийгөө рекламддаг өдөр болгочихсон. Би Энхбаярыг хүндэлж явдаг, цаашид ч хүндэлнэ.

-Одоогийн улстөрчид дотроос Энхбаярын хирээний хүндлэл хүлээх хүн байгаа юу?

-Ганц хүн бий.

-Хэн бэ?

-Ухнаагийн Хүрэлсүх. Өөр хүн байхгүй. Хүрэлсүх бол энэ цаг үеийн захиалгаар төрсөн улстөрч. Даанч энэ хүнийг нөгөө луйварчидийн бүлэглэлүүд намначих вий дээ гэж эмээдэг. У.Хүрэлсүх одоо цагт ганцаардмал чоно шиг байдалд яваа хүн. Энэ хүнийг дэмжих, тэтгэх ахмад үе, зөвлөхүүд дутаж байна. Зөв хөгжүүлээд явбалойрын 10 жилд энэ хүн Монголын Төрийг босгож ирж чадна. Борис Ельцин В.Путинг зөв таньж гаргаж ирсэн. Түүний буянаар Орос орон өнөөдөр ямар болж байна вэ. Түүнтэй адил Ухнаагийн Хүрэлсүх гэх мод эх орны захиалгаар ургаж гарч ирсэн. Цаашид ургаад, сагсайгаад, үр жимсээ өгөхөд хугацаа хэрэгтэй. Түүнээс нь өмнө хог новшоор булж, далд хийх гэж оролдож байна. Одоо жишээ нь Хүрэлсүх өөрийн Засгийн газраа өөрийн хүслээр байгуулж чадаагүй. Энэ бол маш харамсалтай зүйл...

-Гэхдээ түүнд бүх эрх мэдэл шилжиж байна. Намын даргын суудлаа хүртэл авчихлаа?

-Эрх мэдэл хэн нэг хүний гарт очно гэдэг өөр зүйл. Путин төрийн эрхэнд гарч ирсэн даруйдаа эрх мэдлийг атгаж чадаагүй юм шүү. Путинг хүчирхэг болгосон зүйл нь Оросын “вор”-ын буюу “дархлагдсан хулгайч” нарын тогтолцоо байсан. Путин олон дархлагдсан хулгайч нартай харьцдаг. Оросын олон дархлагдсан хулгайч нар Путинтэй мөр зэрэгцэн Оросын луйварчдийн эсрэг тэмцсэний хүчинд Орос орны эрх мэдэл Путины гарт бүрэн орж ирсэн юм. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд Оросын төрийг удирдах Путин Оросын Засгийн газрынхаа захын сайдаа дуудаад “Чадахгүй бол зайлаарай” гэж загнаж чадаж байна. Хүрэлсүх бол одоохондоо ингэж чадахгүй. Яагаад гэвэл Хүрэлсүхийн засгийн газарт түүний үгэнд орох нэг ч сайд байхгүй. Харин өөрсдийн далд эздийн үгэнд орох тийм л олон сайдууд Хүрэлсүхийн доор ажиллаж эхэллээ. Энэ нь Хүрэлсүхэд өөрт нь л халгаатай. Мөн Хүрэлсүхэд хойд, урд хөршийнхөө бодлогыг маш сайн мэддэг зөвлөхүүд хэрэгтэй. Одоо Хүрэлсүх Монголдоо биш дэлхийн тавцан дээр тоглож эхэлж буй тул түүнд дэлхийн цараатай сэтгэдэг Монгол зөвлөхүүд хэрэгтэй. Гэтэл Хүрэлсүхэд тэд нь бас л алга байх шиг ээ. Нэг ийм эртний үг байдаг юм. “Хаан хэзээ ч алдаа гаргадаггүй. Хааны зөвлөхүүд л алдаа гаргадаг” .

-Хоёулаа ярианыхаа зэлийг эвхэхгүй бол хөврөөд л байх шинжтэй байна. Танд шоронгоос амьд гарсных үүнийг л бүтээх юмсан гэсэн ямар хүсэл байна вэ?

-Би “цаазлуулах ял” авчихаад буудуулах цагаа хүлээн хэвтэж байхдаа хожим үлдэх байх гээд нэг захиа бичсэн юм. Тэгээд Гянданд очсон хойноо тэр захиагаа Цахиагийн Элбэгдоржид хаяглан явуулсан. Гэхдээ намайг гэмт хэргээс уучилж өршөө гэж бичээгүй ээ. “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд би танаас нэг юм гуйя. Манай Дорнод аймгийн Булган сумын хойд талд Туг уул гээд нэг жижигхэн уул байдаг. Тэр ууланд Чингисийн Тугийн сүм гээд олон зуун жил тахин шүтэж ирсэн жижиг сүмхэн байсан юм. 1930-аад онд устгагдсан тэр сүмийг сэргээж, эзэн хааныхаа туг сүлдийг буцааж залан тахиач” гэж тэр захидалдаа бичсэн. Мандухай цэцэн хатан Монгол төрийн төлөө үнэнчээр зүтгэх тангаргаа өргөж байсан тэр сүм шүү дээ. Тийм учраас би үхэх гээд хэвтэж байхдаа Ерөнхийлөгчөөс амь гуйгаагүй, харин тэр сүмийг сэргээгээрэй гэж гуйж байж. Одоо бол би тэр үйлдлээрээ бахархаж байна. Бас эрийн хугархай явж дээ.

-Залуучуудын зарим нь таныг тахин шүтэх нь холгүй байхад зарим нь хэт их үзэн ядаж, муу хэлэх юм. Та муу сайн үгийг тоох юм уу?

-За даа, муу хэлүүлэх дуртай хэн байх вэ. Монголчууд дунд “жингийн цуваа явж л байна, жингэр хуцаж л байна” гэдэг үг байдаг даа. Гэхдээ хэн нэгэн миний дэргэд ирээд миний “нэр төр” рүү халдаж намайг доромжлох гэвэл би тэр хүнийг шууд л хутгалан баастай гэдсийг нь цувуулж орхино шүү. Би ганцхан хүмүүст л миний нэр төрд халдах эрхийг өгч байгаа. Талийгаач хүүгийн аав ээж, ах дүү намайг яаж ч харааж, зүхэж байсан би тэсээд гарна. Тэд тэгэх эрхтэй хүмүүс. Харин өөр хүмүүс миний нэр төрд хадахыг хүсвэл надаас хол, надад баригдахгүй газар очин нуугдаж байж л тэр үгээ хэлээрэй. Би их нүгэл хийсэн бузар хүн. Гэхдээ арван жил шоронд сууж байгаад гараад ирээд энэ “сошиал ертөнц”-өөр явж байгаа хүмүүсийн бичсэн яриаг харахад эрх чөлөөт амьдралд надаас айхтар бузартсан олон хүмүүс язагнаж байдаг юм биш үү. Жишээ нь Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие муудаад тэр хүнд туслах гэсэн хүмүүс хандив цуглуулж. Тэгтэл “Энэ муу зөнөг өвгөн яасан гэж мөнгөн тусламж, хандив авч байгаа юм” гээд харааж байх юм. Монголчууд хамгийн адгийн хараалаа хүртэл цээр үгээр хэлдэг байсан ард түмэн шүү. “Тосоор гоож” гэж. Энэ хараалын утгыг мэдэх үү. Дээр үед бурхан болоочийгоо хээр хөдөө ил тавьдаг ёстой байж. Их нүгэлтэй хүний цогцсыг чоно, нохой тоож иддэггүй. Тиймээс халуун наранд хөөж хавагнаад, хамаг тос шүүс нь гоожихыг зүйрлэж “Тосоор гоож” гэж хараадаг байсан. Хараал ерөөлд ийм нухацтай хандаж ирсэн ард түмэн шүү, бид. Тиймээс хэн нэгэн хүн амны дор хагархай гэсэн шиг бусдын нэр төрийг бузар үгээр утахаасаа өмнө сайтар бодож байх хэрэгтэй дээ. Яагаад гэвэл, хүний нэр төр бол аминаас ч илүү үнэтэй зүйл байдаг юм. Бусдад хүндлүүлэхийн тухайд гэвэл олон хүмүүс “Энхбат аа, би чамд атаархаж байна. Чи бол Монголын нийгмийн хог шаар шахуу хүн. Хүний үрийг алсан, шорон оронд орсон. Гэтэл энэ цаг дор өчнөөн сайхан залуучууд багшаа гэж ирээд чамаас адис аваад, зарим нь чамд загнуулаад явж байх юм” гээд гайхдаг. Намайг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг олон хүн бий.

 

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.