Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2017 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хонгийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

П.СЭРГЭЛЭН: БИД ЖИЛД 10-15 САЯ ХОНЬ НЯДЛААД ЗАРАХАД ЗӨВХӨН ЭРЭЭН ХОТЫН ХЭРЭГЦЭЭГ Л ХАНГАНА

НИЙТЛЭСЭН: 2017-09-11 10:51:18
Бусад > Олны танил | Сэтгэгдэл: 0

Өнгөрсөн пүрэв гарагийн 21:40 цагт УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг хуралдаанд оролцсон 73 гишүүний 41-ийнх нь саналаар буюу 57.5 хувиар огцруулсан билээ. Харин Мэргэжлийн Засгийн газар огцрохоос өмнөхөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлнэгээс доорх яриаг авснаа хүргэж байна .

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын хувь заяа тодорхойгүй байдалд орчихлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувьд өнгөрсөн жил гаруйн хугацаанд ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж ирэв? 

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар бөгөөд Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлж, ажиллах хүчний 50 гаруй хувийг хамарч, 21 аймгийн 330 сумын 85 гаруй хувь нь хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дангаар болон толгойлон хэрэгжүүлэхээр тусгагдсан 62 зорилтын 160 арга хэмжээг хяналтад авч, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Салбарын хэмжээнд нийтдээ 13 хөтөлбөрийн төсөл боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс “Үйлдвэржилт 21:100”, “Жимс жимсгэнэ”, “Ноолуур”, “Малын эрүүл мэнд” болон хүнсний аюулгүй байдлын чиглэлээрх төслүүд боловсруулагдаж хэрэгжих шатандаа явж байгаа. Мөн Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор “Мах сүүний анхдугаар аян”-ыг шинээр “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А-45 дугаар тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

-Та хэдхэн хоногийн өмнө ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо “Манай орны эдийн засгийн тулгуур салбар нь хөдөө аж ахуй” гэж хэлээд олон оюутанд сургалтын тэтгэлэг гардуулж байсан нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар энэ салбарт ихээхэн анхаарал тавьдгийн илэрхийлэл гэж ойлгож болно биз?

-Болно. Мэдээж манай орны эдийн засгийн суурь, тулгуур салбар бол хөдөө аж ахуй юм. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдсээр байгаа. Тухайлбал ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 50 оюутанд жил бүр олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтын төлбөрөөс чөлөөлсний нотолгоо нь дээрх оюутнууд юм. Манай орны ууган дээд сургуулийн нэг ХААИС-д энэ жил л гэхэд 2100 орчим оюутан шинээр элсэн суралцаж байгаа нь Монгол Улс хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдээ системтэй бэлтгэж байгаа үзүүлэлт юм.

-Та түрүүн хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын нийт ажиллах хүчний 50 гаруй хувийг хамардаг гэсэн. Ингэхээр хөдөө аж ахуйн салбар яах аргагүй Монгол Улсын тэргүүлэх салбар гэдэг нь харагдаж байна. Энэ том салбар ДНБ-ий хэдэн хувийг ханган нийлүүлдэг юм бол? 

-Яг нарийн тоо хэлэх юм бол өнөөдөр манай хөдөө аж ахуйн салбарт Монголын нийт ажиллах хүчний 53.8 хувь нь ажиллаж баялаг бүтээж байна. Энэ том салбар маань Монгол Улсын ДНБ-ний 36.1 хувийг бүрдүүлж байгаа бол уул уурхай, барилга болон бусад салбарууд 63.9 хувийг нь бүрдүүлж байгаа. Хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого 515.8 сая ам долларт хүрсэн нь тасралтгүй өсч байгаа үзүүлэлт юм. Газар тариалангийн салбарт гэхэд л 2016 онд 483.5 мянган тонн улаан буудай хурааж авч байсан бол энэ 2017 оны ургацын урьдчилсан балансаар 495.5 мянган тонныг хурааж авах тооцоо гарсан. Төмс гэхэд урьд онд 165.3 мянган тонныг хураан авч байсан бол энэ жил урьдчилсан байдлаар 166.9 мянган тонныг авахаар байгаа. Хүнсний бусад ногооны хувьд өмнөх жил 94.4 мянган тонныг хураан авч байсан бол энэ жилийн тухайд 102.1 мянган тонн болж нэмэгдэх тооцоо гарсан.

-Мал аж ахуйн салбарт ч малын тоо толгой тасралтгүй өсч анх удаа 61 сая толгой мал тоолуулсан байх шүү?

-Хуучин ЗХУ-ын удирдагч И.Сталин манай Х.Чойбалсан маршалд “Танайх малаа эрчимтэй өсгөж 200 саяд хүргэх хэрэгтэй” гэсэн үүрэг өгч байсан юм гэдэг. 200 сая нь ч юу юм, Монгол Улс 2016 оны жилийн эцэст анх удаа 61.5 сая толгой мал тоолуулсан. Төрөл бүрээр нь ангилбал 27.8 сая хонь, 25.5 сая ямаа, 4.08 сая үхэр, 3.6 сая адуу, 401 мянган толгой тэмээ тоолуулсан. Ийнхүү Монголын мал эрчимтэй өсч байгаа ч бэлчээрийн даац, малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн талаар нухацтай бодлого шийдвэр гаргаж хойшлуулшгүй шийдвэл зохих олон асуудал бий. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх, ингэснийхээ үр дүнд экспортын орлогыг нэмэгдүүлэх нь манай яамны урдаа барих гол ажлуудын нэг болж бид ч тодорхой үүрэг зорилго тавиад ажиллаж байна. Ялангуяа малаа халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд нэгдүгээрт малчин өрх бүр малын хариулга маллагааг сайжруулж байнгын хяналттай болгох, хоёрдугаарт отор нүүдэл зэрэг цаг үеийн шаардлагатай шилжилт хөдөлгөөнд мал эмнэлгийн туслалцаа авч хэвших, гуравдугаарт отроор явсан болон ирсэн тухай мэдээллийг төрийн захиргааны байгуулагад бүртгүүлж хэвших, дөрөвдүгээрт мал сүргээ эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх тарилга, тандалт шинжилгээ зэрэг төлөвлөгөөт арга хэмжээнд бүрэн хамруулах, өвөлжөө, хаваржаа, уст цэгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, тавдугаарт бог малын хээлтүүлэгчийг суурилах болон авах үедээ мал эмнэлгийн байгууллагаар үзлэг шинжилгээ хийлгэх, зургаадугаарт сүргээс ганц нэгээ үлдсэн өвчтэй мал, амьтныг өөрийн сүрэгт нийлүүлэхгүй байх, долоодугаарт бэлчээр нутагтаа байгаа мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж шатааж устгах, наймдугаарт малдаа байнга ажиглалт хийн, сэжиг илэрсэн тохиолдолд яаралтай малын эмчид хандах зэрэг заавал биелүүлэх албан даалгавар гарган ажиллаж эхлээд байгаа.

-Та өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа “Энэ жил нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гандсан. Үүнээс шалтгаалан ургацын 40 хувийг алдах төлөвтэй” гэж байсан. Түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Одоо байдал ямархуу байгаа вэ?

-Байдал тааруухан байгааг хэлэх ёстой. Улсын ургацын комисс саяхан хуралдсан. Хуралдахаас өмнө яамны зүгээс газар тариалангийн бүс нутаг руу дөрвөн ажлын хэсэг томилж ажиллуулсан юм. Бүрэлдэхүүнд нь туршлагатай, хашир тариаланчид, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр ажиллаж буй салбарын эрдэмтэд, яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтнүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан багтсан. Тэд ургацын урьдчилсан балансаа тогтоогоод ирлээ. Тухайн ажлын хэсэг тариаланчидтай уулзаж газар дээр нь зөвлөгөө өгч ирээд урьдчилсан дүнгээ гаргасан. Бид энэ жил 370 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Өнгөрсөн зун манай улсад сүүлийн 60 жил тохиогоогүй ган боллоо шүү дээ. Цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас хамаарч зүүн, баруун, төвийн бүсийн урд хэсэг ургац алдаад байна. Нийт авах ёстой улаанбуудайныхаа 54 хувийг хурааж авна. Бидэнд 320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Ийм хэмжээний улаанбуудайгаар гурил үйлдэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Харин энэ жил үндсэндээ нийт ургацынхаа 50 хувийг алдсан гэсэн үг. Тиймээс ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай уулзалт хийсний дүнд үлдсэн 50 хувийг дотоодын зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдаж авахаар тохиролцоо хийсэн.

-Жилийн жилд ОХУ-аас авсан улаанбуудайн талаар хэл ам гардаг. Тухайлбал олон жил хадгалсан буудайг хямдхан авч оруулж ирээд илүү үнээр шахдаг гэдэг. Энэ жил тиймэрхүү зүйл давтагдах уу?

-Тиймэрхүү хэл ам гардаг нь үнэн. Гэхдээ энэ жил тийм асуудал гарахгүй. Бид энэ жилийн шинэ ургацын улаанбуудай худалдаж авна. Худалдаж авахдаа ОХУ-д худалдан борлуулж буй үнээс хямдаар авна. Буудайн чанар, үнэд гурил үйлдвэрлэгчид өөрсдөө хөндлөнгийн хяналт хийгээд явна. Улаан буудайгаа оруулж ирэхдээ нэг цонхоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол арван гурилын үйлдвэр давхиж очиж гэрээ хэлэлцээр хийнэ гээд үнийг нь өсгөж, унагаад янз бүр болдог. Тиймээс чанарт нь Мэргэжлийн хяналт болон гурил үйлдвэрлэгчид хяналтаа тавина. Оруулж ирсэн улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохдоо нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж авах шаардлага. Нэг үгээр хэлбэл дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярих юм. Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гурил оруулж ирэхгүй. Гэлээ гээд гурилын үнэ өсөхгүй. Улс тариаланчдаас улаанбуудайг нь өнгөрсөн жилийнхээ үнээр худалдаж авна. ОХУ-аас улаанбуудай хямд авах болохоор гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн зүйл огт байхгүй.

-Төмс хүнсний ногоогоор хэрэгцээгээ хангаж чадах уу. Уг нь Ерөнхийлөгч Хятадаас хүнсний ногоо импортлохыг 100 хувь зогсоо гэж үүрэг өгсөн санагдана?

-Гантай холбоотойгоор хүнсний ногооны ургац ч муу байна. Энэ жилийн тухайд зайлшгүй зардал өссөн. Тиймээс намар болгон буурдаг төмс, хүнсний ногооны үнэ буурахгүй байгаа нь ажиглагдаж байна. Ер нь хүнсний ногооны тухайд манай улс төмснийхөө дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Харин энэ жил 74 хувийг, хүнсний ногооны 54 хувийг хангах тооцоо гарсан.

-Тариалан эрхлэгчид хэцүүхэн байдалтай байна. Эхнээсээ дампуурлаа зарлаж эхэллээ. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна? 

-Хаа хаанаа хэцүү л байна. Гэхдээ тариаланчидтайгаа байнга уулзаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө би үтрэмээр яваад ирсэн. Ургац алдсан газрын тариаланчид хүнд байгаа нь үнэн. Тиймээс тэдний Тариалан эрхлэлтийн санд тушаах өр зээлийн асуудлыг нэг жилээр хойшлуулахаар болсон. Төлөлтийн хугацаа, хүүг мөн хойшлуулж байгаа. Дээр нь тариаланчид ТЭДС-гаас авсан өрөндөө улаанбуудай тушаавал нэг тонныг нь 600 мянган төгрөгт тооцож авъя гэсэн шийдвэр гаргасан. Гурил үйлдвэрлэгчид 560 мянган төгрөгөөр авч байгаа шүү дээ. Ингэж тариаланчдаа дэмжихгүй бол энэ жил тэдний хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байна.

-Өвс хадлангийн асуудал юу болж байна. Энэ өвөл хүндхэн болж магадгүй дуулдаад байгаа?

-Дандаа л болж бүтэхгүй юм яриад байна гэж битгий бодоорой. Зуншлага тааруу байсан болохоор хадлангийн өвс бэлтгэхэд бас л хүндрэлтэй байна. Манай улс 1.2 сая тонн өвс бэлтгэдэг. Харин энэ жил 800 мянган тонныг бэлтгэнэ. Алдсан 400 мянган тонныг ОХУ-аас худалдаж авахаар төлөвлөж байгаа. Одоо гол нь тээвэр, ложистикийн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Засгийн газар зургаадугаар сарын 28-нд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг зохион байгуулах, хадлан тэжээлээ бэлтгэх чиглэлээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд бүх аймгийн Засаг дарга, хөдөө аж ахуй хариуцсан дарга нартай цахим хурал хийсэн. Аймаг, орон нутгийн бодит нөхцөл байдлаа ярилцаад яамны зүгээс хадлан, тэжээлийн бэлтгэл ажлын чиглэлээр таван ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг улсынхаа таван хэсэгт ажиллаад газар дээрх нөхцөл байдалтай танилцан дүгнэлт гаргаж ерөнхий төлөвлөгөө гаргалаа. Үүний дүнд аль аймагт хэдий хэмжээний хадлан, тэжээл дутагдах вэ, хүн хүч хэр байна вэ, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна вэ гэдгийг тогтоосон. Ингээд тодорхой болсон хойно нь сайдын албан даалгавар гарч бэлтгэл хангаад явж байна.

-Өвс тэжээлийн үнэ нэмэгдэж л таарах байх даа?

-Нэг боодол өвс өнгөрсөн жил 5000-7000 мянган төгрөг байсан. Өнөө жил ч гэсэн энэ үнээ барина. ОХУ-тай ярьсан хадлан, тэжээлийн асуудалд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж яригдаж байгаа. Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. Тэр бичигт дээрх асуудлыг мөн хөндсөн байгаа.

-Дутагдаж буй хадлан, тэжээлийг зүүн аймгуудаасаа хураах байх даа?

-Тэгнэ. Төвийн бүсэд дутагдаж байгаа өвс, тэжээлийг Дорнодоос нөхнө. Баруун таван аймгийнхыг ОХУ-аас авахаар болсон. Тээвэрлэлтээ тооцоолбол ОХУ-аас авсан нь төсөвт хэмнэлттэй. Дорнод, Сүхбаатараас хадлан боломжийн хэмжээнд авч болохоор байгаа. Дээрээс нь төвийн бүсийн аймгуудаас хадлан талбай гаргуулж хүн хүч бэлдэж өгье гэсэн ажил зохион байгуулж байна. Яаман дээр энэ чиглэлээр штаб ажиллаж байна. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат урьд өмнө гаргаж байгаагүй их хөрөнгийг өвс тэжээл, хадланд зарцуулж байгаа.

-Өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байгаа бол?

-Засгийн газрын зүгээс эхний удаад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулж 750 сая төгрөг хуваарилж өгсөн. Энэ мөнгийг аймгуудад малын тооноос хамаарч хуваарилж өгөх юм. Үүнээс гадна аймаг, сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж 4.5 тэрбум төгрөг олгосон. Нэг аймагт дунджаар 250 сая төгрөг хадлан, тэжээлээ бэлтгэхэд зориулан гаргалаа. Тэгэхээр бэлтгэл ажлыг хангахад хангалттай анхаарсан гэсэн үг. Одоо харин малчид хувиараа хадлангаа бэлтгэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болж байна. Яамны зүгээс бодлогын нэг зүйлийг анхаарч байгаа. Тэр нь малчдад өвс өгөөд мал, махыг нь худалдаж авах бодлогын арга хэмжээ. Дээр нь бэлэн мөнгөөр малчдаас малыг нь худалдаж аваад дотоод, гадаадын зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулна.

-Малын гоц халдварт өвчин байсхийгээд л гарах юм. Энэ талаар ямар ажлууд хийгдэж байна?

-ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж болгон дөрвөн сая тун вакцин олгосон. Үүний 1.3 сая тун вакцин өнгөрсөн сарын эхээр орж ирж тариад дууссан. Одоо удахгүй 1.8 сая туныг оруулж ирнэ. Дээр нь вакцинжуулалтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан мялзангийн вакцины асуудал яригдсан. Тиймээс ОХУ-д айлчлахдаа 15 сая тун вакцин худалдаж авахаар тохиролцсон. Өмнө нь оруулж ирдэг байснаас чанартай, хямд үнэтэй байх юм. Манай яамны тухайд хоёр удаагийн худалдан авалт хийхдээ дөрвөн тэрбумын вакциныг буцалтгүй тусламжаар, дөрвөн тэрбумыг хэмнэлтээр гаргасан. Ингэснээр нийтдээ найман тэрбум төгрөг хэмнэчихсэн байх жишээтэй. Энэ мөнгө бол манай яамны нийт ажилтнуудын найман жилийн цалин. Өөрөөр хэлбэл манай яам найман жилийнхээ цалинг олчихсон. Аливаа ажлыг сэтгэл гаргаад хийвэл болж бүтдэгийн үлгэр жишээ энэ юм.

-Вакцинжуулаад л байхад өвчлөл буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ. Арай зохиомлоор өвчлүүлээд байдаг юм биш биз?

-Тийм цуу яриа явдаг юм билээ. Харин Монгол Улсын 80 сая малыг ганцхан жилийн дотор вакцинжуулна гэвэл худлаа. Өвчлөлийн асуудал сүүлийн арван жилд дэндүү хяналтгүй байсан. Хоёрдугаарт малын эмчийн насжилт өндөр болчихож. Дундаж наслалт нь 55-аас дээш байна. Тэд эмнэг хангалтай ноцолдож, тариа тарина гээд бод доо. Бас малчид 55-аас дээш настай болчихсон. Тийм хүмүүс бүх малаа вакцинжуулахад хэцүү. Үүнийг төр, засгийн зүгээс шийдэж бодлогоор дэмжих хэрэгтэй. Малын эмч нарыг бэлдэхэд онцгой анхаарч, зүйл бүрээр дэмжмээр байна. Манай яамнаас 330 суманд байгаа малын эмч нартаа мотоцикл өглөө. Одоо ирээдүй үеийг нь бэлдэх хэрэгтэй. Өнгөрсөн жил би Унгарт ажиллах үеэрээ 100 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр мал аж ахуйн чиглэлээр суралцуулахаар болсон. Мөн ОХУ, БНХАУ-д мэргэжилтнээ бэлдэнэ. Үүний зэрэгцээ залуу малчдыг бэлдмээр байгаа юм. Залуу малчдыг дэмжих, гэр орон төхөөрч өгөх, малтай болгох ажил эхлүүлж байна. Ирэх аравдугаар сараас эхлээд ажил хэрэг болоод явах юм. Ирэх намрын чуулганаар Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлах байх. Хэлэлцүүлгийн шатанд нэлээн сайн ярьсан. Хууль батлагдчихвал манайх улсын мал эмнэлгийн ерөнхий газартай болно. Аймаг, суманд салбартай болж босоо удирдлагын тогтолцоогоор ажиллана. Тэд нь хяналт тавихгүй бол өнөөдөр бодит байдал дээр ямар ч хяналт алга. Суман дахь мал эмнэлгийн тасгийнхны ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс байгаа нь асуудлыг хүндрүүлж байна.

-Мах экспортлохыг эрс нэмэгдүүлнэ гэж олон жил ярьж байгаа. Ахиц дэвшил гарч байна уу?

-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд махны экспортын ажил эхлээд амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар арваад мянган тонн мах экспортод гаргачихлаа. Энэ жилийн хувьд 2-3 сая хонины мах экспортлох гэрээ хийсэн. Иран, БНХАУ, Катарт махаа экспортолно. Энэ ажлын хүрээнд 100 тэрбум төгрөг Засгийн газраас гарсан. Энэ мөнгийг мал мах худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна. Ингэж төлөвлөөд ажиллаж байна. Түрүүн хэлсэн малын удам угсааг сайжруулах ажил чухал. Манай улс дөрвөн сая үхэртэй. Орос, Хятадад очоод махны экспортын асуудал ярихаар “Танайх хэдэн сая үхэртэй вэ” гэдэг. Хятад гэхэд жилд 90 сая үхрийн мах хэрэглэж байгаа юм. Манайхыг дөрвөн сая үхэртэй гэхээр “Тэгээд бид хэдийг нь худалдаж авах юм бэ” гээд байгаа. Сүүлийн үед нэг яриа гарлаа. Мал ихдээд болохоо байсан гэж. Гэтэл бид жилд 10-15 сая хонь нядлаад зарахад зөвхөн Эрээн хотын хэрэгцээг л хангана. Иран улс гэхэд долоо хоногт дөрвөн мянган тонн мах авъя гэж байна. Долоо хоногт 650 мянган хонь гэсэн үг. Үүнийгээ тасралтгүй авъя гэж байгаа. Тэгэхээр манай хонь хүрэх үү. Дээрээс нь дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадал юу билээ. Бэлтгэж чадахгүй байна. Махны үйлдвэрийнхэнтэй уулзаад Иран руу мах гаргая, хэдийг бэлтгэж чадах вэ гэхэд бүгд нийлээд долоо хоногт 1500 тонн дээр тогтож байгаа юм. Энэ бол манай улсад том тоо. Гол нь нийлүүлэлтээ алдахгүй байх чухал. Авсан төлийнхөө тоогоор малаа экспортод гаргаад байвал том амжилт.

-Нэг кг махаа хэдэн доллараар экспортолж байгаа вэ?

-Нэг кг хонины махаа 3.8 ам.доллараар зарж байна. Энэ бол сайн үнэ. Бид махаа боловсруулаад, өртөг шингээж Хятад руу гаргасан махны хэмжээ 3800 тоннд хүрчихлээ. Чанаад, боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн болгосон мах шүү дээ. Ийм махаа нэг кг-ыг нь зургаан ам.доллараар үнэлсэн. Одоо манай махны үйлдвэрүүд мах боловсруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Тэгж байж илүү өндөр үнээр зарна. Засгийн газар болоод ХХААХҮЯ-ны хийх гол ажил нь гадаад зах зээлийг нээж өгөх. Одоогоор Вьетнам руу түүхий мах экспортлохоор болж байна. Ирантай улам бүр ахисан түвшинд хамтарч ажиллаж байна. Саяхан Саудын Арабын хунтайж ирээд жилд 4-5 сая хонь авмаар байна гэлээ. Монголд хамтарсан боловсруулах үйлдвэр байгуулаад ажиллая гэж байна.

-Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд багагүй ажил амжуулсан байна шүү. Таны хувьд хийж амжуулсан гол ажлаа алийг нь гэж дүгнэж байна?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэргэжлийн Засгийн газрын ажлын хүрээнд “Атрын III аян” хэрэгжүүлж тариаланчдыг гол, гол техник хэрэгслээр хангаж ажиллалаа. Тариаланчид, төмс хүнсний ногоо эрхчлэгчд, хадлан тэжээл бэлтгэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж байна. ОХУ-аас “Газар тариалангийн шинэчлэл” төсөлд зориулж 10 сая ам.долларын техникийг зээлээр оруулж ирсэн. Техникийн шинэчлэлгүйгээр газар тариаланг төсөөлөхийн аргагүй. Тариаланчид маань шинэ техникээ ургац хураалтад хэрэглээд явж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний үйлдвэр байгуулаад, махны экспортоо 3-4 дахин нэмэгдүүллээ. Сургалтын тал дээр маш чухал олон ажил хийсэн. Хөдөө орон нутгийнхныг гадаад руу их явуулж байна. Түүнчлэн Малын удам угсааг сайжруулах тухай хууль, Малын генетикийн нөөцийн хуулийг ирэх намрын чуулганаар батлуулчих санаатай байна. Яам бодлого тодорхойлдог гэдэг утгаараа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стратеги төлөвлөгөөг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтраад боловсруулна. Мал аж ахуйн салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөг мөн гаргаж авна. Иймэрхүү бодлогын бичиг баримтуудаа бүгдийг боловсруулна. Манай яаманд дараа нь ямар ч хүмүүс ажилласан байлаа гэхэд яг тэр бодлогын стратеги төлөвлөгөөгөө бариад ажиллах хэмжээний болгоно. Тэгэхгүйгээр сайд солигдох бүрт бодлого өөрчлөгдөөд байвал салбар хөгжихгүй.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа?

-Манай яамны бодлого чиглэл, хийсэн болон хийж байгаа ажлыг уншигчдадаа танилцуулж байгаа танд ч мөн баярлалаа. “Өглөөний сонин”-ы уншигчдад сайн сайхныг хүсье.
 
Эх сурвалж: Өглөөний сонин Д.Энхтүвшин
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Доржхандын Төрмөнх телевизийн л хүн дээ...
1 цаг    

Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөх боломж байна уу?
4 цаг    

Багш нарын цалинг 2018 оны 1 сараас нэмэх тухай албан бичиг өглөө
6 цаг    

Д.Баярсайханы балагт үйлдэл буюу 60 тэрбумын схем Төрийн банкин дээр хэрхэн хэрэгжив?
6 цаг    

Д.Оюунхорол: Мянганы сорилтын корпорацийн тусламжтайгаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайхаар болсонд баяртай байна
7 цаг    

Ирж яваа Засгийн газарт эчнээ хүргэх үг
7 цаг    

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ
7 цаг    

Азийн АШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд маргаашаас эхэлнэ
7 цаг    

Засгийн газрын хэрэг эрхлэх газраас багш нарт шаардлагынх нь хариуг өглөө
8 цаг    

Эзэмшил газраа өмчлөөрэй
8 цаг    

“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК нээлтээ хийлээ
9 цаг    

Крис Эванс: Түр зуурын бус мөнхийн хайрыг хүсч байна
9 цаг    

Үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсэв
9 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье
9 цаг    

Хирояа Ёошида: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчний гол шалтгаан болдог хоол тэжээлийн тэнцвэр алдагдахыг засаж, дэмждэг
10 цаг    

М.Ичинноров: Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь ёс зүйн хариуцлага тооцох ёстой
10 цаг    

ГОО САЙХНЫ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
10 цаг    

“Хүүхдийн инээмсэглэл” төсөл нээлтээ хийлээ
11 цаг    

Ачааны машин осолдсон Солонготын даваанд Д.Оюунхоролын тушаалаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллана
11 цаг    

Д.Одонтуяа: Хөнгөвчлөх эмчилгээ нь зовиур шалтгаангүй байлгахаас гадна боломжийн хэрээр насыг нь уртасгадаг
13 цаг    

Үйл явдал: Есдүгээр сарын 18-ны өдөр
13 цаг    

Баруун аймгийн нутгаар бороотой, бусад нутгаар 15-29 хэм дулаан
13 цаг    

Бага морь одтой, шарагчин тахиа өдөр
13 цаг    

НӨАТ-ЫН ТЕХНОЛОГИЧДЫГ ШАЛГАСАН ГЭВ
13 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЖ МАГАДГҮЙ
13 цаг    

Бага насны хүүхэд дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
13 цаг    

Хулгайд алдагдсан "LEXUS 570" машиныг Дарханаас оллоо
13 цаг    

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дадлага сургууль зохион байгууллаа
13 цаг    

25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
13 цаг    

Уушги өвддөг хүмүүсийн татгалзах зүйлс
13 цаг    

Денис Кривошеев : Авилгатай тэмцэх нэг арга бол авилгыг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийг дэмжихгүй, ил тод бичих нь чухал
1 өдөр    

Соёлын ордны хамт олон Туул гол дагуух хогийг цэвэрлэв
1 өдөр    

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
1 өдөр    

Журам зөрчсөн монгол жолоочийг 5000 хүртэл юаниар торгоно
1 өдөр    

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хэрхэн хамрагдах вэ
1 өдөр    

Д.Гансүрэн: ЭРЭЭНЦАВЫН ТЭМДЭГЛЭЛ
1 өдөр    

ТЭРСЭЛЖ ХАВЧИГДСАН 10 УРАН БҮТЭЭЛЧ
1 өдөр    

"American Days Expo" боллоо
1 өдөр    

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
1 өдөр    

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана
1 өдөр    

Архангайн засаг дарга Ц.Мөнхнасан аваар хийж, албаны машинаа “будаа” болгожээ
1 өдөр    

“ӨДРИЙН СОНИН”-Ы СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Д.ГАНСАРУУЛЫН НОМЫН БАЯР БОЛЛОО
1 өдөр    

"РЕАЛ МАДРИД" ХӨЛБӨМБӨГИЙН ХААНЫ ҮЕИЙН АМЖИЛТЫГ ДАВАХАД ГАНЦ ГООЛ ДУТУУ...
1 өдөр    

Таван тэрбум ам.долларын очир алмаас олборложээ
1 өдөр    

Цалингаа нэмүүлэх салбар салбарынхан ээлжлэн жагсаал хийнэ
1 өдөр    

Н.Цэрэнбат: У.Хүрэлсүх Ерөнхий сайд болох боломжгүй
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийг М.Энхболд хүлээж авсангүй
1 өдөр    

Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
1 өдөр    

ТТТӨ-өөс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжинд анхаарч ажиллахыг санууллаа
1 өдөр    

Багш нарын ажил хаялтыг “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид санхүүгээр дэмжинэ гэжээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 9904-2197, 89460-008, 7711-0111
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.