Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна” гэж заасан байдаг.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэрээ дэвшүүлж,  уг хуулийн заалтыг анх удаа хэрэглэх “магадлал” өндөр байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Одоогийн байдлаар МАН, Ардчилсан намаас Ерөнхийлөгчид  нэр дэвшигчид тодорхой бус байна.
Өнгөрсөн  2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр сонгогчдын 47.44 хувийн саналыг авч байжээ. Харин 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ  41.97 хувийн саналыг л авсан байдаг. Олон түмэнд Н.Энхбаяр нь Үндсэн хуулийг өөрчилж, шинэчлэх төсөл боловсруулснаа ч зарласан. Энэ нь түүний Монголын төрийн болон намуудын цаашдын бодлого ямар байх шаардлагатайг тооцоолж харсан алсын хараа байж магадгүй юм.

Н.Энхбаярын хувьд  Монгол төрийн гурван өндөр албан тушаалыг хашсан туршлагатай улстөрч юм. Тэрээр энэ амжилтаа ахиулах, мөн АТГ, Цагдаагийн байгууллагад баривчлагдаж байсан хар түүхт дурсамжаа гэгээнээр сэргээхийн тулд төрийн өндөрлөгт нэрээ дэвшүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Үүнийг баталж байга амэт  МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж “Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ” гэж мэдэгдэж байсан.

Б.Баярмаа